Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/106

 

 

 

 

 

 

 

    2022         02          17                                       2022/ШЦТ/106

 

 

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Ц.Отгонсүрэн, хохирогч Д.Д-, шүүгдэгч А.М-, нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Г овогт А-ын М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2210000000027 дугаартай хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

Монгол Улсын иргэн, 1977 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 45 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, технологич мэргэжилтэй, Зэвсэгт хүчний 189 дүгээр ангид засварын техникч ажилтай, ам бүл 4, нөхөр, хоёр хүүхдийн хамт улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Г овогт А-ын М,  

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч А.М- нь 2021 оны 5 дугаар сарын 28-аас 29-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 453 байранд Д.Д-гийн итгэмжлэн хариуцуулж өгсөн алтан гинжийг завшиж 6,790,000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогч, шүүгдэгч нарын өгсөн мэдүүлэг:

Хохирогч Д.Д-: “...Би Бүгд Найрамдах Солонгос улсад 2015 оноос 2021 оны 5 сар хүртэл ажиллаж байгаад Монгол улсдаа ирсэн, тэгээд 7 хоног тусгаарлалтад байж байгаад гарсан, тэгээд Монгол Улсад ирснийх 10 жилийнхээ найзуудтай хамт хоолонд оръё гээд бид нар уулзсан, Хан-Уул таурын дээр байх хоолны газарт хоолонд орсон, тэндээсээ гараад 19-ийн үйлчилгээний төвийн тэнд караоке орсон, нилээн удаан суусан, тэндээс гараад Замын цагдаагийн тэнд айлд орчихоор болсон, тэгээд би архи уусан байсан учир өөрт байсан алтан гинжээ гээчих байх гээд М-д хадгалуулсан байсан, маргааш нь М-тай холбогдоод гинжээ авья гэхэд маргааш өгье, нөгөөдөр өгье гээд худлаа яриад яваад байсан, худлаа хэлж явсаар байгаад 7 сарын дараа би М-гийн ажил хаана байдгийг мэдээд ажил дээр нь очиж уулзсан, хэцүү байна, цагдаагийн байгууллагад хандлаа шүү гэхэд тэг гээд өөрөө зөвшөөрсөн, тэгээд цагдаагийн байгууллагад өргөдөл гомдол гаргасан байгаа, манай ар гэрийнхэн одоо намайг М-тай явалддаг гэж уурладаг болсон, намайг гинжээ санаатайгаар авахгүй байна гэж гэрийхэнтэйгээ харилцаа бас муудсан. Найз нөхдөдөө ч М-г олоод өгөөч, сураад өгөөч гээд найзууддаа нэр нүүрээ барсан. Солонгос улсад ажиллаж байхдаа өөртөө нэг зүйл худалдаж авъя гээд алтан гинж авсан юм. Солонгос улсад ажиллаж байхдаа М-д 1 сая төгрөг хүртэл өгч л байсан, тэрийгээ одоо болтол өгөөгүй, за тэр асуудал дараагийн байх, энэ алтан гинжийг хурдан аваад өгөөч, цагаан сарын үеэр сайн уу найз аа гээд мэнд мэндэхэд хэн чиний найз юм бэ гэж өөдөөс бичиж байсан, 10 жилийнхэн болон бусад хүмүүсийн дунд би залилчихсан юм шиг л болоод байна. Холбоотой байгаад хэлээд яриад явахгүй таг болчихсон, заавал шүүх, цагдаагийн үүдэнд ингэж байх шаардлагагүй л байна, миний хохирлыг барагдуулаад өгчихвөл өөр хэлэх зүйл алга, хэцүү юм, нуруу өвдөөд явж чадахгүй байна, эмнэлгээс чөлөө авч л ирсэн, их л төвөг болж байна. Би Солонгос улсын виз мэдүүлсэн, виз гарчихсан, энэ асуудлаа дуусгачхаад Солонгос явмаар байна гээд явж чадахгүй байна, визний хугацаа дуусах гээд байна, хохирлоо хурдан барагдуулж авмаар байна...” гэв.

 

Шүүгдэгч А.М-: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар ярьсан учир шүүхэд мэдүүлэг гаргахгүй, хохирогчтой 10 жилийн нэг ангийн хүүхдүүд учир таньдаг, хамт сурдаг байсан, тухайн эд зүйлийг ломбардад тавьсан, хүнд мөнгө өгөх ёстой байсан, тийшээ өгчихсөн, одоогоор аваагүй байгаа, хохирогчийн хохирлыг төлж барагдуулаагүй, ойрын хугацаанд төлнө, 4,600,000 төгрөг, хүү алданги 1,238,000 төгрөг төлөх ёстой, 10 сараас хойш хүү, алданги төлөөгүй ийм болсон. Манай нөхөр сая л ажилд орсон, одоо хашаа байшингаа барьцаанд тавиад авч өгнө гэж бодож байгаа...” гэв.

 

Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

Хохирогчийн Д.Д- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 5 дугаар сарын 28-ны өдөр ...А.М-д өөрийнхөө алтан гинжийг найз нь үнэ цэнтэй авсан гинжээ хаячхаж магадгүй байх гээд өгөөд маргааш холбогдож байгаад авъя гэж хэлсэн. Тэгээд маргааш нь М- руу утсаар яриад гинжээ хэзээ очиж авах уу гэхэд ...маргааш нөгөөдрөөс өгье гэж хэлсэн. Тэгэхээр нь хоёр хоногийн дараа ярихад удахгүй өгнө өө эгчдээ түр өгсөн байгаа, ирэхээр нь авч өгье гээд хойшлуулаад гар утсаа ч авахгүй, хариу өгөхгүй байсан. ...2021 оны 12 дугаар сарын 08-нд очиж уулзахад ...уучлаарай муухай юм боллоо, мөнгөний хэрэг гараад гинжийг чинь ломбардад тавьчихсан байгаа гэж хэлсэн. ...Архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан учраас гинжээ алга болгож магадгүй гээд М-д өгсөн, маргааш нь холбогдож байгаад авъя гэж хэлсэн...” /хавтас хэргийн 10-11 дэх тал/ гэсэн,

 

Шүүгдэгч А.М- мөрдөн шалгах ажиллагааны явцад сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 5 дугаар сарын 28-ны өдөр ...найз Д- болон 6 хүн уулзаад хоол идэж, пиво уугаад орой 22 цагийн үед ...Д- хүзүүндээ зүүсэн гинжээ тайлаад чи түр хадгалж байгаарай, би аягүй бол хаячих байх гээд өгөхөөр нь савхин куртикнийхээ энгэрийн халаасанд хийсэн. ...Надад мөнгөний хэрэг гараад Д-гийн монетон гинжийг 2021 оны 5 дугаар сарын 30-ы өдөр Шар хадны эцэст байдаг ломбардад барьцаанд тавьчихсан...” /хавтас хэргийн 38-39 дэх  тал/ гэсэн мэдүүлгүүд,

 

- Өргөдөл / хавтас хэргийн 4 дэх тал/,

- Тайгын булаг ХХК-ийн барьцаат зээлийн гэрээний хуулбар /хавтас хэргийн 5-7/,

- Хөрөнгийн үнэлгээний тайлан /хавтас хэргийн 16-17 дахь тал/,

- Тайгын булаг ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 22/1-01 дугаартай албан бичиг /хавтас хэргийн 21 дэх тал/,

- Шүүгдэгч А.М-гийн хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтас хэргийн 27 дахь тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хавтас хэргийн 23 дахь тал/ ажлын газрын тодорхойлолт /хавтас хэргийн 26 дахь тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт /хавтас хэргийн 33 дахь тал/ зэрэг болно.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

1. Шүүгдэгч А.М- 2021 оны 5 дугаар сарын 28-аас 29-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 453 байранд хохирогч Д.Д-гийн хадгалж байгаарай, маргааш авъя гээд итгэмжлэн хариуцуулж өгсөн монетон гинжийг хувьдаа завшсаны улмаас хохирогч Д.Д-д 6,790,000 төгрөгийн хохирол буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Д.Д-гийн “...2021 оны 5 дугаар сарын 28-ны өдөр ...А.М-д өөрийнхөө алтан гинжийг найз нь үнэтэй авсан гинжээ хаячхаж магадгүй байх гээд гинжээ тайлж өгөөд маргааш холбогдож байгаад авъя гэж хэлсэн. Тэгээд маргааш нь М- руу утсаар яриад гинжээ хэзээ очиж авах уу гэхэд ...маргааш нөгөөдрөөс өгье гэж хэлсэн. Тэгэхээр нь хоёр хоногийн дараа ярихад удахгүй өгнө, эгчдээ түр өгсөн байгаа, ирэхээр нь авч өгье гээд хойшлуулаад гар утсаа ч авахгүй, хариу өгөхгүй байсан. ...2021 оны 12 дугаар сарын 08-нд очиж уулзахад ...уучлаарай муухай юм боллоо, мөнгөний хэрэг гараад гинжийг чинь ломбардад тавьчихсан байгаа гэж хэлсэн...” /хавтас хэргийн 10-11 дэх тал/ гэсэн, шүүгдэгч А.М-гийн “...2021 оны 5 дугаар сарын 28-ны өдөр ...найз Д- болон 6 хүн уулзаад хоол идэж, пиво уугаад орой 22 цагийн үед ...Д- хүзүүндээ зүүсэн гинжээ тайлаад чи түр хадгалж байгаарай, би аягүй бол хаячих байх гээд өгөхөөр нь савхин куртикнийхээ энгэрийн халаасанд хийсэн. ...Надад мөнгөний хэрэг гараад Д-гийн монетон гинжийг 2021 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Шар хадны эцэст байдаг ломбардад барьцаанд тавьчихсан...” /хавтас хэргийн 38-39 дэх  тал/ гэсэн мэдүүлгүүд, Тайгын булаг ХХК-ийн барьцаат зээлийн гэрээний хуулбар /хавтас хэргийн 5-7/, хөрөнгийн үнэлгээний тайлан /хавтас хэргийн 16-17 дахь тал/, Тайгын булаг ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 22/1-01 дугаартай албан бичиг /хавтас хэргийн 21 дэх тал/ зэрэг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд дээрх нотлох баримтуудыг үгүйсгэсэн, няцаасан баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө гэдэгт өмчлөгч өөрөө эд хөрөнгөө түр хугацаагаар шилжүүлж өгсөн эд хөрөнгийг хэлэх бөгөөд итгэмжлэн өгсөн эд зүйлс, өмч хөрөнгийг өмчлөгчид мэдэгдэлгүйгээр хууль бусаар өөртөө ашиглах нь хөрөнгө завших гэмт хэргийн үндсэн шинж бөгөөд шүүгдэгч А.М- нь хохирогч Д.Д-гийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байгаа учраас хаяж магадгүй, түр хадгалж байгаач гэж итгэж түр шилжүүлсэн байсан монетон гинжийг хохирогчийн зөвшөөрөлгүйгээр барьцаат зээлийн газарт тавьж 4,600,000 төгрөгийн зээл авч өөрийн хэрэгцээнд зарцуулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул дээрх зүйл хэсэгт зааснаар гэм буруутай тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч А.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна.

 

Шүүгдэгч А.М- нь хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

2. Шүүгдэгч А.М- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

Дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, учруулсан хохирлын хэмжээ, хохирол төлөгдөөгүй болон шүүгдэгчийн ажил эрхлэлт зэрэг хувийн байдлыг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэв.

Шүүгдэгч А.М- нь Баянзүрх дүүрэгт амьдардаг, мөн эрхэлж буй ажил нь тус  дүүрэгт харьяалагддаг гэх тул шүүгдэгч А.М-г ажил болон гэрийн хаяг болох Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглож, шүүгдэгч нь эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг тус тус хүлээлгэж, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж мэдэгдэв.

 

3. Гэмт хэргийн улмаас хохирогч Д.Д-гийн эд хөрөнгөд 6,790,000 төгрөгийн хохирол учирсан /хавтас хэргийн 16-17 дахь тал/ бөгөөд дээрх хохирол төлөгдөөгүй байх тул гэм буруутай этгээдээс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй байна.

 

Эрүүгийн 2210000000027 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч А.М- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Г овогт А-ын М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А-ын М-г 01 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.М-г түүний албан ёсны гэрийн болон ажлын хаяг болох Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.М- нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдэнд анхааруулж мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.М-с 6,970,000 /зургаан сая, есөн зуун далан мянга/ төгрөг гаргуулж, хохирогч Д.Д-д олгосугай.

 

6. Эрүүгийн 2210000000027 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч А.М- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.  

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч А.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                        Д.АЛТАНЖИГҮҮР