Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 23

 

 

Өгөөмөр  нутаг ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

            Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Нямбаяр даргалж, Ерөнхий шүүгч Н.Туяа, Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй хийж, Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 455 дугаар шийдвэртэй, Өгөөмөр нутаг ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Увс аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газарт холбогдох иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэнгийн  илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Соёл-Эрдэнэ /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Тамираа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэл 15.400.000 төгрөг гаргуулах  тухай.

Нэхэмжлэлийн агуулга: “Өгөөмөр нутаг ХХК нь 2016 оны 05 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан гэрээний дагуу Увс аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт чанарын шаардлага хангасан “ГАЛА” сортын 30 тонн үрийн төмсийг 1 кг-ийг нь 600 төгрөгөөр тооцож нийлүүлсэн. Увс аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар нь үрийн төмсийг хүлээж аваад төмсний үнийг нийлүүлэгч компанийн дансаар эсвэл бэлнээр өгнө гэж тохиролцсон ба 2.600.000 төгрөгийг өгч, үлдэгдэл 15.400.000 төгрөгийг одоо хүртэл өгөөгүй байх тул хариуцагчаас гаргуулж өгнө  үү.” гэжээ.

Хариуцагчийн тайлбарын агуулга: “Өгөөмөр нутаг ХХК-ийн гэрээ нь Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5-д заасны дагуу төсвийн шууд захирагчийн төсвийн талаар хэрэгжүүлэх бүрэн эрх болон Төсвийн тухай хуулийг зөрчсөн төдийгүй амралтын өдөр нөхөж байгуулан дүр үзүүлж хийсэн байх тул Иргэний тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтын дагуу хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Тус газрын газар тариалангийн үйлдвэрлэлийн технологи хариуцсан мэргэжилтнүүд нь орон нутгийн захиалгыг үндэслэхгүй дураараа тохиролцон их хэмжээний үрийн төмс авчирч, тус аймгийн Улаангом сумын Засаг даргатай гэрээ байгуулан хүнсний ногоо тариалагчдад зээлээр олгосон жагсаалт байгаа. Эдгээр үрийн төмсийг авсан тариаланчдаас төлбөрийг гаргуулан Өгөөмөр нутаг ХХК-д уг үрийн төмсний үнийг олгох үндэслэлтэй. Иймд Өгөөмөр нутаг ХХК-ийн нэхэмжлэлийг төлөх боломжгүй тул төмсний үрийг тараан олгосон иргэд, аж ахуйн нэгжээс гаргуулан уг төлбөрийг барагдуулахаар шийдвэр гаргаж өгнө үү.” гэжээ.

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 455 дугаар шийдвэрээр: “1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Увс аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас үрийн төмсний үнийн үлдэгдэл 15.400.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Өгөөмөр нутаг ХХК-д олгосугай. 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 234.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Увс аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас 234.950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Өгөөмөр нутаг ХХК-д олгосугай.” гэж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга: “Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ талуудын хооронд байгуулагдсан "Худалдах худалдан авах” гэрээ нь Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5-д заасан төсвийн шууд захирагчийн төсвийн талаар хэрэгжүүлэх эрхийг зөрчиж хийгдсэн байхад түүнийг анхаараагүй. Мөн тус "Худалдах худалдан авах” гэрээ нь 2016 оны 05 дугаар сарын 01-ний өдөр буюу ням гарагт хийгдсэн гэрээ байхад уг нөхцөл байдлуудыг анхан шатны шүүх харгалзан үзээгүй байна. Төрийн байгууллагууд амарч байхад дээрх гэрээ яагаад, ямар шалтгааны улмаас амралтын өдөр байгуулагдах болсныг тодруулах ёстой байсан. Түүнчлэн нэхэмжлэгч "Өгөөмөр нутаг" ХХК-тай гэрээ байгуулсан Увс аймгийн Хүнс, хөдөө  аж ахуйн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч гэх Ц.Мээлэйбаатар нь гэрээ байгуулагдах үед буюу 2016 оны 05 дугаар сарын 01-ний өдөр тус байгууллагын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн ажилд томилогдоогүй байсан бөгөөд 2016 оны 05 дугаар сарын 14-ний өдөр тус албан тушаалд томилогдсон. Иймд нэхэмжлэгч талтай "Худалдах худалдан авах" гэрээг байгуулсан этгээд нь тухайн байгууллагыг төлөөлөх, манай байгууллагын нэрийн өмнөөс бусадтай гэрээ байгуулах эрхгүй этгээд байсан. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь заалтыг зөрчиж хийсэн хэлцэл тул хийсэн үеэсээ хүчин төгөлдөр бус байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийп нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд зохигчдын хооронд үүссэн эрхзүйн маргааныг хянан шийдвэрлэхдээ Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, маргааны үйл баримтанд үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулсан байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Зохигчдын хооронд 2016 оны 05 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээний 1.1-д зааснаар “чанарын өндөр үзүүлэлт бүхий “ГАЛА” сортын үрийн төмсийг нийлүүлэх, 3.2-д тоо хэмжээ, үнийг тодорхой засваргүйгээр бичсэн падааныг дагалдуулан өгнө.” гэж тохиролцож, 30 тонн үрийн төмсийг Дархан–Уул аймгаас Увс аймаг руу тээвэрлэжээ.

Тус гэрээний  4.1-д “үрийн төмсний үнийг бэлтгэн нийлүүлэгчийн дансанд шилжүүлэх буюу бэлнээр олгоно.” гэж заасны дагуу  худалдан авагч Увс аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 2.000.000 төгрөг, 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 600.000 төгрөг, нийт 2.600.000 төгрөгийг нэхэмжлэгч “Өгөөмөр нутаг” ХХК-ийн дансанд шилжүүлсэн үйл  баримт нь зохигчдын тайлбар, худалдах, худалдан авах гэрээ, 154 дугаар бүхий зарлагын баримт /хавтаст хэргийн  2, 3, 5 дугаар хуудас/ зэрэг  хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож, зохигчид энэ талаар маргаагүй болно.

“Өгөөмөр нутаг”  ХХК-аас “ГАЛА” сортын чанарын шаардлага хангасан 30 тонн үрийн төмсийг Увс аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар худалдан авах тухай гэрээ Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар бодитойгоор байгуулагдсан байх бөгөөд тус худалдах, худалдан авах гэрээний төслийг  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Увс аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч байхдаа баталгаажуулжээ.

Хариуцагч нь давж заалдах гомдол болон шүүхэд гаргасан хариу тайлбартаа “Зохигчдын хооронд байгуулсагдсан худалдах худалдан  авах гэрээ нь Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5-д заасныг зөрчсөн, мөн гэрээ байгуулах эрхгүй этгээд гэрээ байгуулсан тул хэлцэл хийсэн үеэсээ хүчин төгөлдөр бус болно.” гэж маргаж байгаа боловч тус шаардлагын үндэслэлээ нотолж чадаагүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн  үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзах, үндэслэл тайлбар түүнтэй  холбоотой  баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд хариуцагч шүүхэд гаргасан тайлбар, давж заалдах  гомдолд дурдсан  “төлөөлөх эрхгүй этгээд гэрээ байгуулсан” гэх татгалзлаа баримтаар нотлоогүй байна. Мөн амралтын  өдөр худалдах худалдан  авах гэрээ байгуулсан нь тус гэрээний хүчин  төгөлдөр байдалд нөлөөлөхгүй юм 

Иймд хариуцагчийн давж заалдах  гомдлыг хангахгүй орхиж, анхан  шатны шүүхийн  шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж  заалдах шаны шүүх дүгнэв.

Хариуцагч Увс аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар төсвийн байгуулага учир Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар давж заалдах гомдол гаргахдаа төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.-д заасныг удирдлага болгож, ТОГТООХ нь:

 

1. Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 455 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн  төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч Увс аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар төсвийн байгуулага тул давж заалдах гомдол гаргахдаа төлөх тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар  давж заалдах шатны “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” үндэслэлүүдээр зохигч,гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.НЯМБАЯР

                                   

ШҮҮГЧИД                                                                   Н.ТУЯА

 

Д.ЖАМБАЛСҮРЭН