Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 158

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул,

Улсын яллагч М.Сумъяа

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Сумъяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн *******д холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

          

Монгол Улсын иргэн, 19.. оны .. дугаар сарын ..-ний өдөр Сүхбаатар аймгийн ******* суманд төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын засал чимэглэл мэргэжилтэй, “*******” хоршоонд жолооч, ам бүл 8, эхнэр, 6 хүүхдийн хамт амьдардаг, Сүхбаатар аймгийн ******* сумын 4 дүгээр баг, ******* тоотод оршин суух хаягтай, одоогоор  Сүхбаатар аймгийн ******* сумын 5 дугаар баг ******* тоотод оршин суудаг,

Урьд Сүхбаатар аймгийн сум дундын шүүхийн 2002 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 157 дугаартай шийтгэх тогтоолоор  1987 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн  дугаар 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, тогтоол биелүүлэхийг 2 жил хойшлуулсан, 

Сүхбаатар аймгийн сум дундын шүүхийн 2003 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 67 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн  145 дугаар  зүйлийн  145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, урьд оногдуулсан ялыг нэмж нэгтгэн 4 жилийн хугацаагаар хорих ял, 

Сүхбаатар аймгийн сум дундын шүүхийн 2007 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 52 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн  181 дүгээр  зүйлийн 181.2.1, 181.2.5, Эрүүгийн хуулийн 146 дугаар зүйлийн 146.2, Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4-т зааснаар 10 жил 1 сарын хугацаагаар хорих ял,  

Сүхбаатар дүүргийн шүүхийн  2012 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 108 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн  145.4 дүгээр  зүйлийн 145.4, Эрүүгийн хуулийн тусгай ангийн  234 дүгээр  зүйлийн 234.2-т зааснаар 10 жил 4 сар 10 хоногийн хугацаагаар хорих ял шийтгүүлж байсан, РД:******* ийн *******.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч ******* нь 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Сүхбаатар аймгийн ******* сумын 5 дугаар баг ******* тоотод эхнэр ийн биед халдан зодож, эрүүл мэндэд нь зүүн нүдний доод зовхинд болон хамарт цус хуралт, толгойн үстэй хэсгийн зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Сүхбаатар аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг танилцуулж, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

 

Шүүх шүүгдэгч *******д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:Эхнэртэйгээ маргалдаж зодсон нь үнэн. Цаашид дахиж ийм үйлдэл гаргахгүй хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

 

Хохирогч ийн “...2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 3 хоногийн өмнө манай нөхөр гэх хүнтэй гэртээ архи уучхаад орой нь мөнгөний асуудлаас болж надтай  маргалдаж байгаад унтсан. Тэгээд маргааш нь би ажлынхаа газрын дарга т “манай нөхөр өчигдөр орой архи уучхаад илүү дутуу юм яриад унтуулахгүй хэцүү юм” гэж хэлэхэд ажлын газрын дарга манай нөхөр *******д “чи архи уучхаад битгий гэртээ илүү юм ярьж бай” гэж хэлсэн юм билээ. Бид 2 хамт мал нядалгааны газар ажилладаг юм. Тэгсэн манай нөхөр 2021 оны 09 дүгээр сарын 02-ны орой халамцуу гэртээ ирээд “чи гэрийнхээ асуудлыг ажил дээрээ очиж ярилаа, намайг мууд хийлээ” гэж уурлаад миний нүүр рүү 2-3 удаа цохиж, хөл рүү 1 удаа өшиглөсөн. Тэгэхээр нь би гэр рүүгээ яв гэж хэлээд гаргасан. Тухайн үедээ цагдаагийн байгууллагад хандаагүй... “Гэр бүлийнхээ асуудлыг ажил дээрээ очиж ярилаа” гэж уурлаж миний нүүр рүү 2-3 удаа цохиж, хөл рүү 1 удаа өшиглөж зодсон. Урьд нь намайг манай нөхөр цохиж зодож байгаагүй...” гэх мэдүүлэг, /хх-ийн 9-10, 21-22 х/

 

 Аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахмад А.Болор-Эрдэнийн 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 413 дугаартай “... ийн биед зүүн нүдний дээд доод зовхи болон хамарт цус хуралт, толгойн үстэй хэсгийн зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учирчээ... Учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна... Учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна... Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 26-27 х/,

 

 Яллагдагч *******гийн “...Манай эхнэр бид хоёр “*******” гэдэг хоршооны мал нядалгааны газар ажилладаг юм. Эхнэр бид хоёр дундаасаа 2 хүүхэдтэй. Манай эхнэрийн 4 хүүхэд цуг байдаг юм. 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өглөө ажил дээр очиход манай дарга нь хэд хоногийн өмнө надтай архи уусан манай ажлын гэдэг ахыг чи мөрөөрөө архи уусангүй, хүн амьтан уруу татаж архи уулаа гэж загнасан. Гэтэл ах нар руу “Танай эхнэр чи бид хоёрыг архи уулаа гэж даргад хэлсэн байна” гэж уурлаж, бид хоёр бага зэрэг маргасан юм. Тэгээд орой болж гэр рүүгээ харих гэж байтал дарга надад “Чи битгий архи уугаад бай. Эхнэр чинь чамайг тай нийлж архи уусан гээд хов зөөгөөд байна” гэх хэлэхээр нь би эхнэртээ жаахан гомдож, замдаа нэг найзтайгаа нэг 0.5 литрийн архи уучхаад гэртээ харьсан юм. Гэрт ирэхэд хоол ундаа хийгээгүй байхаар нь “яагаад хоол хийгээгүй юм бэ?” гэж асуухад учир зүггүй өөдөөс уурлаж “чи муу архичин тайгаа архи уугаад ирсэн үү?” гээд дайрч давшлан, загнаад байхаар нь нүүрэн тус газар нь хоёр удаа цохиж, хөл рүү нэг удаа өшиглөчхөөд гэрээс гарч аавындаа очиж хоносон... Би хааяа ганц архи уудаг болохоор ганц нэг удаа хэрүүл маргаан болж байсан. Харин эхнэрээ зодож байсан удаа байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40 х/

 

Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-ийн 7-8 х/

 

*******гийн оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 43 х/

 

Шүүгдэгч *******гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 44 х/

 

Шүүгдэгч *******гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 50 х/

 

Сүхбаатар аймгийн сум дундын шүүхийн 2007 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 52 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 53-57/

 

Сүхбаатар аймгийн сум дундын шүүхийн 2002 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 157 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 58-62 х/

 

Сүхбаатар аймгийн сум дундын шүүхийн 2003 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 67 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 63-64 х/

 

Сүхбаатар дүүргийн шүүхийн  2012 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 108 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 75-77 х/

 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай 2021  оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 88 дугаартай прокурорын тогтоол /хх-ийн 78-80 х/

 

 “ Ялын төрөл хэмжээний талаарх “ Прокурорын 88 дугаартай санал /хх-ийн 81 х / зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны,  Эрүүгийн  хэрэг  хянан  шийдвэрлэх  тухай  хуульд  заасны  дагуу  цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч ******* нь 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Сүхбаатар аймгийн ******* сумын 5 дугаар баг ******* тоотод эхнэр ийн биед халдан зодож, эрүүл мэндэд зүүн нүдний доод зовхинд болон хамарт цус хуралт, толгойн үстэй хэсгийн зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан  болох нь шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болох хохирогч ийн  мэдүүлэг, Шүүх эмнэлгийн 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 413 дугаартай шинжээчийн дүгнэлт, Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл зэргээр нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

            Шүүгдэгч ******* нь гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ. Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

 

Тэрээр бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу бусдын биед халдаж гараараа цохиход гэмтэл учирч болохыг ухамсарлаж мэдсээр атлаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр тэй маргалдсаны улмаас түүнийг гараараа нүүр рүү нь  цохиж, хөл рүү нь өшиглөж түүний эрүүл мэндэд нь зүүн нүдний доод зовхинд болон хамарт цус хуралт, толгойн үстэй хэсгийн зөөлөн эдийн няцрал хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.

 

Сүхбаатар аймгийн прокурорын газраас шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч *******г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн  гэм  буруутайд  тооцож,  түүнд  Эрүүгийн  хуульд  заасан  эрүүгийн  хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

*******гийн үйлдлийн улмаас хохирогч ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд  хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж хэрэгт мэдүүлжээ.

Иймд шүүгдэгч *******г энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх бөгөөд Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.

 

Шүүгдэгч *******д ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокуророос яллагдагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч *******д танилцуулсан нь хуульд нийцсэн байна.

 

Иймд шүүх шүүгдэгч *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул шүүгдэгчийн улсын яллагчтай тохиролцсоноор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550 000 төгрөгийн торгох ял шийтгэл оногдуулж, шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, түүнд оногдуулсан торгох ялын хэмжээ зэргийг харгалзан 90 хоногийн дотор хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч  *******д мэдэгдэж, тэрээр энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, шүүгдэгч *******д таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ийн *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******д оногдуулсан торгох ялыг 90  хоногийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүхийн шатанд шүүгдэгч *******д таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.

 

6. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, шүүгдэгч ******* энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй буюу хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Н.БАЯРБААТАР