Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 429

 

 

 

 

2019 оны 07 сарын 08 өдөр           Дугаар 128/ШШ2019/0429          Улаанбаатар хот

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чанцалням даргалж тус шүүхийн 2 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Гомдол гаргагч: “А ҮЦХ” ХХК

Хариуцагч: СЦХ ХШ Ж.Ц,

Гомдлын шаардлага: “СЦХ ХШ Ж.Цын гаргасан 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 005550- дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий зөрчил шалган шийдвэрлэх захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.А, С.Х, хариуцагч Ж.Ц, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, нарийн бичгийн дарга Ц.А нарыг оролцуулав.

      ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гомдол гаргагч “А” ҮЦХ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Х 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...СЦХ ХШ Ж.Ц 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр манай компанид үнэт цаасны ханшийг зохиомлоор өсгөсөн гэх үндэслэлээр торгууль ногдуулсан. Тус торгуулыг үндэслэлтэй ногдуулсан эсэхэд бид гомдолтой байна. Учир нь Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.2 дахь хэсэгт “Үнэт цаасны зах зээлд оролцогч, харилцагчийг төөрөгдүүлэх зорилгоор тодорхой үнэт цаасны өмчлөгч нь өөрчлөгдөөгүй боловч арилжаа идэвхтэй явагдаж байгаа дүр үзүүлэн хэлцэл хийх болон үгсэн хуйвалдах замаар тодорхой үнэт цаасыг худалдах, худалдан авах үнийг ойролцоо түвшинд захиалах, хэлцэл хийхийг хуурамч арилжаа хийсэн гэж үзнэ” гэсэн байдаг.

СЦХ ХШ Ж.Ц 2017 оны 12 дугаар сарын 15-аас 20-ны өдрүүдэд үнэт цаасны ханшид зохиомлоор нөлөөлсөн үйлдлийг тогтоох ёстой байсан. Үйлдлийг тогтоохдоо тухайн үнэт цаасны бодит үнэ ханшийг тогтоосны дараа зохиомлоор өсгөсөн гэх үндэслэлээ тогтоох байсан. Гэтэл зөрчлийн хэргийг үүсгэсэн цагаасаа эхлэн үнэт цаасны бодит үнэ ханшийг тогтоох үйл ажиллагаа явуулаагүй. Аливаа үнэ ханшийг тогтоохдоо заавал үнэлгээний компани буюу хараат бус гуравдагч этгээдээр тогтоолгох ёстой байсан. Зөрчлийн хэрэг үүссэнээс хойш үнэлгээний компани томилоод үнэт цаасны ханшийг тогтоох боломж байсан боловч дээрх үйл ажиллагааг явуулаагүй. Мөн урьд үгсэн тохиролцсон гэх худалдахаар захиалга өгсөн компани болон худалдаж авсан компаниудын уялдаа холбоог тогтоогоогүй. Тухайлбал 12 дугаар сарын 15-наас 21-ний өдрүүдэд “А ХХК” ХХК нь 15-ны өдөр 53 ширхэг, 18-ны өдөр 220 ширхэг, 19-ний өдөр 43 ширхэг, 20-ны өдөр 100 ширхэг гэх мэтчилэн дандаа зарах захиалга өгсөн. Худалдагч, худалдан авагч 2 хоорондоо үнэлгээгээ тохиролцсон эсэхийг тогтоогоогүй. Зөвхөн худалдаж авах захиалга өгсөн тухай дурдсан байгаа боловч үнийн талаар тохирсон эсэхийг шалгаж тогтоосон зүйл байхгүй. Хэдийгээр тэр хүмүүсээс мэдүүлэг авсан ч гэсэн тухайн хүмүүс нь энэ үнэт цаас зах зээлийн бодит үнэ ханшнаасаа доогуур байсан учир худалдаж авах захиалга өгсөн гэж хэлэх нь ойлгомжтой байсан.

Хөрөнгийн биржийн үнэт цаасны газрын н.Б, н.Т нарыг гэрчээр дуудсан байсан. Дээрх хүмүүс гэрчээр асуугдахдаа тухайн үнэт цаас нь 500-1000 төгрөг болох нь ойлгомжтой байсан гэж мэдүүлэг өгсөн байсан. Ингэж мэдүүлэг өгсөн байхад яагаад 1000 төгрөг болтол өсөх байсан талаар асууж болох байсан. Хэрэв энэ талаар тодруулж асуусан бол Хөрөнгийн бирж болон үнэт цаасны газар үнэт цаастай холбоотойгоор зохиомлоор үүссэн ханш болон бодит ханшийг тогтоох хангалттай мэдээлэл өгөх байсан гэж үзэж байна.

2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр зөрчлийн хэргээр торгууль ногдуулсан. Хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирлын тушаалаар баталсан 2012 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн журам байдаг. Зөрчил ногдуулсан өдөр нь дээрх журам Хууль зүйн яаманд бүртгэгдсэн байсан эсэх нь тодорхойгүй байгаа. Хөрөнгийн биржийн программ дээр 15 хувиас дээш өссөн байвал улаан гэрэл асдаг. Үүний дагуу Хөрөнгийн бирж үүргээ биелүүлээд Санхүүгийн зохицуулах хороонд мэдээлэл өгсөн. Санхүүгийн зохицуулах хороо хувьцааны үнэ зохиомлоор өссөн байна уу эсвэл зах зээлийнхээ дагуу өссөн байна уу гэдгийг тогтоох ёстой байсан. Гэтэл Санхүүгийн зохицуулах хорооны хянан шалгагч нь зөрчлийн хэрэг үүсгэсэн цагаасаа эхлэн зөвхөн үнэ өссөн үйлдлийг баталгаажуулсан...” гэв.

Хоёр. Гомдол гаргагч “А ХХК” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.А 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Санхүүгийн зохицуулах хорооны чиг үүргийг Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Санхүүгийн зохицуулах хороо нь санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах, санхүүгийн үйлчилгээг зохицуулах, холбогдох хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих, хөрөнгө оруулагч, үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалах чиг үүрэг бүхий төрийн байгууллага мөн” гэж заасан байдаг. 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн зөрчлийн хэрэг нээх тухай тогтоол дээр “А ХХК” ХХК нь үнэт цаасны үнэ ханшийг зохиомлоор өсгөж байгаа нь үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.3 дахь заалтыг зөрчсөн байж болзошгүй гэх зөрчлийн талаарх ажиллагааг шалгаад олсон нь гэсэн байсан. Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.3 дахь хэсэгт “Тодорхой үнэт цаасыг бусад этгээд худалдан авах, худалдан авахгүй байх, захиалах, захиалахгүй байх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор ханшийг өсгөх, бууруулах, тодорхой түвшинд барихад чиглэсэн хоёр ба түүнээс дээш хэлцэл хийсэн бол үнэт цаасны үнэ ханшийг зохиомлоор тогтоосон гэж үзнэ.” гэж заасан байдаг.

2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 20-ны өдрүүдийн арилжаагаа “А ХХК” ХХК нэг ч удаа худалдах, худалдан авах захиалга өгөөгүй байхад тогтоол дээрээ худалдан авах гэж бичсэн байсан. Үүнийгээ баримтаар нотлогдсон гэж илт худал тогтоол гаргаад, түүнийхээ дагуу торгууль ногдуулсан учир тус тогтоолыг хүчингүй болгож өгнө үү...” гэв.

Гурав. Хариуцагч СЦХ ХШ Ж.Ц 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Монголын хөрөнгийн биржээс 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасан чиг үүргийн дагуу анх манайд мэдээлсэн. 12 дугаар сарын 15-ны өдрөөс 20-ны өдрүүдийн арилжааны бүх дэлгэрэнгүй судалгааг мэдэгдсэн. 15-ны өдөр 53 ширхэг хувьцаа худалдах захиалга өгөөд тус хувьцаагаа 50 ширхэг, 3 ширхгээр нь салгаад, 18-ны өдөр 220 ширхэг хувьцааг 110 ширхэг, 110 ширхгээр нь хуваагаад, 19-ний өдөр 43 ширхэг, 20-ны өдөр 100 ширхэг гэсэн байсан. Манайхаас нэрлэсэн үнийг 1000 төгрөг гэж тогтоосон. Хөрөнгийн бирж сүүлийн хаалтын ханш болох 500 төгрөгөөр 2 дахь зах зээл дээр эхлэх үнийг тогтоосон. Нэрлэсэн үнэ болон зах зээлийн ханш нь 2 өөр ойлголт. Эрэлт нийлүүлэлт байгаагүй учир “А ХХК” ХХК өөрийн мэдлийн хувьцааг 1000 төгрөгт хүргэх зорилгоор худалдах захиалга өгсөн болох нь мэдүүлэг дээр байгаа. Санхүүгийн зохицуулах хорооноос 2015 онд баталсан Зах зээлийн урвуулан ашиглахаас сэргийлэх журмын 2 дугаар зүйлийн 2.1.7 дахь заалтын дагуу торгуулийн шийтгэл ногдуулсан...” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Гомдол гаргагч гомдлын шаардлагаа “СЦХ ХШ Ж.Ц-ийн гаргасан 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн “ Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 005550- дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” гэж тодорхойлжээ.

Гомдол гаргагч “...2017 оны 12 дугаар сарын 15-наас 20-ны өдрүүдэд үнэт цаасны ханшид зохиомлоор нөлөөлсөн үйлдлийг тогтоосны дараа зохиомлоор өсгөсөн гэх үндэслэлийг тогтоох байсан. Гэтэл зөрчлийн хэргийг үүсгэсэн цагаасаа эхлэн үнэт цаасны бодит үнэ ханшийг тогтоох үйл ажиллагаа явуулаагүй. Үнэ ханшийг тогтоохдоо заавал үнэлгээний компани буюу хараат бус гуравдагч этгээдийг томилоод үнэт цаасны ханшийг тогтоох боломж байсан боловч дээрх үйл ажиллагааг явуулаагүй...” гэж, хариуцагч тал “...Эрэлт нийлүүлэлт байгаагүй учир “А ХХК” ХХК өөрийн мэдлийн хувьцааг 1000 төгрөгт хүргэх зорилгоор худалдах захиалга өгсөн нь тогтоогдсон. Санхүүгийн зохицуулах хорооноос 2015 онд баталсан Зах зээлийн урвуулан ашиглахаас сэргийлэх журмын 2 дугаар зүйлийн 2.1.7 дахь заалтын дагуу торгуулийн шийтгэл ногдуулсан...” гэж маргаж байгаа болно.

Шүүх болсон үйл баримтыг хэргийн оролцогчдын маргаж байгаа хүрээнд, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар  хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийг судалж, гомдлын шаардлагыг дараахь байдлаар дүгнэн шийдвэрлэв.

 СЦХ ХШ Ж.Ц нь  “Ж” ХК-ийн  андеррайтер компани болох “А ҮЦК” ХХК нь үнэт цаасны үнэ ханшийг зохиомлоор тогтоосон гэх үйлдэлд 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 180100000- дугаартай зөрчлийн хэрэг нээн шалгаж, “А ҮЦК” ХХК-ийг Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн  80.3-д зааснаар үнэ ханшийг зохиомлоор тогтоосон буюу Зөрчлийн тухай хуулийн 11.30 дугаар зүйлийн 7.4-д заасан үнэт цаасны зах зээлийг урвуулан  ашигласан зөрчилд 005550- дугаартай шийтгэлийн хуудсаар торгууль  ногдуулжээ.

Ингэхдээ “А ҮЦК” ХХК-ийг 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрүүдэд “Ж” ХК-ийн 53 ширхэг хувьцааг, 3 ширхэгийг, дараа нь 50 ширхэгийг, 220 ширхэг хувьцааг 2 хувааж 110,110 ширхэгийг, 3000, 5000 ширхэг хувьцааг тус бүр өмнөх өдрийн ханшнаас 15 хувиар өсгөж худалдах захиалга өгч хэлцэл хийж, цөөн тоо ширхэгээр олон давтамжтай арилжаа хийсэн нь Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.3-д “Тодорхой үнэт цаасыг бусад этгээд худалдан авах, худалдан авахгүй байх, захиалах, захиалахгүй байх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор ханшийг өсгөх, бууруулах, тодорхой түвшинд барихад чиглэсэн хоёр ба түүнээс дээш хэлцэл хийсэн бол үнэт цаасны үнэ ханшийг зохиомлоор тогтоосон гэж үзнэ” гэж заасныг, Санхүүгийн зохицуулах хорооны 2015 оны 155 дугаар тогтоолоор баталсан “Үнэт цаасны зах зээлийг урвуулан ашиглахаас сэргийлэх журам”-д заасан үнэт цаасны хаалтын ханшид зохиомлоор нөлөөлөх зорилгоор 2 ба түүнээс дээш удаа цөөн тоо ширхэгээр үнэт цаасыг худалдах хэлцэл хийж, үнэт цаасны үнийг  өсгөн өндөр үнээр худалдах аргаар зах зээлийг урвуулан ашигласан гэж үзжээ.

Зөрчлийн хэрэгт авагдсан материал, гомдол гаргагчийн тайлбар, хариуцагчийн мэдүүлэг зэргээр дээрх нөхцөл байдал тогтоогдсон хэдий ч гомдол гаргагч талаас гаргасан “...үнэт цаасны бодит үнэ ханшийг тогтоох үйл ажиллагаа явуулаагүй” гэх тайлбарыг хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ.

Мөн хариуцагч зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл үйлдэхдээ “Ж” ХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Аг, “АМ” ХХК-ийн  гүйцэтгэх захирал Ч.Хг, “АСН” ХК-ийн  захирал С.Хг, “А” ҮЦК ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Зг, ахлах брокер Д.Эг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлд заасан оролцогчоор татан оролцуулж эрх үүргийг нь тайлбарлаж, мэдүүлэг авсан атлаа эдгээр оролцогчийг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй байна.

Өөрөөр хэлбэл  Зөрчил шалган шийдвэрлэх хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “зөрчил үйлдсэн гэж буруутгагдаж байгаа хүн, хуулийн этгээдийг холбогдогч” гэж заасан бөгөөд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд тодорхой эрх үүрэгтэйгээр оролцохоор заажээ. Гэтэл дээрх иргэн, хуулийн этгээдүүдийг ямар үндэслэлээр зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцогчоор татан оролцуулсан, зөрчил үйлдсэн эсэхийг тогтоож шалгасан эсэх талаарх баримт зөрчлийн хэргийн материалд байхгүй, энэ талаар шүүхээс нөхөн шалгаж тогтоох боломжгүй шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байх тул энэ нөхцөл байдлыг цаашид эрх бүхий албан тушаалтан өөрөө тодруулах шаардлагатай гэж үзлээ.

Иймд дээрх үндэслэлүүдээр СЦХ ХШ Ж.Ц-н гаргасан 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 005550- дугаар шийтгэлийн хуудсыг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл түдгэлзүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.11 дэх хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 1. Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4-д заасныг баримтлан “А ҮЦК” ХХК-ийн гомдлоор СЦХ ХШЖ.Цд холбогдуулан СЦХ ХШ Ж.Цын гаргасан 2018 оны 3 дугаар  сарын  05-ны өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 005550- дугаар шийтгэлийн хуудсыг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2. Захиргааны  хэрэг шүүхэд   хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 107  дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол уг маргаан бүхий актыг хүчингүй болгох талаар дурдсугай.

3. Захиргааны   хэрэг   шүүхэд   хянан  шийдвэрлэх тухай  хуулийн 47 дугаар

зүйлийн  47.1  дэх  хэсэгт  заасны   дагуу   гомдол   гаргагчаас   улсын   тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                         Д.ЧАНЦАЛНЯМ