Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 001/ХТ2019/00852

 

Д.Нийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 101/ШШ2018/03452 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 248 дугаар магадлалтай,

Д.Нийн нэхэмжлэлтэй

Ц.Зд холбогдох

Зээлийн гэрээний үлдэгдэл 12 582 ам.доллар, алданги 6 291 ам.доллар, нийт 18 873 ам.доллар буюу 46 440 413.64 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 2015.04.10-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Кадирбекийн гаргасан хяналтын гомдлоор шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Одончимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Кадирбек, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Сувд-Эрдэнэ нар оролцов.

Нэхэмжлэгч Д.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.З 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 22 100 ам.долларыг, 6 сарын хугацаатай, cap бүр 3.8 хувийн хүүтэй, үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд хоног тутам 0.5 хувийн алданги тооцохоор зээлийн гэрээ байгуулан зээл авсан. Ц.З хүүнд 19 000 000 төгрөг өгөхөд тухайн үед 1 ам.долларын ханш 2 475 орчим төгрөг байсныг 2 000 төгрөгөөр бодож 9 500 ам.доллароор тооцсон. Ингээд бид тооцоо нийлэхэд үндсэн зээл 22 100 ам.доллар, 6 сарын хүү 5 034 ам.доллар, нийт 27 134 ам.доллар болохоос хүүнд өгсөн 9 500 ам.долларыг хасч 17 634 ам.доллар дээр алданги 8 817 ам.долларыг нэмж, нийт 26 451 ам.доллар төлөх байснаас алдангийг хасч 17 634 ам.доллар авахаар болж, 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр “Тооцоо нийлэх, мөнгөн төлбөрийн үүрэг гүйцэтгэх гэрээ” байгуулан, уг мөнгийг 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдөр төлж дуусгахаар тохиролцсон. Уг гэрээгээр cap бүр 200 000 төгрөгийн хүү болон хугацаандаа төлбөрөө төлөөгүй тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 0.5 хувийн алданги тооцохоор тохиролцсон юм. Гэтэл Ц.З үүнээс хойш хүүнд 200 000 төгрөг төлж бусад мөнгийг өгөөгүй хугацаа хэтрүүлсэн. 2017 оны 06 дугаар сарын 13-нд 12 000 000 төгрөг өгснийг тухайн үеийн Монголбанкны ханш 1 ам.долларыг 2 375 төгрөгөөр тооцоход 5 052 ам.доллар болсон боловч үлдэгдэл төлбөр төлөөгүй байна. Иймд зээлийн үлдэгдэл 12 582 ам.доллар, 2017 оны 05 дугаар capын 30-ны өдрөөс хойших хугацааны алданги 6 291 ам.доллар, нийт 18 873 ам.доллар буюу /2017.10.10-ны ам.долларын ханш 2 460.68 төгрөг/ 46 440 413.64 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Кадирбек шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.З нь 2014 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Д.Нээс 7 000 ам.долларыг, 1 сарын хугацаатай зээлж авсан. Ингээд 2014 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 7 000 ам.доллар, хүүнд 352 ам.долларыг төлж, 7 000 ам.доллар дээр нэмж, 10 000 ам.долларыг зээлж авсан бөгөөд нийт 17 000 ам.долларыг 1 сарын хугацаатай, 3,8 хувийн хүүтэй зээлсэн болно. Зээлдүүлэгч Д.Н 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу Ц.З 22 100 ам.долларын зээл аваагүй. Харин Д.Нээс 2014 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн зээлийн гэрээний дагуу 7 000 ам.доллар, 2014 оны 04дүгээр сарын 26-ны өдрийн зээлийн гэрээний дагуу 10 000 ам.доллар, нийт 17 000 ам.долларын зээлийн гэрээний төлбөрийг дараах байдлаар төлж дуусгасан байна. Үүнд: Ц.З нь 17 000 ам.долларын зээлийн үндсэн төлбөрт 2014 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар 5 100 ам.доллар төлж барагдуулсан. Дээрх төлбөр нь 2014 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн зээлийн гэрээний 1 сарын зээлийн хүү 646 ам.доллар нь зээлийн хүүнээс суутгаж, үлдэгдэл 4 454 ам.доллар үндсэн төлбөрөөс хасагдаж, зээлийн үндсэн төлбөр 12 546/17 000-4 454/ ам.доллар үлдэнэ. Үүний дараа 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 600 ам.доллар, 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 250 ам.доллар төлсөн нь 12 546 ам.доллараас хасагдаж зээлийн үндсэн төлбөр 11 696 ам.доллар болно. Дараа нь 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдөр төлсөн 10 000 000 төгрөгийг тухайн өдрийн ам.долларын ханш 1 989 төгрөгөөр тооцоход 5 027 ам.доллар болох бөгөөд зээлийн үлдэгдэл үндсэн төлбөр 11 696 ам.доллараас хасч үлдэгдэл 6 669 ам.доллар, 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 4 900 000 төгрөг төлсөн нь тухайн өдрийн Монголбанкны ханш 1 992 ам.доллараар тооцоход 2 459 ам.доллар болно. Дээрх зээлийн үлдэгдэл 6 669 ам.доллараас энэхүү төлбөрийг хасахад нийт үлдэгдэл 4 210 ам.доллар болно. Дараа нь 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 1 100 000 төгрөг төлсөн нь тухайн өдрийн 1995 ам.доллараар тооцоход 551 ам.долларыг зээлийн үлдэгдэл 4 210 ам.доллараас хасахад үлдэгдэл 3 659 ам.доллар, 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 2 800 000 төгрөг төлсөн нь тухайн өдрийн Монголбанкны ханшаар 2 026 ам.доллараар тооцоход 1 382 ам.доллар болно. Үүнийг зээлийн үлдэгдэл төлбөр 3 659 ам.доллараас хасахад үлдэгдэл 2 277 ам.доллар болох бөгөөд 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдөр төлсөн 12 000 000 төгрөгийг тухайн өдрийн Монголбанкны ханш 2 372 ам.доллараар тооцоход 5 059 ам.доллар болж байгаа юм. Уг төлбөрийг зээлийн үлдэгдэл төлбөр 2 372 ам.доллараас хасч тооцоход би Д.Нд 2 687 ам.доллар илүү төлөлт хийсэн байна. Миний бие зээлдүүлэгч Д.Нээс авсан 17 000 ам.долларын зээлийн гэрээний дагуу 1 сарын хүүнд 646 ам.доллар, үндсэн төлбөрт 19 782 ам.доллар, нийт 20 428 ам.долларын зээлийн төлөлт хийсэн болно. Гэтэл Д.Н 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 22 100 ам.долларыг зээлийн гэрээний дагуу зээлдэгчийн өмчлөлд шилжүүлэн өгөөгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Кадирбек шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талуудын хооронд байгуулагдсан 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн зээлийн гэрээ бодитой биш,  Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасны дагуу Ц.З 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн зээлийн гэрээний дагуу 22 100 ам.долларын зээл аваагүй юм. Харин 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн зээлийн гэрээ нь талуудын хооронд 2014 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хийгдсэн 17 000 ам.долларын зээлийн гэрээний нөхцөлийг шинэчлэн байгуулагдсан гэх боловч энэхүү зээлийн гэрээ нь стандартын шаардлага хангаагүй, зээлдэгчээс өмнө төлсөн зээлийн эргэн төлөлтийг хууль бусаар зээлийн хүүнд суутган авч, улмаар хууль бусаар зээлийн гэрээнд хүү тооцсон үйлдлийг хууль ёсны болгох зорилгоор хийсэн гэрээ юм. 2014 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 17 000 ам.долларын зээлийн гэрээ нь 1 сарын 3,8 хувийн хүү төлөх нөхцөлтэй зээлийн гэрээ юм. Зээлдүүлэгч уг гэрээний дагуу зээлдэгчээс төлсөн 5 100 ам.долларыг зээлийн гэрээний хүүнд суутгаж, улмаар 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр зээлдэгчтэй шинээр гэрээ байгуулж, 2014 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн зээлийн гэрээнд хүү төлөх нөхцөлийг тулган шаардаж, хожим 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн зээлийн гэрээнд 17 000 ам.долларын зээлийг 22 100 ам.доллар болгон өсгөж, зээлийн гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 281.1, 282.3 дах заалтыг тус тус зөрчсөн байна. Иймд талуудын хооронд байгуулагдсан 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн зээлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Д.Н сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Надаас Ц.З нь байна мөнгө зээлж, авч байсан. Сүүлд 2015 оны 04 дүгээр сарын эхээр мөнгө зээлэх хүсэлтийн дагуу 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 22 100 ам.долларын зээлийн гэрээг 6 сарын хугацаатай, сарын 3.8 хувийн хүүтэй, зээлээ хугацаандаа төлөөгүй хоног тутамд төлөгдөөгүй дүнгийн 0.5 хувийн алданги тооцохоор тохиролцож мөнгөө авсан. Зээл авснаас хойш хүүгээ төлөөгүй ба 2015 оны 10 дугаар сары 11-ний өдөр 10 000 000 төгрөгийг хүүндээ авч бай гээд өгснийг тухайн үеийн Монголбанкны ханш 1994.45 төгрөгөөр тооцоход 5 013 ам.доллар болсон, үүнийг 6 сарын хүүнд тооцогдсон. 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр тооцоо нийлж гэрээ байгуулахад Ц.З бид 2 тухайн үеийн ханшаар тооцоо нийлэхэд үндсэн зээлийн үлдэгдэл 17 634 ам.доллар болж байсан. Ц.З 2015 оны 11 дүгээр сарын 20-нд 4 900 000 төгрөг төлснөөс Монголбанкны ханш 2 459 төгрөгөөр тооцоход 1 992 ам.доллар, 2015 оны 12 дугаар сарын 16-нд 1 100 000 төгрөг төлснөөс Монголбанкны ханш 1995 төгрөгөөр тооцоход 551 ам.доллар, 2016 оны 04 дүгээр сарын 08-нд 3 000 000 төгрөг төлснөөс Монголбанкны ханш 2 026 төгрөгөөр тооцоход 1480 ам.доллар, нийт 4 023 ам.доллар төлснийг 22 100 ам.доллараас хасч тооцоход зээлийн гэрээний үлдэгдэл 18 07 ам.доллар болно. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 101/ШШ2018/03452 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Ц.Згаас зээлийн үлдэгдэл 12 582 ам.доллар, алданги 6 291 ам.доллар, нийт 18 873 ам.доллар буюу 46 440 413.64 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.Нийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасныг баримтлан Д.Н болон Ц.З нарын хооронд 2015 оны 04 сарын 10-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 390153 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 366 400 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.Нээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 366 400 төгрөгийг гаргуулж хариуцагч Ц.Зд олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 248 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 101/ШШ2018/03452 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.2, 232 дугаар зүйлийн 232.6, 232.4 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч Ц.Згаас зээлийн гэрээний үүрэгт 16 158 547 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 30 281 866.64 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж, 2 дах заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул Д.Нд холбогдох талуудынхооронд 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай хариуцагч Ц.Згийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж, 3 дах заалтад нэхэмжлэгч Д.Нээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 366 400 төгрөгийг гаргуулж хариуцагч Ц.Зд гэснийг хариуцагч Ц.Згаас улсын тэмдэгтийн хураамжид 238 743 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Нд гэж тус тус өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 390 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Кадирбек хяналтын гомдолдоо: Магадлалын зарим хэсгийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. Үүнд: Давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хэрэглэх ёстой хуулийн хэм хэмжээг хэрэглээгүй, шүүх нэхэмжлэлийн шаардлагаас хэтэрч хэрэгт үнэлэлт дүгнэлт өгсөн нь шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй юм. Давж заалдах шатны шүүх магадлалд “...талуудын хооронд 2015.04.10-ны өдөр 22 100 ам долларыг 6 сарын хугацаатай, сарын 3.8 хувийн хүү төлөх нөхцөлтэй зээлийн гэрээ байгуулсан боловч нэхэмжлэгч дээрх зээлийн гэрээний зүйл болох 22 100 ам. долларыг хариуцагчид шилжүүлэн өгсөн гэх үйл баримтаа нотлоогүй гэж дүгнэсэн юм. Харин талууд 2014.03.26, 2014.04.26-ны өдөр гээд нийт 17 000 ам. долларын хүрээнд зээлийн гэрээ амаар байгуулагдсан гэж үзээд хариуцагч 2014.10.26-ны өдөр 10 000 000 төгрөг төлснийг тухайн үеийн Монгол банкны ханш 1853 төгрөгөөр тооцож 5038 ам.доллар болох бөгөөд үүнийг үндсэн зээл 17 000 ам. доллараас хасахад 11 962 ам долларын үлдэгдэлтэй байна. Иймээс талуудын хооронд байгуулагдсан 2015.04.10-ны өдрийн зээлийн гэрээ нь бодит байдал дээр 22 100 ам.доллар биш, 11 962 ам.доллар гэж дүгнэж, улмаар үүнээс хойш хариуцагчийн төлсөн төлбөрийг дээрх 11 962 ам.доллараас хасч тооцож, 2015.04.10-ны өдрийн зээлийн гэрээг үндэслэж шийдвэр гаргасан нь шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзнэ. Учир нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь 2015.04.21-ний өдрийн 22 100 ам. долларын зээлийн гэрээний дагуу зээлийн гэрээний үүргийг шаардсан ба харин хариуцагчийн хувьд дээрх 2015.04.21-ний өдрийн зээлийн гэрээний дагуу 22 100 ам. доллар зээл аваагүй гэж маргаж, нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргадаг. Дээрх маргааны үйл баримтад давж заалдах шатны шүүх дүгнэлт хийхдээ маргааны зүйл болох 2015.04.10-ны өдрийн зээлийн гэрээний дагуу 22 100 ам. доллар зээлдэгчид шилжүүлээгүй байна гэж зөв дүгнэсэн боловч талуудын хоорондын өмнөх зээлийн гэрээний асуудлаар дүгнэлт хийж, өмнөх гэрээний үлдэгдэл төлбөрийг 2015.04.10-ны өдөр байгуулсан гэрээний дагуу шилжүүлсэн гэж үзнэ гэх дүгнэлт нь ИХ-н 281 дугаар зүйлийн 281.1 “...зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлох эд хөрөнгө шилжүүлэх, 282.4 мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлж өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэх хуулийн заалтад тус тус нийцээгүй шүүх хуулийг буруу хэрэглэсэн гэж үзнэ. Угтаа бол талууд өмнө нь зээлийн гэрээний эрх зүйн харилцаатай байсан хэдий ч уг гэрээний төлбөр тооцооны талаар нэхэмжлэгч маргадаггүй 17 000 ам.долларын зээлийн гэрээний төлбөр тооцоо дууссан гэдгээ нэхэмжлэгч шүүхэд удаа дараа илэрхийлсэн, харин хариуцагч уг төлбөрөө төлж дууссан, 22 100 ам.долларын зээлийн гэрээний дагуу зээл аваагүй гэж маргаж байхад шүүх нэхэмжлэгчийн маргаагүй, шүүхэд шаардлага гаргаагүй асуудлаар үнэлэлт дүгнэлт өгч, шийдвэр гаргасан нь шүүх шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр шийдвэр гаргах хуулийн зохицуулалтыг зөрчсөн байна. /ИХШХШТХ-н 116.3/ Нөгөө талаараа давж заалдах шатны шүүхийн 2015.04.10-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний зүйлийг 22 100 ам.доллар гэж тусгасан боловч бодит байдалд 11 962 ам.долларын хүрээнд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзнэ гэх дүгнэлт нь зээлийн гэрээний зүйлийг бодитойгоор шилжүүлснээр зээлийн гэрээ байгуулсанд тооцох иргэний хуулийн 282.4 дэх зохицуулалтад нийцээгүй, хуулийн хэм хэмжээг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна. Түүнчлэн давж заалдах шатны шүүхийн дээрх талуудын хоорондын маргааны зүйл болох 2015.04.10-ны өдрийн зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдалд дүн шинжилгээ хийгээгүй, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг ямар үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй ИХШХШТХ-н 116.2 дах заалтад заасан шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий байх хуулийн заалтад нийцээгүй байна. Иймд дээрх үндэслэлээр магадлалын нэхэмжлэлийн шаардлагаас 16 158 547 төгрөг хангасан хэсгийг хүчингүй болгож, магадлалд өөрчлөлт оруулж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр нь үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхийн магадлал хуулийн үндэслэлтэй болсон тул хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Д.Н нь хариуцагч Ц.Зд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 12 582 ам.доллар, алданги 6 291 ам.доллар, нийт 18 873 ам.доллар буюу 46 440 413.64 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, талуудын хооронд 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээг хууль зөрчсөн, хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэлийг гаргасан байна.

Анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийг хангаж, үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон бол давж заалдах шатны шүүх хариуцагчаас 6566 ам.доллар буюу 16 158 547 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгон, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

Анхан шатны шүүх үндсэн үүрэг дуусгавар болсон талаар болон сөрөг нэхэмжлэлд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 236 дугаар зүйлийн 236.1.1 дэх хэсгийг буруу тайлбарлан хэрэглэснийг давж заалдах шатны шүүх зөвтгөж, сөрөг нэхэмжлэлийг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй талаар хэрэгт байгаа баримтын хүрээнд дүгнэлт хийж, харин үндсэн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрт өөрчлөлт оруулсан нь Иргэний хуулийг зөрчөөгүй байна.

Зохигчийн байгуулсан 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр гэж давж заалдах шатны шүүх дүгнэхдээ Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.1 дэх хэсгийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Д.Н нь 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн гэрээний дагуу 22 100 ам.долларыг шилжүүлж үүргээ биелүүлсэн, 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн тооцоо нийлсэн баримтаар 17 634 ам.долларын үлдэгдэлтэй байсан гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон бол хариуцагч Ц.З гэрээний дагуу 22 100 ам.долларыг аваагүй, харин өмнө нь 2014 оны 3, 4 сард хоёр удаа нийт 17 000 ам.долларыг зээлж авсан бөгөөд 20 428 ам.долларыг буцааж төлсөн тул үүрэг дуусгавар болсон, нэхэмжлэл үндэслэлгүй гэж маргасан байна.

2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн зээлийн гэрээ нь шинээр байгуулсан гэрээ бус өмнөх зээлийн тооцоог нэгтгэн гаргасан, зээлийн хүү, гэрээний хугацааг тохирсон агуулгатай гэж үзэж, зээлдэгчийн үүргийн хэмжээг давж заалдах шатны шүүх үндэслэлтэй тогтоожээ. Гэрээний дагуу 22 100 ам.долларыг шилжүүлсэн болох нь хангалттай нотлогдоогүй тул хариуцагчийн зөвшөөрсөн хэмжээнд 17 000 ам.долларыг зээлсэн гэж үзэж, 2014 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хариуцагчаас төлсөн 10 000 000 төгрөг буюу 5038 ам.долларыг хасч 2015 оны 04 дүгээр сарын 10-ны байдлаар үлдэгдэл 11 962 ам.доллараас сарын 3.8 хувийн хүү, 6 сарын хугацаагаар үүргийг тооцон 14 689.30 ам.доллар, үүнээс хариуцагчийн төлсөн 20 800 000 төгрөг буюу 10 311 ам.долларыг хасвал 4377 ам.доллар, хугацаа хэтрүүлсэн тул гэрээний 3-д зааснаар алданги тооцоход 2 188 ам.доллар нийт 6 566 ам.доллар буюу 16 158 547 төгрөгийг төлөх үндэслэлтэй гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасан зохицуулалтад нийцжээ.

Хариуцагчийн авсан зээлийн хэмжээ, талууд тооцоо нийлэхээс өмнө хариуцагчийн төлсөн мөнгө, тооцоо нийлснээс хойш зээлдэгчийн төлөлт хийсэн байдалд дүгнэлт хийж, хариуцагчийн хүлээх үүргийн хэмжээг шүүх хэрэгт байгаа баримтын хэмжээнд дүгнэжээ.

Хэргийн оролцогчийн шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтыг давж заалдах шатны шүүх бүрэн эрхийнхээ хүрээнд тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлснийг хяналтын шатны шүүх буруу гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд магадлалыг хүчингүй болгуулж, шийдвэрийг хэвээр үлдээж өгөхийг хүссэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар   сарын 01-ний өдрийн 248 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 238 800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

             ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

       ШҮҮГЧ                                                      П.ЗОЛЗАЯА