Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 17 өдөр

Дугаар Дугаар 102/ШШ2017/01445

 

 

 

 

 

 

 

2017 оны 5 сарын 17 өдөр

Дугаар 102/ШШ2017/01445

 

                 Улаанбаатар хот

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг би,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөө гудамж, 113 дугаар байр, 8 тоот хаягт оршин суух, Харуул овогт Гомбодоржийн Зоригтбаатар /РД:НЕ67020271/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Энхтайвны өргөн чөлөө гудамж, 738 дугаар байр, 11 тоот хаягт оршин суух, Лувсанжав овогт Навганы Намдан /РД:УС55041921/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 1.600.000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Навганы Намдантай 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Зээлийн гэрээ байгуулан 1.000.000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай зээлдүүлсэн. Н.Намдан нь зээлийн гэрээгээр 1.000.000 төгрөгийг бэлнээр авсан боловч гэрээний үүргээ биелүүлээгүй тул 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн Зээлийн гэрээний үүрэг 1.000.000 төгрөг, гэрээний хүү 100.000 төгрөг, алданги 500.000 төгрөг, нийт 1.600.000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Зохигчид шүүх хуралдаанд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үнийн дүнгээс урьд төлсөн 600.000 төгрөгийг хасч, үлдэх 1.000.000 төгрөгийн 200.000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч нь 800.000 төгрөгийг 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн дотор төлөхөөр эвлэрлийн гэрээ байгуулж байна гэжээ.

 

Нэхэмжлэл, хариу тайлбар, эвлэрлийн гэрээг шинжлэн судлаад,

 

                                                                             ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Г.Зоригтбаатар нь хариуцагч Н.Намданд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1.600.000 төгрөг гаргуулахыг шаардаж нэхэмжлэл гаргажээ.

            Хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаас өмнө нэхэмжлэгч нэхэмжлэлийн үнийн дүнгээс хариуцагчийн урьд төлсөн 600.000 төгрөг болон 200.000 төгрөгийг хасч, 800.000 төгрөгийг 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн дотор хариуцагч төлөхөөр харилцан тохирч эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

Зохигчдын энэхүү эвлэрэл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

            Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 106 дугаар зүйлийн 106.6 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40.550 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 23.750 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон,

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Г.Зоригтбаатарын нэхэмжлэлтэй Н.Намданд холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1.600.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагчийн урьд төлсөн 600.000 төгрөгийг хасч, 200.000 төгрөгөөр багасгаж, хариуцагч нь үлдэх 800.000 төгрөгийг 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн дотор төлөхөөр харилцан тохирч эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 106 дугаар зүйлийн 106.6 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40.550 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Н.Намдангаас  улсын тэмдэгтийн хураамжид 23.750 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

           3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

                         ШҮҮГЧ                                              Ч.МӨНХЦЭЦЭГ