Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 19 өдөр

Дугаар Дугаар 102/ШШ2017/01473

 

 

 

 

2017 оны 5 сарын 19 өдөр

Дугаар 102/ШШ2017/01473

 

 

 

         Улаанбаатар хот

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг би,  

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Дүнжингарав хороолол, 108 дугаар байр, 36 тоот хаягт оршин суух, Боржигон овогт Лхамгомбын Одонтуяа /РД:ШУ88112549/-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Сүхбаатар дүүрэг 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Эрхүүгийн гудамж, 10 дугаар байр, 221 тоот хаягт оршин суух, Тайж овогт Лувсангомбын Болормаа /РД:СТ68100106/-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөө, 119 дүгээр байр, 16 тоот хаягт оршин суух, Чойжоо овогт Хадбаатарын Мөнхнайрамдал  /РД:ФД81081610/,

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, 4 дүгээр баг, Хүрэнбулаг, 11 дүгээр хороолол, 2-2 тоот хаягт байрлах, “Онги” ХХК /РД: 2030179/ нарт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 122.278.370 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,

                                  

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Л.Одонтуяа 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Х.Мөнхнайрамдал, “Онги” ХХК нартай барьцааны болон зээлийн гэрээ байгуулж, 23.000 ам.доллар буюу 56.610.360 төгрөгийг 6 сарын хугацаатай, сар бүр 4 хувийн хүүтэй байхаар зээлдүүлсэн. Монгол банкны долларын ханш 1 ам.доллар 2.461 төгрөг 32 мөнгө байх тул 56.610.360 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Зээлийн хүү сарын 4 хувь, 11 сараар тооцоход 24.908.558 төгрөг, алдангийг төлөөгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрүүлэхгүй тооцоход 40.759.460 төгрөг, нийт 65.668.010 төгрөгөөр нэмэгдүүлж байгаа тул хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагын дүн 122.278.370 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа 20.705.950 төгрөгөөр багасгаж, хариуцагч нар нь нэхэмжлэлийн үнийн дүн болох 101.572.420 төгрөгийн 56.000.000 төгрөгийг 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр, үлдэх 45.572.420 төгрөгийг 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр тус тус төлөхөөр харилцан тохирч, эвлэрч байна гэжээ.

 

                                           ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Л.Одонтуяагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Болормаа нь хариуцагч Х.Мөнхнайрамдал, “Онги” ХХК нараас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 56.610.360, зээлийн хүү 24.908.558 төгрөг, хожимдуулсан хугацааны алданги 40.759.460 төгрөг, нийт 122.278.370 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа 20.705.950 төгрөгөөр багасгаж, хариуцагч нар нь нэхэмжлэлийн үнийн дүн болох 101.572.420 төгрөгийн 56.000.000 төгрөгийг 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр, үлдэх 45.572.420 төгрөгийг 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр тус тус төлөхөөр нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож эвлэрсэн байна.

Зохигчдын энэхүү эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

            Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 927.700 төгрөгөөс илүү төлсөн 158.358 төгрөг болон улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 384.671 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид зохигчдын эвлэрсэн дүнд ногдох тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 332.906 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон,

                                            

  ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Л.Одонтуяагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Болормаагийн нэхэмжлэлтэй Х.Мөнхнайрамдал, “Онги” ХХК нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 122.278.370 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа 20.705.950 төгрөгөөр багасгаж, хариуцагч нар нь 101.572.420 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, 56.000.000 төгрөгийг нь 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр, үлдэх 45.572.420 төгрөгийг 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр тус тус төлж барагдуулахаар эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан  нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 927.700 төгрөгөөс илүү төлсөн болон 50 хувийн хамт 543.029 төгрөгийг Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас буцаан гаргуулж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 332.906 төгрөгийг хуваан гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай. 

           3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

                                    ШҮҮГЧ                                               Ч.МӨНХЦЭЦЭГ