Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 1973

 

 

 

 

 

 

 

 

 

 “ГМ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2017/01862 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “ГМ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “АТ” ХХК-д холбогдох,

 

Арилжааны гэрээнээс татгалзсны үр дагаварт 27 667 483 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй

Арилжааны гэрээ цуцалснаас учирсан хохирол 4 575 550 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Л.Ж, Э.Б

Хариуцагчийн өмгөөлөгч: Ү.Ч

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Тус компани нь хариуцагч "Аргун трейд" ХХК-тай 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Арилжааны гэрээ байгуулж, талууд харилцан өөрсдийн хэрэгцээг хангах зорилгоор нийт 25 000 000 төгрөгийн дүнд нийцэх ажил үйлчилгээг харилцан солилцон нийлүүлэхээр тохиролцсон байдаг.

Гэрээ байгуулсан өдөр “Гранд мэншн" ХХК-ийн “Гранд мебель" тавилгын дэлгүүрээс "Аргун трейд" ХХК-ийн захирал Н.Батзоригийн хийсэн сонголтын дагуу нийт 24 994 983 төгрөгийн үнийн дүн бүхий оффисийн тавилгуудыг хүргэлт хийн угсарч суурилуулж бүрэн хүлээлгэн өгсөн.

Тус гэрээний 3.7, 4.3, 4.4 дэх заалтад дурдсаны дагуу гэрээний нийт үнийн дүнг 25 000 000 төгрөгөөр тооцон, хариуцагч тал болох "Аргун трейд" ХХК нь нийт үнийн дүнгийн 70 хувийг бартер хийх нөхцлөөр, харин үлдэх 30 хувийг бэлнээр төлөхөөр тохиролцсон байдаг. 70 хувь болох 17 500 000 төгрөгийн дүнд "Аргун трейд" ХХК-ийн бүтээгдэхүүн болох бэлэг дурсгал, хэвлэлийн үйлдвэрлэл үйлчилгээ, фото болон видео студи, Эй Ар (AR) аппликэйшн, Постбокс Эй Ар (Postbox AR) сэтгүүлд сурталчилгааны материалаа байршуулах зэрэг ажлыг бартерийн нөхцлөөр хийж гүйцэтгэх, үлдэх 30 хувь болох 7 500 000 төгрөгийг график гарган 3 тэнцүү хуваан 2016 оны 8 дугаар сарын 20, 2016 оны 9 дүгээр сарын 20, 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрүүдэд тус бүр 2 500 000 төгрөг төлөхөөр тохирсон байдаг.

Нэхэмжлэгч “Гранд мэншн" ХХК гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн байтал хариуцагч "Аргун трейд" ХХК нь гэрээгээ ноцтой зөрчин гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй бэлнээр өгөх 30 хувийн төлбөрийг төлөхгүй хугацаа хэтрүүлсээр нэгэнт 150 хоног буюу 5 сарын хугацаа өнгөрсөн байна.

Хариуцагч компанид 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс хойш хугацаа хэтэрвэл гэрээгээ цуцалж, нийт төлбөрөө алдангийн хамт нэхэмжлэх талаар анхааруулсан боловч 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 1 000 000 төгрөг төлсөн.

Иймд бид 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр гэрээ цуцлах талаар албан бичиг хүргүүлж, гэрээг цуцлахаар шийдвэрлэсэн. Талуудын хооронд байгуулагдсан арилжааны гэрээний 6.8-д заасны дагуу 0.5 хувиар алданги тооцоход нийт хугацаа хэтэрсэн 134 хоногийн алданги 3 672 000 төгрөг болж байна.

Иймд "Аргун трейд" ХХК-иас гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын төлбөр болох 23 994 983 төгрөг болон 3 672 000 төгрөгийн алдангийн хамт нийт 27 667 483 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Манай компани гэрээ цуцлах, гэрээнээс татгалзах талаар 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр албан шаардлагыг "Аргун трейд"-д хүргүүлсэн. Мөн шүүхэд нэхэмжлэл гаргахдаа гэрээ цуцалсан талаар мэдэгдсэн. Сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар, сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь бидний хооронд байгуулагдсан 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн гэрээ өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр байгаа.

Манай талаас гэрээний 2.1.2-т заасан үнийн дүнгийн 70 хувийн ажлаа цаашид хийж гүйцэтгэх тохиролцоо буюу гэрээний үүрэг өнөөдрийн байдлаар хүчин төгөлдөр хэвээрээ байгаа. Энэ үүргийнхээ дагуу “Гранд мэншн" ХХК-д 3 575 550 төгрөгийн ажил гүйцэтгэж хүлээлгэн өгсөн. Одоо гэрээний дагуу 13 924 450 төгрөгийн бартерийн нөхцөлөө буюу бүтээгдэхүүн нийлүүлнэ.

Харин гэрээний 4.4-т заасан 7 500 000 төгрөгөөс 1 000 000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 6 500 000 төгрөгийг төлөхөд бэлэн байна. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Нэхэмжлэгч гэрээнээс татгалзаж байгаа тул Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д заасны дагуу өгсөн авснаа буцаахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байна.

Иймд "Гранд мэншн" ХХК-иас гэрээний 2.1.2-т заасны дагуу гүйцэтгэсэн ажлын үнэнд төлсөн 3 575 000 төгрөг, гэрээний 4.4-т заасан төлбөрөөс төлсөн 1 000 000 төгрөгийг тус тус гаргуулах, арилжааны гэрээний дагуу “Гранд мэншн" ХХК-иас хүлээн авсан 24 994 983 төгрөгийн үнэ бүхий тавилгуудыг буцааж өгөх тул ийнхүү сөрөг нэхэмжлэл гаргаж байна.

Иймд “Гранд мэншн" ХХК-иас 4 575 550 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1, 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар хариуцагч "Аргун трейд" ХХК-иас 20 419 433 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч "Гранд мэншн" ХХК-д олгож, үлдэх 7 248 050 төгрөгт холбогдох шаардлага болон сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч болон хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 296 287 төгрөг болон 88 160 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч "Аргун трейд" ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 260 047 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч "Гранд мэншн" ХХК-д буцаан олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.

Нэхэмжлэгч гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын төлбөрт 27 667 483 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж шаардсан. Харин манайх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхэд бэлэн буюу гэрээний үнийн дүнгийн 70 хувийг бартерийн нөхцөлөөр бүтээгдэхүүн нийлүүлэх, үлдэгдэл төлбөрийг төлөхөд бэлэн гэдгээ илэрхийлсээр байсан.

Учир нь арилжааны гэрээний дагуу ажил, үйлчилгээ авах талаар захиалга өгөөгүй байхад манайх тухайн ажил, үйлчилгээг үзүүлэх боломжгүй юм. “ГМ” ХХК нь арилжааны гэрээ байгуулаагүй бол манай байгууллага энэ үнийн дүнтэй тавилга авах

шаардлагагүй байсан.

Анхан шатны шүүхээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 20 419 433 төгрөгийг хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

            Нэхэмжлэгч “ГМ” ХХК нь хариуцагч “АТ” ХХК-д холбогдуулан арилжааны гэрээний үүрэгт 27 667 483 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, гэрээний дагуу шилжүүлсэн төлбөр болон гүйцэтгэсэн ажлын хөлсөнд нийт 4 575 550 төгрөгийг буцаан гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж маргажээ.

 

            Талууд 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдөр “Арилжааны гэрээ” байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч “ГМ” ХХК нь 25 000 000 төгрөгийн үнэ бүхий тавилгыг хариуцагч “АТ” ХХК-д нийлүүлэх, хариуцагч нь нийлүүлсэн тавилгын үнийн 30 хувь болох 7 500 000 төгрөгийг тогтоосон хугацаанд бэлнээр төлөх, үлдэх 70  хувь болох 17 500 000 төгрөгт тодорхой ажил, үйлчилгээгээр төлөхөөр тохиролцсон байна.

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.5 дахь хэсэгт заасан холимог гэрээ байгуулсан ба нэхэмжлэгч хариуцагч талд нийлүүлсэн тавилгын үнийн 70 хувийн хэмжээнд хариуцагч ажил, үйлчилгээ үзүүлэхээр тохирсон хэсэг нь мөн хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт заасан арилжааны гэрээ, үнийн дүнгийн 30 хувийг бэлнээр төлөх хэсэгт худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэхээр байна.

 

Хариуцагч “АТ” ХХК-ийн ажил, үйлчилгээгээр тавилгын үнийг төлөх үүргийн хугацааг гэрээний 3.6 дахь хэсэгт зааснаар 2017 онд багтаахаар тохиролцсоноос үзвэл уг үүргийн гүйцэтгэл, түүнтэй холбоотой шаардлага гаргах эрх 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэхээр талууд тогтоосон, гэрээний хугацаа дуусгавар болоогүй, гэрээ хүчин төгөлдөр байна.

 

Нэхэмжлэгч нь нийлүүлсэн тавилгын үнийг бүхэлд нь шаардаж байгаа ажил үйлчилгээ үзүүлэх үүргийг хариуцагчид хүлээлгэсэн гэрээнээс татгалзсан гэж үзэх тул гэрээнээс татгалзах эрх үүссэн эсэхэд шүүх дүгнэлт хийх ёстой.

 

Иргэний хуулийн 225 дугаар зүйийн 225.1 дэх хэсэгт зааснаар нэг тал гэрээнээс татгалзах тохиолдолд нөгөө тал гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн байхыг ойлгоно. Гэтэл гэрээний 5.2.1-т зааснаар хариуцагч нь гэрээний үнийн 70 хувь буюу 17 500 000 төгрөгийн хэмжээнд тохирох ажил, үйлчилгээг нэхэмжлэгчийн захиалсны дагуу гүйцэтгэх ба нэхэмжлэгчийн зүгээс 3 575 550 төгрөгийн хэмжээний захиалга өгснийг хариуцагч гүйцэтгэсэн байх бөгөөд гэрээний дагуу үүрэг гүйцэтгэх хугацаа дуусаагүй байхад хариуцагчийг гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн гэж үзэн, гэрээг цуцлах, түүнтэй холбоотой үр дагаврыг арилгуулахаар шаардах эрх нэхэмжлэгчид үүсэхгүй.

 

Иймд талуудын хооронд байгуулагдсан гэрээний агуулга, хариуцагч талын ажлыг гүйцэтгэх хугацаа дуусаагүй, нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийг ажлаа гүйцэтгэсэн байх ёстой гэсэн шаардлага тогтоогоогүй байгаа зэрэг нөхцөл байдлыг дүгнэвэл Иргэний хуулийн 225, 226 дугаар зүйлд заасан гэрээнээс татгалзахад саад болох нөхцөл байдал үүссэн гэж үзнэ.

 

Иймд тавилгын үнийн 70 хувьд ажил, үйлчилгээ үзүүлэх үүргийг зөрчсөнөөс тавилгын үнийг энэ хэмжээнд шаардсан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Тавилгын үнийн 30 хувь буюу 7 500 000 төгрөгийг төлөх үүргээс хариуцагч нь гэрээний 3.7 дахь хэсэгт зааснаар 2016 оны 08 дугаар сарын 20, 2016 оны 09 дүгээр сарын 20, 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр тус бүр 2 500 000 төгрөг төлөх үүргээ зөрчсөн, уг хугацааг хэтрүүлж 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 1 000 000 төгрөг төлсөн, үлдэх төлбөрийг төлөөгүй.

 

Хариуцагч нь гэрээгээр тохирсон хугацааг хэтрүүлсэн тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хэлэлцсэн тохиролцсон үнээс төлөгдөөгүй үлдсэн 6 500 000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй.

 

Гэрээний 6.8 дахь хэсэгт заасан графикаар тогтоосон хугацаа хэтрүүлбэл хоног тутам нийт үнийн дүнгийн 0.5 хувиар тооцон төлөхөөр тохиролцсон алдангийн тохиролцоо нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан гүйцэтгээгүй үүргээс алданги тооцох журмыг зөрчсөн тул алдангийн тохиролцоо хуульд нийцээгүй, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т зааснаар хүчин төгөлдөр бус байх учир нэхэмжлэгч нь алданги шаардах эрхгүй болно.

 

Дээрх үндэслэлээр сөрөг нэхэмжлэл нь үндэслэлгүй байх тул анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг зөв гэж үзнэ.

 

Иймд хариуцагчийн гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2017/01862 дугаар шийдвэрийн

1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “АТ” ХХК-иас 6 500 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “ГМ” ХХК-д олгож, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 232 дугаар зүйлийн 232.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 21 167 483 төгрөг гаргуулах хэсгийг нэхэмжлэгч “ГМ” ХХК-иас 4 575 550 төгрөг гаруулах тухай хариуцагч “АТ” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж,

2 дахь заалтын “260 047” гэснийг “118 950” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч “АТ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 260 050 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                        ШҮҮГЧИД                                              Д.БАЙГАЛМАА

 

                                                                                       Э.ЗОЛЗАЯА