Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 2022/ШЦТ/59

 

 

 

 

 

 

 

    2022         01          21                                       2022/ШЦТ/59

 

 

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч С.Ууганбаяр /томилолтоор/, шүүгдэгч Ж.Т-, нарийн бичгийн дарга Б.Бат-Оргил нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Т овогт Ж-ы Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн 2110000001228 дугаартай хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1988 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд:

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2009 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 149 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2, 181 дүгээр зүйлийн 181.2.5-д зааснаар 03 жил 08 сарын хорих ялаар,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 06 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 770,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, бие эрүүл, ухаан бүрэн, Т овогт Ж-ы Т,

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч нь  Ж.Т- нь 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн эргүүлийн офицер цагдаагийн ахмад Ц.Р, цагдаа жолооч цагдаагийн дэд ахлагч Х.А нарыг Эрхэс-112 чиглэлд үүрэг гүйцэтгэж байхад нь цагдаагийн албан хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж эрх чөлөөнд нь халдаж ахмад Ц.Ргийн нүүрэнд нэг 1 удаа, дэд ахлагч Х.Агийн нүүрэнд 4 удаа гараараа цохиж хүч хэрэглэхээр заналхийлж, хүч хэрэглэж эсэргүүцэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг: 

 

Шүүгдэгч Ж.Т-: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв тул дахин мэдүүлэг гаргахгүй...” гэв.

 

Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

Хохирогч Х.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Эрхэс-112 чиглэлд үүрэг гүйцэтгэж байсан. ...Орой 20 цагт Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаа 1 хороололд 725 дугаар байрны гадаа бага насны хоёр хүүхэдтэй 30 орчим насны залуу нэг хүүхдээ баруун гартаа тэвэрсэн, зүүн гартаа хоёр орчим насны хүүхдээ хөтөлчихсөн Тоёота Приус маркийн машины жолоочтой маргалдаад зогсож байсан. ...Ж.Т-ын  хөтөлж, тэвэрч байсан хоёр хүүхдийг нь аваад гэр рүү нь оруулах гэтэл шаардлага эсэргүүцэж зүүн гартаа байсан хүүхдээ тавиад миний баруун шанаанд хоёр удаа цохих үед ахмад Р нь баруун гарт тэвэрсэн бага насны хүүхдийг нь гараас нь салгаж авахад хоёр хүүхдийн ээж Саранцацрал нь гэрээсээ гарч ирсэн бөгөөд энэ үед ахмад Р бага насны хоёр хүүхдийг нь ээжид нь хүлээлгэн өгөх үед шаардлага эсэргүүцэж байсан Ж.Т- нь миний хувцасны захнаас баруун гараараа заамдаж атгасан, би зүүн гарт нь цохиулахаас сэргийлж хоёр гараараа зуурч байхад удалгүй ахмад Р над дээр ирж бид хоёр нийлж Ж.Т-ыг цагдаагийн автомашинд суулгаж Цагдаагийн хэлтэс рүү явж байхад Ж.Т- нь машин дотор нулимаад байхаар нь ахмад Р нь Ж.Т-д хандан машин дотор шүлсээ хаяж болохгүй гэж хэлэхэд эсэргүүцэн бид хоёрыг хэл амаар доромжилж эхэлсэн бөгөөд Буянт-Ухаа автобусны буудлын дэргэд явж байхад Ж.Т- нь надад хандан чи миний хүүхдийг цохисон гэж хэлээд миний толгойн баруун тал руу баруун гараа атгаж байгаад 2-3 удаа цохиж, хоолой боох гэж зүүн гарын нугалмаараа боох гэж оролдсон тул би тэр даруй замын голд машинаа зогооход ахмад Ц.Р нь Ж.Т-ыг надаас салгаж надтай хамжиж хоёр гарыг нь ард нь гавлаад Эрхэс-10 дээр авчирч жижүүрийн цагдаад хүлээлгэн өгсөн...” /хавтас хэргийн14-15 дахь тал/ гэсэн,

Хохирогч Ц.Р мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Хэрэг учралын талаар тодруулахаар өөрийгөө танилцуулахад бага насны хоёр хүүхэд тэвэрсэн, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн залуу үгийн зөрүүгүй шууд Агийн нүүрэнд 2-3 удаа цохиод үргэлжлүүлэн миний уруул орчимд 1-2 удаа зүүн гараараа цохисон. ...Буянт-Ухаа 1 хорооллоос Эрхэс-10 руу явсан бөгөөд хэсэг хугацааны дараа буюу Буянт-Ухаа 1 хорооллын урд байрлах автобусны буудлын харалдаа Ж.Т- нь жолооч цагдаа Аг жолоо барьж байхад гараас атгаж байгаад 2-3 удаа цохиж үргэлжлүүлэн хоолойг боох оролдлого хийсэн...” /хавтас хэргийн 18-19 дэх тал/ гэсэн,

Гэрч Э.Саранцацрал мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр орой манай нөхөр согтуу амандаа үглээд хэнд хандан юу хэлэх байгаад нь ойлгомжгүй өндөр дуугаар орилж чарлаад байхаар нь цагдаад дуудлага өгсөн...” /хавтас хэргийн 24-25 дахь тал/ гэсэн,

Шүүгдэгч Ж.Т- мөрдөн шалгах ажиллагааны явцад сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би тухайн өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж эхнэр Саранцацралтай хэрэлдэж хоёр хүүхдээ аваад гараад хоёр цагдаатай тааралдсан согтуу байсан болохоор юу болсныг сайн санахгүй байна. Өөрийн гэм буруутай үйлдлийг ойлгож гэмшиж байна...” /хавтас хэргийн 55 дахь тал/ гэсэн мэдүүлгүүд,

 

- Илтгэх хуудас /хавтас хэргийн 5 дахь тал/,

-   Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтас хэргийн 6-11 дэх тал/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №11870 тоот дүгнэлт /хавтас хэргийн 28-29 дэх тал/,

- Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтас хэргийн 34-35 дахь тал/,

- Шүүгдэгч Ж.Т-ын хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтас хэргийн 36  дахь тал/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хавтас хэргийн 38 дахь тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хавтас хэргийн 37 дахь тал/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хавтас хэргийн 46 дахь тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтас хэргийн 80 дахь тал/, шийтгэх тогтоолын хуулбарууд /хавтас 81-85 дахь тал/ зэрэг болно.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

1. Шүүгдэгч Ж.Т- нь 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн эргүүлийн офицер цагдаагийн ахмад Ц.Р, цагдаа жолооч цагдаагийн дэд ахлагч Х.А нарыг Эрхэс-112 чиглэлд үүрэг гүйцэтгэж байхдаа тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж цагдаагийн ахмад Ц.Ргийн нүүрэнд нэг 1 удаа, цагдаагийн дэд ахлагч Х.Агийн нүүрэнд 4 удаа гараараа цохиж хүч хэрэглэж эсэргүүцсэн болох нь хохирогч Х.Агийн “...2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Эрхэс-112 чиглэлд үүрэг гүйцэтгэж байсан. ...Орой 20 цагт Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаа 1 хороололд 725 дугаар байрны гадаа бага насны хоёр хүүхэдтэй 30 орчим насны залуу нэг хүүхдээ баруун гартаа тэвэрсэн, зүүн гартаа хоёр орчим насны хүүхдээ хөтөлчихсөн Тоёота Приус маркийн машины жолоочтой маргалдаад зогсож байсан. ...Ахмад Р бага насны хоёр хүүхдийг ээжид нь хүлээлгэн өгөх үед шаардлага эсэргүүцэж байсан Ж.Т- нь миний хувцасны захнаас баруун гараараа заамдаж атгасан, би зүүн гарт нь цохиулахаас сэргийлж хоёр гараараа зуурч байхад удалгүй ахмад Р над дээр ирж бид хоёр нийлж Ж.Т-ыг цагдаагийн автомашинд суулгаж Цагдаагийн хэлтэс рүү явж байхад Ж.Т- нь машин дотор нулимаад байхаар нь ахмад Р нь Ж.Т-д хандан машин дотор шүлсээ хаяж болохгүй гэж хэлэхэд эсэргүүцэн бид хоёрыг хэл амаар доромжилж эхэлсэн бөгөөд Буянт-Ухаа автобусны буудлын дэргэд явж байхад Ж.Т- нь надад хандан чи миний хүүхдийг цохисон гэж хэлээд миний толгойн баруун тал руу баруун гараа атгаж байгаад 2-3 удаа цохиж, хоолой боох гэж зүүн гарын нугалмаараа боох гэж оролдсон тул би тэр даруй замын голд машинаа зогооход ахмад Ц.Р нь Ж.Т-ыг надаас салгаж надтай хамжиж хоёр гарыг нь ард нь гавлаад Эрхэс-10 дээр авчирч жижүүрийн цагдаад хүлээлгэн өгсөн...” /хавтас хэргийн14-15 дахь тал/ гэсэн,

хохирогч Ц.Ргийн “...Бага насны хоёр хүүхэд тэвэрсэн, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн залуу үгийн зөрүүгүй шууд Агийн нүүрэнд 2-3 удаа цохиод үргэлжлүүлэн миний уруул орчим 1-2 удаа гараараа цохисон. ...Буянт-Ухаа 1 хорооллоос Эрхэс-10 руу явсан бөгөөд хэсэг хугацааны дараа буюу Буянт-Ухаа 1 хорооллын урд байрлах автобусны буудлын харалдаа Ж.Т- нь жолооч цагдаа Аг жолоо барьж байхад гараас атгаж байгаад 2-3 удаа цохиж үргэлжлүүлэн хоолойг боох оролдлого хийсэн...” /хавтас хэргийн 18-19 дэх тал/ гэсэн,

Гэрч Э.Саранцацралын:“...2021 оны 10 дугаар сарын 25-ны орой манай нөхөр согтуу амандаа үглээд хэнд хандан юу хэлээд байгаад нь ойлгомжгүй, өндөр дуугаар орилж чарлаад байхаар нь цагдаад дуудлага өгсөн...” /хавтас хэргийн 24-25 дахь тал/ гэсэн,

Шүүгдэгч Ж.Т-ын “...Би тухайн өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж эхнэр Саранцацралтай хэрэлдэж хоёр хүүхдээ аваад гараад хоёр цагдаатай тааралдсан, согтуу байсан болохоор юу болсныг сайн санахгүй байна. Өөрийн гэм буруутай үйлдлийг ойлгож гэмшиж байна...” /хавтас хэргийн 55 дахь тал/ гэсэн мэдүүлгүүд, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтас хэргийн 6-11 дэх тал/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтас хэргийн 34-35 дахь тал/ дүгнэлт зэрэгт хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хохирогч Х.А, Ц.Р нар нь 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Эрхэс-112 чиглэлд авто эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан болох нь хэрэгт авсан Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн авто эргүүлийн томилгоо, хуваариар тогтоогдож байх тул шүүгдэгч Ж.Т-ын үүрэг гүйцэтгэж байсан хууль сахиулагчийг эсэргүүцсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

 

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд дээрх нотлох баримтуудыг үгүйсгэсэн, няцаасан баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ж.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна.

 

Шүүгдэгч Ж.Т- нь хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

2. Шүүгдэгч Ж.Т- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заасны дагуу шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, учруулсан хохирлын хэмжээ, шүүгдэгч өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч маргаагүй зэрэг нөхцөлийг харгалзан прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүээрр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 3 дахь хэсгийн 3.3-д зааснаар тэнссэн 01 /нэг/ жилийн хугацаанд шүүгдэгч О.Мөнхбатад оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох  албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй.

 

3. Гэмт хэргийн улмаас хохирогч Х.А, Ц.Р нар гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой төлбөр нэхэмжлээгүй, гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй байна.

 

Эрүүгийн 2110000001228 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Ж.Т- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг, хохирогч Х.А, Ц.Р нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Т овогт Ж-ы Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж-ы Т-д хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 3 дахь хэсгийн 3.3-д зааснаар тэнссэн 01 /нэг/ жилийн хугацаанд шүүгдэгч Ж.Т-д оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч Ж.Т- нь оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг биелүүлээгүй, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалтыг зөрчсөн болон санаатай гэмт хэрэг дахин үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн 2110000001228 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Ж.Т- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг, хохирогч Х.А, Ц.Р нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ж.Т-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Т-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                        Д.АЛТАНЖИГҮҮР