Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 2022/ШЦТ/146

 

 

 

 

 

 

 

    2022         03          03                                       2022/ШЦТ/146

 

 

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч С.Ууганбаяр, шүүгдэгч О.Н-, нарийн бичгийн дарга Б.Алтансувд нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б- овогт О-ын Н-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн 2210000000156 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, 2000 оны 4 дүгээр сарын 09-ний Дундговь аймагт төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эх, ах, дүү нарын хамт улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн Б- овогт О-ын Н,  

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч О.Н- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2022 оны 01 дүгээр сарын 16-ны орой 23 цагийн орчим Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр Ривер стоун хотхоны гадна Ц.З-, Н.О- нарт агсам тавьж, маргалдан Н.О-ын биед халдаж хамар хэсэгт толгойгоороо мөргөж, эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, таславчийн мурийлт, баруун нүдний зовхи, зүүн нүдний дотор буланд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг: 

 

Шүүгдэгч О.Н-: “...Урьд өгсөн мэдүүлэг үнэн зөв учир, шүүхэд нэмж мэдүүлэг гаргахгүй, хохиролд 700,000 төгрөг төлсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байна, тухайн үед согтуу байсан...” гэв.

 

Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

Хохирогч Н.О- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр ...Ривер Стоун хотхоны гадаа ирээд Норовыг дуудахад нэг хүнтэй хамт машинд орж ирж суухаар нь захисан архийг нь өгөөд мөнгөө нэхэхэд жаахан хүлээх хэрэгтэй, мөнгө орж ирээгүй байна гэхээр нь хүлээгээд байж байсан чинь Норов мөнгийг чинь маргааш өгье гэхээр нь З- маргааш өглөө хэрэгтэй гэхэд чи ямар сүртэй болчихсон юм гээд агсраад тэр хоёр машинаас буусан. ...Би салгах гээд очиход Норов намайг энгэрээс татаж байгаад толгойгоороо мөргөчихсөн...” /хавтас хэргийн 9-10 дахь тал/ гэсэн,

 

Гэрч Ц.З- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 01 дүгээр сарын 16-ны орой ...Норов уулзъя, ганц нэг пиво аваад хүрээд ирээч гэхээр нь Ялгуун, О- нарыг дагуулаад ...Ривер Стоун хотхоны гадаа ирэхэд Норов машинд орж ирж суугаад архины мөнгөө төлж чадахгүй байгаа талаараа хэлэхээр нь би найзын мөнгө байгаа юм гэхэд ...Норов над руу чи ямар хөгийн болчихсон юм бэ гээд дайрсан, ...О- ирээд салгахад шууд нүүр рүү нь мөргөсөн. ...Би цагдаа дуудсан...” /хавтас хэргийн 19-20 дахь тал/ гэсэн,

 

Шүүгдэгч О.Н- мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...З- мөнгөгүй бол яах гэж дуудсан юм гэхээр нь би мөнгө бүтсэн гэж хэлээд машинаас буугаад явж байхад З- над руу залгаад чи бензиний мөнгө өг, мөнгөгүй бол яах гэж дуудсан юм гээд байсан. ...Тэгээд маргаан болсон, би О-ын хамрын нэг удаа мөргөсөн...” /хавтас хэргийн 45-46 дахь тал/ гэсэн мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 1930 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Н.О-ын биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, баруун  нүдний зовхи, зүүн нүдний дотор буланд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл учирчээ.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Уг гэмтлүүд нь шинэ байна.

4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5.  Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” /хавтас хэргийн 28-29 дэх тал/ гэсэн дүгнэлт,

 

- Дуудлагын лавлагааны хуудас /хавтас хэргийн 4 дэх тал/,

- Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтас хэргийн 27-30 дахь тал/,

- Хохирогч Н.О-ын биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтас хэргийн 61-64/,

- Хохирлын баримт /хавтас хэргийн 66 дахь тал/,

- Шүүгдэгч О.Н-ийн хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтас хэргийн 51 дэх тал/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хавтас хэргийн 53 дахь тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хавтас хэргийн 54 дэх тал/, ажлын газрын тодорхойлолт /хавтас хэргийн 55 дахь тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтас хэргийн 49 дэх тал/ зэрэг болно.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

1. Шүүгдэгч О.Н- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2022 оны 01 дүгээр сарын 16-ны орой 23 цагийн орчим Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр Ривер стоун хотхоны гадна Ц.З-, Н.О- нарт агсам тавьж, маргалдан Н.О-ын биед халдаж хамар хэсэгт толгойгоороо мөргөж, эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, таславчийн мурийлт, баруун нүдний зовхи, зүүн нүдний дотор буланд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Н.О-ын “...2022 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр ...Ривер Стоун хотхоны гадаа ирээд Норовыг дуудахад нэг хүнтэй хамт машинд орж ирж суухаар нь захисан архийг нь өгөөд мөнгөө нэхэхэд жаахан хүлээх хэрэгтэй, мөнгө орж ирээгүй байна гэхээр нь хүлээгээд байж байсан чинь Норов мөнгийг чинь маргааш өгье гэхээр нь З- маргааш өглөө хэрэгтэй гэхэд чи ямар сүртэй болчихсон юм гээд агсраад тэр хоёр машинаас буусан. ...Би салгах гээд очиход Норов намайг энгэрээс татаж авч ирээд толгойгоороо мөргөчихсөн...” /хавтас хэргийн 9-10 дахь тал/ гэсэн, гэрч Ц.Золбямбын “...2022 оны 01 дүгээр сарын 16-ны орой ...Норов уулзъя ганц нэг пиво аваад хүрээд ирээч гэхээр нь Ялгуун, О- нарыг дагуулаад ...Ривер Стоун хотхоны гадаа ирэхэд Норов машинд орж ирж суугаад архины мөнгөө төлж чадахгүй байгаа талаараа хэлэхээр нь би найзын мөнгө байгаа юм гэхэд ...Норов над руу чи хөгийн болчихсон юм бэ гээд дайрсан, ...О- ирээд салгахад шууд нүүр рүү нь мөргөсөн. ...Би цагдаа дуудсан...” /хавтас хэргийн 19-20 дахь тал/ гэсэн, шүүгдэгч О.Н-ийн “...З- мөнгөгүй бол яах гэж дуудсан юм гэхээр нь би мөнгө бүтсэн гэж хэлээд машинаас буугаад явж байхад З- над руу залгаад чи бензиний мөнгө өг, мөнгөгүй бол яах гэж дуудсан юм гээд байсан. ...Тэгээд маргаан болсон, би О-ын хамрын нэг удаа мөргөсөн...” /хавтас хэргийн 45-46 дахь тал/ гэсэн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 1930 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: Н.О-ын биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, баруун  нүдний зовхи, зүүн нүдний дотор буланд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл учирчээ. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтлүүд нь шинэ байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хавтас хэргийн 28-29 дэх тал/ гэсэн дүгнэлт, хохирогч Н.О-ын биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтас хэргийн 61-64/ зэрэгт хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд дээрх нотлох баримтуудыг үгүйсгэсэн, няцаасан баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Хохирогч Н.О-ын эрүүл мэндэд учирсан “...хамар ясны хугарал, таславчийн мурийлт, баруун  нүдний зовхи, зүүн нүдний дотор буланд цус хуралт, зөөлөн эдийн няцрал...” бүхий хөнгөн гэмтэл нь шүүгдэгч О.Н-ийн түүнийг мөргөсөн санаатай идэвхтэй үйлдлийн улмаас үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.

Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.  

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч О.Н-ийн хохирогч Н.О-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. 

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч О.Н-ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна.

 

Шүүгдэгч О.Н- нь хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

2. Шүүгдэгч О.Н- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заасны дагуу шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, учруулсан хохирлын хэмжээ, шүүгдэгч өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч маргаагүй зэрэг нөхцөлийг харгалзан прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, уг ялыг 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож шийдвэрлэв.

 

3. Гэмт хэргийн улмаас хохирогч Н.О-ын эрүүл мэндэд хамар ясны хугарал, таславчийн мурийлт, баруун  нүдний зовхи, зүүн нүдний дотор буланд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учирсан, хохирогч гэмт хэргийн улмаас учирсан гэмтэлтэй холбоотой хохирлоо барагдуулсан, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй байна.

 

Эрүүгийн 2210000000156 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч О.Н- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг, хохирогч Н.О- гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б- овогт О-ын Н-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О-ын Н-ийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч О.Н-ид оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Н- нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 03 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн 2210000000156 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч О.Н- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг, хохирогч Н.О- гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч О.Н-ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Н-ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                        Д.АЛТАНЖИГҮҮР