Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 2022/ШЦТ/152

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч И.Ганбат даргалж,

 

 шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжин,

 Улсын яллагч Б.Хурц,

 Шүүгдэгч Л.Н,

 Шүүгдэгч Д.Х тэдний өмгөөлөгч О.Санчирбал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай шүүхэд ирүүлсэн Б.Л.Н, М.Д.Х нарт холбогдох эрүүгийн ......... дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт

1. Монгол Улсын иргэн, .........-ны өдөр ........ төрсөн. Эрэгтэй, ...настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй. Хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх. Ам бүл-.... тоотод оршин суудаг. Урьд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 34 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1.200.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, ялыг эдэлж дуусан. Б.Л.Н (ХП86051877)

 

2. Монгол Улсын иргэн, ......-ний өдөр .... төрсөн. Эрэгтэй, ...настай, боловсролгүй. Мэргэжилгүй, Хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх. Ам бүл-....... тоотод оршин суудаг. Урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй. ........

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Л.Н нь 2021 оны 11 дүгээр сард Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Д.Х, О.С нарын Бүгд Найрамдах Солонгос Улсын виз хүсэх материал болох Улсын нэгдүгээр төв эмнэлгийн тодорхойлолт, өвчний түүх, Хаан банкны тодорхойлолт, дансны хуулганы  хураангуй, Солонгос Улсын эмнэлгийн цаг захиалгын хуудас зэрэг баримт бичгийг хуурамчаар үйлдсэн буюу хүний хувийн байдлыг тодруулсан, гэрчилсэн баримт бичгийг хуурамчаар үйлдсэн,

 

Шүүгдэгч Д.Х нь 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Бүгд Найрамдах Солонгос Улсын элчин сайдын яаманд виз мэдүүлэхдээ өөрийн болон эхнэр О.Сын Улсын нэгдүгээр төв эмнэлгийн тодорхойлолт, өвчний түүх, Хаан банкны тодорхойлолт, дансны хуулганы хураангуй, Солонгос Улсын эмнэлгийн цаг захиалгын хуудас зэрэг баримт бичгийг хуурамч болохыг мэдсээр байж гарган өгсөн буюу хүний хувийн байдлыг тодруулсан, гэрчилсэн баримт бичгийг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг: 

 

Шүүгдэгч Л.Н “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн тул мэдүүлэг өгөхгүй...” гэв.

Шүүгдэгч Д.Х“...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн тул мэдүүлэг өгөхгүй...” гэв.

         

Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

Гэрч Д.Оюунсүрэн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр БНСУ-ын элчин сайдын яаманд Монгол Улсын иргэн Д.Х, О.С гэх хүмүүс эмчилгээний визний материал бүрдүүлэн өгсөн ба Д.Х нь БНСУ-д очиж эмчилгээ хийлгэхээр болсон гэж мэдүүлсэн бөгөөд тэдгээрийн өгсөн бичиг баримтуудыг нягталж үзэхэд Д.Хын Солонгос Улсад эмнэлгийн цаг захиалсан хуудас хуурамч, нэгдүгээр эмнэлгийн тодорхойлолт болон өвчний түүх нь хуурамч Хаан банкны тодорхойлолт дансны хураангуй хуулга хуурамч байсан. Уг баримтууд хуурамч гэдгийг нь Нэгдүгээр эмнэлэг, Хаан банк, Солонгос Улсын Гангнам жие нэртэй эмнэлгүүд рүү хандаж мэдээлэл авахад Д.Х гэх хүний мэдээлэл биш болох нь батлагдсан мөн Д.Х гэх хүний Нэгдүгээр эмнэлгийн өвчний түүхийг шалгахад тухайн картын эзний нэрийг балаар дарж дээр нь өөрийнхөө нэрийг цаасан дээр бичиж наасан байсан учраас цагдаагийн байгууллагад хандсан юм. Нэгдүгээр эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн захирлын гарын үсгийн загвар манайд байдаг ба дээрх хүмүүсийн нэгдүгээр эмнэлгээс авсан гэх баримтлан дээр зурсан гарын үсэг тохирохгүй байгаа. Мөн Хаан банкны дансны хуулга нь өмнө нь хэрэглэж байсан хуучин загвараар ирүүлсэн тухайн дансны хуулганы хураангуй загвар нь шинэчлэгдсэн байгаа, мөн Солонгос Улсын эмнэлэгт цаг захиалсан хуудас нь хуурамч, Элчин сайдын яамнаас Солонгос ажилтан тус эмнэлэгтэй холбогдоход Д.Х гэж хүн цаг захиалаагүй талаар хэлсэн...” (хавтас хэргийн 13-14 дэх тал) гэсэн,

 

Гэрч Г.Уранцэцэг мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би БНСУ-ын элчин сайдын яаманд 2018 оноос хойш ажиллаж байна. Би БНСУ-ын элчин сайдын яаманд визний материал шалгаад консулд өгдөг юм. 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр иргэн Д.Х, О.С нар нь БНСУ-ын элчин сайдын яаманд эмнэлгийн виз мэдүүлсэн материалыг хүлээн авч шалгахад нэгдүгээр эмнэлгийн тодорхойлолт, албан тоотын дугаар, захирлын гарын үсэг, албан баланкны өнгө зэргээр хуурамч болох нь харагдсан ба би тухайн эмнээгийн загвар болон албан бичигт гарын үсэг зурдаг Хишигжаргал гэх хүнийг гарын үсгийн загвар нь манайд байдаг ба гарын үсэг гарын үсгийн загвар нь зөрсөн, Хаан банкны бланк өнгө нь өөр байсан, мөн дансны хуулганы хураангуй маягт нь шинэчлэгдсэн байхад хуучин загвараар гаргасан байсан ба Хаан банкнаас энэ талаар тодруулж мейл явуулахад Хаан банкнаас уг мэдээлэл манайхаас гарсан мэдээлэл биш байна гэж ирсэн, Солонгос Улсын Гангнам жие  эмнэлэгт цаг авсан хуудас, урилга ирүүлснийг тухайн эмнэлэгтэй холбогдож шалгахад цаг авсан болон тухайн хүнд урилга хүргүүлсэн мэдээлэл байхгүй гэсэн, Д.Х гэх хүний манайд ирүүлсэн өвчний түүх нь хэнийх болох нь мэдэгдэхгүй ба яг өвчтөний нэр бичих хэсэгт бичигдсэн нэрийг балаар сараачиж дээр нь цаасан дээр Д.Х гэж бичиж наасан байсан учраас би консулд мэдэгдээд материалыг цагдаагийн байгууллагад шилжүүлсэн юм...” (хавтас хэргийн 12-15 дахь тал) гэсэн,

 

Гэрч О.С мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:  “...нөхрөөс бичиг баримт яасан бэ гэхэд Л.Нд байгаа гэдэг байсан ба 2021 оны 11 дүгээр сарын эхээр визний материал болсон байна гээд хамт Улаанбаатар хотод ирж Л.Нгийн өгсөн материалыг БНСУ-ын элчин сайдын яаманд өгсөн...” (хавтаст хэргийн 58-59 дэх тал) гэсэн,

 

Яллагдагчаар Л.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Хаан банкны тодорхойлолт дансны хуулганы хураангуй зураг нь надад байсан ба түрүү жил өөртөө авч байсан түүнийг фотошоп программ ашиглан Д.Х, Саруул нарынх болгосон. Эмнэлгийн тодорхойлолтыг тухайн эмнэлгийн албан ёсны цахим хуудаснаас аваад мөн фотошопоор янзалсан...эмчилгээ эрхэлсэн даргын гарын үсгийг би өөрөө зурчихсан.” (хавтаст хэргийн 144-146 дахь тал) гэсэн,

 

Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад суугаа элчин сайдын яамнаас 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн ирүүлсэн албан бичиг (хавтаст хэргийн 37-45 дахь тал),

Яллагдагчаар Д.Х мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Л.Нтэй уулзахад БНСУ-д очиж эмчлүүлэх хуурамч баримт бүрдүүлчихлээ гэж хэлээд материал өгөхөөр нь БНСУ-ын элчин сайдын яаманд хүргэж өгсөн.” (хавтаст хэргийн 155-157 дахь тал) зэрэг бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

1. Шүүгдэгч Л.Н нь 2021 оны 11 дүгээр сард Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Д.Х, О.С нарын Бүгд Найрамдах Солонгос Улсын виз хүсэх материал болох Улсын нэгдүгээр төв эмнэлгийн тодорхойлолт, өвчний түүх, Хаан банкны тодорхойлолт, дансны хуулганы  хураангуй, Солонгос Улсын эмнэлгийн цаг захиалгын хуудас зэрэг баримт бичгийг хуурамчаар үйлдсэн буюу хүний хувийн байдлыг тодруулсан, гэрчилсэн баримт бичгийг хуурамчаар үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчийн үйлдсэн хэргийнхээ талаар хүлээн мэдүүлсэн мэдүүлэгүүд, гэрчийн мэдүүлгүүд зэргээр,

 

2. Шүүгдэгч Д.Х нь 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Бүгд Найрамдах Солонгос Улсын элчин сайдын яаманд виз мэдүүлэхдээ өөрийн болон эхнэр О.Сын Улсын нэгдүгээр төв эмнэлгийн тодорхойлолт, өвчний түүх, Хаан банкны тодорхойлолт, дансны хуулганы хураангуй, Солонгос Улсын эмнэлгийн цаг захиалгын хуудас зэрэг баримт бичгийг хуурамч болохыг мэдсээр байж гарган өгсөн буюу хүний хувийн байдлыг тодруулсан, гэрчилсэн баримт бичгийг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчийн үйлдсэн хэргийнхээ талаар хүлээн мэдүүлсэн мэдүүлэгүүд, гэрчийн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

 

“Хуурамч баримт бичиг үйлдэх” гэмт хэргийн тухайд уг баримт бичгийг хуурамчаар үйлдсэн тэрхүү цаг хугацаанд гэмт хэрэг төгсдөг бол ‘‘Хуурамч баримт ашиглах” гэмт хэрэг нь удааширсан үйлдэлтэй байх боломжтой юм.

Ашиглах үйлдлийн тухайд уг баримт бичгийг хэрэглэж тодорхой үр дүнд хүрсэн нэг удаагийн үйлдэлтэй, эсхүл удаан хугацаанд тасралтгүй хэрэглэж, дараа дараагийн үр дүнд хүрсээр байдаг удааширсан үйлдэлтэй гэмт хэргийн шинжийн аль алийг агуулдаг бөгөөд удааширсан үйлдлийн хувьд уг бичиг баримтыг ашиглах, хэрэглэх боломжгүй болсон цаг хугацаа буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу таслан зогсоогдсон үеийг гэмт хэрэг төгссөн цаг хугацаа гэж үзэхээр хууль тогтоогч хэм хэмжээ тогтоосон байна

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Л.Н нь Бүгд Найрамдах Солонгос Улсын виз хүсэх материал болох Улсын нэгдүгээр төв эмнэлгийн тодорхойлолт, өвчний түүх, Хаан банкны тодорхойлолт, дансны хуулганы  хураангуй, Солонгос Улсын эмнэлгийн цаг захиалгын хуудас зэрэг хүний хувийн байдлыг тодруулсан, гэрчилсэн баримт бичгийг хуурамчаар үйлдсэн,

шүүгдэгч Д.Х нь Бүгд Найрамдах Солонгос Улсын элчин сайдын яаманд виз мэдүүлэхдээ өөрийн болон эхнэр О.Сын Улсын нэгдүгээр төв эмнэлгийн тодорхойлолт, өвчний түүх, Хаан банкны тодорхойлолт, дансны хуулганы хураангуй, Солонгос Улсын эмнэлгийн цаг захиалгын хуудас зэрэг хүний хувийн байдлыг тодруулсан, гэрчилсэн баримт бичгийг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмт үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. 

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Л.Н, Д.Х нарын дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Л.Н, Д.Х нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

 

2. Шүүгдэгч Л.Н, Д.Х нарын нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заасны дагуу шүүх шүүгдэгч Л.Н, Д.Х нарыг Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан тус бүрийг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар торгох ялын шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 сарын хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар Л.Н, Д.Х нарт оногдуулсан торгуулийн ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв.

 

3. Гэмт хэргийн улмаас хохирол хор уршиг учраагүй ба шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн .............. дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хавтаст хэргийн 183-223 хуудаст авагдсан VISA APPLICATION гэсэн бичиглэлтэй 39 хуудас материалын хэрэгт үлдээн гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Л.Н, Д.Х нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

         

          1. Шүүгдэгч Б.Л.Нг хүний хувийн байдлыг тодруулсан, гэрчилсэн баримт бичгийг хуурамчаар үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

             - Шүүгдэгч М.Д.Хыг хүний хувийн байдлыг тодруулсан, гэрчилсэн баримт бичгийг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Н, Д.Х нарыг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга)  төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Л.Н, Д.Х нарыг торгох ялын шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 сарын хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Л.Н, Д.Х нарт оногдуулсан 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялын шүүхийн шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хавтаст хэргийн 183-223 хуудаст авагдсан VISA APPLICATION гэсэн бичиглэлтэй 39 хуудас материалын хэрэгт үлдээж, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Л.Н, Д.Х нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгосугай. 

 

7. Тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч нарт урд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         И.ГАНБАТ