Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Довчинсэнгээгийн Алтанжигүүр |
Хэргийн индекс | 187/2022/0168/Э |
Дугаар | 2022/ШЦТ/147 |
Огноо | 2022-03-03 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | С.Ууганбаяр |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 03 сарын 03 өдөр
Дугаар 2022/ШЦТ/147
2022 03 03 2022/ШЦТ/147
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч С.Ууганбаяр, хохирогч Г.Э-, шүүгдэгч Х.З-, нарийн бичгийн дарга Б.Алтансувд нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч А овогт Х-гийн З-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн 2210000000183 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1981 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Дорноговь аймагт төрсөн, 41 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Козе апартмент 00 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, А овогт Х-гийн З,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Х.З- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2022 оны 01 дүгээр сарын 24-ний шөнө 01 цагийн орчим Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр Козе апартментын 00 тоотод нөхөр Г.Э-тэй хардалтын улмаас болж маргалдаж, зүүн гар хэсэгт хутгаар хэд хэдэн удаа дүрж биед нь зүүн гарын шуу, сарвуу, алганд зүсэгдсэн шарх, сарвууны ар хэсэгт цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлсэн мэдүүлэг:
Хохирогч Г.Э-: “...Тухайн үед орой хүмүүстэй уулзах ажилтай байж таараад гэртээ оройтоод орж ирсэн, гэртээ орж ирэхэд эхнэр ганцаараа архи уугаад хөгжим асаагаад сууж байсан, эхнэрийн архийг хураагаад, хөгжмийг нь унтраахад уурлаад бид маргалдсан, өмнө нь миний утсанд ирсэн мэссэж, дуудлагаас болоод маргалдсан, тэгээд эхнэр өөрийгөө хутгална гээд хутга авсан, би хутгыг нь авах гэж ноцолдож байхдаа хутгалуулсан, цагдаа нар гаднаас орж ирсэн, одоо эхнэр бид хоёр эвлэрсэн, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, тухайн асуудал надаас болсон...” гэв.
Шүүгдэгч Х.З-: “...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна, би өөрийгөө хутгална гэж хутга авсан, нөхөр надаас хутга булааж авах гээд байсан...” гэв.
Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:
Хохирогч Г.Э- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “....Ажлаа тараад ...23 цаг өнгөрч байхад гэртээ ороход эхнэр архи уучихсан согтуу гал тогооны ширээний хажуу сандал дээр сууж байсан. Тэгээд намайг хаагуур явж байгаад ирж байгаа юм яагаад гар утсаа авахгүй байгаа юм гээд маргаан үүсгэсэн. ...Тайвшруулах гээд орилоход тайвшрахгүй хутга аваад өөрийгөө зүсэх гээд байсан болохоор нь би хутгыг нь булааж аваад өөдөөс чичиж байгаад миний бугуй хэсэгт хутгаа зоочихсон...” /хавтас хэргийн 20-21 дэх тал/ гэсэн,
Шүүгдэгч Х.З- мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би нөхрөө хардаж маргалдаж байгаад тийм зүйл хийсэн. Уг нь хутгаар өөрийгөө зүсэх гэж байсан юм. ...” /хавтас хэргийн 50-51 дэх тал/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн №2201 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Г.Э-ийн биед зүүн гарын шуу, сарвуу, алганд зүсэгдсэн шарх сарвууны ар хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Зүсэгдсэн шарх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн олон удаагийн, цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой шинэ гэмтэл байна.
3. Зүүн гарын шуу, сарвуу, алганд зүсэгдсэн шарх нь тус тусдаа эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” /хавтас хэргийн 30-31 дэх тал/ гэсэн дүгнэлт,
- Дуудлагын лавлагааны хуудас /хавтас хэргийн 4 дэх тал/,
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтас хэргийн 5-13 дахь тал/,
- Г.Э-ийн биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтас хэргийн 34-38 дахь тал/,
- Х.З-гийн биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтас хэргийн 39-43 дэх тал/,
- Шүүгдэгч Х.З-гийн хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтас хэргийн 53 дахь тал/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хавтас хэргийн 56 дахь тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хавтас хэргийн 55 дахь тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтас хэргийн 59 дэх тал/ зэрэг болно.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
1. Шүүгдэгч Х.З- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2022 оны 01 дүгээр сарын 24-ний шөнө 01 цагийн орчим Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр Козе апартментын 00 тоотод нөхөр Г.Э-тэй хардалтын улмаас болж маргалдаж, зүүн гар хэсэгт хутгаар хэд хэдэн удаа зүсэж, биед нь зүүн гарын шуу, сарвуу, алганд зүсэгдсэн шарх, сарвууны ар хэсэгт цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Г.Э-ийн “....Ажлаа тараад ...23 цаг өнгөрч байхад гэртээ ороход эхнэр архи уучихсан согтуу гал тогооны ширээний хажуу сандал дээр сууж байсан. Тэгээд намайг хаагуур явж байгаад ирж байгаа юм яагаад гар утсаа авахгүй байгаа юм гээд маргаан үүсгэсэн. ...Тайвшруулах гээд оролдоход тайвшрахгүй хутга аваад өөрийгөө зүсэх гээд байсан болохоор нь би хутгыг нь булааж аваад өөдөөс чичиж байгаад миний бугуй хэсэгт хутгаа зоочихсон...” /хавтас хэргийн 20-21 дэх тал/ гэсэн, шүүгдэгч Х.З-гийн “...Би нөхрөө хардаж маргалдаж байгаад тийм зүйл хийчихсэн, уг нь хутгаар өөрийгөө зүсэх гэж байсан юм. ...” /хавтас хэргийн 50-51 дэх тал/ гэсэн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны №2201 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: Г.Э-ийн биед зүүн гарын шуу, сарвуу, алганд зүсэгдсэн шарх сарвууны ар хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Зүсэгдсэн шарх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн олон удаагийн, цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой шинэ гэмтэл байна. Зүүн гарын шуу, сарвуу, алганд зүсэгдсэн шарх нь тус тусдаа эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хавтас хэргийн 30-31 дэх тал/ гэсэн дүгнэлт, дуудлагын лавлагааны хуудас /хавтас хэргийн 4 дэх тал/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтас хэргийн 5-13 дахь тал/, Г.Э-ийн биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтас хэргийн 34-38 дахь тал/ зэрэгт хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд дээрх нотлох баримтуудыг үгүйсгэсэн, няцаасан баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Хохирогч Г.Э-ийн эрүүл мэндэд учирсан “...зүүн гарын шуу, сарвуу, алганд зүсэгдсэн шарх сарвууны ар хэсэгт цус хуралт...” бүхий хөнгөн гэмтэл нь шүүгдэгч Х.З-гийн түүнийг хутгаар хатгасан санаатай идэвхтэй үйлдлийн улмаас үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.
Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Х.З-гийн хохирогч Г.Э-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Х.З-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна.
Шүүгдэгч Х.З- нь хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
2. Шүүгдэгч Х.З- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заасны дагуу шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, учруулсан хохирлын хэмжээ, шүүгдэгч өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч маргаагүй зэрэг нөхцөлийг харгалзан прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, уг ялыг 03 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож шийдвэрлэв.
3. Гэмт хэргийн улмаас хохирогч Г.Э-ийн эрүүл мэндэд зүүн гарын шуу, сарвуу, алганд зүсэгдсэн шарх сарвууны ар хэсэгт цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан, хохирогч гэмт хэргийн улмаас учирсан гэмтэлтэй холбоотой хохирол төлбөр нэхэмжлээгүй, гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй байна.
Эрүүгийн 221000000183 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Х.З- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг, хохирогч Г.Э- гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А овогт Х-гийн З-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х-гийн З-г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Х.З-д оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.З- нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 03 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн 221000000183 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Х.З- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг, хохирогч Г.Э- гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Х.З-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.З-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНЖИГҮҮР