Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 2022/ШЦТ/22

 

2022

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,

нарийн бичгийн дарга Ө.Бямбасайхан,

улсын яллагч Т.Т,

шүүгдэгч Д.Т, түүний өмгөөлөгч Б.Батчимэг нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б овогт Д-н Т-т холбогдох эрүүгийн 2217000320016 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:  

Монгол Улсын иргэн, 19... оны 03 дугаар сарын 25-нд Дундговь аймгийн Гурвансайхан суманд төрсөн, 41 настай, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Г аймаг, С сум,  дугаар баг,  дүгээр гудамжны ......... тоот хашаанд оршин суух, урьд Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 2021/ШЦТ/19 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн гэх Б овогт Д-н Т /РД:............../,                                                          

Холбогдсон хэргийн талаар:

/яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Д.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг Баянбулагийн 4-401 тоот хашаанд байрлах өөрийн эзэмшлийн монгол гэрт 2022 оны 01 дүгээр сарын 22-ны орой Э.Б-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүний толгойн тус газар заазуураар цохиж зодон түүний толгойн оройд нь зүсэгдсэн шарх гэмтлүүд бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн тухайн үйл явдлыг таслан зогсоох гэсэн Д.Т-н толгойн тус газар заазуураар цохиж зодон түүний толгойд нь зүсэгдсэн шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

НЭГ. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Т-т холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2217000320016 дугаартай хэргээс яллах болон өмгөөлөх талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1.1. Шүүгдэгч Д.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв гэв.

1.2. Шүүгдэгч Д.Т мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ:

2022 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 15 цагийн үед гэртээ Сүмбэр сумын 3 дугаар баг,  тоотод байх гэртээ Т, Н нартай 0.5 литрийн савалгаатай Хараа нэртэй нэг шил архи хувааж уугаад байж байтал хөдөөнөөс миний танил Т гэдэг эмэгтэй ирээд бид нарт 2.5 литрийн савалгаатай Сэрүүн нэртэй 2 ширхэг пиво авч өгсөн. Түүнийг нь бид нар Т-тай хамт ууж дуусгасан. Ууж дуусаад Т яваад өгсөн. Тэгээд 16-17 цагийн орчим Т, Б нар нилээн халамцуухан манай гэрт ирээд 0.5 литрийн савалгаатай Эден нэртэй нэг шил архи авч орж ирсэн. Тэгээд тэр архийг нь Т, Н, Т, Б бид нар хувааж уусан. Би тухайн архийг ууж байгаад юу болсон эсэхийг санахгүй болтлоо тасарсан байсан. Нэг мэдсэн чинь Б бид хоёр байж байсан ба Т, Т нар баруун зүүн талын орон дээр унтчихсан байсан. Тэгээд цаашаа юу болсон эсэхийг санахгүй байна. Нэг мэдсэн Б-ы толгойноос цус гарчихсан гэрийн үүдэнд хэвтэж байсан. Тэгтэл Т, Т хоёр босч ирээд түүнтэй зууралдаад гэрээс гарсан. Тэгээд Т буцаад гэр лүү орох шиг болсон бөгөөд би айсандаа хашаанаас гараад худгийн хажууд очиж сууж байгаад буцаад иртэл цагдаа нарт баригдсан. Гэхдээ миний хувьд Б, Т нарыг заазуураар зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа. Би хэдийгээр юу болсныг санахгүй байгаа ч гэсэн бид нараас өөр хүн тэнд байгаагүй. Дараа нь Т-аас асуухад Б бид хоёр муудсан гэж хэлсэн. Тэгэхээр надаас өөр хэн тэр хоёрыг цохих вэ дээ.  Тийм учраас би тэр хоёрыг зодсоноо хүлээн зөвшөөрч байна... гэх мэдүүлэг (хх-ийн 82-83 дугаар хуудас),

1.3. Хохирогч Д.Т мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Би 2022 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 15 цагийн орчим дэнжийн Андууд дэлгүүрийн өмнө найз Б-тай тааралдсан юм. Тэгээд бид хоёр тэндээ байж байтал Ж гэдэг хөдөөний ахтай тааралдаад түүний машинд нь суусан чинь Ж ах бид хоёрт голынхоо хайрцагнаас 0.5 литрийн савалгаатай Ерөөл нэртэй нэг шил архи авч өгсөн юм. Түүнийг нь Б бид хоёр Ж ахын машинд сууж байгаад хувааж уусан бөгөөд тэр архинаас Ж ах машин барьж яваа гээд ерөөсөө уугаагүй. Тэгээд Б бид хоёр захын хажууд буугаад тэндээсээ такси бариад О-н дэлгүүрээс 0.75 литрийн савалгаатай Эден нэртэй нэг шил архи худалдаж аваад Б-ы хүргэн ах Тын гэр буюу Сүмбэр сум 3 дугаар баг Баянбулагийн 4-401 тоотод очсон. Т-ын гэрт ирэхэд бараг харанхуй болсон байсан. Биднийг ирэхэд Т гэртээ Т гэх хүний хамт хоёулахнаа байсан бөгөөд нэг сэрсэн чинь Б бид хоёр авч ирсэн архиа бид нар хувааж уусан. Тэгээд би согтоод унтчихсан байсан бөгөөд нэг сэрсэн чинь Б Т хоёр гэрийн үүдэнд бие биеийнхээ энгэрээс зууралдчихсан хоорондоо маргалдаж муудалцаад сууж байсан. Тэгэхээр нь би босч тэр хоёрын дундуур ороод Тыг сууж байхад нь хойноос нь татаж арагш унагаагаад Б-ыг өөдөөс нь цааш нь түлхсэн. Тэгтэл Т миний араас толгойн зүүн дээд хэсэг рүү нэг зүйлээр цохисон. Тэгэхээр нь би эргэж хараад Т-ыг яахаараа чи намайг цохидог юм гээд зууралдаад гэрээс гарсан. Гэрээс гараад тонгойтол миний толгойноос цус гараад амбаарын хажууд очоод суучихсан. Харин Т-ыг хаачсан эсэхийг нь мэдэхгүй байна. Тэгээд амбаарын хажууд сууж байгаад босоод Т-гийн гэрт орж толгойгоо үзэх гээд хаалгыг нь тогштол хаалгаа тайлахгүй болохоор нь тэндээсээ шууд Б дугаар гудамжны 5 дахь хаалганд байдаг хамаатан Н-н гэрт очоод толгойгоо харсан чинь миний толгойны зүүн дээд хэсэгт зүсэгдсэн байсан. Тэгэхээр нь би толгойгоо боолгоод байж байтал цагдаа нар ирээд намайг эмнэлэг дээр авч ирж толгойг боолгоод цагдаагийн хэлтэс рүү авч ирж эрүүлжлүүлсэн.

Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг (хх-ийн 20-21 дүгээр хуудас),

1.4. Хохирогч Э.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Би 2022 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 15-16 цагийн орчим дэнжийн Андууд дэлгүүрийн орчим найз Т-тай тааралдсан юм. Тэгээд бид хоёр тэндээ тамхилаад байж байтал Т-н танил гээд нэг үл таних хүн тааралдаад тухайн хүн нь хонины мах зарна гэж байсан. Тэгтэл Т тэр хүний махыг заралцаж өгье гээд намайг хамт явах уу гэхээр нь би түүнтэй нөгөө хүний машинд суугаад Балданзасаг зах орсон. Тэгээд нөгөө махаа зарчихаад машинд орж ирэхэд Т нэг юм уумаар байна гэж хэлтэл нөгөө хүн нь надад нэг юм байгаа шүү дээ гээд машиныхаа голын хайрцагнаас 0.5 литрийн Ерөөл нэртэй архи гаргаж өгсөн. Т бид хоёр нөгөө хүний машинд нь сууж байгаад хоёулахнаа хувааж уусан. Нөгөө хүн машин барьж яваа гээд ерөөсөө уугаагүй. Тэгээд Т бид хоёр захын хажууд буугаад тэндээсээ такси бариад Одноогийн дэлгүүрээс 0.75 литрийн савалгаатай Эден нэртэй нэг шил архийг худалдаж аваад манай хүргэн ах Т-н гэр буюу Сүмбэр сумын 3 дугаар баг Б тоотод 18 цагийн орчим очсон. Т бол миний төрсөн эгч Я-н эгч байгаа юм. Биднийг Т ахын гэрт ирэхэд Т ах гэртээ Т, Н болон бас нэг танихгүй хүний хамт байсан бөгөөд тэдгээр хүмүүс архи уусан байдалтай халамцуу сууж байсан. Тэгэхээр нь Т бид 2 авсан архиа гаргаад бид нар хувааж уусан. Тэгтэл нөгөө архинаас Т 1-2 татаад зүүн орон дээр гараад унтлаа гээд унтаад өгсөн. Тэгээд цаашаа юу болсон эсэхийг би санахгүй болтлоо согтсон байсан. Нэг мэдсэн Т-ын хаалганы өмнө хэвтэж байсан. Т миний толгойг өвөр дээрээ байрлуулчихсан алчуур шиг зүйлээр дарчихсан байсан. Тухайн үед миний толгойноос их хэмжээний цус гарсан байсан. Тэгээд цаашаа юу болсон талаар мэдэхгүй. Нэг мэдсэн аймгийн нэгдсэн эмнэлэгт сэрсэн. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй, толгойдоо боолт хийлгэсний төлбөр болох 50 000 төгрөг нэхэмжилж байна... гэх мэдүүлэг (хх-ийн 27 дугаар хуудас),

 

1.5. Гэрч Г.Т мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

2022 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр ажлаа тараад 18 цагийн үед гэртээ ирчихээд дүү Тынд ороход гэрийн баруун орон дээр нь О гэх залуу унтаж байсан. Зүүн орон дээр нь Т унтаж байсан. Т хоолоо хийнэ гээд гэрийнхээ хойд хэсэгт сууж байсан. Т бас байсан. Тэгээд би тэднийд ороод нэг их удаагүй гэртээ орж ирсэн. Бүгд архи уусан согтуу халамцуу байсан. Унтаж байгаа хоёрыг нь эрүүл согтуу байгааг мэдээгүй. Намайг гарахад Б тэднийх рүү зөрөөд орж ирж байсан. Манайх дүүгийнх нь хоёр нэг хашаанд тус тусдаа гэрт амьдардаг. Тэгээд би гэртээ ороод унтаад өгсөн. Унтаж байтал хаалга хүчтэй нүдээд байхаар нь сэрэхэд 2 цагдаа ороод ирсэн. Надаас баруун гэрт юу болсон тадаар асуусан. Би мэдэхгүй гэдгээ хэлсэн. Тухайн үед 23 цаг өнгөрч байсан... гэх мэдүүлэг (хх-ийн 29 дүгээр хуудас),

 

1.6. Гэрч Э.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

2022 оны 01 дүгээр сарын 22-ны орой 22 цагийн үед гэрээсээ гараад Б....... тоотод найз Тын гэрт ороход Т гэдэг залуу Б-ы толгойг даавуугаар ороочихсон гэрийнх нь үүдний хэсэгт сууж байсан. Б-ы толгойноос их хэмээний цус гарчихсан гэрийнх нь үүдэн хэсэг нилэнхүйдээ цус болчихсон байсан. Намайг ороод очиход Т надтай зөрөөд гэрээс гараад явсан. О гээд залуу баруун орон дээр нь сууж байсан. Би юу болсон талаар асуухад хоорондоо муудсан гэж Т хэлсэн. Түргэн дуудахгүй яасан юм бэ гэхэд гар утас байхгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би гэрээс нь гараад Т-ын гэрт байдаг ах Тгийн хаалгыг нүдэхэд хаалгаа тайлахгүй байхаар нь гэр лүүгээ гүйгээд эхнэртээ хэлээд гар утсаа аваад Б-ы ээж, ах 2-луу нь залгаж хэлчихээд эхнэрээ дагуулаад Т-ынд эргээд ирэхэд О гараад явчихсан байсан. Т Б хоёр л үлдсэн байсан. Тэгээд манай эхнэр түргэн болон цагдаад дуудлага өгөөд түргэний машин ирээд Б-ыг эмнэлэг рүү аваад явсан. Т-аас юу болсон талаар асуухад Т Б-тай маргалдаад түүний толгойд нь заазуурдсан гэж хэлсэн... гэх мэдүүлэг (хх-ийн 31 дүгээр хуудас),

 

1.7. Гэрч О.Т мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Би эхнэрээсээ салсан байгаа болохоор өөрийн найз Тын гэрт очоод 2 жил орчим болж байна. Тэгээд 2022 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Т-ын гэрт байж байтал гаднаас Н гэдэг залуу 0.5 литрийн савалгаатай Хараа нэртэй нэг шил архи авч орж ирсэн бөгөөд түүнийг нь Т, Н бид гурав хувааж уусан. Тэгээд нөгөө архиа уугаад дуусаж байтал 17 цагийн орчим Т, Б нар 0.75 литрийн савалгаатай Эден нэртэй нэг шил архи авч орж ирсэн. Тэгээд нөгөө архийг нь мөн Т, Н, Т, Б бид нар хувааж уусан бөгөөд Т архинаас 2-3 татаад гэрийн зүүн талын орон дээр гараад унтаад өгсөн. Тэгээд байж байтал гаднаас О гэдэг залуу жаахан халамцуухан орж ирсэн бөгөөд Б-тай маргалдаад бие биеийнхээ үгийг сөрөөд байсан. Тэгтэл гаднаас Т-ын эхнэр Я орж ирээд Б О хоёрыг гэрээсээ хөөгөөд гаргасан. Тэгтэл тэр хоёр хашаан дотор маргалдаад байсан чинь гаднаас цагдаа нар орж ирээд Н-ийг аваад явсан. Тэгээд байж байтал Б гэрт ганцаараа орж ирэхээр нь Я Б-ыг гэртээ харь гээд хөөгөөд гаргасан. Тэгж байгаад Т-ын эхнэр нь айлд цагаан сарын бууз хийж өгнө гээд гараад явсан бөгөөд би согтоод баруун орон дээр нь унтчихсан. Намайг унтах үед Т ширээнийхээ хажууд сууж байсан. Б гэрт байгаагүй. Тэгээд унтаж байгаад сэртэл Б гэрийн үүдэнд уначихсан толгойноос нь цус гараад шалан дээр гоожсон байдалтай хэвтэж байсан ба Т, Т нар зууралдсан гэрээс гарч байсан. Тэдний араас О гараад явсан. Би босож очоод Б-ы толгой дээр алчуур тавихад цус нь тогтохгүй байсан. Гаднаас Б орж ирээд юу болсон талаар асуухаар нь би болсон зүйлийн талаар хэлээд утсаар яриад ах эгч нарт нь хэлээд өгөөч гэж хэлсэн. Тэгээд Б гэрээс гараад явсан. Удаагүй байж байтал Б-ы эхнэр ээж ах нар нь ирсэн. Тэгээд Б-ы ах нь эмнэлэг рүү дуудлага өгсөн чинь эмч орж ирээд гэрт байсан цусыг хараад цагдаагийн байгууллагад мэдэгдэж байсан. Тэгээд цагдаа нар ирсэн... гэх мэдүүлэг (хх-ийн 36-37 дугаар хуудас),

 

1.8. Гэрч Ч.О мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Би 2022 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Төмөр замын баруун талд том машины жолооч Б гэх залуутай 0.5 литрийн савалгаатай Хараа нэртэй нэг шил архи хувааж уусан юм. Тэгээд тэндээсээ төв рүү орж ирээд Сүмбэр сумын 2 дугаар баг богино дэнжид байдаг Т гэдэг айлын гэрт өдрийн 15 цагийн орчим очсон. Би тэдний гэрт дөнгөж ортол Т-ын гэрт нилээн хэдэн хүмүүс байсан бөгөөд яг хэн байсныг харж амжаагүй. Т-ын эхнэр Я нилээн ууртай байсан бөгөөд намайг дөнгөж гэрт орж ирэнгүүт намайг гэрээсээ хөөхөөр нь би гэрээс нь гараад явсан. Тэгээд би гадуур явж байгаад орой хэдэн цаг болж байсныг санахгүй байна. Ямар ч байсан нилээн орой болсон байсан. Т-ын гэрт яваад ортол Т нилээн согтуу байсан бөгөөд зүүн орон дээр Т гэх хүн унтаж байсан. Харин Т гэдэг залуу баруун орны хажууд унтаж байсан. Т-ын эхнэр Я гэртээ байхгүй байсан. Би тухайн үед нилээн архи уусан байсан бөгөөд баруун орон дээр гараад буруу хараад унтах гэж байтал гэрийн үүдэнд түчигнэх чимээ гарсан. Тэгтэл Б Т намайг заазуурдчихлаа гэж хашгирахаар нь би босоод очтол Б-ы нүүр ам нь цус болчихсон гэрийн зүүн урд талд сууж байсан бөгөөд түүний хажууд Т зогсож байсан. Тэгтэл зүүн орон дээр унтаж байсан Т босож ирээд Б Т хоёрын дундуур орж салгатал эмнэлэг цагдаа дуудах юм болоод байхаар нь би гараад явчихсан юм. Тухайн үед би өөрөө цагдаагийн байгууллагад шалгагдаж байсан болохоор илүү, дутуу юманд орооцолдоод яахав гэж бодоод гэрээс нь гараад явчихсан юм... гэх мэдүүлэг (хх-ийн 42-43 дугаар хуудас),

 

1.9. Говьсүмбэр аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 37 дугаартай дүгнэлтэд:

- Э.Б-ы биед толгойн оройд зүсэгдсэн шарх гэмтлүүд тогтоогдлоо.

- Дээрх гэмтлүүд нь ир бүхий зүйлийн үйлчлэлээр 2022.01.22-нд үүсгэгдсэн байх боломжтой.

- Зүсэгдсэн шарх гэмтлүүд нь тус бүрдээ Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонгид нөлөөлөхгүй болно.

Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Л.Жаргалтогтох гэжээ. (хх-ийн 46 дугаар хуудас),

 

1.10. Говьсүмбэр аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 36 дугаартай дүгнэлтэд:

- Д.Т-н биед толгойд зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо.

- Дээрх гэмтэл нь ир бүхий зүйлийн үйлчлэлээр 2022.01.22-нд үүсгэгдсэн байх боломжтой.

- Зүсэгдсэн шарх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонгид нөлөөлөхгүй болно.

Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Л.Жаргалтогтох гэжээ. (хх-ийн 51 дүгээр хуудас),

 

1.11. Говьсүмбэр аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 39 дугаартай дүгнэлтэд:

- Д.Т-ын биед гэмтэл тогтоогдсонгүй.

Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Л.Жаргалтогтох гэжээ. (хх-ийн 56 дугаар хуудас),

 

1.12. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 976 дугаартай дүгнэлтэд:

- Шинжилгээнд ирүүлсэн ногоон өнгийн бариултай зуузаар дээр цус илэрсэн.

- Ногоон өнгийн бариултай заазуур дээр нэг эрэгтэй хүний цусны ДНХ-ийн тогтоц тогтоогдсон. Уг илэрсэн цусны ДНХ-ийн тогтоц нь Д.Төмөрдагвын гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. Э.Бы гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирохгүй.

Дүгнэлт гаргасан: ДНХ-ийн лабораторийн ахлах шинжээч, цагдаагийн ахмад Б.ГанТ гэжээ. (хх-ийн 60-61 дүгээр хуудас),

 

1.13. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 975 дугаартай дүгнэлтэд:

- Шинжилгээнд авсан марльд шингээсэн цус мэт улаан хүрэн өнгийн толбонд цус илэрсэн.

- Марльд шингээсэн цус мэт улаан хүрэн өнгийн толбонд нэг эрэгтэй хүний цусны ДНХ-ийн тогтоц тогтоогдсон. Уг илэрсэн цусны ДНХ-ийн тогтоц нь Э.Б-ы гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. Д.Т-н гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирохгүй байна.

Дүгнэлт гаргасан: ДНХ-ийн лабораторийн ахлах шинжээч, цагдаагийн ахмад Б.Г гэжээ. (хх-ийн 66-67 дугаар хуудас),

 

1.14. Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 8-11 дүгээр хуудас),

 

1.15. Яаралтай тусламжийн хуудас (хх-ийн 112-114 дүгээр хуудас),

 

1.16. Хүний биеэс дээж авсан тэмдэглэл (хх-ийн 117-119 дүгээр хуудас) зэрэг болно.

 

Гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүгдэгч Д.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг Баянбулагийн 4-401 тоот хашаанд байрлах өөрийн эзэмшлийн монгол гэрт 2022 оны 01 дүгээр сарын 22-ны орой хохирогч Э.Б-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүний толгойн тус газар заазуураар цохиж түүний толгойн оройд нь зүсэгдсэн шарх гэмтлүүд бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

мөн тухайн үйл явдлыг таслан зогсоох гэсэн хохирогч Д.Т-н толгойн тус газар заазуураар цохиж түүний толгойд нь зүсэгдсэн шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхээс хэргийн үйл баримтад дүгнэлт хийвэл шүүгдэгч Д.Т нь хохирогч Э.Б, Д.Т нарын толгойн тус газар нь заазуураар цохиж тэдний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна. Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол...” гэж иш татаж заасан бөгөөд мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.6 дахь хэсэгт “хоёр, түүнээс олон хүнийг;” гэж заасан байна.

Түүнчлэн шүүгдэгч Д.Т нь хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Э.Б, Д.Т, гэрч Д.Т, Ч.О нарын мэдүүлэг, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтууд болон шүүх хуралдаанаар нотлогдон тогтоогдож байна.  

Прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч Д.Т-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.Т нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна.

Шүүгдэгч Д.Т, түүний өмгөөлөгч Б.Батчимэг нар нь гэмт хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй болно.

Иймд шүүгдэгч Д.Т-ыг хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.

 

Хохирол, хор уршгийн талаарх дүгнэлт:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан. Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Э.Б, Д.Т нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба мөрдөн байцаалтын шатанд хохирогч нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгч Д.Т-ыг гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзэх нь зүйтэй байна.

 

ХОЁР. Шүүгдэгч Д.Т-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

2.1. Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 2021/ШЦТ/19 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 101-106 дугаар хуудас),

 

2.2. Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 2021/ХМШЗ/148 дугаартай шүүгчийн захирамжийн хуулбар (хх-ийн 107-109 дүгээр хуудас),

 

2.3. Шүүгдэгч Д.Т-ын Говьсүмбэр аймгийн прокурорын газарт гаргасан хүсэлт (хх-ийн 125 дугаар хуудас),

 

2.4. Шүүгдэгч Д.Т-ын эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 98 дугаар хуудас) зэрэг болно.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс шүүгдэгч Д.Т-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Шүүгдэгч Д.Т-ын үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлүүдэд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Д.Т-т холбогдох эрүүгийн хэрэгт хялбаршуулсан журмаар мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж түүнд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь зааснаар 750 /долоон зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 750 000 /долоон зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг оногдуулах саналтай хэргийг шүүхэд шилжүүлсэн байх тул уг ялын хүрээнд шүүгдэгч Д.Т-т эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж шүүхээс үзлээ.

 

            Иймд шүүгдэгч Д.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 750 /долоон зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 750 000 /долоон зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Т-ын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан 750 /долоон зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 750 000 /долоон зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

 

Шүүгдэгч Д.Т нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

 

            Шүүгдэгч Д.Т нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдлаа.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цагаан өнгийн мааралд шингээн шинжилгээнд зориулж дээж авсан ХГҮ-№01 гэж хаягласан цус мэт хүрэн өнгийн зүйл 1 ширхэг, ногоон өнгийн бариултай 22 см урттай, ажлын хэсэг нь цус мэт зүйлээр бохирлогдсон 1 ширхэг заазуур зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Говьсүмбэр аймгийн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгах нь зүйтэй байна.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

           

            1. Шүүгдэгч Б овогт Д-н Т-ыг хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Шүүгдэгч Д.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 750 /долоон зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 750 000 /долоон зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Т-т оногдуулсан 750 /долоон зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 750 000 /долоон зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Шүүгдэгч Д.Т нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

            5. Шүүгдэгч Д.Т нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цагаан өнгийн мааралд шингээн шинжилгээнд зориулж дээж авсан ХГҮ-№01 гэж хаягласан цус мэт хүрэн өнгийн зүйл 1 ширхэг, ногоон өнгийн бариултай, 22 см урттай ажлын хэсэг нь цус мэт зүйлээр бохирлогдсон 1 ширхэг заазуур зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Говьсүмбэр аймгийн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

 

            7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

   8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Т-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Т.ЭНХМАНДАХ