| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Амаржаргалан |
| Хэргийн индекс | 101/2017/00253/и |
| Дугаар | 101/ШШ2017/01510 |
| Огноо | 2017-05-01 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 01 өдөр
Дугаар 101/ШШ2017/01510
2017 оны 05-р сарын 01-ний өдөр Дугаар 101/ШШ2017/01510 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Амаржаргалан даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, * хороо, * хороолол, * Оффисын 5 давхар, 502 тоотод байрлах, Х ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, * хороо, Консул * гудамж, * тоотод оршин суух, 39 настай, эмэгтэй, С овогт Х Д /***********/ холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 7 350 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Нарантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа:
Иргэн Х.Д нь 2016 оны 0* сарын 19-ний өдөр цайны газар түрээслэн ажиллуулдаг, 5 000 000 төгрөгийг зээлдүүлээч гэсэн хүсэлт гаргаснаар 10 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатайгаар 5 000 000 төгрөгийн зээл олгож, гарын үсэг зуруулж нотариатаар баталгаажуулсан. Гэрээний хугацаа дууссан боловч өнөөдрийг хүртэл үндсэн зээлийн үлдэгдэл 4 900 000 төгрөгийг төлөөгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж хохиролгүй болгож өгнө үү. Үндсэн зээлийн үлдэгдэл 4 900 000 төгрөг, зээлийн гэрээний 10 дахь хэсэгт зааснаар алданги тооцож төлүүлэх эрхийн дагуу алдангид 2450 000 төгрөг, нийт 7 350 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа:
Миний бие Х.Д нь Х ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд дараах тайлбарыг гаргаж байна.
Х ХХК нь нэхэмжлэлдээ зээлийн гэрээний үүрэг хангуулахаар 7 350 000 төгрөг нэхэмжилсний зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь, нэхэмжилж байгаа үндсэн зээлээс би 1 500 000 төгрөгийг төлснийг дурдаагүй байгааг шударга бус гэж үзэхээс аргагүй, бодит байдлыг үнэн шударгаар илэрхийлэх ёстой гэж үзэж байна. Миний хувьд тус компанитай Зээлийн гэрээ байгуулж мөнгө зээлж авсан нь үнэн, тодорхой мөнгөний эргэн төлөлт хийх ёстойг ч ухамсарлаж байгаа болно. Бизнесийн алдагдал хүлээснээр зээлээ төлөх боломжгүй болсон. Гэхдээ төлбөрөөс буцаан төлсөн төлбөрийг үнэн зөв тооцуулах нь зүйн хэрэг юм гэжээ.
Шүүхэд болон шүүх хуралдааны үед зохигчдын гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Х ХХК нь хариуцагч Х.Дд холбогдуулан 7 350 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрнө, бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж тайлбарлаж байна.
Нэхэмжлэгч нь 7 350 000 төгрөг гаргуулах шаардлагыг хангуулах үндэслэлийг зохигч талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний дагуу үүргийг шаардах эрхтэй гэж тодорхойлжээ.
Зохигч талуудын хооронд 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр барьцаат зээлийн гэрээг бичгээр үйлдэн нэг талаас 5 000 000 төгрөгийг шилжүүлэх, нөгөө талаас хүүгийн хамт 6 000 000 төгрөг болгон 2016 оны 04 дүгээр сарын 20-ний өдрөөс эхлэн 2016 оны 0* сарын 19-нийг дуустал өдөр бүр 100 000 төгрөгөөр цувуулан төлөх үүргийг харилцан хүлээсэн нь зохигчдын тайлбар болон тус гэрээний хуулбараар /х.х-ийн 3 дахь талд/ тогтоогдож байна.
Гэрээ байгуулсан субъект болон зээл олгох журам, нөхцөл буюу агуулгаас дүгнэн үзэхэд, талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан байна.
Хэдийгээр зээлдүүлэгч тал нь барьцаалан зээлдүүлэх журмаар зээл олгох эрх бүхий субъект байгаа бөгөөд гэрээ нь “Барьцаат зээлийн гэрээ” гэсэн нэршилтэй боловч гэрээний агуулга, нөхцөлөөс дүгнэн үзэхэд барьцаат зээлийн журмаар зээл олгох хүсэл зориг илэрхийлээгүй байна.
Гэрээний дагуу 5 000 000 төгрөг шилжүүлсэн гэсэнтэй хариуцагч маргаагүй байх бөгөөд ийнхүү шилжүүлснээр зээлийн гэрээ хэрэгжсэн байна.
Талуудын байгуулсан гэрээний 3-т зааснаар зээлийг хүүгийн хамт, өдөр бүр тогтсон хэмжээгээр төлөх нөхцөлтэйгөөр /өдөрт 100 000 төгрөг/ 2016 оны 0* сарын 19-ний өдөр төлж дуусгахаар хугацаа заасан байна.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар гэрээгээр тохирсон хугацаанд зээлийг буцаан төлөх үүргийг зээлдэгч хүлээх бөгөөд мөн хуулийн 18* зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар гэрээгээр хүлээсэн үүргийг шаардах эрх үүрэг гүйцэтгүүлэгч буюу зээлдүүлэгчид үүссэн байна.
Гэрээний дагуу үүргээ гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн зөрчил гаргасан гэсэнтэй зээлдэгч тал маргаагүй байна.
Харин зээлийн хэмжээний талаар буюу эргэн төлөлтийг зөв тооцоолон хасалт хийгдэх ёстой талаар хариуцагч тайлбарлаж байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаар 7 350 000 гаргуулна гээд тухайн тооцоололд үндсэн зээлийн үлдэгдэлд 4 900 000 төгрөг, алдангид 2 450 000 төгрөг гаргуулна гэж тодорхойлжээ.
Үндсэн зээлийн төлбөрт 4 900 000 төгрөг гаргуулах шаардлагын хувьд,
Нэхэмжлэгч тус төлбөрийг тооцоолохдоо гэрээний дагуу төлөх ёстой нийт төлбөр нь хүүгийн хамт 6 000 000 төгрөг гээд /үндсэн зээл 5 000 000 төгрөг, хүүнд 1 000 000 төгрөг/ түүнээс нийт 1 100 000 төгрөг төлсөн гэж нэхэмжлэлд дурдсан боловч шүүх хуралдааны үед 1 200 000 төгрөг төлсөн, тооцоолол дээр алдаа гарсан гэж тайлбарлаж байна.
Төлсөн төлбөрийн хувьд хариуцагч талаас 1 500 000 төгрөг төлснийг хасаж тооцуулна гэж тайлбарласан байна.
Хэдийгээр зохигчид 1 200 000 төгрөг төлсөн хэмжээний хувьд маргаагүй боловч төлбөрт төлсөн гэх үлдэгдэл 300 000 төгрөгийг зээлдүүлэгч талаас төлөөгүй, зээлдэгч тал төлсөн гэж тайлбарлах бөгөөд аль аль нь шүүхэд тухайн төлбөрийн талаарх баримтыг гаргаж өгөөгүй байна.
Нотлох үүргийн хуваарилалтын дагуу зөрүү 300 000 төгрөгийг аваагүй гэх эс үйлдэхүйн талаарх тайлбараас илүүтэй 300 000 төгрөгийг /нийт 1 500 000 төгрөг/ төлсөн гэх үйлдэл хийсэн тайлбараа нотлох үүрэг нь зээлдэгч талд илүү хамааралтай байна.
Тодруулбал, мөнгө аваагүй гэх эс үйлдэхүйг нотлох бус мөнгө өгсөн гэсэн идэвхтэй үйлдлээ тухайн үйлдэл хийсэн тал нотлох үүргийг хүлээнэ. Энэ агуулгаар хариуцагчийн 1 500 000 төгрөгийг төлсөн гэх тайлбар нотлогдохгүй байх тул нэхэмжлэгчийн 1 200 000 төгрөг төлсөн гэснийг үнэн гэж үзэв.
Дурдсан үндэслэлээр зээлийн гэрээний дагуух эргэн төлөлтөөр 1 200 000 төгрөгийг төлсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
Талууд гэрээний дагуу төлбөрийг хүүнд тооцох, үндсэн зээлд тооцох байдлаар тодорхойлоогүй байх бөгөөд гэрээний 1-д зааснаар өдөрт 100 000 төгрөгийн төлөлтөөр 60 хоногт 6 000 000 төгрөг төлөхөөр тохиролцсон байна. Иймд төлөлтийг хүүнээс болон үндсэн зээлээс гэж ялгахгүйгээр нийт төлөлт 6 000 000 төгрөгөөс хасаж тооцон үлдэгдэл төлбөрийг гаргуулна гэсэн нь хууль зөрчөөгүй гэж үзэв.
Гэрээний дагуу төлөх үлдэгдэл төлбөрт 4 800 000 төгрөг гаргуулах үндэслэлтэй байна.
Нэхэмжлэлийн шаардлагаар алдангид 2 940 000 төгрөг гаргуулна гэжээ.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт, “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ.” гэж зохицуулсан бөгөөд талууд гэрээний 10 дахь хэсэгт хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувиар алданги тооцохоор тохиролцсон нь хуульд нийцэж байна.
Гэрээнд зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн нь 4 800 000 төгрөг байх бөгөөд түүнд хууль болон гэрээнд зааснаар алданги тооцоход тухайн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхээр байна. Иймд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт, “...Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй.” гэж зохицуулсан байх тул хуульд зааснаар 50 хувиар тооцон 2 400 000 төгрөгийн алданги төлөх үндэслэлтэй байна.
Хэрэгт авагдсан баримтаар Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт зааснаар анзын хэмжээг багасгах үндэслэл, шаардлага тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.
Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагаас гэрээний үндсэн төлбөрт 4 800 000 төгрөг, алдангид 2 400 000 төгрөг, нийт 7 200 000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулан үлдэх 150 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Тус хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 11.00 цагт товлон хэргийн оролцогчдод шүүх хуралдааны товыг мэдэгдсэн байна. Тус шүүхэд 10.00 цагт товлогдсон хурлын үргэлжлэх хугацаанаас хамааран хүлээгдэж 14.02 цагт эхэлсэн бөгөөд энэ хугацаанд хариуцагч шүүхэд хүрэлцэн ирээгүй, ирсэн талаараа мэдэгдээгүй байх тул түүнийг хүрэлцэн ирээгүй гэж үзэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг хүлээн авч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хэргийг хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 11* зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэг, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Х.Дгээс 7 200 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 150 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 5* зүйлийн 56.2 дахь хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 132 550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн хариуцагч Х.Дгээс 130 150 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.АМАРЖАРГАЛАН