| Шүүх | Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвын Жамбалсүрэн |
| Хэргийн индекс | 152/2017/00363/И |
| Дугаар | 24 |
| Огноо | 2016-08-29 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 08 сарын 29 өдөр
Дугаар 24
Ч.Болормаагийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Нямбаяр даргалж, Ерөнхий шүүгч Н.Туяа, Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй хийж, Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 466 дугаар шийдвэртэй, Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар багт оршин суух Шангас овогт Чилдээгийн Болормаагийн нэхэмжлэлтэй, хариуцагч Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багт оршин суух Чимэдцэрэнгийн Пүрэвнямд холбогдох иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэнгийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ч.Болормаагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Нямбат, хариуцагч Ч.Пүрэвням, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Тамираа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэл 13.000.000 төгрөг гаргуулах тухай.
Нэхэмжлэлийн агуулга: “Миний бие 2014 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Western nomads рестораны барилгыг Ч.Пүрэвнямд худалдах, худалдан авах гэрээний дагуу 130.000.000 төгрөгөөр худалдсан бөгөөд тухайн үед 60 сая төгрөгийг бэлнээр авсан. Түүнээс хойш надад хариуцагч нь дараах мөнгийг өгсөн. Үүнд байрны урьдчилгааны 29.815.000 төгрөг, миний цалингийн зээл 7.072.846 төгрөг, манай нөхрийн цалингийн зээл 13.380.160 төгрөгийг хаасан ба нийт 50.268.006 төгрөгийг авсан. Үлдэгдэл 8.231.994 төгрөгийг төлөөгүй ба 5 сая төгрөгийг нэмж өгье гэж аман тохиролцоо хийсэн байсан. Иймд Ч.Пүрэвнямаас үл хөдлөх хөрөнгө худалдсан төлбөрийн үлдэгдэл болох 13.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.
Хариуцагчийн тайлбарын агуулга: “Ч.Болормаагаас үйлчилгээний зориулалттай объектыг 130.000.000 төгрөгөөр худалдан авахаар урьдчилгаа 80.000.000 төгрөгийг өгсөн ба үлдэх төлбөрийг банкны зээл гаргуулан өгөхөөр болсон боловч зээлийн барьцаанд тавих газрын гэрчилгээ эзэмшигчийг солиулж чадаагүй тул тухайн зээл бүтээгүй. Тэгээд өгсөн 80.000.000 төгрөгөө буцаан аваад тухайн объектыг буцаах гэсэн боловч миний өгсөн мөнгөөр Ч.Болормаа нь зээлээ хаасан байсан. Ингээд төлбөр төлөх хугацаа удааширч эхэлсэн. Өнөөдрийн байдлаар бид дараах тооцоотой байна. Бэлнээр 71.500.000 төгрөг, байрны урьдчилгаанд 29.325.000 төгрөг, цалингийн зээл хааж 20.450.000 төгрөг, Бэгзэн аваас бэлэн 1.100.000 төгрөг, нийт 122.375.000 төгрөг төлж, 7.625.000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Харин би үлдэгдэл мөнгийн дундаа тохиролцоод 8.000.000 төгрөгийг төлж барагдуулна. Харин 5.000.000 төгрөгийг нэмж өгнө гэж огт тохиролцоогүй. Нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 13.000.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэжээ.
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 466 дугаар шийдвэрээр: “1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.1.1, 43.3-т зааснаар хариуцагч Ч.Пүрэвнямаас 13.000.000 /арван гурван сая/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.Болормаад олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Ч.Болормаагийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 222.950 /хоёр зуун хорин хоёр мянга есөн зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Пүрэвнямаас 222.950 /хоёр зуун хорин хоёр мянга есөн зуун тавь/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.Болормаад олгосугай.” гэж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга: “Анхан шатны шүүх шийдвэртээ "зохигчид 8.231.994 төгрөг дээр нэмж 5.000.000 төгрөгийг хариуцагч төлөхөөр харилцан тохиролцсон, энэ тухай талууд бичгийн баримт бичиг үйлдээгүй ч Иргэний хуулийн 40 дугаар зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.1.1, 43.3-т заасан хэлцэл хийгдсэн" гэж дүгнэж, хууль буруу хэрэглэж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь талууд 5.000.000 төгрөг нэмж өгөх талаар тохиролцож хийсэн хэлцэл байхгүй, мөн ямар нэгэн баримт бичиг үйлдээгүй. Гэтэл анхан шатны шүүх зөвхөн нэхэмжпэгчийн нөхөр болох Н.Нямбатыг гэрчээр асууж зөвхөн түүний тайлбарыг үндэслэн нэхэмжлэгчийн амаар хэтэрхий нэг талыг барьж 5.000.000 төгрөг нэмж төлүүлэхээр шийдвэрлэсэнд гомдолтой байна. Би 8.000.000 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрээр 5.000.000 төгрөг нэмж төлүүлэхээр шийдвэрлэсэн хэсгийг хасч хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэлтэй дүгнэлт хийгээгүйгээс хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан шүүхийн шийдвэрт давж заалдах шатны шүүх өөрчлөлт оруулж зөвтгөх нь зүйтэй байна.
Хариуцагч Ч.Пүрэвням нь анхан шатны шүүхэд “би Ч.Болормаад өгөх ёстой 130.000.000 төгрөгөөс 122.375.000 төгрөгийг төлж, үлдэгдэл 7.625.000 төгрөгийг барагдуулна.” /хх 19 дүгээр тал/ тайлбар гаргаснаа шүүх хуралдаанд “дундаа хийгээд 8.000.000 төгрөг өгөх боломжтой” /хх 46 дугаар тал/ гэж төлөх төлбөрийн хэмжээгээ нэмэгдүүлсэн ба нэхэмжлэгч Ч.Болормаа нэхэмжлэлдээ “төлбөрийн үлдэгдэл 13.231.994 төгрөг гаргуулахаас 13.000.000 төгрөгийг л нэхэмжилж байна. Учир нь хариуцагч өгөх ёстой 130 сая төгрөг дээрээ нэмж 5 сая төгрөгийг өгөхөөр аман хэлцлээр тохиролцсон.” /хх 1,39 талууд/ гэж тус тус тайлбарлажээ.
Хариуцагч 5 сая төгрөгийг нэмж өгөхөөр тохиролцсон талаар хүлээн зөвшөөрөөгүй буюу зохигчид нь 13 сая төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас “аман хэлцлээр тохиролцсон” гэх 5 сая төгрөг дээр маргаж байна.
Нэхэмжлэгч Ч.Болормаагийн өөрийн нөхөр Н.Нямбатаар тайлбар гаргуулах /хх 41 дүгээр тал/ хүсэлтийг шүүх хүлээн авч /хх 46, 47 дугаар талууд/ гэрч Н.Нямбатын “аман хэлцлээр 5.000.000 төгрөг хариуцагч Ч.Пүрэвням төлөхөөр тохирсон.” гэх тайлбарыг үндэслэн шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.
Шүүх нэхэмжлэгч Ч.Болормаагийн нөхөр Н.Нямбатын дээрх тайлбарыг нотолсон өөр баримт хэрэгт байхгүй байхад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй гэж уг тайлбарыг үнэлсэн нь үндэслэлгүй болжээ.
Зохигчид худалдах худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр дээр 5.000.000 төгрөг нэмэгдүүлэх талаар харилцан тохиролцсон, эсхүл нэхэмжлэгчийн энэхүү хүсэл зоригийн илэрхийллийг хариуцагч хүлээн авснаа тодорхой үйлдлээр илэрхийлсэн тухай баримт хэрэгт авагдаагүй байхад Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсгүүдийг анхан шатны шүүх буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагаас 5.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.
Иймд Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 466 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 2 дугаар заалтад өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.
Хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авч байгаа тул түүний давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142.950 төгрөгийг буцаан олгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2.-т заасныг удирдлага болгож, ТОГТООХ нь:
1. Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 466 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар хариуцагч Ч.Пүрэвнямаас 8.000.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.Болормаад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,
-2 дахь заалтын “...Ч.Пүрэвнямаас 222.950 төгрөгийг” гэснийг “Ч.Пүрэвнямаас 142.950 төгрөгийг” гэж тус тус өөрчилж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч Ч.Пүрэвнямын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142.950 төгрөгийг шүүгчийн захирамжаар түүнд буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар давж заалдах шатны “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” үндэслэлүүдээр зохигч,гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.НЯМБАЯР
ШҮҮГЧИД Н.ТУЯА
Д.ЖАМБАЛСҮРЭН