Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 21 өдөр

Дугаар      2022/ШЦТ/58

 

 

 

 

 

 

 

    2022         01          21                                       2022/ШЦТ/58

 

 

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч А.Ариунаа, шүүгдэгч Ч.А-, нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Х овогт Ч-ын А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн 2203000000036 дугаартай хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, 1985 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Дорнод аймгийн Хөлөнбуйр суманд төрсөн, 36 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эх баригч-сувилагч мэргэжилтэй, Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн төвд сувилагч ажилтай, ам бүл 5, нөхөр, хоёр хүүхэд, ээжийн хамт, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Х овогт Ч-ын А,  

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Ч.А- нь 2021 оны 12 дугаар сарын 08-ны орой 19 цаг 04 минутын орчим Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Жаргалан хотхоны урд замд Тоёота Приус маркийн 00-00 УБР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган хүний зохицуулдаггүй гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч Г.Э-ийг /12 настай, эрэгтэй/ мөргөж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг: 

 

Шүүгдэгч Ч.А-: “...Манай хүүхэд аутизм гэдэг өвчтэй, тухайн өдөр хүүхдээ аваад машин дотор бид хоёр 3 цаг орчим бөглөрч, хүүхэд маань тавгүйтээд, уурлаад бухимдаад машины урд талыг болон цонхны шилийг толгойгоороо мөргөөд толгойгоо гэмтээсэн, улмаар тархины судас нь хагарч цус гарсан байсан, тухайн үед би хүүхдээ яаж тайвшруулах учраа олохгүй, их хэцүү байсан, тэгээд дөнгөж бөглөрөөнөөс гараад цааш явж байхад хүүхэд маань толгойгоороо дахиад хаалганы цонх мөргөөд уйлаад байсан бөгөөд хүүхдийнхээ толгойг мөргүүлэхгүй гэж гараараа толгойг нь хамгаалахдаа анхаарал болгоомж алдаж зам хөндлөн гарч байсан хүүхдийг мөргөсөн, би гуравдугаар эгнээгээр явж байсан, нэг хоёр дугаар эгнээгээр явж байсан машинууд зогсоод явган зорчигчид зам тавьж өгөхийг харсан боловч сандраад би хурдаа хасаж чадаагүй, миний буруу. Хохиролд 3 сая төгрөг төлж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг гомдолгүй болгосон, надад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэв.

 

Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Туул мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Нэг хүн яриад Жаргалан хотхоны урд танай хүү машинд мөргүүлчихлээ гэж хэлсэн. ...Миний хүүгийн баруун шилбэний хоёр яс хугаралтай, одоогоор дотроо төмөртэй шохойдсон байдалтай байгаа..” /хавтас хэргийн 15-16 дахь тал/ гэсэн,

 

Гэрч Ч.Мөнхнаран мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Явган хүний гарцаар 10 орчим хүн хойноосоо урагшаа гарч байсан, ...тухайн машин дунд зэргийн хүчтэй, баруун урд хэсгээр хүүхдийг мөргөсөн. Эхний эгнээний машинууд явган зорчигч нарт зам тавьж өгсөн...” /хавтас хэргийн 68 дахь тал/ гэсэн,

 

Шүүгдэгч Ч.А- мөрдөн шалгах ажиллагааны явцад сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр ...Жаргалан хотхоны урдуур зүүнээс баруун тийш гуравдугаар эгнээгээр явж байхад замын нэг, хоёрдугаар эгнээд явж байсан машинууд гарцны наана зогссон. Миний хүү аутизм өвчтэй, тэр үед хүү Билгүүдэй минь бачимдаад машины урд талын хэсгийг болон хаалганы цонхыг толгойгоороо цохиод байхаар нь хүүгийнхээ толгойг хамгаалахаар хажуу тал руу гараа сунгасан. ...Би уг нь хурдаа сааруулсан боловч ...явган хүний гарцаар нэг хүүхэд гүйгээд гараад ирсэн. Би тэр хүүг хараад тоормосоо гишгээд зогссон боловч хүүхэд баруун талын толинд мөргөгдөөд  газарт унасан...” /хавтас хэргийн  54 дэх тал/ гэсэн мэдүүлгүүд,

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 205 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Г.Э-ийн биед баруун хөлийн шаант, тахилзуур ясны хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.

3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” /хавтас хэргийн 22-23 дахь тал/ гэсэн,

 

- Сонгинохайрхан дүүргийн техникийн хяналтын үзлэгийн төвийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн №999167 дугаартай дүгнэлтэд: “...1. Уг тээврийн хэрэгсэл стандартын шаардлага хангахгүй байна.

2. Баруун талын толь хугарсан, зүүн баруун ойрын гэрлийн тусгалын хүч стандартын шаардлага хангахгүй байна.

3. Зүүн баруун ойрын гэрлийн тусгалын хүч стандартад хүрэхгүй байгаа нь уг осолд хэрхэн нөлөөлөхийг тогтоох боломжгүй байна. Учир нь осол болох үеийн замын нөхцөл байдал замын гэрэлтүүлэг зэргээс шалтгаална. Энэ гэмтэл ослоос өмнө ашиглалтын явцад үүссэн.

5. ...Шингэн дамжуулгын ABS бүхийн тоормосны системтэй автотээврийн хэрэгсэл огцом тоормос гишгэхэд зам дээр тоормосны тасалдсан мөр үүснэ...” /хавтас хэргийн 32-35 дахь тал/ гэсэн,

 

- Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн №351 дугаартай магадалгаанд: “...1. Тоёота Пруис-30 маркийн 00-00 УБР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Ч.А- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй...” /хавтас хэргийн 39-40 дэх тал/ гэсэн дүгнэлтүүд,

 

- Дуудлагын лавлагааны хуудас /хавтас хэргийн 3 дахь тал/,

-  Зам тээврийн осол, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтас хэргийн 4-11 дэх тал/,

- Хөрөнгийн үнэлгээний тайлан /хавтас хэргийн 25-27 дахь тал/,

-  Хохирлын баримтууд /хавтас хэргийн 52-56, 92-97 дахь тал/,

- Цагдаагийн ерөнхий газрын бүртгэл хяналтын төвийн 14-3а/3036 дугаартай албан бичиг /хавтас хэргийн 82 дахь тал/,

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хүсэлт /хавтас хэргийн 99 дэх тал/,

- Шүүгдэгч Ч.А-ийн хувийн байдалтай холбоотойгоор гэрч Б.Батнасангийн мэдүүлэг /хавтас хэргийн 70 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтас хэргийн 45 дахь тал/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хавтас хэргийн 46 дахь тал/, жолоодох эрхийн лавлагаа /хавтас хэргийн 49 дэх тал/, боловсролын гэрчилгээний хуулбар /хавтас хэргийн 87-88 дахь тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хавтас хэргийн 86 дахь тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтас хэргийн 43 дахь тал/ зэрэг болно.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

1. Шүүгдэгч Ч.А- нь 2021 оны 12 дугаар сарын 08-ны орой 19 цаг 04 минутын орчим Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Жаргалан хотхоны урд замд Тоёота Приус маркийн 00-00 УБР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган хүний зохицуулдаггүй гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч Г.Э-ийг /12 настай, эрэгтэй/ мөргөж, эрүүл мэндэд нь баруун хөлийн шаант, тахилзуур ясны хугарал бүхий хүндэвтэр хохирол учруулсан болох насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Туулын “...Нэг хүн яриад Жаргалан хотхоны урд танай хүү машинд мөргүүлчихлээ гэж хэлсэн. ...Миний хүүгийн баруун шилбэний хоёр яс хугаралтай одоогоор дотроо төмөртэй шохойдсон байдалтай байгаа..” /хавтас хэргийн 15-16 дахь тал/ гэсэн, гэрч Ч.Мөнхнарангийн “...Явган хүний гарцаар 10 орчим хүн хойноосоо урагшаа гарч байсан, ...тухайн машин дунд зэргийн хүчтэй, баруун урд хэсгээр хүүхдийг мөргөсөн. Эхний эгнээний машинууд явган зорчигч нарт зам тавьж өгсөн...” /хавтас хэргийн 68 дахь тал/ гэсэн, шүүгдэгч Ч.А-ийн “...2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр ...Жаргалан хотхоны урдуур зүүнээс баруун тийш гуравдугаар эгнээгээр явж байхад замын нэг, хоёрдугаар эгнээд явж байсан машинууд гарцны наана зогссон. Миний хүү аутизм өвчтэй, тэр үед хүү Билгүүдэй минь бачимдаад машины урд талын хэргийг болон хаалганы цонхыг толгойгоороо цохиод байхаар нь хүүгийнхээ толгойг хамгаалахаар хажуу тал руу гараа сунгасан. ...Би уг нь хурдаа сааруулсан боловч ...явган хүний гарцаар нэг хүүхэд гүйгээд гараад ирсэн. Би тэр хүүг хараад тоормосоо гишгээд зогссон боловч хүүхэд баруун талын толинд мөргөгдөөд  газарт унасан...” /хавтас хэргийн  54 дэх тал/ гэсэн мэдүүлгүүд,

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 205 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: Г.Э-ийн биед баруун хөлийн шаант, тахилзуур ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” /хавтас хэргийн 22-23 дахь тал/ гэсэн,

Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн №351 дугаартай магадалгаанд: “...Тоёота Пруис-30 маркийн 00-00 УБР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Ч.А- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй...” /хавтас хэргийн 39-40 дэх тал/ гэсэн дүгнэлтүүд, Зам тээврийн осол, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтас хэргийн 4-11 дэх тал/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд дээрх нотлох баримтуудыг үгүйсгэсэн, няцаасан баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ч.А-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, энэ зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ч.А- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

2. Шүүгдэгч Ч.А- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлж барагдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заасны дагуу дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл болон шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, учруулсан хохирлын хэмжээ, хохирол төлөгдсөн, шүүгдэгч өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч маргаагүй зэрэг нөхцөлийг харгалзан прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэв.  

 

Шүүгдэгч Ч.А- нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

 

3. Гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч Г.Э-ийн эрүүл мэндэд баруун хөлийн шаант, тахилзуур ясны хугарал бүхий хүндэвтэр хохирол учирсан, шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 3,000,000 төгрөгийн хохирол төлсөн, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт гаргасан /хавтас хэргийн 99 дэх тал/ байх тул шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй байна. Шүүх хохирогчид учирсан гэмтэл, түүний насанд хүрээгүй зэрэг нөхцөлийг харгалзан гэмт хэргийн улмаас учирсан гэмтэлтэй холбоотой цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

 

Эрүүгийн 2203000000036 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Ч.А- цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Туул гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

Шүүгдэгч Х овогт Ч-ын А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч-ын А-ийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Ч.А-т оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.А- торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.А- хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Туулд 3,000,000 /гурван сая/ төгрөгийн хохирол төлсөн болохыг дурдаж, насанд хүрээгүй хохирогч Г.Э-, түүний хууль ёсны төлөөлөгч нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тайлбарласугай.

 

6. Эрүүгийн 2203000000036 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Ч.А- цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Туул гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ч.А-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.А-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                             Д.АЛТАНЖИГҮҮР