Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 2022/ШЦТ/146

 

                 

 

                                                                       

      

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхжин, улсын яллагч Д.Ширэндэв, шүүгдэгч Т.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Г” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2108 02470 0011 дугаартай хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Т овгийн Т.А, *** оны ** дугаар сарын **-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгачин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл долоо, эхнэр, таван хүүхдийн хамт, Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Одонт ** тоотод оршин суудаг, регистрийн дугаар: ***, урьд:

- Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 294 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан.

 Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Т.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2021 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчиний ** тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох хамтран амьдрагч М.А-ыг бусадтай хардаж хэрүүл маргаан үүсгэн, улмаар гурилын элдүүрээр цохиж зодон эрүүл мэндэд “зүүн бугалга, зүүн шуу, зүүн алга, цээж, зүүн гуя, баруун өвдөг, баруун зүүн шилбэнд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч, Т овгийн Т.А нь 2021 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчиний 84-41 тоот гэртээ согтууруулах ундаа хэрэглэсэн байх үедээ хамтран амьдрагч М.А-ыг бусадтай хардаж, хэрүүл маргаан үүсгэн гурилын элдүүр модоор зодож, бие махбодод нь “...зүүн бугалга, зүүн шуу, зүүн алга, цээж, зүүн гуя, баруун өвдөг, баруун зүүн шилбэнд цус хуралт...” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан” хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.

    1. Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно.

Тухайлбал, хохирогч М.А-ын “...А “чи намайг согтоож унтуулчхаад байн байн гараад яваад байсан, чи Б-тай бэлгийн харилцаанд орсон” гэж хэлээд, элдвээр доромжилж байгаад унтсан...тэгээд маргааш нь буюу 2021 оны 09 дүгээр сарын 26-ны өглөө ажилдаа яваад 15-16 цаг орчим гэртээ ганцаараа согтуу орж ирээд өмнөх шөнө намайг хардаж яриад байсан зүйлээ ярьж, хэрүүл маргаан үүсгэж гурилын элдүүрээр миний толгойноос бусад газар олон удаа цохисон. Тухайн үед утас булааж аваад өгөхгүй байсан учир цагдаад хандаж чадаагүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 10 дахь тал), гэрч С.Э-ийн “...М.А  миний бага охин байгаа юм...2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 13 цагийн орчим А  танихгүй дугаараас залгаад “ээжээ А намайг гурилын элдүүрээр цохиж зодсон би танай гэр рүү явмаар байна” гэж хэлсэн. Удалгүй А  манайд ирсэн. А-ын хөл, гар, гуя хөхөрч няцарсан байдалтай байсан учир бид цагдаагийн байгууллагад хандаж байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 12 дахь тал), шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 9337 дугаартай “...М.А-ын биед зүүн бугалга, зүүн шуу, зүүн алга, цээж, зүүн гуя, баруун өвдөг, баруун, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 18-19 дэх тал), Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ (хавтаст хэргийн 23-33 дахь тал), Т.А нь Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар 10 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулсан Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 2021/ЗШ/962 дугаар шийтгэвэр (хавтаст хэргийн 80-81 дэх тал) зэрэг нотлох баримтын агуулга нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

 

Шүүгдэгч Т.А-ий яллагдагчаар “...Би яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна, буруутай үйлдэл хийсэндээ гэмшиж байна...” гэж (хавтаст хэргийн 73 дах тал) мэдүүлж байсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “...нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргахгүй...” гэснийг дурдах нь зүйтэй.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн юм.

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Т.А нь бүрэн бус дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг дурдах нь зүйн хэрэг.

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 9337 дугаар шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

Шүүгдэгч Т.А-ий үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогч М.А-ын эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хохирол учруулсанд тооцно.

Түүнчлэн, шүүгдэгч Т.А, хохирогч М.А  нар албан ёсны гэр бүлийн баталгаагүй хэдий ч, эхнэр нөхрийн харилцаатай хамтран амьдарч байх тул Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх заалтад “...хамтран амьдрагч...” гэж зааснаар тэд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс болно.

Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт Энэ хуулийн ... үйлчлэлд хамаарах хүний ... эрүүл мэндэд гэм хор учруулсан, ... үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл гэнэ хэмээн тодорхойлсон, Эрүүгийн хуулийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад Монгол Улсын хуульд ... заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримтална.” гэж заасан хууль ёсны зарчмын дагуу шүүгдэгч Т.А-ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол...” гэж, мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь заалтад “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж тус тус хуульчилсан тул хүндрүүлэн зүйлчлэх хууль зүйн үндэслэлтэй.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Т.А-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

    1. Хохирол, хор уршиг

Хохирогч М.А нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн байх тул шүүгдэгч Т.А-ийг бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

    1. Талуудын санал, дүгнэлт 

Улсын яллагч: “...шүүгдэгч Т.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй байна. Шүүгдэгчид авагдсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналтай байна...” гэв.

Шүүгдэгч: “...саналгүй...” гэв.

    1. Эрүүгийн хариуцлага

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Т.А-д эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 55 дахь тал), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 56 дахь тал), хүүхдүүдийн төрсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 61-65 дахь тал), шүүхийн шийтгэврийн хуулбар (хавтаст хэргийн 80-81 дэх тал), тээврийн хэрэгслийн лавлагаа (хавтаст хэргийн 49 дэх тал), эд хөрөнгөгүй талаарх лавлагаа (хавтаст хэргийн 46 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 34 дэх тал), шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 37 дахь тал), Сонгинохайрхан дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн Т.А нь 2011 оны 8-9 дүгээр сард нийгмийн даатгалын шимтгэл төлсөн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 44 дэх тал), АСАП сангийн лавлагаа (хавтаст хэргийн 41-43 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.

Шүүх гэмт хэрэг гарсан шалтгаан, гэмт хэрэг үйлдсэн арга, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол, үйлдлийн тоо зэргийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.А-д хоёр зуун дөчин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх нь үйлдэгдсэн гэмт хэргийн хүндрүүлэх шинж, гэр бүлийн хүрээнд дахин давтан хүчирхийлэл үйлдсэн гэм буруу, мөн тогтсон орлогогүй хувийн байдалд нь тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх хийгээд нийгэмшүүлэх зорилгыг хангана гэж үзэв.

    1. Бусад асуудлын талаар

Эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Т.А нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Т овгийн Т.А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.А-д хоёр зуун дөчин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.А-д оногдуулсан хоёр зуун дөчин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас заасан газарт эдлүүлэхээр тогтоосугай.

4.Нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхээс зайлсхийвэл Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцон хорих ялаар солихыг шүүгдэгч Т.А-д сануулсугай.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Т.А нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                                                                           Б.БАТАА