Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 221/МА2016/0309

 

2016 оны 5 сарын 18 өдөр

Дугаар 221/МА2016/0309

Улаанбаатар хот

 

Б.Э-н нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч Н.Хонинхүү, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Ц.Дэлгэрмөрөн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ө нарыг оролцуулан хийж, Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 07 дугаар шийдвэртэй, иргэн Б.Э-н нэхэмжлэлтэй, Завхан аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор, шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Улиастай сумын Богдын гол баг, Баруун бүсийн худалдааны төвийн баруун талд байршилтай 600м2 газрыг дуудлага худалдаагаар 2007 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 147 дугаар захирамжаар үйлдвэрлэл үйлчилгээний зориулалтаар иргэн Г.П-с худалдан авч газар эзэмших эрхийг шилжүүлэн гэрээ хийж хуулийн дагуу өөрийн эзэмшилд үйлдвэр үйлчилгээний зориулалтаар эзэмшиж байна. Манайх тухайн газарт үйл ажиллагаа явуулаад 4 жил болж байгаа ба анх ашиглалтад оруулахдаа дулаан хангамжийн техникийн нөхцөлийн дагуу инженерийн шугам сүлжээнд холбуулсан. Гэтэл хил залгаа орших газрыг Засаг дарга Ж.Ж 2014 оны 09-р сарын 01-ний өдрийн А/313 дугаар захирамжаар иргэн Л.О-д 467м2 газрыг эзэмшүүлсэн бөгөөд энэ захирамж нь Захиргааны хэргийн анхан шатны 10 дугаар шүүхийн 2015 оны 02-р сарын 05-ны өдрийн 03 дугаар шийдвэрээр хүчингүй болгосон байхад Засаг дарга Ж.Ж нь 2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн А/79 дугаар захирамжаар дахин эзэмшүүлжээ. Тухайн газар нь манай татсан дулааны шугаман дээр давхцуулж газар олгосон ба байшингийн цонхны гэрэл хаагдаж байшин хоорондын зай, галын аюулгүй байдал, орох гарах, ачаа буулгах, үйлдвэр үйлчилгээ явуулах боломжгүй боллоо. Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн А/79 дүгээр захирамжаар олгосон газар нь гуравдагч хүндээ зарагдсан байх тул уг захирамжаа хянаж үзээд хүчингүй болгож өгөөч гэсэн хүсэлтийг 2015 оны 05 дугаар сарын 25-нд өгсөн байхад өнөөдрийг хүртэл бидэнд хариу өгсөнгүй. Захиргааны хэргийн анхан шатны 10 дугаар шүүхийн 2015 оны 02-р сарын 05-ны өдрийн 03 дугаар шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх нь зүйтэй гэсэн шүүгчийн захирамжийг үл хүндэтгэн шүүхийн албадан гүйцэтгэх үйл ажиллагаа бүрэн явагдаж дуусаагүй байхад дахин давтан захирамж гарган иргэн биднийг хохироож байна. Иймд аймгийн Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 8-ны өдрийн А/79 дугаар захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай нөхөр болон манай гэр бүл Баруун бүсийн худалдааны төвийн хажууд байрлах 600 метр квадрат газрыг иргэн Н.П гэдэг хүнээс 2010 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хуулийн дагуу өөрийн эзэмшилд авсан. Иргэн Н.П дуудлага худалдаанд орсон газрыг 2007 оны 07 дугаар сарын 03-ны 147 дугаар захирамжаар худалдан авсан байсан. Манайх тухайн газар үйл ажиллагаа эрхлээд таван жил болж байна. Гэтэл манай газартай хил залгаа орших газрыг Л.О-д эзэмшүүлснээр манайх агуулахаасаа ачаа буулгах, ачаа ачуулах ямар ч боломжгүй болгосон. Манай нөхөр Л.О-той уулзаад хэл амгүй ярилцъя гэхэд энэ газар манай газраа гэж хэлсэн. Үүний дагуу бид аймгийн хуулийн хэлтэс дээр очиж энэ газрын зөвшөөрөл гарсан юм уу? гээд үзэхэд засаг дарга Ж.Ж 2013 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн А/313 тоот захирамж гарган Л.О-д 467 метр квадрат газар эзэмшүүлснээр уг маргаан эхэлсэн. Ингээд би захиргааны хэргийн 10 дугаар шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу 2015 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн шийдвэрээр уг захирамжийг хүчингүй болгосон бөгөөд аймгийн Засаг дарга Ж.Ж шүүхийн шийдвэр албадан гүйцэтгүүлэх хугацаа бүрэн дуусаагүй байхад 2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн А/79 дүгээр захирамжаар дахин иргэн Л.О-д эзэмшүүлсэн. Ингэж эзэмшүүлэхдээ 467 метр квадрат газраа багасган 404 метр квадрат болгон эзэмшүүлсэн. Барилга хоорондын зайгаа барьж барилгаасаа 5 метрийн зайтай хайс хатгасан. Гэтэл Л.О хатгасан хайсаа ав, агуулах савны хаалгаа эсрэг зүг харуул, барилгаа тулгаж барина, инженерийн шугам сүлжээгээ ав гэсэн шаардлага тавьсан учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан. Одоо бидэнд агуулах руу орж ачаа буулгах, ачаа ачих ямар ч боломжгүй, эрүүл аюулгүй тайван амьдрах боломжгүй, барилга хоорондын зай алдагдсан байна. Хэрвээ энэ газар барилга баригдвал бид нар нарны тусгал үзэхгүй, байшин руу орох гарах хөдөлгөөн хаагдана, барилга хоорондын зай алдагдаж, галын аюулгүй байдал алдагдана. Инженерийн шугам сүлжээтэй газар гэж дуудлага худалдаагаар оруулж, өндөр үнээр газар эзэмших эрх олгодог. Шүүх хуралдаанд оролцохдоо инженерийн шугам сүлжээгүй газар гэж хэлж тайлбарлаад байгаа учрыг тайлбарлуулмаар байна. Мөн үйлчилгээний журмаар эрх авахаар урд талд хаалга үүд хааж айлд газар өгчхөөд таны эрхийг зөрчөөгүй гэж хэлээд байна. Та нар ч гэсэн зах зээл хаашаа байна тэр газар луу хаалга үүдээ нээж барина шүү дээ. Манайх одоо ачаагаа буулгахдаа хойгуураа тойруулж Хөрсийн талаар ачуулж байгаа. Энэ мэт үйлдлүүд миний эрхийг зөрчөөгүй гэсэн үг юм уу. Тиймээс иргэн Л.О-д эзэмшүүлсэн аймгийн Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн А\79 дүгээр захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Завхан аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Засаг даргын захирамж гарсны дараа Л.О гуайг хэлээд байхад нэхэмжлэгч агуулахын хаалгыг зүүн тийш харуулж барьсан байсан. Инженерийн шугам сүлжээгүй газар өөрсдийн дураар шугам татаж, бусдын газар бохирын цооногоо байршуулсан. Барилга хоорондын зай зөрчсөн, эрүүл аюулгүй амьдрах нөхцөл алдагдсан гэсэн асуудал ерөөсөө байхгүй. Барилга хоорондын зай зөрчөөгүй, эрүүл аюулгүй амьдрах боломжтой. Анх энэ газрыг эзэмшүүлэхдээ бохирын шугам сүлжээгээ салбар шугам сүлжээнээс татаарай, бохироо айлын газар байрлуулаарай гэж өгөөгүй байх. Б.Э нь ном журмын дагуу төв инженерийн шугамтай бохироо холбох ёстой байсан. Нөхөн сэргээлт 2013 оны 03 дугаар сарын 28-ний өдөр хийгдсэн байна. Та хаалга үүдээ буруу барьсан үйлдлээс болоод энэ маргаан үүсэж байна. Таныг хаалга үүдээ зөв бариарай гэж Л.О гуай хэлээд байхад албаар буруу харуулж барьчхаад маргаан гаргаад байна. Инженерийн төв шугам бол хар замын хоёр талаар дагаж явдаг гэж мэргэжлийн хүмүүс хэлдэг юм. Тэр газрыг инженерийн шугам сүлжээнд холбогдох боломжтой газар л гэж дуудлага худалдаанд оруулсан. Нэхэмжлэгч ганцхан хойшоо сунгасан гэж тайлбарлаж байна. Дэлгүүрийнхээ ард нэлээн том суурь цутгасан байгаа. Хашаан дотор нь зөндөө зай байхад тэр гарааш болон контейнерыг хаана л бол хаана байрлуулах боломжтой. Аймгийн Засаг даргын А/79 дүгээр захирамж хууль зөрчөөгүй учир нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Барилга хоорондын зай зөрчөөгүй байсан болохоор аймгийн Засаг даргын захирамж гарсан байх. Би өөрийн газрын эдний байгаа хэсэгт барилга бариагүй, боломж гарвал бариад боломж гарахгүй бол барихгүй. Эднийх инженерийн шугам сүлжээгээ зохих газраас зөвшөөрөл авч бариагүй байх. Эдний нөхөр дүү нартайгаа нийлээд шугам татаж байсан. Намайг хэл амаар доромжилдог. Би эрхийг нь зөрчөөгүй. Тусгай багажаар газрыг нь хэмжиж үзсэн. Тэр багаж бол маш сайн багаж байсан. Манайх урагшаа сунгаагүй хойшоо сунгасан гэж хэлээд байхаар нь танай кадастрын зургийг харъя гэхэд манайд зураг байхгүй гэж хэлдэг. Гол нь кадастрын зураггүй гэхээр би их гайхаж байна. Инженерийн шугам сүлжээнд холбуулахдаа эхлээд багийн Засаг даргаас зөвшөөрөл авдаг гэсэн. Өөр бас зөндөө зүйл хөөцөлдөж байж холбуулдаг байх. Эднийх хувийн газраар шугам сүлжээгээ холбуулсан. Би 4 метр өргөн коридор гаргаад өгье. Ямар ч машин гарах боломжтой гэж хэлээд байгаа. Дэлгүүрийнхээ ард хүн ч орох боломжгүй өндөр суурь цутгачхаад заавал энэ талаар орно гээд дайраад байгаа. Би хүний эрхийг зөрчөөгүй гэжээ.

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 07 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5, 31 дүгээр зүйлийн 31.1, 31.2, 31.3 дахь хэсгүүдэд заасныг тус тус баримтлан Завхан аймгийн Засаг даргын 2015 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн А/79 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах шаардлага бүхий иргэн Д.Э-н нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: ... Эрчим хүчний хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д заасны дагуу дулааны шугам ба хамгаалалтын зурвас газар дээр олгосон. Хот тосгоны төлөвлөлт барилгажилт норм ба дүрмийн БНбд 30-01-04-ийн 2-11-т заасны дагуу тууш болон хөдлөн барилттай хоёр барилгын хувьд 10м-аас багагүй байх заалтыг зөрчсөн нь иргэн бидний эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах эрхийг зөрчиж, барилга хоорондын зай алдагдлаас үүсэж болох ямар нэгэн эрсдэлээс үүдэн энэ гомдлыг гаргаж байна.

Засаг даргын А-79 тоот захирамж нь хууль ёсны бус үндэслэлгүй гэдгийг шүүх тогтоосон бөгөөд энэ нь аливаа эрх зүйн акт хууль ёсны болон үндэслэлтэй байх зарчмыг зөрчиж байна.

Мөн шүүх хуралд нотлох баримтыг харгалзан үзэлгүйгээр шийдвэрлэсэн. Шинжээчийн дүгнэлтийн төлбөрийг манайхаас гаргуулсан нь эргэлзээтэй байна. Засаг даргын А-79 тоот захирамжид алдаа дутагдал байсаар байтал шүүгч Ц нь өмнөх шүүх хуралд ашиг сонирхлын зөрчил үүссэн байж болзошгүй гэж үзэж байна. Өмнө нь шүүгч Ц нь Л.О-той нэг нутаг усны ах дүү найз нөхдийн дотнын харилцаатай гэж татгалзсан мөртөө энэ шүүх хуралд даргалагч шүүгчээр оролцсон нь ашиг сонирхлын зөрчил үүссэн байгаа тул шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд давж заалдах гомдолтой холбогдуулан гаргасан тайлбартаа: Завхан аймгийн Улиастай сумын Богдын гол багийн иргэн гуравдагч этгээд Л.О нь Завхан аймгийн Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн А/79 захирамжаар баруун бүсийн худалдааны төвийн баруун талд 404 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмшсэн. Уг газрыг Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5-д заасны дагуу нөхөн сэргээлт хийж авах ёстой гэсэн аймгийн газрын харилцаа барилга хот байгуулалтын газар, аймгийн байгаль орчны газар, Улиастай сумын хот тохижилт үйлчилгээний газрын шаардлагын дагуу нөхөн сэргээлтийг хийсэн. Уг газар нь баруун бүсийн худалдааны төвийг барих явцад их хэмжээний эвдрэлд орж ус ихээр тогтдог, хог хаягдал их хуримтлагдсан газар байсныг цэвэрлэж нөхөн сэргээлтийн ажлыг хийсэн. Уг газрыг ямар бохир газар байсныг тэр орчмын иргэд хөдөлмөрчид бүгд мэднэ. Уг газрыг инженерийн шугам сүлжээтэй гэж маргалдаж байгаа боловч шинжээчийн дүгнэлт болон шүүхээр инженерийн шугам сүлжээтэй газар биш болох нь тогтоогдсон.

Уг газрын нөхөн сэргээлт хийхэд 900000 гаруй төгрөг орсон. Одоо барьж байгаа 2 давхар дүнзэн 8х10 байшинд 3100000 төгрөг орсон. Ийм учраас аймгийн Засаг даргын А/79 дүгээр захирамжийг хүчинтэй хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэл болон Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.3 дахь хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаад шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, маргаан бүхий захиргааны актыг түдгэлзүүлж шийдвэрлэв.

Завхан аймгийн Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн А/79 дүгээр захирамжаар иргэн Л.О-д тус аймгийн Улиастай сумын Богдын гол багийн нутаг дэвсгэрт Худалдааны төвийн баруун хойд талд 404 м.кв газрыг Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5 дахь хэсэгт заасан ашиглалтгүй орхигдсон газрыг өөрийн хөрөнгөөр нөхөн сэргээсэн гэх үндэслэлээр үйлчилгээний зориулалтаар 15 жилийн хугацаагаар олгожээ.

Хэрэгт авагдсан нотлох баримт, хэргийн оролцогчдын тайлбараас үзэхэд гуравдагч этгээд Л.О уг газрыг өөрийн хөрөнгөөр нөхөн сэргээсэн, мөн тухайн газар нь хүний үйл ажиллагааны улмаас элэгдэл, эвдрэлд орж, ашиглагдахааргүй болсон нөхцөл байдал нь газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны дүгнэлтээр тогтоогдсон байхыг шаардах бөгөөд ийм байдал тогтоогдоогүйгээс гадна уг газрыг өөрийн хөрөнгөөр нөхөн сэргээсэн гэх баримт байхгүй байна.

Нөгөөтэйгүүр Л.О нь эвдрэлд орж, ашиглалтгүй орхисон газрыг өөрийн хөрөнгөөр нөхөн сэргээсэн нь баримтаар нотлогдоогүй байхад дээрх үндэслэлээр үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5 дахь хэсэгт заасантай нийцээгүй байх ба газар эзэмшүүлэх шийдвэр гаргахын өмнө холбогдох бичиг баримтыг мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.5 дахь хэсэгт заасны дагуу нягтлан хянаж үзсэний үндсэн дээр шийдвэрлэх хууль тогтоомжид заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй хариуцагч албан тушаалтны гаргасан шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэх боломжгүй.

Хариуцагч Завхан аймгийн Засаг даргын маргаан бүхий газрыг өмнө нь гуравдагч этгээд Л.О-д эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн 2014 оны А/313 дугаар захирамжийг мөн шүүхийн 2015 оны 03 дугаар шийдвэрээр хүчингүй болгосон байх ба нэхэмжлэгч Б.Э дахин шүүхэд хандаж галын машин орж гарах орц, гарц хаагдсан, барилга хоорондын зай алдагдсан, хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон, газар доогуур тавигдсан цэвэр усны болон дулааны шугам сүлжээг харгалзан үзэлгүй газар эзэмшүүлсэн гэж өмнө нь тавьж байсан үндэслэл гарган маргажээ.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, нэхэмжлэгчийн тайлбарт дурдсанаар хариуцагч өмнөх шүүхийн шийдвэрээр хүчингүй болсон захирамжтай ижил үндэслэлээр гуравдагч этгээдэд дахин газар эзэмшүүлсэн гэж үзэхээр байх бөгөөд хариуцагч хэргийн нөхцөл байдлыг шалгаж тодруулах, талуудын маргааны үйл баримтыг харгалзан үзсэний үндсэн дээр шийдвэр гаргаагүйгээс нэхэмжлэгч дахин шүүхэд хандахад хүрсэн, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, нэхэмжлэгчид хамааралгүй гэж дүгнэх боломжгүй байна.

Хариуцагч маргаан бүхий газрын хэмжээг өөрчилж, 404 м.кв газрыг эзэмшүүлсэн гэж тайлбарлаж байгаа ч бодит байдал дээр захын цэг, хязгаарыг тогтоож олгосон гэх хашаалсан газрын хэмжээ 476.6 м.кв байгаа болох нь шүүхийн үзлэгээр тогтоогдсон байх ба Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.2 дахь хэсэгт зааснаар гуравдагч этгээд газар эзэмших хүсэлт гаргахдаа газрын хэмжээ, зааг, байршил, нэгж талбарыг харуулсан тойм зураг хавсаргаж өгөөгүй, хариуцагч Газрын тухай хуульд заасан бүрэн эрхийг хэрэгжүүлж, газар эзэмшүүлэх шийдвэр гаргахдаа нөхцөл байдлыг шалгаж, уг газрын хил, заагийг тогтоож, эргэлтийн цэгүүдийг тэмдэгжүүлэх ажиллагааг эрх бүхий этгээдээр хийлээгүйгээс хил залгаа орших газар эзэмшигчдийн хооронд маргаан үүсэх нөхцөл байдал бий болсон байна.

Нэхэмжлэгч болон гуравдагч этгээдүүд газрын давхцалын талаар маргаагүй ч Улиастай сумын дэд бүтэц хариуцсан мэргэжилтэн Т.С-н гаргасан шинжээчийн дүгнэлтээр нэхэмжлэгчийн дулааны болон цэвэр усны шугам нь гуравдагч этгээдэд эзэмшүүлсэн газрын зүүн хэсгээр дайран өнгөрч байгаа болох нь тогтоогдсон, хариуцагчаас зөвшөөрөлгүйгээр дулааны шугам татсан гэж тайлбарлаж байгаа ч дулаан үйлдвэрлэх, түгээх зохицуулалт хангах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй “У” ХХК-ийн захирал гэрч Т.Б-н “...2 жилийн өмнө дулаан хангамжийн техникийн нөхцлийг гаргаж өгсөн...” гэсэн мэдүүлэг, гэрч П.О-н “...манайх барилга, угсралт засвар шугам сүлжээ, цахилгааны чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг тусгай зөвшөөрөлтэй компани. Манайх шугамыг барьж, дулаалгыг хийх зэргээр шугам сүлжээний гадна ажлыг хийж өгсөн...” гэсэн мэдүүлгүүдээс үзэхэд ямар нэгэн зөвшөөрөл, техникийн нөхцөлгүйгээр өөрсдөө шугам татсан гэх хариуцагчийн тайлбар үгүйсгэгдэж байх ба харин хариуцагч тухайн газарт шугам сүлжээ байгаа эсэхийг эрх бүхий байгууллагаас тодруулаагүй нь “А” ОНӨҮГ-ын ерөнхий инженер гэрч Г.Б-н “...Л.О-д газар олгохдоо шугам, сүлжээ байгаа эсэхийг лавлаж байгаагүй...” Сүүлийн жилүүдэд тойрох хуудсаар тодруулахаа байсан...” гэсэн мэдүүлгээс тодорхой байна.  

Дээрхээс дүгнэхэд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, маргаан бүхий актын улмаас хөндөгдөөгүй гэж үзэх боломжгүй байх ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гуравдагч этгээдэд газар эзэмшүүлсэн захирамжаа эргэн харж орц, гарц, дулааны шугамын асуудлыг эрх бүхий этгээдээс хэн алины эрх ашгийг хөндөхгүйгээр шийдвэрлээд өгөхөд татгалзах зүйлгүй болохоо илэрхийлснийг тэмдэглэх нь зүйтэй.

Иймд Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2 дахь хэсэгт заасан бүрэн эрхийн хүрээнд гуравдагч этгээдэд газар эзэмшүүлсэн шийдвэрээ өөрөө хянаж, нөхцөл байдлыг тодруулж, дахин шинэ акт гаргахыг хариуцагчид даалган, тийнхүү акт гаргах хүртэл маргаан бүхий захирамжийг түдгэлзүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3 дахь хэсэгт зааснаар шинжээчийн зардлыг хариуцагчаар төлүүлэхээр тогтоох хэсгийн 2 дахь заалтад өөрчлөлт оруулав.

Завхан аймгийн Засаг даргаас шинэ захиргааны акт гаргаснаар энэхүү шүүхийн шийдвэрээр түдгэлзүүлсэн маргаан бүхий захиргааны актын үйлчлэл дуусгавар болно.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсгийг  удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

  1. Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 07 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2, 60 дугаар зүйлийн 60.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хэргийн нөхцөл байдлыг тодруулж, дахин шинэ акт гаргахыг хариуцагч Завхан аймгийн Засаг даргад даалгаж, Завхан аймгийн Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн А/79 дүгээр захирамжийг шинээр дахин акт гартал түдгэлзүүлсүгэй” гэж өөрчилж, Тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...шинжээчийн зардал 44 384 төгрөгийг хариуцагчаас...” гэсэн өөрчлөлт оруулж, Тогтоох хэсгийн “4” гэснийг “3” гэж өөрчилж бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг буцаан олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

                                                                 

                              ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Б.МӨНХТУЯА

   ШҮҮГЧ                                            Н.ХОНИНХҮҮ

   ШҮҮГЧ                                            Д.БААТАРХҮҮ