Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 93

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Нармандах даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Алтансүх,

Улсын яллагч Э.Болор,

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Үүрцайх,

Шүүгдэгч Б.Наранбаатар, Ч.Наранболд, П.Батхүрэл нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй  хийсэн шүүх хуралдаанаар

Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1, 99.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Лувсандорж овогт Базаррагчаагийн Наранбаатар, Лувсандорж овогт Чулууны Наранболд, Жанцан овогт Пүгүүгийн Батхүрэл нарт холбогдох эрүүгийн 201610010106 тоот хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 1973 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Дорноговь аймагт төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр баг 8 дугаар хэсэг 1-88 тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй Лувсандорж овогт Базаррагчаагийн Наранбаатар /EO73042471/,

2. Монгол Улсын иргэн, 1968 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Дорноговь аймагт төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сумын “Сүлд" багийн 139-55 тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй Лувсандорж овогт Чулууны Наранболд /ЕO68052070/,

3. Монгол Улсын иргэн, 1974 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Увс аймгийн Өндөрхаан суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр баг 19-1 тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй Жанцан овгийн Пүгүүгийн Батхүрэл /ОК74041618/

Холбогдсон хэргийн талаар:

- Шүүгдэгч Б.Наранбаатар нь 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар баг Мобикомын гудамжинд П.Батхүрэлтэй хувийн таарамжгүй харьцаа үүсгэн маргалдаж улмаар Ч.Наранболдтой бүлэглэн П.Батхүрэлийг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан,

- Шүүгдэгч Ч.Наранболд нь 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар баг Мобикомын гудамжинд хувийн таарамжгүй харьцааны улмаас Б.Наранбаатартай бүлэглэн П.Батхүрэлийг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан,

- Шүүгдэгч П.Батхүрэл нь 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар баг Мобикомын гудамжинд хувийн таарамжгүй харьцааны улмаас Б.Наранбаатартай маргалдаж улмаар толгойн тус газарт нь төмрөөр цохиж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэнд авагдснаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн  хэлэлцүүлэгт  дараахь  нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

   -        Шүүгдэгч, хохирогч П.Батхүрэл мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт: “... 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдөр 16 цагийн үед Б.Наранбаатараас цалин болох 200,000 төгрөг авах гээд Наранжаргалын гадаа уулзахаар тохирчихоод Наранжаргалын гэрлүү явж байх замд “Элгэн баян” дэлгүүрийн гадаа Б.Наранбаатарын машин байхаар нь би машинтайгаа очиж зогссон чинь Б.Наранбаатар надад 200,000 төгрөг өгчихөөд эхнэрээрээ яриуллаа гээд зүүн талын гар луу 2-3 удаа цохихоор нь би машиныхаа буруу талаар бууж очоод цамцнаас зууралдаж заамдалцсан бид хоёрыг надтай хамт явж байсан Нарангэрэл, Наранбаатарын эхнэр Навчаа нар салгасан... тэгээд би Наранжаргалын гадаа ачааныхаа том тэрэгний хойд талд сууж байсан Наранбаатар араас ирэхээр нь өөдөөс нь босоход Наранбаатар баруун гараараа миний нүүрлүү цохих гээд амжаагүй би гараараа хаасан чинь Наранбаатар газраас ямар нэгэн зүйл авах гээд хайж байхаар нь ертөнцийн зүгээр би хойшоо зугтааж байхад Наранболд миний өөдөөс галын хайч барьж хүрч ирэхээр нь би газраас 1 метрийн хэмжээтэй булан хөндлөн төмөр барьж зогсоход Наранболд галын хайч барьж, Наранбаатар дорцов барьж надруу дайраад байхаар нь би хөндлөн булан төмрөөрөө хааж түлхчихээд төмрөө газар хаясан. Тухайн үед Наранболд галын хайчаар 1 удаа миний хөмсөгний дээд талд зүүн талын шанаа орчимд 3 удаа цохихоор нь эргээд зугтах гэтэл миний толгойн хойд хэсэг рүү Наранбаатар гартаа барьж байсан гурвалжин дугуйн дорцовоор 2 удаа цохисон Наранболд гартаа барьж байсан хайчаар миний араас хөөж автомашины зүүн талд гарч ирээд толгойн ар хэсэг рүү 2 удаа цохихоор нь би газраас машины багаж авч Наранбаатарын толгойн тус газарт 1 удаа цохисон. Наранбаатарын биед гэмтэл учруулсан нь үнэн. Наранбаатар, Наранболд хоёр над руу хоёулаа дайрч миний толгой руу цохьсон. Гар хөлөнд ямар нэгэн гэмтэл аваагүй, гомдол санал байхгүй, эмчилгээний зардал 425,700 төгрөгийг нэхэмжилнэ. Эмчилгээний зардал аваагүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-15/,   

 

- Шүүгдэгч, хохирогч Б.Наранбаатар мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт: “... 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдөр 9 цагийн үед Улаанбаатар хот ачсан ачааны хөлс орж ирэхээр нь би Батхүрэлийн 96663375 гэсэн дугаарлуу нь залгаж ачааны хөлс орж ирчихлээ ирж мөнгөө ав гэж хэлэхэд Батхүрэл завгүй байна тэгэж байгаад авна гэсэн тэгээд 17 цагийн үед залгаж мөнгөө авъя гэхээр нь “Элгэн баян” бөөний төв дээр байна хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд ирэхээр нь 200,000 төгрөгийг нь өгчихөөд хогийн эр авгайгаа урьдаа барьж мөнгө нэхүүлээд байхдаа яадаг юм чамайг дагуулж явснаас авгайг чинь дагуулж яваагүй шүү гээд нэг алгадсан чинь Батхүрэл машинаас бууж ирээд цамцны захаас барьж хоолой боогоод бид хоёр хэсэг зуур зууралдсан манай эхнэр машинаас бууж ирээд салгасан. Намайг хүнс цуглуулаад явж байхад Батхүрэл ... миний дугаар луу залгаад Наранжаргалын гадаа байна хүрээд ир зодолдоё гээд залгаад байсан. Наранболд, бид хоёр Наранжаргалын гэрээс галын хайч авах гээд яваад очиход Батхүрэл Наранжаргалын гадаа машин янзлаад зогсож байсан. Би Наранжаргалын гадаа очоод Батхүрэл дээр очиж машины түлхүүр болох багаж аваад Батхүрэл рүү даарсан. Батхүрэл зугтсан. Би Батхүрэлийг цохьсон боловч Батхүрэл гараараа хаагаад цохиулаагүй. Тэгээд байж байтал Наранболд гарч ирээд салгах гээд болохгүй болохоор Батхүрэлийг цохьсон байх, хаана нь цохьсныг мэдэхгүй. Би гар луу нь цохьсон байх.  Би Батхүрэлийн толгой руу цохиогүй, гэмтэл хэн учруулсныг мэдэхгүй. Батхүрэл миний толгой руу 2-3 удаа төмөрөөр цохьсон. Гараараа миний зүүн хөмсөг рүү 1 удаа цохисон. Би байцаагчид картаа өгсөн гэтэл хэрэгт байхгүй байна лээ. Картан дээр бичиж өгсөн эм тариаг би авсан, толгойндоо оёо тавиулсан. Надад гомдол санал байхгүй, Батхүрэл эмчилгээний зардал нэхэхгүй бол би нэхэхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-18 /,

- Шүүгдэгч Ч.Наранболд мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт: “... 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдөр манай гэрийнхэн хорхог хийж идэх гээд ах Наранжаргалийн гэрээс хайч авахаар Наранбаатартай очсон. Тэгээд Наранжаргалын гэрээс галын хайч аваад гадаа гарахад Б.Наранбаатар байхгүй байсан. Тэгээд байшин тойроход Наранбаатар, Батхүрэл хоёр байшингийн хойно зодолдож байхаар нь очиж салгах гэхэд миний хавиргыг хөндчихөөр нь барьж явсан хайчаараа нэг удаа цохьсон. Тэгээд би явсан. Тэр үед миний хавирга хугарчихсан байсан энэ хоёр мэдэж байгаа. Батхүрэлийн толгойн тус газарт нь галын хайчаар нэг л удаа цохисон” гэсэн мэдүүлэг /хх-ийн 77, 108/,

- Гэрч Б.Навчаа мөрдөн байцаалтанд: “...Элгэн баян дэлгүүрийн гадаа хүнсний зүйл авах гээд машинд сууж байхад манай нөхөр Наранбаатар нь Батхүрэл ирчихлээ мөнгийг нь өгчихөөд ирье гээд надаас 200,000 төгрөг аваад буусан нээх удалгүй би машин дотроос Батхүрэлийн машин руу харахад Батхүрэл Наранбаатарын энгэрийн захнаас нь барьж хоолойг нь боочихсон байхаар нь бууж очоод салгасан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20/,

- Гэрч Ч.Наранжаргал мөрдөн байцаалтад өгсөн: “...2016 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 16 цагийн үед Эрээн хотоос орж ирээд гэртээ очиход Батхүрэлийн тээврийн хэрэгслийн хажууд Батхүрэл, Наранбаатар нар хоорондоо зодолдож Наранбаатарын толгойноос цус гарсан байдалтай байхаар нь би салгах гэтэл салахгүй байхаар нь Батхүрэлийг түлхсэн чинь намайг нийлж зодлоо гэх мэтээр хэл амаар доромжлоод байсан...Хэрэг болох үед би Батхүрэлийг зодоогүй хэрүүл маргаан болоогүй харин салгах гэж ганц нэг удаа түлхсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26/,

-  Шинжээч эмч П.Гаваасүрэн мөрдөн байцаалтад: “П.Батхүрэлийн биед тархи доргилт, толгойны хуйхны зүүн чамархай хэсгийн зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхинд цус хуралт, зовхины дээд хэсэгт зулгаралт гэсэн гэмтлүүд тогтоогдсон. Тархи доргилт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4. 1 дэх хэсэгт зааснаар хөнгөн гэмтэлд хамаарна бусад толгойн хуйхны зүүн чамархай хэсгийн зөөлөн эдийн няцрал зүүн нүдний зовхинд цус хуралт зовхины дээд хэсэгт зулгаралт гэсэн гэмтлүүд нь дангаараа болон нийлээд гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6 дэх хэсэгт зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. ...Б.Наранбаатарын биед зүүн хөмсөгний сүүл хэсэгт язарсан шарх, толгойн орой хэсэгт язарсан шарх, зүүн хөлний нэгдүгээр хурууны ар талд зулгаралт гэсэн гэмтлүүд тогтоогдсон зүүн хөмсөгний сүүл хэсэгт язарсан шарх, толгойн орой хэсэгт язарсан шарх гэмтлүүд нь дангаараа болон нийлээд гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27/,      

- Шинжээч эмчийн 2016 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 235 тоот дүгнэлтэнд: “П.Батхүрэлийн биед тархи доргилт, толгойн хуйхны зүүн чамархай хэсгийн зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхинд цус хуралт, зовхины дээд хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ. Учирсан гэмтлүүдийн тархи доргилт гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг, толгойн хуйхны зүүн чамархай хэсгийн зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхинд цус хуралт зовхины дээд хэсэгт зулгаралт нь дангаараа болон нийлээд шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6.1-д зааснаар гэмтлийн зэрэг тогтоогдохгүй.  болно” гэсэн дүгнэлт /хх-ийн 32/,

-  Шинжээч эмчийн 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 243 тоот дүгнэлтэнд: “Б.Наранбаатарын биед зүүн хөмсөгний сүүл хэсэгт язарсан шарх, толгойн орой хэсэгт язарсан шарх, зүүн хөлийн 1 дүгээр хурууны ар талд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэлүүд нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ. Учирсан гэмтлүүдийн зүүн хөмсөгний сүүл хэсэгт язарсан шарх, толгойн оройн хэсэгт язарсан шарх гэмтэл нь дангаараа болоод нийлээд шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг, зүүн хөлийн 1 дүгээр хурууны ар талын зулгаралт нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6.1-д зааснаар гэмтлийн зэрэг тогтоогдохгүй болно” гэсэн дүгнэлт /хх-ийн 43/,

- П.Батхүрэлийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, Сүлд багийн тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 46-48/,

- Б.Наранбаатарын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, Сүлд багийн тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 54-56/,

- Ч.Наранболдын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, Сүлд багийн тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 62-64/,

- Вендо ХХК-ийн зурагтны үнийн тодорхойлолт /хх-ийн 90, 95, 101/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Замын-Үүд сум дахь сум дундын Прокурорын газраас П.Батхүрэлийг хувийн таарамжгүй харьцааны улмаас Б.Наранбаатартай маргалдаж улмаар зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан, Б.Наранбаатар, Ч.Наранболд нарыг бүлэглэн хувийн таарамжгүй харьцааны улмаас П.Батхүрэлтэй маргалдаж улмаар зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байна. 

Шүүгдэгч П.Батхүрэл, Б.Наранбаатар, Ч.Наранболд нар нь 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар баг Мобикомын гудамжинд хувийн таарамжгүй харьцаанаас үүдэн улмаар зодолдож П.Батхүрэл нь Б.Наранбаатарын биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан, Б.Наранбаатар, Ч.Наранболд нар нь бүлэглэн П.Батхүрэлийн биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд, хохирогч П.Батхүрэлийн “...Наранбаатар баруун гараараа миний нүүрлүү цохих гээд амжаагүй би гараараа хаасан чинь Наранбаатар газраас ямар нэгэн зүйл авах гээд хайж байхаар нь ... би хойшоо зугтааж байхад Наранболд миний өөдөөс галын хайч барьж хүрч ирэхээр нь би газраас 1 метрийн хэмжээтэй булан хөндлөн төмөр барьж зогсоход Наранболд галын хайч барьж, Наранбаатар дорцов барьж над руу дайраад байхаар нь би хөндлөн булан төмрөөрөө хааж түлхчихээд төмрөө газар хаясан. Тухайн үед Наранболд галын хайчаар 1 удаа миний хөмсөгний дээд талд зүүн талын шанаа орчимд 3 удаа цохихоор нь эргээд зугтах гэтэл миний толгойн хойд хэсэг рүү Наранбаатар гартаа барьж байсан гурвалжин дугуйн дорцовоор 2 удаа цохисон ... би газраас машины багаж авч Наранбаатарын толгойн тус газарт 1 удаа цохисон” гэсэн мэдүүлэг, хохирогч Б.Наранбаатар “ ... алгадсан чинь Батхүрэл машинаас бууж ирээд цамцны захаас барьж хоолой боогоод бид хоёр хэсэг зуур зууралдсан манай эхнэр машинаас бууж ирээд салгасан…Батхүрэл дээр очиж машины түлхүүр болох багаж аваад Батхүрэл рүү даарсан. Батхүрэл зугтсан. Би Батхүрэлийг цохьсон боловч Батхүрэл гараараа хаагаад цохиулаагүй. Тэгээд байж байтал Наранболд гарч ирээд салгах гээд болохгүй болохоор Батхүрэлийг цохьсон байх, хаана нь цохьсныг мэдэхгүй” гэсэн мэдүүлэг, гэрч Б.Навчаагийн “...Батхүрэлийн машин руу харахад Батхүрэл Наранбаатарын энгэрийн захнаас нь барьж хоолойг нь боочихсон байхаар нь бууж очоод салгасан” гэсэн мэдүүлэг, гэрч Ч.Наранжаргалын “...гэртээ очиход Батхүрэлийн тээврийн хэрэгслийн хажууд Батхүрэл, Наранбаатар нар хоорондоо зодолдож Наранбаатарын толгойноос цус гарсан байдалтай байхаар нь би салгах гэтэл ...” гэсэн мэдүүлэг, шинжээчийн 2016 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 235 тоот, 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 243 тоот дүгнэлтүүд болон хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч “... Б.Наранбаатар нь  П.Батхүрэлийг биед гэмтэл учруулаагүй нь Б.Наранбаатарын мэдүүлэг болон П.Батхүрэлийн мэдүүлгээр нотлогдож байна. П.Батхүрэл Наранбаатар намайг цохьсон боловч би гараараа хаагаад байсан гэж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлдэг, Ч.Наранболд галын хайчаар цохьсон гэдэг. П.Батхүрэлийн биед учирсан гэмтлийг Б.Наранбаатар учруулсан нь нотлогдохгүй байгаа учраас Б.Наранбаатарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох...” гэж мэтгэлцсэн нь үндэслэлгүй байна.  Б.Наранбаатар, П.Батхүрэл нар нь зодолдож байхад Ч.Наранболд хажуунаас нь орж П.Батхүрэлийг галын хайчаар цохьсон үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүгдэгч нарын мэдүүлгээр нотлогддог. Бүлэглэж үйлдсэн гэдэг нь хоёр ба түүнээс дээш этгээд урьдчилан үгсэж тохиролцохгүйгээр үйлдлээрээ нэгдэж, хэрэгжүүлэхийг хэлдэг. Бусдын биед хэн нь гэмтэл учруулсан байх нь хамааралгүй, үйлдлээрээ нэгдсэн бол бүлэглэж үйлдсэн гэж үздэг.

Иймд шүүгдэгч Б.Наранбаатар, Ч.Наранболд нарыг бүлэглэн бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан, шүүгдэгч П.Батхүрэлийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.

Хохирогч нар нь гомдол саналгүй гэх боловч гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөр төлөгдөөгүй байх тул шүүгдэгч П.Батхүрэлд холбогдох хэргийг хохирогчтой эвлэрсэн гэж үзэж хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй байна.

Шүүгдэгч Б.Наранбаатар, Ч.Наранболд, П.Батхүрэл нарт ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн, хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгч П.Батхүрэл, Б.Наранбаатар, Ч.Наранболд нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт хэрэгт эд мөрийн баримт болон шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Гэмт хэргийн улмаас хохирогч П.Батхүрэлд 425,700 төгрөгний хохирол, хохирогч Б.Наранбаатарт 534,750 төгрөгний хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байх тул шүүгдэгч Б.Наранбаатар, Ч.Наранболд нараас тус бүр 212,850 төгрөгийг гаргуулан хохирогч П.Батхүрэлд, шүүгдэгч П.Батхүрэлээс 534,750 төгрөг гаргуулан хохирогч Б.Наранбаатарт олгож шийдвэрлэлээ.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-299  дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Жанцан овогт Пүгүүгийн Батхүрэлийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг, Лувсандорж овогт Базаррагчаагийн Наранбаатар, Лувсандорж овогт Чулууны Наранболд нарыг бүлэглэж бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус  тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар шүүгдэгч Пүгүүгийн Батхүрэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээ буюу 960,000 /есөн зуун жаран мянга/ төгрөгийн торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар шүүгдэгч Базаррагчаагийн Наранбаатар, Чулууны Наранболд нарыг 251 /хоёр зуун тавин нэгэн/ цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3-т зааснаар шүүгдэгч П.Батхүрэлд оногдуулсан торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл уг ялыг хорих ялаар солихыг дурдсугай.

4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3-т зааснаар шүүгдэгч Б.Наранбаатар, Ч.Наранболд нар нь албадан ажил хийлгэх ялаас санаатайгаар зайлсхийвэл баривчлах ялаар солихыг дурдсугай.

5. Шүүгдэгч П.Батхүрэл, Б.Наранбаатар, Ч.Батхүрэл нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

6. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар шүүгдэгч П.Батхүрэлийн 32 инчийн зурагт, шүүгдэгч Б.Наранбаатарын 47 инчийн зурагт, шүүгдэгч Ч.Наранболдын 32 инчийн зурагтнуудыг битүүмжилсэн 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн тогтоолуудыг хүчингүй болгосугай.

7. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т зааснаар шүүгдэгч П.Батхүрэлээс 534,750 төгрөг гаргуулан хохирогч Б.Наранбаатарт олгох, шүүгдэгч Б.Наранбаатар, Ч.Наранболд нараас тус бүр 212,850 төгрөгийг гаргуулан хохирогч П.Батхүрэлд олгосугай.

8. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урд авсан авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Энэ шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ   Б.НАРМАНДАХ