Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 2022/ШЦТ/137

 

 

 

 

 

 

 

    2022          3          01                                       2022/ШЦТ/137

 

 

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Н.Пүрэвтогтох, хохирогч Г.Н-, шүүгдэгч Т.Х-, нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б овогт Т-гийн Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2110023170007 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, 1982 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, агро эдийн засагч мэргэжилтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 444 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 03 жил 06 сарын хорих ялаар шийтгэснийг, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн магадлалаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэг болгон өөрчилж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосон, бие эрүүл, ухаан бүрэн, Б овогт Т-гийн Х,  

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Т.Х- нь Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, “Атар-Өргөө” ХХК-ийн урд зам дээр 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр иргэн Г.Н-той хажуу талаас шахлаа гэж маргалдан, нүүрэнд нь гараараа цохиж, биед нь баруун чихний дэлбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг:

Хохирогч Г.Н-: “...2021 оны 12 дугаар сарын 08-ны өглөө хүүхдээ сургуулиас нь авах гээд явж байсан, тэгээд хажуу талаас шахаад эгнээ рүү оруулахгүй байсан. Автобусны буудал талаас шахаж орж ирсэн, хоёр биеийнхээ толийг нугалаад л яваад байсан, би цонхоо буулгаад толио дэлгэсэн, тэгээд энэ залуу руу харсан чинь амандаа юм үглээд яваад байсан, тэгэхээр нь би аятайхан яваарай, ална шүү гэж гараараа зангасан. Тэгээд цаашаа би явж байхад гэнэт л машины хаалга онгойлгоод ороод ирсэн, тэгээд тухайн үйл явдал болсон. Миний баруун чихний дээд дэлбэн цус гүйгээд хавдсан, хөхөрсөн, шүүх эмнэлэгт чихээ үзүүлсэн, удаан эдгэдэг, сайн эмчлэхгүй бол муухай эдгэдэг гэж хэлсэн, би 18 хоног гэртэйгээ ойролцоо эмнэлэгт эмчилгээ хийлгэсэн, эмчилгээний зардал болон эмийн зардалд 700 гаруй мянган төгрөг гарсан баримтыг гаргаж өгсөн. Эмчилгээний зардлаас гадна ажил тасалсан гэж намайг цалингийн 20 хувиар зөрчлийн хуудас өгсөн байгаа. Шүүгдэгч надтай уулзах гээд ажил дээр ирэхэд нь би биечлэн уулзаагүй, 2 сая төгрөг өгчихвөл уулзаад байх шаардлагагүй гэж утсаар хэлсэн. Эмчилгээний зардалд 720,000 төгрөг авсан, одоо 1,280,000 төгрөг нэхэмжилж байна, цалингийн 20 хувийг хассан тухай тодорхойлолтыг байгууллагаас өгөх боломжгүй гэсэн, энэ тухай цагдаад баримтаар нотлох боломжгүй байгаа, ажилгүй байсан хугацааны цалин болон бусад зардалд гарсныгаа нэхэмжилж байгаа...” гэв.

 

Шүүгдэгч Т.Х-: “...2021 оны 12 дугаар сарын 08-ны өглөө 10 цаг өнгөрч байхад хоёр хүүхдээ сургууль руу хүргэж өгөх гээд баруунаасаа зүүн тийшээ чиглээд нэгдүгээр эгнээгээр уулзвар руу орохоор явж байсан, хохирогч зүүн гар талаас хүчтэй дайраад толь нугалаад яваад байсан, тэгээд миний хажуугаар гараад урд гарсан, урд гарчхаад ална шүү гээд гараараа занасан, мөн над руу салаавч гаргасан, тэгэхээр нь би улаан гэрэл дохио асахаар машинаасаа бууж очоод “яаж байгаа юм” гэхэд “чаддаг юм бол чи цохь” гээд байхаар нь цохисон, намайг бас цохьсон, цагдаа дуудна хүлээж бай гэхэд цагдаагаа дууд, би хүүхдээ хүргэж өгчхөөд ирье гээд явсан, тэгээд араас цагдаагийн нэгдүгээр хэлтсээс дуудсан. Хэрэг болох үед Н- бид хоёр хоёулхнаа байсан, эмнэлгийн дүгнэлтээ гэмтэл гарсан, би биед нь гэмтэл учруулсан, харамсаж байна. Баримтаар 700 гаруй мянган төгрөгийг би төлсөн, төлөх явцад надаас 2 сая төгрөг нэхэмжилсэн, тухайн үед гүйцээж өгөх гээд чадаагүй, шинэ жил болох гээд санхүүгийн хувьд хүнд байсан учир төлж чадаагүй. Би хохирогчтой уулзах гээд ажил дээр нь очиход надаас 2 сая төгрөг өгчихвөл уулзах шаардлагагүй гэсэн, би 1 сая төгрөг цуглуулсан байсан, гүйцээж 2 сая төгрөг болгож өгч чадаагүй. Баримтаар гарсан зардал болох 720,000 төгрөгийг төлсөн. Хэл амаараа учраа олчих боломжтой байсан, би очиж маргаан үүсгэхгүй байх боломжтой байсан...” гэв.

 

Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

Хохирогч Г.Н- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүүхдээ сургуулиас авах гээд Яармаг талаас хотын төв чиглэлтэй замын хөдөлгөөнд ороод 10 цаг 50 минутын үед ганцаараа өөрийн 73-12 УНР дугаартай машинтайгаа явж байхад Атар Өргөөгийн уулзвар 31-32 УБР дугаартай машин хажуу талаас шахаад орох гээд байхаар нь би оруулаагүй. Тэгээд гэрлэн дохио дээр ирээд зогсож байхад нэг залуу хаалгаа онгойлгоод яаж яваад байгаа пизда вэ гэхээр нь би чи ингэж явах ёсгүй ш дээ гэхэд чамд ямар хамаатай юм бэ гээд намайг мангасдсан. Тэгэхээр нь би гарыг нь бариад болиулах гээд машинаасаа буусан, баруун чих рүү гараараа нэг удаа цохисон...” /хавтас хэргийн 14-15, 16-17дахь тал/ гэсэн,

 

Шүүгдэгч Т.Х- мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүүхдүүдээ сургуульдаа хүргэж өгөх гээд машинаа жолоодоод явж байхад зүүн гар талаас 73-12 УНР дугаартай машины жолооч намайг шахаж улмаар толь нугалж дайрсан, цонхоо онгойлгож салаавч өгөөд гараа зангидаж ална шүү гэж зангасан. ...Миний өмнө орж гэрлэн дохио дээр зогсохоор нь би машинаасаа бууж очоод жолооч талын хаалгыг нь онгойлгож чи яаж яваад байгаа юм бэ гэхэд өөдөөс яадаг юм, чаддаг юм бол цохичих гээд эрүү рүү гараараа дэлсээд авсан, тэгэхээр нь би цааш түлхээд холдуулсан...” /хавтас хэргийн 32-33 дахь тал/ гэсэн мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 170 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Г.Н-ийн биед баруун чихний дэлбээнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.  Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” /хавтас хэргийн 22-23 дахь тал/ гэсэн дүгнэлт,

 

- Дуудлагын лавлагааны хуудас /хавтас хэргийн 7 дахь тал/,

- Хохирлын баримтууд /хавтас хэргийн 60 дахь тал/,

- Хохирол төлсөн баримт /хавтас хэргийн 61-65 дахь тал/,

- Шүүгдэгч Т.Х-ын хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтас хэргийн 46 дахь тал/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хавтас хэргийн 49 дэх тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хавтас хэргийн 47 дахь тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтас хэргийн 52 дахь тал/, шийтгэх тогтоолын хуулбар /хавтас хэргийн 55-59/, зэрэг болно.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

1. Шүүгдэгч Т.Х- нь Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, “Атар-Өргөө” ХХК-ийн урд зам дээр 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр иргэн Г.Н-той хажуу талаас шахлаа гэж маргалдан, нүүрэнд нь гараараа цохиж, биед нь баруун чихний дэлбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Г.Н-ийн “...2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүүхдээ сургуулиас авах гээд Яармаг талаас хотын төв чиглэлтэй замын хөдөлгөөнд ороод 10 цаг 50 минутын үед ганцаараа өөрийн 73-12 УНР дугаартай машинтайгаа явж байхад “Атар Өргөө” ХК-ийн уулзвар 31-32 УБР дугаартай машин хажуу талаас шахаад орох гээд байхаар нь би оруулаагүй. Тэгээд гэрлэн дохион дээр ирээд зогсож байхад нэг залуу хаалгаа онгойлгоод яаж яваад байгаа пизда вэ гэхээр нь би чи ингэж явах ёсгүй ш дээ гэхэд чамд ямар хамаатай юм бэ гээд намайг мангасдсан. Тэгэхээр нь би гарыг нь бариад болиулах гээд машинаасаа буусан, баруун чих рүү гараараа нэг удаа цохисон...” /хавтас хэргийн 14-15, 16-17дахь тал/ гэсэн, шүүгдэгч Т.Х-ын “...2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүүхдүүдээ сургуульдаа хүргэж өгөх гээд машинаа жолоодоод явж байхад зүүн гар талаас 73-12 УНР дугаартай машины жолооч намайг шахаж улмаар толь нугалж дайрсан, цонхоо онгойлгож салаавч өгөөд гараа зангидаж ална шүү гэж зангасан. ...Миний өмнө орж гэрлэн дохио дээр зогсохоор нь би машинаасаа бууж очоод жолооч талын хаалгыг нь онгойлгож чи яаж яваад байгаа юм бэ гэхэд өөдөөс яадаг юм, чаддаг юм бол цохичих гээд эрүү рүү гараараа дэлсээд авсан, тэгэхээр нь би цааш түлхээд холдуулсан...” /хавтас хэргийн 32-33 дахь тал/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 170 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: Г.Н-ийн биед баруун чихний дэлбээнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” /хавтас хэргийн 22-23 дахь тал/ гэсэн дүгнэлт зэрэгт хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд дээрх нотлох баримтуудыг үгүйсгэсэн, няцаасан баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Хохирогч Г.Н-ийн эрүүл мэндэд учирсан “...баруун чихний дэлбээнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал...” бүхий хөнгөн гэмтэл нь шүүгдэгч Т.Х-ын түүнийг цохисон санаатай идэвхтэй үйлдлийн улмаас үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.

Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.  

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Т.Х- хохирогч Г.Н-ийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. 

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Т.Х-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна.

 

Шүүгдэгч Т.Х- нь хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

2. Шүүгдэгч Т.Х- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон,  гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

Дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, учруулсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нөхцөл зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэв.

 

Шүүгдэгч Т.Х- нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

 

3. Гэмт хэргийн улмаас хохирогч Г.Н-ийн баруун чихний дэлбээнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учирсан, хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан гэмтэлтэй холбоотой эмчилгээний зардалд баримтаар 720,000 төгрөгийн хохирол нэхэмжилснийг шүүгдэгч мөрдөн шалгах ажиллагааны явцад төлж барагдуулсан байна. Хохирогч шүүх хуралдаанд ажилгүй байсан хугацааны цалин хөлс 1,280,000 төгрөг нэхэмжилсэн боловч энэ талаар баримт ирүүлээгүй тул шүүх хэлэлцэхгүй орхиж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

 

Эрүүгийн 2110023170007 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Т.Х- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Т-гийн Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т-гийн Х-ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Т.Х-ад оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Х- торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаад хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Х- нь хохирогч Г.Н-ид 720,000 /долоон зуун хорин мянга/ төгрөгийн хохирол төлсөн болохыг дурдаж, хохирогч Г.Н- гэмт хэргийн улмаас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй холбоотой баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тайлбарласугай.

 

6. Эрүүгийн 2110023170007 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Т.Х- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Т.Х-ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Х-ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                        Д.АЛТАНЖИГҮҮР