Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 19 өдөр

Дугаар Дугаар 102/ШШ2017/

 

 

 

 

 

2017 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 102/ШШ2017/01469

 

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Самбуугийн гудамж 47, өөрийн байранд байрлах, “Мобиком корпораци” ХХК /РД: 2072572/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, 71 дүгээр байр, 116 тоот хаягт оршин суух, Боржигон овогт Гомбодоржийн Золжаргал /РД:УС81110512/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Гар утас зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэг болон утасны ярианы төлбөрт 1.074.045 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 
            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхтөр,  хариуцагч Г.Золжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ундрах нар оролцов.

 

                                     ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч “Мобиком Корпораци” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Золжаргалд холбогдуулан  гар утас зээлээр худалдах худалдан авах гэрээний үүргийн  гүйцэтгэлийг хангуулахаар 2017 оны 2 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлага нь хариуцагч үүргээ хугацаанд нь биелүүлээгүйгээс үүссэн гар утасны төлбөр 931.002 төгрөг, ярианы үлдэгдэл төлбөр 133.043 төгрөг, нийт 1.075.040 төгрөгийг гаргуулах юм. 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Г.Золжаргалтай 20052238 гэрээг байгуулж, Айфон 6 голд худалдан авсан. Үндсэн үнэ 1.675.000 төгрөг юм. Утас авахын зэрэгцээ утасны ярианы үйлчилгээ авсан. Г.Золжаргал нь үүргээ зохих ёсоор биелүүлээгүй өнөөдрийг хүрсэн тул Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, талуудын хооронд байгуулагдсан гэрээний 6 дахь хэсэгт зааснаар гар утасны үлдэгдэл төлбөр 931.002 төгрөг, ярианы үлдэгдэл төлбөр болох 143.043 төгрөг, нийт 1.074.045 төгрөгийг хариуцагч Г.Золжаргалаас гаргуулж өгнө үү гэв.  

            Хариуцагч Г.Золжаргал шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “Мобиком Корпораци” ХХК-иас 2015 оны 6 дугаар сард багц үйлчилгээтэй гар утас зээлээр худалдан авсан. Тодорхой хугацаанд төлбөр төлж явсан. 2016 оноос хойш төлөхөө байсан. Би бодохдоо ярианы хэрэглэсэн төлбөрөөс илүү гарсан хэсгийг гар утасны төлбөрт төлөх байх гэж ойлгосон. Гэтэл миний бодсоноос өөрөөр тооцдог юм байна. Энэ нь би гэрээг сайн уншаагүйгээс болсон байх. Нэхэмжлэлийн шаардлагаас хүлээн зөвшөөрч байгаа хэсгийг хариу тайлбарт тодорхой бичсэн байгаа. Уг үнийн дүнгээс хэд нь ярианы төлбөрт хэд нь утасны төлбөрт тооцогдох эсэхийг дэлгэрэнгүй хуулгаас харж задаргааг гаргая гэж бодсон боловч миний хүссэн дэлгэрэнгүй байдлаар ирсэнгүй. Тиймээс өөр хэлэх зүйл алга гэв.

 

            Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,              

           

 ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Мобиком Корпораци” ХХК нь хариуцагч Г.Золжаргалд холбогдуулан гар утас зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэг болон утасны ярианы төлбөрт 1.074.045 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэл гаргажээ.

            Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

            Нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК, хариуцагч Г.Золжаргал нар нь 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 99031105 дугаарыг Iphone 54000 багцаар ашиглах гэрээ, Айфон 6  голд /Iphone 6 16GB/ маркийн гар утсыг зээлээр худалдах, худалдан авах гэрээг 18 сарын хугацаатай байгуулан, хариуцагч гар утсыг авч, 99031105 дугаараар үйлчилгээ авсан байна.

Хариуцагч Г.Золжаргал нь 99031105 дугаарын үйлчилгээний хөлс болон гар утасны үнийг гэрээний хавсралтаар тохирсон хугацаанд төлөх үүрэг хүлээсэн боловч уг үүргийг 2015 оны 4 дүгээр сараас биелүүлээгүй, үүргээ зөрчжээ.

Хариуцагч нь ашиглаагүй хугацааны ярианы төлбөрийг төлөхгүй, гар утасны үлдэгдэл төлбөрөөс миний ашиглаагүй ярианы төлбөрийг хассан хэсгийг төлнө гэж тайлбарлаж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг татгалзаж байх боловч түүний татгалзал  нь нэхэмжлэгчтэй байгуулсан Iphone багцын гэрээ болон гар утас худалдах, худалдан авах гэрээний дагуу хариуцагч хүлээсэн үйлчилгээний хөлс төлөх, гар утасны төхөөрөмжийг худалдан авсан төлбөрийг төлөхөөс татгалзах үндэслэл болохгүй байна.

Иймээс нэхэмжлэгч үүргээ зөрчсөн хариуцагчтай байгуулсан гэрээнээс Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасны дагуу  татгалзаж, 99031105 дугаарын үйлчилгээг зогсоож, хариуцагчаас Харилцаа холбооны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2 дахь хэсэгт заасны дагуу үйлчилгээний төлөгдөөгүй хөлс, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу  гар утасны төхөөрөмжийн үнээс төлөгдөөгүй хэсгийг буюу нийт 1.074.045 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн  7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх  хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн  30.327 төгрөгийг  улсын орлогод үлдээж,  хариуцагчаас 30.327 төгрөгийг гаргуулан  нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон, 

ТОГТООХ  нь:

 

     1. Харилцаа холбооны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2 дахь хэсэг, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч  Г.Золжаргалаас 1.074.045 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Мобиком Корпораци” ХХК-д олгосугай.

     2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн  7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх  заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид  төлсөн 30.327 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,   хариуцагчаас  улсын тэмдэгтийн хураамжид 30.327 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

            

                     

 

 

 

 

 

                   

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ч.МӨНХЦЭЦЭГ