Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 221/МА2016/0310

 

 

 

 

                                                

 

 

 

 

 

 

 

Ц.Б-н нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч Д.Батбаатар, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 172 дугаар шийдвэртэй, Ц.Б-н нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор, шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Ц.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Газрын тухай хууль тогтоомжийн дагуу Хурлын байгууллагаас батлагдсан газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу нийслэлийн Сүхбаатар дүүргийн 07 дугаар хороонд байршилтай 300 мкв талбайтай газрын Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн А/105 дугаар шийдвэрээр үйлчилгээний зориулалтаар 5 жилийн хугацаатайгаар 2013 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 000479903 дугаар гэрчилгээгээр эзэмших эрхийг авсан юм.

Миний зүгээс өөрийн эзэмшлийн газрыг эзэмших эрхийн гэрчилгээ гарсан өдрөөс газрын төлбөрийг тухай бүрт нь төлж зориулалтын дагуу ашиглаж ирсэн. Гэтэл Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хууль зөрчсөн гэсэн үндэслэлээр газар эзэмших эрхийг цуцалсан нь хууль бус гэж үзэж байна.

Миний эзэмшиж буй газрын Хот, суурины ус, хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.8.4, 17.14 дүгээр заалтуудыг зөрчсөн гэх боловч яг бодит байдал дээрээ үнэхээр бохирын шугам байгаа эсэх, байгаа бол хаанаас хаа хүртэл, ямар хэмжээтэйгээр манай газрыг дайран өнгөрч буй эсэх талаар надад тодорхой мэдээлэл өгөөгүй, анхнаасаа газар эзэмших эрхийг олгохдоо ямар нэгэн асуудалгүйгээр газар эзэмших эрхийг олгочихоод одоо болохоор бусдын гомдол, саналын дагуу хууль бусаар миний газар эзэмших эрхийг цуцалсан гэж үзэж байна.

Мөн хажуу талын байрны оршин суугч н.Г нь надад удаа дараа танай газрыг заавал цуцлуулна, наад газрыг чинь би авна гэж хэлж байсан бөгөөд та нар энэ хойд талын газрыг асуу, хүн аваагүй байгаа гэж хэлдэг байсан.

Манай газрын баруун талд байрлах орон сууцны “Денвер-11” Сууц өмчлөгчдийн холбооны 2014 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн албан бичгээр Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газарт оршин суугчдад, ногоон байгууламжийг тохижуулан, барилга барихаар тохиролцсон болохыг уламжилсан.

Нийслэлийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн А/66 дугаар захирамжийн дагуу Сүхбаатар дүүргийн Засаг дарга 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/16 тоот “албадан буулгаж, газар чөлөөлүүлэх тухай” захирамж гаргасны дагуу одоогоор манай газар дээр байгаа төмөр хашааг албадан буулгаж байна.

Иймд Нийслэлийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн А/66 дугаар захирамжийн холбогдох заалт хэсгийг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг сэргээж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “... Манайх кадастрын болон газрын ямар нэгэн маргаан байхгүй” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “... Нийслэлийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн А/66 дугаар захирамжаар үйлчилгээний зориулалтаар 5 жилийн хугацаатай эзэмших эрхийн гэрчилгээ олгосон. Гэтэл уг 2013 онд гаргасан газар эзэмших эрхийн гэрчилгээг 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн А/66 дугаар захирамжаар хүчингүй болгосон. Хүчингүй болгохдоо бохир усны шугам болон түүний хамгаалалтын бүсэд газар эзэмшиж байгаа, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийг зөрчсөн гэсэн үндэслэлээр газар эзэмшүүлсэн захирамжийг цуцалсан байдаг. Манайх кадастрын болон газрын ямар нэгэн маргаан байхгүй, газрын төлбөрийг цаг тухайд нь төлөөд явж байсан.

Ус сувгийн удирдах газар буюу эрх бүхий байгууллагын 2015 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн хурлын тогтоолоор дээрх асуудлыг шийдвэрлэх боломжтой гэсэн шийдвэр гарч, түүний дагуу зураг хийж баталгаажуулан тунелийн системээр стандартын дагуу бохир шугамыг хийхээр зургийг батлуулж авсан.

Иймд манайх дээрх зөрчлийг арилгасан байгаа тул газар эзэмших эрхийг сэргээж өгнө үү гэсэн хүсэлттэй байна” гэжээ.

Хариуцагч нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Т шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “... Нэхэмжлэлд маргаан бүхий актаар Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн А/105 дугаар захирамжийн дагуу эзэмшиж байсан газрын эрхийг цуцалсан гэж дурдсан боловч Нийслэлийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн А/66 дугаар захирамжаар нийслэлийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн А/1050 дугаар захирамжийн Ц.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

Маргаж буй газрын эрх нь Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2002 оны 140 дүгээр захирамжаар иргэн С.Г-д тус дүүргийн  7 дугаар хороо, Монголжингоо дээд сургуулийн хойно 300 м.кв газар эзэмшүүлснээр үүссэн бөгөөд газар эзэмших эрхийг Нийслэлийн Засаг даргын 2005 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 183 дугаар захирамжаар баталгаажуулж, 2010 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 203 дугаар захирамжаар С.Г-с Г.З-д, 2013 оны 12 дугаар сарын 03-ны А/1050 дугаар захирамжаар Г.З-с нэхэмжлэгчид тус тус шилжүүлсэн байна.

Гэвч Г.З болон Ц.Б-д эзэмшүүлсэн газрууд нь нэг газар биш байх бөгөөд нийслэлийн Засаг дарга газрын байршлыг өөрчилж нэхэмжлэгчид эзэмшүүлэхдээ Сэлбийн голын баруун эрэг дагуу байрлах төвлөрсөн хангамжийн бохирын шугам болон түүний хамгаалалтын бүсийг оролцуулан эзэмшүүлсэн нь Хот, бохирын шугам болон түүний хамгаалалтын бүсийг оролцуулан эзэмшүүлсэн нь Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.8.4, 17.14-т заасныг зөрчсөн байх тул нийслэлийн Засаг дарга хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд Газрын тухай хууль тогтоомж зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгон шийдвэрлэсэн болно.

Нийслэлийн Засаг даргын  2015 оны  01 дүгээр сарын 26-ны өдрийн А/66 дугаар захирамж нь хуульд нийцсэн шийдвэр тул нэхэмжлэлийн нийслэлийн Засаг даргад холбогдох шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна” гэжээ.

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 172 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.5, 34.6, 38 дугаар зүйлийн 38.1, 38.3, 38.4, Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 3.1.8, 9 дүгээр зүйлийн 9.3-д заасныг тус тус баримтлан хариуцагч нийслэлийн Засаг даргаас хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай тус тодруулсны үндсэн дээр дахин шинэ захиргааны акт гартал нийслэлийн Засаг даргын 2015 оны  01 дүгээр сарын 26-ны өдрийн А/66 дугаар захирамжийг түдгэлзүүлж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “... Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д хууль бус захирамжийг Засаг дарга өөрөө буюу түүний дээд шатны Засаг дарга хүчингүй болгох эрхтэй байхаар заасан.

Нийслэлийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн А/1050 дугаар захирамжийн Ц.Б-д холбогдох хэсгийг судалж, дараах байдлаар хууль зөрчсөн шийдвэр болох талаар дүгнэлт хийснээр нийслэлийн Засаг дарга дээрх хуулиудад заасан эрх хэмжээнийнхээ хүрээнд нийслэлийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн А/66 дугаар захирамжаар Ц.Б-д газар эзэмшүүлсэн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Үүнд:

Иргэн Г.З-с нэхэмжлэгчид маргаж буй газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлсэн гэх боловч Г.З болон Ц.Б-д эзэмшүүлсэн газрууд нь нэг газар биш бөгөөд нийслэлийн Засаг дарга газрын байршлыг өөрчилж нэхэмжлэгчид эзэмшүүлэхдээ Сэлбийн голын баруун эрэг дагуу байрлах төвлөрсөн хангамжийн бохирын шугам болон түүний хамгаалалтын бүсийг оролцуулан эзэмшүүлсэн нь Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.8.4, 17.14-т заасныг зөрчсөн нөхцөл байдлыг нийслэлийн Засаг дарга маргаан бүхий актын үндэслэл болгосон.

Шүүх А/1050 дугаар захирамжаар нэхэмжлэгчид газрын эрхийг шилжүүлэн эзэмшүүлэхдээ хууль зөрчсөн болохыг дүгнэсэн атлаа “... газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, хүсэлт, кадастрын зураг, захирамж болон бусад бичиг баримтуудаар тогтоогдож байгаа энэхүү асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар судалгаа хийж, дүгнэлт шийдвэр гаргаагүй гэж үзэхээр байна”, мөн “газрын мэдээллийн санд орсон өөрчлөлтүүд нь нэхэмжлэгчийн шууд буруутай үйл ажиллагаанаас болсон эсэх асуудлыг нарийн шалгаж, тодруулаагүй маргаан бүхий актыг гаргасан болох нь тогтоогдож байна” гэж дүгнэж маргаан бүхий актыг түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь Засаг дарга зөвхөн газар эзэмшигчийн буруутай үйлдлийн улмаас газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох эрх хэмжээтэй гэж үзэж, харин Засаг даргын хууль бус захирамжийг өөрөө хүчингүй болгох хуульд заасан эрх хэмжээг үгүйсгэсэн шийдвэр болсон гэж үзэж байна.

Нэхэмжлэгч 000479903 тоот гэрчилгээтэй, нэгж талбарын 18644312313017 дугаартай тодорхой байршил бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захиргааны актыг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Хариуцагч тухайн байрлалд газар эзэмшүүлэх боломжгүй бөгөөд энэ тодорхой байрлалд газар эзэмшүүлсэн шийдвэр гаргасан нь хууль зөрчсөн гэж үзэж маргаан бүхий захиргааны актыг гаргасан бөгөөд шүүх тухайн байрлалд газар эзэмшүүлсэн шийдвэрийг хүчингүй болгосон Засаг даргын шийдвэр хууль зөрчсөн эсэхэд дүгнэлт өгч хэргийг хянан шийдвэрлэх ёстой байсан.

Гэтэл анхан шатны шүүх “хариуцагч нь асуудлыг Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан харилцааны хүрээнд алдаа зөрчлийг дахин шалгаж, тухайн газарт нэхэмжлэгчид газар эзэмших эрхийг гэрчилгээгээр нь газар эзэмших боломжтой эсэх, одоогоор бодит байдалд газар эзэмших боломжгүй бол өөр газарт газар эзэмшүүлэх боломжтой эсэхийг хянан үзэж нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг сэргээсэн байдлаар шийдвэрлэж, дахин шинэ акт гаргах хүртэл маргаан бүхий актыг түдгэлзүүлж шийдвэрлэх нь зүйтэй” гэж дүгнэснээрээ маргаан бүхий захиргааны акт болон түүний үндэслэлд дүгнэлт өгөхөөсөө илүүтэй нэхэмжлэлийн шаардлагад дурдаагүй нэхэмжлэгчид өөр газар эзэмшүүлэх боломжтой эсэх асуудлыг хянан үзэж “нэхэмжлэгчид газар эзэмших эрхийг сэргээсэн байдлаар” дахин шинэ акт гаргах хүртэл түдгэлзүүлсэн нь хуульд нийцэхгүй байна.

Иймд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.2-т заасныг үндэслэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн  2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 172 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэнэ үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол болон Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.3 дахь хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаад шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

            Нэхэмжлэгч Ц.Б нь 2012 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”[1]-ээр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороонд байрлах 300 м.кв газрыг иргэн Г.З-с шилжүүлэн авч, Нийслэлийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн А/1050 дугаар захирамжаар[2] түүний газар эзэмших эрхийг шилжүүлэн баталгаажуулжээ.

            Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлд газар эзэмших гэрээ, түүнийг байгуулах журмыг хуульчилсан бөгөөд газрыг эзэмшүүлэхдээ газрын алба газар эзэмшигчтэй Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6.3 дахь хэсэгт зааснаар тухайн газрын нэгж талбарын дугаар, хэмжээ, байршлыг тэмдэглэн гэрээнд тусгах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээгээр шилжүүлэн эзэмшсэн газар нь анх олгогдсон газрын байршилд бус өөр байршилд шилжсэн нь нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаанаас бус хариуцагчийн хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ гаргасан алдаанаас, өөрөөр хэлбэл газрыг шилжүүлэн эзэмшүүлэхдээ нягтлан шалгаагүй нь буруу бөгөөд хариуцагч шилжүүлэн эзэмшүүлэх боломжгүй болохыг тухайн үед хүсэлт гаргагчид мэдэгдсэн бол нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн үр дагавар үүсэхгүй байсан байна.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “Засаг дарга зөвхөн газар эзэмшигчийн буруутай үйлдлийн улмаас газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох эрх хэмжээтэй гэж үзэж, харин Засаг даргын хууль бус захирамжийг өөрөө хүчингүй болгох хуульд заасан эрх хэмжээг үгүйсгэсэн” гэж давж заалдах гомдлын үндэслэлээ тайлбарласныг хүлээн авах боломжгүй.

            Учир нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт “Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл сум, дүүргийн Засаг даргын захирамжийг аймаг, нийслэлийн Засаг дарга, аймаг, нийслэлийн Засаг даргын захирамжийг Ерөнхий сайд тус тус өөрчлөх буюу хүчингүй болгоно.” гэж заасны дагуу нийслэлийн Засаг даргад өөрийн гаргасан хууль бус шийдвэрийг хүчингүй болгох эрх нь хадгалагдаж байгаа боловч иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлсэн захирамжаа газар эзэмшигчийн буруутай үйл ажиллагаанаас үл хамаарсан үндэслэлээр хүчингүй болгохдоо тэдгээрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхгүйгээр, холбогдох асуудлыг шийдвэрлэх боломжтой эсэхийг судалж үзэх ёстой юм.

            Хариуцагч хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ газар эзэмшигчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг харгалзан үзээгүй нь тухайн газраа ашиглаж, хөрөнгө оруулалт хийсэн, газрын төлбөрөө тухай бүр төлж байсан нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн байх ба нэхэмжлэгч газар эзэмших эрхийг шилжүүлэн авах хүсэлт гаргахад, тухайн газар нь хариуцагчийн маргаан бүхий актад үндэслэгдсэн Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.8.4, 17.14 дэх хэсэгт заасан нөхцөл байдалгүй байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогджээ.

            Маргаан бүхий актаар хариуцагчийн буруутай үйл ажиллагаанаас хамаарч холбогдох хуулийн заалтыг зөрчсөн байдлаар гарсан нэхэмжлэгчид газар шилжүүлэн эзэмшүүлсэн захирамжийг хүчингүй болгосон хэмээн тайлбарлаж байгаа ч энэ нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн байх тул хариуцагч маргаан бүхий актаа дахин хянаж, шинэ акт гарах хүртэл маргаан бүхий актыг түдгэлзүүлж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх тул шийдвэрийг хэвээр үлдээв.  

            Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

             Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 172 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Б.МӨНХТУЯА

ШҮҮГЧ                                                                       Д.БАТБААТАР 

ШҮҮГЧ                                                                       Д.БААТАРХҮҮ

 

 

[1] Хэргийн 1 дүгээр хавтас,10 дахь тал

[2] Хэргийн 1 дүгээр хавтас, 24 дэх тал