Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 221/МА2016/0279

 

 

 

 

                                                

 

 

 

 

 

 

 

“Л” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 10 дугаар шийдвэртэй, “Л” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Алтай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлоор, шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Л” ХХК нь захиргааны хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Манай компани нь Ашигт малтмалын газраас 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдөр зарласан Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгох сонгон шалгаруулалтад Ховд аймгийн Алтай сумын нутаг, 5075.41 га бүхий “Богоч” нэртэй талбайд оролцож, шалгарсан тул Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 886 дугаар шийдвэрээр 19692Х тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг манай компанид олгосон. Энэхүү сонгон шалгаруулалт нь 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж буй Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.12-т заасны дагуу Ашигт малтмалын газраас зарлагдсан билээ. Улмаар Ашигт малтмалын тухай хуулиар олгогдсон эрх үүргийнхээ дагуу 2015 оны хайгуулын ажлын төлөвлөгөө батлуулж, хээрийн ажлаа эхлэх гэсэн боловч 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Алтай сумын Бодонч багийн иргэдийн нийтийн хурал хуралдаж, хайгуулын үйл ажиллагааг зогсоох тухай 04 дүгээр тогтоол гарсныг Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал авч хэлэлцээд Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 18.2-т заалтыг үндэслэн “Хайгуулын үйл ажиллагааг зогсоох тухай” Алтай сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 8/09 дүгээр тогтоол гаргаж бидний ажлыг явуулахгүй зогсоогоод байна. Иймд бид дээд шатны байгууллага болон Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газарт хандсан бөгөөд түүний хариуд сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын уг тогтоол нь хайгуулын ажлыг зогсоох үндэслэл болохгүй ба тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулж байна гэж дүгнэсэн байгаа билээ. Түүнчлэн бидний үзэж байгаагаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 18.2 дахь заалт нь “Сум, дүүргийн Хурал нь Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газар, яам, агентлаг, дээд шатны Хуралд болон төрийн эрх бүхий бусад байгууллага, албан тушаалтанд хуулиар харьяалуулснаас бусад тухайн нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн болон зохион байгуулалтын ямар ч асуудлыг хэлэлцэж бие даан шийдвэрлэх эрхтэй бөгөөд дараах асуудлыг өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж хэрэгжүүлнэ” гэж заасан байгаа бөгөөд манай компанид олгосон тусгай зөвшөөрөл нь Ашигт малтмалын тухай хуулийн дагуу хайгуулын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтаар олгох журмаар олгосон. Энэхүү тусгай зөвшөөрөл олгогдсон үйл ажиллагаа нь Улсын их хурлаас батлагдсан хууль, Уул уурхайн яамнаас батлагдсан тогтоол журмын дагуу Ашигт малтмалын газраас зохион байгуулж, явагдсан бөгөөд энэ нь дээрх байгууллагуудад харьяалуулсан асуудал тул Алтай сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 8/09 дүгээр тогтоол нь өөрийн эрх хэмжээнээс хэтэрсэн шийдвэр боллоо гэж үзэж байна. Иймд Ховд аймгийн Алтай сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 8/09 дүгээр тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч, Ховд аймгийн Алтай сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ө.Э шүүхэд гаргасан тайлбартаа: “Ховд аймгийн Алтай сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн ээлжит 8 дугаар хуралдааны 08/09 дүгээр тогтоол хэрхэн батлагдсан, ямар нөхцөл байдал үүссэн тухай тайлбарыг хүргүүлж байна. 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хуралдсан Бодонч багийн Иргэдийн нийтийн хурлаас тогтоол гаргаж, тус багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй “Л” ХХК-нийн үйл ажиллагааг зогсоож өгөхийг хүссэн хүсэлтийг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 8 дугаар хуралдаанд өргөн барьсан. Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасны дагуу багаас гаргасан санал хүсэлтийг хэлэлцээд Иргэдийн төлөөлөгчдийн 100 хувийн саналаар Л ХХК-нийн хайгуулын үйл ажиллагааг зогсоох тухай тогтоол гаргасан. Сумын засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг үйл ажиллагаа явуулж байгаа эсэхэд хяналт тавьж ажиллаж байна” гэжээ.

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 10 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1, 12.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Ховд аймгийн Алтай сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуралдааны 8/09 дугаартай “Хайгуулын үйл ажиллагааг зогсоох тухай” тогтоолыг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгожээ.

Хариуцагч давж заалдах гомдолдоо: “... Тус шийдвэр нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 18.2, 25 дугаар зүйлийн 25.1, 25.4 дүгээр заалтуудаар олгогдсон онцгой бүрэн эрхийг хөндсөн шийдвэр боллоо гэж үзэж байна. Манай хурлын хуралдааны 8/09 дүгээр тогтоолын үндэслэл нь иргэд, иргэдийн нөхөрлөл, төрийн бус байгууллага, Бодонч багийн иргэдийн Нийтийн Хурал, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны тогтоолоор дэмжигдсэн, хамтын шийдвэр байгаад оршино. Мөн “Л” ХХК-ийн ажилчид гэх “Богоч” нэртэй талбайд хайгуулын үйл ажиллагаа эрхлэхээр ирсэн иргэд нь Байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлуулаагүй, ямар ч хамгаалалтгүйгээр сум дотор тэсэрч дэлбэрэх бодис тээвэрлэсэн, эрх бүхий улсын байцаагчаас тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлдэггүй, орон нутагтай хамтран ажиллах сонирхолгүй, уг компанийн ямар ч үнэмлэх, бичиг баримтгүй хятад болон монгол иргэд байгаа тул Ашигт малтмалын тухай хуулийн  35, 37, 38, 42, 43 дугаар зүйлүүд, 66 дугаар зүйлийн 66.1.1, 66.1.4, 66.1.5, 66.3 дугаар заалтуудыг зөрчсөн хариуцлага хүлээлгэх үндэслэл болж байгааг харгалзан үзээд Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 8 дугаар хуралдааны 8/09 тоот тогтоол гарсан болохыг анхааран үзнэ үү. Иймд эдгээр нөхцөл байдлыг цэгнэн, шийдвэрийг хүчингүй болгож өгөхийг хүсье” гэжээ.

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүх нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, “Л” ХХК-ийн Ховд аймгийн Алтай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 8/09 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.

            Хариуцагчаас “...шүүхийн шийдвэр нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 18.2, 25 дугаар зүйлийн 25.1, 25.4 дүгээр заалтуудаар олгогдсон онцгой бүрэн эрхийг хөндсөн. Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн, хариуцлага хүлээлгэх үндэслэл болж байгааг харгалзан үзээд бүрэн эрхийнхээ хүрээнд 8/09 тоот тогтоол гаргасан” гэж давж заалдах гомдлын үндэслэлээ тайлбарласан байна.

            Ховд аймгийн Алтай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн “Хайгуулын үйл ажиллагааг зогсоох тухай” 8/09 дүгээр тогтоолоор[1] Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2 дахь заалт, Бодонч багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 04 дүгээр тогтоолыг үндэслэн тус сумын Бодонч багийн нутаг дэвсгэр дэх “Богоч” нэртэй 19692Х дугаартай лицензээр олгосон талбайд хайгуулын ажил явуулахыг хориглосон шийдвэр гаргасан нь хуульд нийцээгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байна.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 886 дугаар шийдвэрийн “Хоёр” дахь заалтаар “Л” ХХК-д Ховд аймгийн Алтай сумын нутаг “Богоч” нэртэй газарт орших 5075.41 га талбайд XV-019692 дугаар бүхий ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг[2] 2018 оны 10 дугаар сарын 21-ний өдрийг дуустал хугацаагаар олгосон байх ба олгогдсоноос хойш хугацаанд нэхэмжлэгч дээрх тусгай зөвшөөрлийн хүрээнд хайгуулын ажлын төлөвлөгөөг батлуулж, хээрийн ажлаа эхлүүлээгүй, үйл ажиллагаа явуулж эхлээгүй байсан байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт ашигт малтмалын асуудлаар нутгийн захиргааны болон өөрөө удирдах байгууллагын эрхийг хуульчилсан бөгөөд мөн зүйлийн 12.1.2 дахь хэсэгт “харьяалах нутаг дэвсгэрт нь тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг зориулалтаар ашиглуулах, зөрчил гаргавал таслан зогсоох”; 12.1.3 дахь хэсэгт “байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, хүн амын эрүүл мэндийг хамгаалах болон орон нутгийн төсөвт төвлөрүүлэх төлбөрийн талаар хүлээсэн үүргээ тусгай зөвшөөрөл эзэмшигч хэрхэн биелүүлж байгаад хяналт тавих”-аар зохицуулснаас үзвэл сумын иргэдийн Хуралд  эрх бүхий этгээдээс хайгуулын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайд хайгуулын үйл ажиллагаа явуулахыг зогсоох шийдвэр гаргах эрх олгогдоогүй, харин тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээд харьяалах нутаг дэвсгэрт нь тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг зориулалтаар нь ашиглуулах, зөрчил гаргавал таслан зогсоох, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, орон нутгийн төсөвт төвлөрүүлэх төлбөрийн талаар хүлээсэн үүргээ тусгай зөвшөөрөл эзэмшигч хэрхэн биелүүлж байгаад хяналт тавих эрхийг хэрэгжүүлэхээр зохицуулжээ.  

            Хариуцагч маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Ховд аймгийн Алтай сумын Бодонч багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуралдааны 04 дүгээр тогтоолыг[3] үндэслэл болгосон байх бөгөөд багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны тэмдэглэл, гэрчүүдийн мэдүүлгүүдээс үзэхэд нутгийн иргэд тухайн газарт зөвшөөрөлгүйгээр хайгуул, олборлолт хийдэг байсан, иргэд бичил уурхайн хэлбэрээр ашиглах талаар орон нутгийн удирдлагаар дамжуулан эрх бүхий байгууллагад хандаж байсан боловч шийдвэрлэх боломжгүй талаар хариу ирж байсантай холбоотойгоор багийн иргэдээс тухайн нутаг дэвсгэр дээр нь хайгуулын үйл ажиллагаа явуулахгүй байхыг эсэргүүцсэн санал ирүүлсэн нь Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасны үндсэн дээр олгогдсон тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хайгуулын үйл ажиллагаа явуулахыг хориглосон шийдвэр гаргах үндэс болохгүйгээс гадна нэхэмжлэгч “Л” ХХК-ийг хайгуулын үйл ажиллагаагаа эхлээгүй байхад /учир нь сумын Засаг дарга төлөвлөгөөг баталж өгөөгүйгээс үйл ажиллагаа явуулаагүй байгаа/ зөрчил гаргасан гэж үзсэн нь үндэслэлгүй, тодруулбал тухайн тусгай зөвшөөрөл эзэмшигч ямар нэг байдлаар зөрчил гаргасан болох нь хэрэгт авагдсан баримт болон хэргийн оролцогчдын тайлбараар тогтоогдоогүй байна.

            Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт “Сум, дүүргийн Хурал нь Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газар, яам, агентлаг, дээд шатны Хуралд болон төрийн эрх бүхий бусад байгууллага, албан тушаалтанд хуулиар харьяалуулснаас бусад тухайн нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн болон зохион байгуулалтын ямар ч асуудлыг хэлэлцэж бие даан шийдвэрлэх эрхтэй бөгөөд дараах асуудлыг өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж хэрэгжүүлнэ”, 18.2 дахь хэсэгт “Сум, дүүргийн Хурал нь хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гэж заасан сумын Хуралд олгогдсон бүрэн эрхэд Ашигт малтмалын тухай хуулийн дагуу эрх бүхий этгээдээс сонгон шалгаруулалтаар олгосон тусгай зөвшөөрлөөр үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрхийг хориглосон шийдвэр гаргах эрх хамаарахгүй.

Түүнчлэн Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.13 дахь хэсэгт заасны дагуу “аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хорооны иргэдийн нийтийн Хурал, тэдгээрийн Тэргүүлэгчид”-ийн гаргасан захиргааны актад холбогдох маргааныг захиргааны хэргийн шүүх хянан шийдвэрлэхээр заасан тул хариуцагчийн “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4-д Хурлаас гаргасан тогтоол, бусад шийдвэр нь хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрт нийцээгүй бол түүнийг тухайн Хурал өөрчлөх буюу хүчингүй болгоно гэж заасан байгаа. Зөвхөн тухайн Хурал тогтоолоо хүчингүй болгохоос биш дээд шатны байгууллага, эсхүл шүүх хүчингүй болгоно гэсэн заалт байхгүй” гэх хариуцагчийн тайлбар, гомдлыг хүлээн авах боломжгүй байна.         

Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

  

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 10 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсгийг баримтлан хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:                                  

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Б.МӨНХТУЯА 

ШҮҮГЧ                                                           С.МӨНХЖАРГАЛ 

ШҮҮГЧ                                                           Д.БААТАРХҮҮ

 

[1] Хэргийн 76 дахь тал

[2] Хэргийн 4-6, 41 дэх тал

[3] Хэргийн 77 дахь тал