Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 2022/ШЦТ/91

 

 

 

 

 

 

 

    2022         02          15                                       2022/ШЦТ/91

 

 

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Ч.Түмэн-Өлзий, шүүгдэгч Т.Б-, нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б- овогт Т-гийн Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн 2110023280024 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

Монгол Улсын иргэн, 1993 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Төв аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Б- овогт Т-гийн Б,  

,

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Т.Б- нь 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр иргэн Ж.Б-тай хамт Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нүхтийн 0-00тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байхдаа Ж.Б-ы түүнд дэлгүүр орж эд зүйлс худалдан авхуулахаар итгэмжлэн хариуцуулан өгсөн Хаан банкны 5029ххх458 тоот данс бүхий картаас 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Яармаг тооцооны төвд байрлах бэлэн мөнгөний машинаас 400,000 төгрөгийг гаргаж авч завшсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, шүүгдэгчийн мэдүүлэг:   

 

Шүүгдэгч Т.Б-: “...Хувиараа таксинд явдаг, хийсэн хэрэгтээ гэмшиж байна, миний буруу, надад картаа өгөөд архи авхуулсан, тэр үед нууц дугаарыг мэдэж авсан, картнаас авсан бэлэн мөнгийг өөртөө зарцуулсан, хохирол төлөөгүй, гэхдээ төлөх талаар хохирогчтой тохиролцсон байгаа...” гэв.

 

Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

Хохирогчийн Ж.Б- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс хойш хоёр хоног гэртээ архи уусан. Тэгээд 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өглөө өөрийн Хаан банкны картаа хайгаад олохгүй байхаар нь банк дээр очиж дансны хуулгаа авахад миний данснаас 400,000 төгрөгийг гүйлгээ хийгдсэн байсан. ...Б-д өөрийн картаа өгч явуулсан эсэхээ санахгүй байна...” / хавтас хэргийн 9, 11 дэх тал/ гэсэн,

 

Шүүгдэгч Т.Б- мөрдөн шалгах ажиллагааны явцад сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Нутгийн ах Б-ы гэрт 2021 оны 11 дүгээр сарын дундуур 2-3 хоног архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, Б- ах надад Хаан банкны картаа өгөөд дэлгүүр рүү явуулж архи авхуулдаг байсан. Би гэр рүүгээ явах гээд автобусны буудал дээр зогсож байхдаа халаасаа үзэхэд Б- ахын картыг өгөхөө мартаад аваад явсан байсан. Тэгэхээр нь автобусны мөнгө авахаар АТМ орж 400,000 төгрөг байсныг аваад гэр рүүгээ явсан. ...Б- ахын картаас мөнгө авахдаа зөвшөөрөл аваагүй....” / хавтас хэргийн 35-36 дахь тал/ гэсэн мэдүүлгүүд

 

- Өргөдөл / хавтас хэргийн 5 дахь тал/,

- Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтас хэргийн 17/,

- Ж.Б-ы Хаан банкны 5029ххх458 дугаартай дансны хуулга /хавтас хэргийн 19 дэх тал/,

- Шүүгдэгч Т.Б-ий хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтас хэргийн 23 дахь тал/, оршин суугаа хаягийн тодорхойлолт / хавтас хэргийн 22 дахь тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хавтас хэргийн 30 дахь тал/ зэрэг болно.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

1. Шүүгдэгч Т.Б- нь 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр иргэн Ж.Б-тай хамт Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нүхтийн 0-00тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байхдаа Ж.Б-ы түүнд дэлгүүр орж эд зүйлс худалдан авхуулахаар итгэмжлэн хариуцуулан өгсөн Хаан банкны 5029ххх458 тоот данс бүхий картаас 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Яармаг тооцооны төвд байрлах бэлэн мөнгөний машинаас 400,000 төгрөгийг гаргаж авч завшсаны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Ж.Б-ы “...2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс хойш хоёр хоног гэртээ архи уусан. Тэгээд 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өглөө өөрийн Хаан банкны картаа хайгаад олохгүй байхаар нь банк дээр очиж дансны хуулгаа авахад миний данснаас 400,000 төгрөгийг гүйлгээ хийгдсэн байсан. ...Б-д өөрийн картаа өгч явуулсан эсэхээ санахгүй байна...” / хавтас хэргийн 9, 11 дэх тал/ гэсэн, шүүгдэгч Т.Б-ий “...Нутгийн ах Б-ы гэрт 2021 оны 11 дүгээр сарын дундуур 2-3 хоног архи согтууруулах ундаан зүйл хэрэглэсэн, Б- ах надад Хаан банкны картаа өгөөд дэлгүүр рүү явуулж архи авхуулдаг байсан. Би гэр рүүгээ явах гээд автобусны буудал дээр зогсож байхдаа халаасаа үзэхэд Б- ахын картыг өгөхөө мартаад аваад явсан байсан. Тэгэхээр нь автобусны мөнгө авахаар АТМ орж 400,000 төгрөг байсныг аваад гэр рүүгээ явсан. ...Б- ахын картаас мөнгө авахдаа зөвшөөрөл аваагүй....” / хавтас хэргийн 35-36 дахь тал/ гэсэн мэдүүлгүүд, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтас хэргийн 17/,  Ж.Б-ы Хаан банкны 5029ххх458 дугаартай дансны хуулга /хавтас хэргийн 19 дэх тал/ зэрэг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд дээрх нотлох баримтуудыг үгүйсгэсэн, няцаасан баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө гэдэгт өмчлөгч өөрөө эд хөрөнгөө түр хугацаагаар шилжүүлж өгсөн эд хөрөнгийг хэлэх бөгөөд итгэмжлэн өгсөн эд зүйлс, өмч хөрөнгийг өмчлөгчид мэдэгдэлгүйгээр хууль бусаар өөртөө ашиглах нь хөрөнгө завших гэмт хэргийн үндсэн шинж бөгөөд шүүгдэгч Т.Б- нь хохирогч Ж.Б-ы архи, хүнсний зүйл авхуулахаар нь итгэж түр шилжүүлсэн байсан Хаан банкны картаас хохирогчийн зөвшөөрөлгүйгээр 400,000 төгрөгийг авч өөрийн хэрэгцээнд зарцуулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул дээрх зүйл хэсэгт зааснаар гэм буруутай тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Т.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна.

 

Шүүгдэгч Т.Б- нь хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

2. Шүүгдэгч Т.Б- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын зарим хэсгийг төлж барагдуулсан, цаашид төлөхөө илэрхийлж буй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заасны дагуу шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, учруулсан хохирлын хэмжээ, шүүгдэгч өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч маргаагүй зэрэг нөхцөлийг харгалзан прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэв.

 

3. Гэмт хэргийн улмаас хохирогч Ж.Б-ы эд хөрөнгөд 400,000 төгрөгийн хохирол учирсан, шүүгдэгч, хохирогч нар мөрдөн шалгах ажиллагааны явцад сайн дурын үндсэн дээр эвлэрсэн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй байна.

 

Эрүүгийн 2110023280024 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сиди 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Т.Б- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Ж.Б- гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б- овогт Т-гийн Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т-гийн Б-ийг 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3.  Шүүгдэгч Т.Б-д оногдуулсан 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б- оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн 2110023280024 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сиди нэг ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Т.Б- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Ж.Б- гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.  

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Т.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                        Д.АЛТАНЖИГҮҮР