Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 2022/ШЦТ/142

 

                                                           

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүгч Г.Ганбаатар, С.Сэржмядаг нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхжин, иргэдийн төлөөлөгч Н.Гармаа, улсын яллагч У.Анхжаргал, шүүгдэгч Т.А, түүний өмгөөлөгч Ч.Даваасүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Г” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар мөн дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2108 03038 0009 дугаартай хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б овгийн Т.А, *** оны ** дугаар сарын **-ны өдөр Өвөрхангай аймгийн Уянга суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ганцаараа, Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Тахилтын 13 дугаар гудамжны 23 тоотод оршин суудаг, регистрийн дугаар: ***, урьд:

- Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 701 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар гурван жил таван сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж байсан бөгөөд 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 29 дугаар шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 7 сар 15 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлж, суллагдсан байна.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Т.А нь согтуурсан үедээ, 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Тахилтын 13 дугаар гудамжны 23 тоотод иргэн П.Ж-ыг шалтаг шалтгаангүйгээр цээжин тус газар нь зэвсэг хэрэглэн хутгаар хатгаж улмаар биед баруун уушгины дунд, доод дэлбэнгийн паренхимийн эдийн няцрал, цээжний хөндийн шингэн хуралдалт /300 мл/, баруун 6, 7-р хавирганы далд хугарал, доод уруулын няцарсан шарх, цээжний баруун талын хатгагдсан шарх гэмтлийг үүсгэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд:

“Шүүгдэгч, Б овгийн Т.А нь 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр өөрийн гэртээ П.Ж, Д.Б нарын хамт нэг лонх архи хувааж ууцгаасан бөгөөд Д.Б-ыг гарч явсны дараа П.Ж-тай маргалдан зодолдож, мөн түүний цээж рүү нь хутгалж, биед нь “баруун уушгины дунд, доод дэлбэнгийн паренхимийн эдийн няцрал, цээжний хөндийн шингэн хуралдалд /300мл/, баруун 6, 7-р хавирганы далд хугарал, доод уруулын няцарсан шарх” бүхий учрах үедээ амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл учруулсан...“ үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

    1. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримт

1. Хохирогч П.Ж-ын мэдүүлэгт: “...2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр ...Б зам дагуу дэлгүүрээс 0.75 литрийн Хараа нэртэй архи авахаар нь танай гэрт уугаад яах юм, А-ийн гэрт орж ууя гэж хэлээд А-ийн гэрт очсон. Тэгээд бид 3 нөгөө архиа уугаад сууж байхад би их согтож байсан. Тухайн үед хоол унд идээгүй их удсан болохоор хурдан согтсон. ...Миний санаж байгаагаар би хутгалуулсан байдалтай А-ийн гэрээс гарах үед А ганцаараа миний хажууд зогсож байсан. Тэгээд би цээжээ гараараа дараад гэрээс нь гараад хашаанд байгаа 2 гэрийн дунд зогсож байсан. Тэгээд түүнээс хойш ухаан балартаж эхлээд гэмтлийн эмнэлэг дээр очоод ухаан орсон...” (хавтаст хэргийн 21-23, 109 дэх тал):

2. Гэрч Д.Б-ын мэдүүлэгт: “...2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр би дэлгүүр ороод бэлэн хоол, 0.75 граммын Хараа архи аваад буцаад гэр лүүгээ явж байсан чинь Ж  ах А-ийн гэрт ороод ууя гэхээр нь би дагаад орсон. Ороход А орон дээрээ сууж байсан ба бид архиа хувааж уусан. Би архинаас гурван удаа уугаад “ээж ирж байгаа” гэж хэлээд гэр лүүгээ явсан...” (хавтаст хэргийн 59-60 дахь тал)

3. Гэрч Ж.Т-ийн мэдүүлэгт: “...2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүү А-гийн гэрт орсон чинь ганцаараа хэвтэж байсан. 17 цагийн орчимд А-гийн гэрт хүн дуугараад байхаар нь дахин ороход зүс таних “Ж” хочтой Ж, танихгүй нэг залуутай ирчихсэн архи ууж байсан. ...Би хашаанд угаасан хувцас оруулаад, мод хагалаад зогсож байхад Ж-тай хамт явсан танихгүй хүн түрүүлээд гараад явсан. Дараа нь гэртээ модоо оруулчхаад хажуу байшинд байдаг хүү С-ийн гэрт сууж байгаад гараад хашаанд байх модон жорлонд бие засаад сууж байхад хүн хаалгыг татсан. Гартал хүү А “ээжээ би Ж-ыг хутгаар дүрчихлээ” гэж хэлэхээр нь “чи яаж байгаа юм бэ, тэгээд зүгээр юм уу” гэж асуусан чинь Ж гудамж уруудаад алхаж яваа харагдахаар нь “чи цаадхаа эмнэлэгт үзүүлж биеийг нь үзэж хар” гэхэд хүү А араас нь гүйгээд явсан...” гэжээ (хавтаст хэргийн 63-64 дэх тал)

4. Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 12046 дугаартай: “...П.Ж-ын биед баруун уушгины дунд, доод дэлбэнгийн паренхимийн эдийн няцрал, цээжний хөндийн шингэн хуралдалд /300мл/, баруун 6,7-р хавирганы далд хугарал, доод уруулын няцарсан шарх, цээжний баруун талын хатгагдсан шарх гэмтэл тогтоогдлоо. Баруун уушгины дунд, доод дэлбэнгийн паренхимийн эдийн няцрал, цээжний хөндийн шингэн хуралдалт, баруун 6,7-р хавирганы далд хугарал, доод уруулд няцарсан шарх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүсгэгдэнэ. Цээжний баруун талын хатгагдсан шарх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хатгах үйлдлээр үүснэ. Баруун уушгины дунд, доод дэлбэнгийн паренхимийн эдийн няцрал, цээжний хөндийн шингэн хуралдалт /300мл/, баруун 6,7-р хавирганы далд хугарал гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар гэмтлийн хүнд зэрэг тогтоогдлоо. Доод уруулын няцарсан шарх, цээжний баруун талын хатгагдсан шарх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой....” гэсэн дүгнэлтүүд (хавтаст хэргийн 35-37 дахь тал) зэрэг нотлох баримтаар шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Т.А яллагдагчаар “...2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр гэртээ хэвтэж байхад гаднаас Ж хочтой Ж ах, Бо хочтой Б нар 0.75 литрийн Хараа нэртэй архи барьчихсан, бага зэрэг согтолттой орж ирсэн. Тэгээд манай гэрт бид 3 хамт архи уусан ба би хойд талын орон дээр хэвтэж байсан. Тэр үед Ж ах, Б нар хоорондоо залуу байснаа яриад байхаар нь би сонсоод хэвтэж байсан чинь унтчихсан байсан. Нэг мэдэхэд миний шанаа руу Ж ах гараараа алгадаад байхаар нь би сэрээд уурандаа түүний нүүр хэсэг рүү нь гараараа цохих үед намайг барьж аваад цохих гээд эсэргүүцээд байсан учир би газар унагаад толгой, цээж хэсэг рүү нь гараараа цохиж эхэлсэн. Харин Ж ах мөн миний толгой руу гараараа цохиж эхэлсэн учир бид 2 гэрээс ноцолдон хаалгаар гарах үедээ хамт давхраараа газар унасан. Тэгэхээр нь би хэд хэдэн удаа цохиж аваад гэртээ ороод хоймрын орон дээр суутал араас Ж ах орж ирээд би чамайг ална шүү, намайг яргачин Ж гэдэг юм гээд над руу дайрахаар нь би ширээн дээр байсан улаан өнгийн иштэй төмөр хутга аваад булчин хэсэг рүү нь хутгалж айлгах гээд хутгалсан чинь суга орчим нь хутгалчихсан....” гэж (хавтаст хэргийн 100 дэх тал) мэдүүлж байсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргахгүй...” гэснийг дурдах нь зүйтэй.

           Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн юм.

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

            Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц оролцогч нарын хуулиар баталгаажсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэргийн “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Түүнчлэн, шүүх хуралдааны үед шүүгдэгч Т.А нь хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэл, учирсан хохирлын талаар маргаагүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, түүний өмгөөлөгч гэм буруугийн талаар маргаан байхгүй гээд шүүх хуралдаанд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон болно.

Шүүгдэгч Т.А-гийн үйлдэл нь идэвхтэй бөгөөд ухамсарт үйлдэл байхын сацуу хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогчийн биед хүнд зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

Шүүгдэгч Т.А нь энэ гэмт хэргийг үйлдэхдээ үйлдвэрийн хийц бүхий бүтцийн хувьд аливаа биетийг гэмтээх хэрэгсэл болох хутга хэрэглэсэн байх тул түүнийг гэмт хэрэг үйлдэхдээ зэвсэг хэрэглэсэн гэж үзэн зүйлчлэл хүндрүүлэх үндэслэл болжээ.

Шүүх шүүгдэгч Т.А-гийн хохирогчийн цээжин тус газар нь хутгалсан үйлдэл болон хохирогчийн баруун уушгины дунд, доод дэлбэнгийн паренхимийн эдийн няцрал, цээжний хөндийн шингэн хуралдалт /300мл/, баруун 6, 7-р хавирганы далд хугарал гэмтэл буюу амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл нь хоорондоо шалтгаант холбоотой байна гэж дүгнэв.

Гэмт хэргийн шалтгаан нөхцөлийн хувьд шүүгдэгч Т.А болон хохирогч  П.Ж нарын байнга ахуйн хүрээнд архидан согтуурдаг нөхцөл байдал нь даамжирсаар эцэстээ ийм гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан болжээ.

Түүнчлэн, шүүх хуралдаанд иргэдийг төлөөлөн оролцсон Н.Г нь шүүгдэгч Т.А-г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутай гэж үзсэн болохыг мөн дурдах нь зүйтэй.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Т.А-г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

    1. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг

Хохирогч П.Ж нь “би гэмтлийн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн, төлбөрийн баримт байхгүй, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэж (хавтаст хэргийн 113 дахь тал) мэдүүлсэн боловч гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл учирсан, цаашид эмчилгээ хийлгэх шаардлага гарч болзошгүй нөхцөл байдлыг харгалзан хохирогч нь эмчилгээний зардлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, харин шүүгдэгч  Т.А-г энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдлаа.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:        

    1. Талуудын санал, дүгнэлт    

            Улсын яллагч: “...Шүүгдэгч нь урьд энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж байсан бөгөөд Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж өршөөгдсөн. Урьд ял шийтгэгдэж байсан нь эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал болохгүй тул эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлж, хор уршгийг арилгасан. Шүүгдэгч нь хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын шатнаас эхлэн өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Иймд шүүгдэгч Т.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хохирогч гомдол саналгүй гэсэн тул бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хутгыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулах саналтай байна...” гэв.

            Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлыг төлж барагдуулсан бөгөөд хохирогч гомдол саналгүй гэж мэдүүлсэн. Шүүгдэгч нь шүүхийн шатанд ирснээс хойш байнга бүртгүүлж байсан хувийн байдал сайн. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-д зааснаар ялын доод хэмжээгээр ял оногдуулж өгнө үү...”  гэв.

    1. Эрүүгийн хариуцлага

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Т.А-д эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 75 дахь тал), АСАП сангийн лавлагаа (хавтаст хэргийн 68, 72-73 дахь тал), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 76 дахь тал), тээврийн хэрэгсэлгүй талаарх лавлагаа (хавтаст хэргийн 80 дахь тал), эд хөрөнгөгүй талаарх улсын бүртгэлийн хэлтсийн албан тоот (хавтаст хэргийн 84 дэх тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 85 дахь тал), шийтгэх тогтоолын хуулбар (87-89 дэх тал), эдлээгүй үлдсэн ялаас өршөөн хэлтрүүлсэн тухай шүүгчийн захирамжийн хуулбар (хавтаст хэргийн 89-90 дэх тал)-д үндэслэн Т.А-гийн хувийн байдлыг тус тус тодорхойлов.

Тодруулбал, шүүгдэгч Т.А нь эрхэлсэн тодорхой ажилгүй, мөн урьд хүний биед хүнд гэмтэл учруулсан хэргээр 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж байсан бөгөөд Өршөөлийн хуульд хамрагдан эдлээгүй үлдсэн 1 жил 7 сар 15 хоногийн хорих ялаас өршөөгдөн хэлтэрч байсан боловч засарч хүмүүжилгүй, дахин гэмт хэрэг үйлдэж, хутга хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан байх тул шүүх өмгөөлөгчөөс гаргасан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх заалтыг журамлаж өгнө үү гэсэн саналыг хүлээн авах боломжгүй гэж үзсэн болно.

Харин улсын яллагчийн санал болгосон ялын төрөл, хэмжээ нь энэ гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, арга хэрэгсэл, учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдалд нь тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх зорилгыг хангаж байх тул шүүгдэгч Т.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх заалтад зааснаар таван жил зургаан сарын хугацаагаар хорих ял шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй.

    1. Бусад асуудал

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг хутгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар зохих байгууллагад шилжүүлэхээр шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Т.А нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдах нь зүйтэй.

Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Т.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх хорих ялын хугацааг энэ өдрөөс эхлэн тоолж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүллээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Б овгийн Т.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх заалтад зааснаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Т.А-д таван жил зургаан сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.А-д оногдуулсан таван жил зургаан сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг хутгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар зохих байгууллагад шилжүүлсүгэй.

5.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Т.А нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, мөн шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хохирогч П.Ж нь эмчилгээний зардлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрх нээлттэй болохыг заасугай.

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Т.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх хорих ялын хугацааг 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн тоолсугай.

8.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

9.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Т.А-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.         

 

 

 

ДАРГАЛАГЧ                                       Б.БАТАА

 

                          ШҮҮГЧ                                          Г.ГАНБААТАР

 

                                                                                                                                                                                                    С.СЭРЖМЯДАГ