Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 2022/ШЦТ/92

 

 

 

 

 

 

 

    2022         02          15                                       2022/ШЦТ/92

 

 

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч С.Ууганбаяр, шүүгдэгч Ж.Л-, нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б овогт Ж- Л-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн 2110017170029 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, 1997 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 24 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, угаалгын газарт ажилладаг, ам бүл, 4, эхнэр, хадам ээж, хүүхдийн хамт улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Б овогт Ж- Л,  

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Ж.Л- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2021 оны 9 дүгээр сарын 11-ний шөнө 01 цагийн орчим Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, 120 мянгатын 00 дугаар байрын 00 тоотод эхнэр Ч.Б-тэй намайг гэрээс хөөлөө гэх шалтгааны улмаас маргалдаж, түүний биед халдан зодож эрүүл мэндэд нь баруун сарвуун дунд хурууны 2 дугаар үенд шарх, зүүн бугалга, зүүн чихний дэлбээнд цус хуралт, баруун хөх, зүүн суганд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг: 

 

Шүүгдэгч Ж.Л-: “...Урьд өгсөн мэдүүлэг үнэн зөв учир шүүхэд нэмж мэдүүлэг гаргахгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэв.

 

Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

Хохирогч Ч.Б- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 9 дүгээр сарын 10-ны ...орой 20 цагийн үед намайг гэртээ ирэхэд Л- ирээгүй байсан. ...Орой 22 цагийн үед Л- их согтсон байна, ирээд авчих гэхээр нь нэгдүгээр хороололд байх буудлаас очиж авсан. ...00 цагийн үед гэртээ ирсний дараа Лхагваа би гармаар байна, архи уумаар байна, намайг гарга гээд байхаар нь гаргахгүй, 02 цаг болж байна, маргааш ажилтай унтаж амаръя гэхэд би гармаар байна гээд байхаар нь за за чи яв, гарч архиа уу гэхэд ширээ цохиж босож ирээд намайг хөөлөө гээд зүүн шанаа руу алгадсан, ...дахиад чих, чамархай хэсэг рүү гараа атгаж байгаад нэг удаа цохисон, би газар манараад унасан. ...Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, салах гэж байгаа...” /хавтас хэргийн 18-20, 106 дахь тал/ гэсэн,

Гэрч М.Болдмаа мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 9 дүгээр сарын 10-ны орой 23 цагийн үед ...гэртээ байхад хүү Л- эхнэртэйгээ маргалдаж муудалцсан гээд орж ирсэн. Тэгэхээр нь хүүгээ бэртэйгээ эвлэрүүлэх гээд ...хадмын гэрт очсон. ...Бэр Б-, хүү Л- өрөөндөө хэрэлдээд, хувцас хунараа бие бие рүүгээ шидээд байхаар нь хэдэн зүй бус үг хэлсэн...” /хавтас хэргийн 26-27 дахь тал/ гэсэн,

Гэрч Х.Сарангэрэл мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 9 дүгээр сарын 10-ны ...шөнө би өрөөндөө зээ хүүтэйгээ унтаж байхад Л-ы дуу чангараад байхаар нь ...өрөөнөөсөө гараад харахад охин Б- газар унасан байсан. ...Цагдаад дуудлага өгөөд би байж бай гэхэд гараад алга болсон. ...Удалгүй ...худ Болдмаа орж ирээд зүй бус үгээр охин бид хоёрыг доромжлоод намайг толгой руу гараараа 2-3 удаа цохихоор цагдаа дуудсан...” /хавтас хэргийн 108-109 дэх тал/ гэсэн,

Шүүгдэгч Ж.Л- мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 9 дүгээр сарын 10-нд найз нарын хамт архи ууж байхад ...эхнэр Б- намайг такситай ирж аваад ...гэртээ 23 цагийн үед ирээд буцаад гарах гэхэд эхнэр Б- намайг гаргахгүй гээд уурлаад хоорондоо жоохон маргалдсан. Тэгээд ...ээжийн хамт гэрт ирсэн. Тэгээд гэрт ороод ээж, хадам ээжтэй юм ярьж байхад эхнэр Б- над руу хувцасны шүүгээнд байсан өлгүүртэй хувцас шидээд дахин хэрүүл маргаан үүсгээд би уурандаа 2-3 удаа алгадсан...” /хавтас хэргийн 101-102 дахь тал/ гэсэн мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 8622 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Ч.Б-т баруун чамархай, баруун сарвуун дунд хурууны 2-р үенд шарх, зүүн бугалга, зүүн чихний дэлбэнд цус хуралт, баруун хөх, зүүн суганд зулгарал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо ба ирмэгтэй зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.  Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” /хавтас хэргийн 40-41 дэх тал/ гэсэн дүгнэлт,

 

- Дуудлагын лавлагааны хуудас /хавтас хэргийн 7 дахь тал/,

- Аюулын зэргийн үнэлгээ /хавтас хэргийн 10-11 дэх тал/,

- Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтас хэргийн 45-47 дахь тал/,

- Шүүгдэгч Ж.Л- хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтас хэргийн 77 дахь тал/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хавтас хэргийн 37 дахь тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хавтас хэргийн 36 дахь тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтас хэргийн 71 дэх тал/ зэрэг болно.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

1. Шүүгдэгч Ж.Л- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2021 оны 9 дүгээр сарын 11-ний шөнө 01 цагийн орчим Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, 120 мянгатын 13 дугаар байрын 11 тоотод намайг гэрээс хөөлөө гэх шалтгааны улмаас эхнэр Ч.Б-тэй маргалдаж, түүний биед халдан зодож эрүүл мэндэд нь баруун сарвуун дунд хурууны 2 дугаар үенд шарх, зүүн бугалга, зүүн чихний дэлбээнд цус хуралт, баруун хөх, зүүн суганд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Ч.Б-ийн “....2021 оны 9 дүгээр сарын 10-ны ...орой 20 цагийн үед ирэхэд Л- ирээгүй байсан. ...Орой 22 цагийн үед их согтсон байна, ирээд авчих гэхээр нь нэгдүгээр хороололд байх буудлаас очиж авсан. ...00 цагийн үед гэртээ ирсний дараа Лхагваа би гарч архи уумаар байна, намайг гарга гээд байхаар нь гаргахгүй, 02 цаг болж байна, маргааш ажилтай унтаж амаръя гэхэд би гармаар байна гээд байхаар нь за за чи яв, гарч архиа уу гэхэд ширээ цохиж босож ирээд намайг хөөлөө гээд зүүн шанаа руу алгадсан, ...дахиад чих, чамархай хэсэг рүү гараа атгаж байгаад нэг удаа цохисон би газар манараад унасан...” /хавтас хэргийн 18-20, 106 дахь тал/ гэсэн, гэрч Х.Сарангэрэлийн “...2021 оны 9 дүгээр сарын 10-ны ...шөнө би өрөөндөө зээ хүүтэйгээ унтаж байхад Л-ы дуу чангараад байхаар нь ...өрөөнөөсөө гараад харахад охин Б- газар унасан байсан...” /хавтас хэргийн 108-109 дэх тал/ гэсэн, шүүгдэгч Ж.Л-ы “...2021 оны 9 дүгээр сарын 10-нд найз нарын хамт архи ууж байхад ...эхнэр Б- намайг такситай ирж аваад ...гэртээ 23 цагийн үед ирээд буцаад гарах гэхэд эхнэр Б- намайг гаргахгүй гээд уурлаад хоорондоо жоохон маргалдсан. Тэгээд ...ээжийн хамт гэр рүү ирсэн. Тэгээд гэрт ороод ээж, хадам ээжтэй юм ярьж байхад эхнэр Б- над руу хувцасны шүүгээнд байсан өлгүүртэй хувцас шидээд дахин хэрүүл маргаан үүсээд би уурандаа 2-3 удаа алгадсан...” /хавтас хэргийн 101-102 дахь тал/ гэсэн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 8622 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: Ч.Б-т баруун чамархай, баруун сарвуун дунд хурууны 2-р үенд шарх, зүүн бугалга, зүүн чихний дэлбэнд цус хуралт, баруун хөх, зүүн суганд зулгарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо ба ирмэгтэй зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хавтас хэргийн 40-41 дэх тал/ гэсэн дүгнэлт зэрэгт хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд дээрх нотлох баримтуудыг үгүйсгэсэн, няцаасан баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Хохирогч Ч.Б-ийн эрүүл мэндэд учирсан “...баруун чамархай, баруун сарвуун дунд хурууны 2-р үенд шарх, зүүн бугалга, зүүн чихний дэлбэнд цус хуралт, баруун хөх, зүүн суганд зулгарал...” бүхий хөнгөн гэмтэл нь шүүгдэгч Ж.Л- түүнийг цохисон санаатай идэвхтэй үйлдлийн улмаас үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.

Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.  

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Ж.Л-ы хохирогч Ч.Б-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. 

 

Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ж.Л-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна.

 

Шүүгдэгч Ж.Л- нь хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

2. Шүүгдэгч Ж.Л- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заасны дагуу шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, учруулсан хохирлын хэмжээ, шүүгдэгч өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч маргаагүй зэрэг нөхцөлийг харгалзан прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, уг ялыг 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож шийдвэрлэв.

 

3. Гэмт хэргийн улмаас хохирогч Ч.Б-ийн эрүүл мэндэд баруун чамархай, баруун сарвуун дунд хурууны 2-р үенд шарх, зүүн бугалга, зүүн чихний дэлбэнд цус хуралт, баруун хөх, зүүн суганд зулгарал хөнгөн хохирол учирсан, хохирогч гэмт хэргийн улмаас учирсан гэмтэлтэй холбоотой хохирол төлбөр нэхэмжлээгүй, гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй байна.

 

Эрүүгийн 2110017170029 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Ж.Л- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг, хохирогч Ч.Б- гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Ж- Л-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж-ы Л-ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Ж.Л-д оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Л- нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн 2110017170029 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Ж.Л- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг, хохирогч Ч.Б- гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ж.Л-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Л-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                        Д.АЛТАНЖИГҮҮР