Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 2022/ШЦТ/23

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж,

нарийн бичгийн дарга П.Энхбат,

улсын яллагч Ш.Батсүх,

шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч З овогт Б-ын Бод холбогдох эрүүгийн 2117001080014 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1992 оны 11 дүгээр сарын 07-нд  Дундговь аймгийн Дэлгэрхангай суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын өргөн мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум 2 дугаар баг, Тээвэрчдийн байрны ....................... тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй,

урьд Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 38 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 960 000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан гэх З овогт Б-ын Б /РД:............/,

Холбогдсон хэргийн талаар:

Яллагдагч Б.Б нь 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Шивээгийн гудамжны зүүн талын засмал замын уулзвар дээр Соната-5 маркын 93-41 УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 13.4.а-д заасан “Уулзвар болон гарц дэр гүйцэж түрүүлэхийг хориглоно” гэж заасныг зөрчсөний улмаас Б.Аийн жолоодож явсан 57-72 ДУЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гарган, тухайн тээврийн хэрэгслийн зорчигч 8 настай А.Тын эрүүл мэндэд зүүн хөлийн бүдүүн шилбэ ясны доод хэсгийн далд ташуу хугарал бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагаа хийгдэж хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудаар хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр аймгийн нэгдсэн эмнэлгээс 17 цагийн орчимд эхнэр хүүхдээ аваад дэнжийн Андууд дэлгүүрийн уулзвараар ертөнцийн зүгээр хойд зүгт явж байх үед цагаан өнгийн Пробокс машин миний урд явж байсан. Тухайн тээврийн хэрэгслийг Шивээгийн эгнээний орчим зүүн талаар нь гүйцэж түрүүлэх үйлдэл хийхэд тухайн тээврийн хэрэгсэл давхар зүүн эргэх үйлдэл хийсэн. Тэр үед би тоормослох болон дуут дохио өгөх арга хэмжээ авахад тухайн тээврийн хэрэгсэл эргэх үйлдлээ гүйцээж би тухайн тээврийн хэрэгслийн зүүн хойд хаалга, зүүн хойд хаалганы доод хэсэгт мөргөсөн. Мөргөх үед мөргөгдсөн тээврийн хэрэгслийн хойд хэсэг шидэгдэж замын хажуугийн хэсэгт гарч баруун хаалгаар нь зорчиж байсан хүүхэд шидэгдэж унасан байсан. Би машинаасаа буугаад тухайн мөргөгдсөн машины хүмүүсийн биеийн байдлыг асуугаад тухайн жолоочид 300 000 төгрөг өгье, цагдаа дуудаад яах юм бэ гэхэд тухайн жолооч эхлээд үгүй гэж байгаад тохиролцхоор болсон. Тэгээд ослын газраас хөдлөөд явсан... гэсэн мэдүүлэг. /хх-ийн 66-67 дугаар хуудас/

2. Насанд хүрээгүй хохирогч А.Т мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:

2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 17 цагийн үед аав, ээж бид 3 Шивээгийн эгнээ орохоор аавын Пробокс машинтай Төгрөгийн эгнээнээс хөдөлсөн. Аав машинаа жолоодоод, ээж хажууд нь би арын суудалд зорчиж явсан. Тэгээд дэнжийн Андууд дэлгүүрийн хажуугаар засмал замаар хойшоо явж байтал гэнэт аавын машиныг нэг машин ирээд мөргөсөн. Би машины хаалгаар шидэгдээд газарт унасан. Миний зүүн хөл өвдөөд байсан. Би маш их уйлсан. Тэгээд эмнэлэгт хүргэгдээд эмчилгээ хийлгэсэн. Одоо миний хөл зүгээр  болсон байгаа.... гэх мэдүүлэг /хх-ийн 33 дугаар хуудас/

3. Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:

Тухайн үед мөргөсөн машины жолооч эрэгтэй бууж ирээд газар дээр нь тохирьё, цагдаа сэргийлэх гэхгүйгээр гэж хэлээд 300 000 төгрөг өгье гэхээр нь үгүй хүүхэд бэртэж гэмтчихээд байна гэж хэлэхэд та нар хүүхдээ эмнэлэгт үзүүлчих, тохироод салья гээд гуйгаад байсан. Тэгэхээр нь нөхөр бид 2 за за тохирьё эмчилгээний мөнгө төгрөгийг нь өгөөрэй, машины эвдрэл гэмтлийг засуулж өгөөрэй гэж хэлээд орхисон. Тэгээд маргааш нь залгахад бид нарын утсыг авахгүй болохоор нь манай нөхөр гэрт нь очсон байсан. Очиж уулзахад машин тэрэг засуулах мөнгө төгрөг өгөх шинжгүй байхаар нь манай нөхөр цагдаад өргөдөл гаргасан. Хүүхдээ эмчлүүлэхэд гарсан зардал болон машины хохирлын үнэлгээг тэр жолоочоос гаргуулж авмаар байна. Машины үнэлгээ гарсны дараа тэр үнэлгээгээр нь мөнгө нэхэмжилнэ харин хүүхдийн эмчилгээнд гарсан 200 000 төгрөгийг нэхэмжилнэ. Эмчилгээ хийлгэсэн баримт байхгүй наашаа, цаашаа явсан бинзен тосны мөнгө энэ мөнгөнд орж байгаа.... гэх мэдүүлэг /хх-ийн 33 дугаар хуудас/

4. Иргэний нэхэмжлэгч Б.А мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:

...тэгээд би дэнжийн Андууд дэлгүүрийн зүүн хажуугийн засмал замаар хойд зүгт давхиж Шивээгийн эгнээний зүүн талын уулзвар дээр зүүн гар  талдаа дохио өгөөд уулзвараар эргэж байтал миний араас 93-41 УНК улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн Соната-5 маркийн тээврийн хэрэгсэл миний машины зүүн хойд талын дугуйн орчимд маш хүчтэй мөргөсөн тас хийх чимээ гарсан бөгөөд зүүн эргэж байсан машин зүүн хойд хэсэгрүүгээ мөргүүлээд бөгс нь шидэгдээд засмалаас гарсан. Тэгэхэд хажууд сууж явсан эхнэр хойшоо хараад хүүхэд байхгүй байна гэхээр нь юу яриад байгаа юм бэ гээд эргээд хартал баруун хойд талын хаалга онгойсон байсан. Буугаад хартал засмал замын хэсэгт хөвөөн дээр шидэгдчихсэн уйлчихсан сууж байсан. Би хүү дээрээ очоод өргөхөд зүүн хөл өвдөөд байна гэхээр нь гишгээд үз гэхэд гишгэж болохгүй байсан. Би машиндаа үнэлгээ хийсэн үнэлгээгээр нь тэр жолоочоос хохирлоо нэхэмжилнэ. Мөн хүүхдийн эмчилгээний зардалд 200 000 төгрөг нэхэмжилнэ. Ослоос болж эхнэр бид 2-н биед учирсан ямар нэгэн гэмтэл шарх байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 35 дүгээр хуудас/

 

5. Гэрч Б.Ц мөрдөн байцаалтын шатанд гэрчээр мэдүүлэхдээ:

...Тэгээд дэнжийн Андууд дэлгүүрийн зүүн талаар хойшоо чиглэлд засмал замаар 17 цагийн үед явж байтал урд талд мөн чиглэлд мөнгөлөг саарал өнгийн Пробокс машин замын хөдөлгөөнд оролцож байсан бгөөөд манай нөхөр Б тэр машиныг гүйцэж түрүүлэх гэж байхад гэнэт тэр машин зүүн гар талруугаа буюу ертөнцийн зүгээр баруун тийшээ Шивээгийн эгнээ рүү эргэсэн энэ үед манай нөхөр тормоз гишгэсэн боловч  машинаа зогсоож чадалгүй тухайн машины зөв талын хойд талын дугуйны  орчимд зөөлхөн мөргөөд зогссон. Нөгөө машины мөргөсөн хэсэгт жоохон хонхойсон байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 42-43 дүгээр хуудас/

 

6. Говьсүмбэр аймгийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 343 дугаартай дүгнэлтэд:

- Б.Ц-ийн биед гэмтэл тогтоогдсонгүй.

Дүгнэлт гаргасан шинжээч эмч Л.Жаргалтогтох. /хх-ийн 53 дүгээр хуудас/

 

            7. Говьсүмбэр аймгийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 331 дугаартай дүгнэлтэд:

- А.Тын биед зүүн хөлний бүдүүн шилбэ ясны доод хэсгийн далд ташуу хугарал, зүүн хөлийн өсгийнд, зүүн хөлийн шагайнд шарх гэмтлүүд учирчээ.

- Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчиллээр 2021 оны 10 дугаар сарын 25-нд үүсгэгдсэн байх боломжтой.

- Зүүн хөлний бүдүүн шилбэ ясны доод хсэгийн ташуу гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

- Шарх гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1- зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй болно. Дүгнэлт гаргасан шинжээч эмч Л.Жаргалтогтох. /хх-ийн 17-18 дүгээр хуудас/

 

8. Зам тээврийн ослын шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 17/2021 дугаартай дүгнэлтэнд:

- Б.Б нь Соната-5 маркийн 93-41 УНК улсын дугаартай автомашиныг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 13.4 Дараах газруудад гүйцэж түрүүлэхийг хориглоно: а/ уулзвар болон гарц дээр гэсэн заалтыг зөрчсөн байна.

- Б.А нь Тоёота пробокс маркийн 57-72 ДЦЭ улсын дугаартай автомашиныг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо МУ-ын замын хөдөлгөөний дүрмийн 23.8 /Суудлын автомашинд болон ачааны автомашины жолоочийн бүхээгт 10 хүртэлх насны хүүхдийг тээвэрлэхдээ биеийн жин, өсөлтөд нь тохирсон суудлын зориулалтын нэмэгдэл суудал буюу хамгаалах хэрэгсэл ашиглана. Хүүхдийн нэмэгдэл суудал, хамгаалах хэрэгсэл нь MNS ISO 13216 /хүүхдийн хамгаалах систем/ стандартын шаардлагад нийсэн байх бөгөөд түүнийг тээврийн хэрэгсэлд байрлуулж ашиглахдаа үйлдвэрлэгчээс тогтоосон зааврыг баримтална гэсэн заалтыг зөрчсөн  байна.

Соната-5 маркийн 93-41 УНК улсын дугаартай автомашины жолооч Б.Б нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 13.4 дүгээр заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан байна. Дүгнэлт гаргасан шинжээч Д.Доржпүрэв гэжээ. /хх-ийн 20-21 дүгээр хуудас/

 

            9. Ашид билгүүн ХХК-ний автомашин үнэлгээний тайлан /хх-ийн 54-55 дүгээр хуудас/

 

10. Замын цагдаагийн газрын зам тээврийн осол, хэргийн газрын үзлэгээр тогтоосон байдал, гэрэл зургийн үзүүлэлт  /хх-ийн 11-12 дугаар хуудас/,

 

12. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 78, 81-84 дугаар хуудас/ зэрэг болно.

 

НЭГ. Гэм буруугийн талаар: Шүүхээс шүүгдэгч Б.Б нь 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Шивээгийн гудамжны зүүн талын засмал замын уулзвар дээр Соната-5 маркын 93-41 УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 13.4.а-д заасан “Уулзвар болон гарц дэр гүйцэж түрүүлэхийг хориглоно” гэж заасныг зөрчсөний улмаас Б.Ариун-Эрдэнийн жолоодож явсан 57-72 ДУЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гарган, тухайн тээврийн хэрэгслийн зорчигч 8 настай А.Тын эрүүл мэндэд зүүн хөлийн бүдүүн шилбэ ясны доод хэсгийн далд ташуу хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт болсон байна.

Иймд шүүгдэгч Б.Бын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг шинжийг хангасан байх тул шүүхээс гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгчийн дээрх гэмт хэрэгт гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б-ын өгсөн мэдүүлэг, насанд хүрээгүй хохирогч А.Т, насанд хүрээгүй иргэний нэхэмжлэгч Б.А, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б, гэрч Б.Цнарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг, хохирогчид хүндэвтэр гэмтэл учирсныг тогтоосон Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 331 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон болохыг дурлаа.

 

Гэмт хэрэг гаргах болсон шалтгаан нөхцлийн тухайд шүүгдэгч Б.Б нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 13.4 дүгээр зүйл “Уулзвар болон гарц дэр гүйцэж түрүүлэхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөнөөс үүдэлтэй байна.

 

ХОЁР. Шүүгдэгч Б.Бод эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Прокуророос шүүгдэгчийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч Б.Б нь хүлээн зөвшөөрсөн ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасныг харгалзан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Бод эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

 

Шүүгдэгч Б.Бын үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлүүдэд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Иймд шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугзүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бод оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

Шүүгдэгч Б.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна. Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдлаа.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 4, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

 

                                                         ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч З овогт Б-ын Быг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З овогт Б-ын Быг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

         3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бод оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

        4. Шүүгдэгч Б.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

        5. Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх хохирол төлбөргүй болохыг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

   7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бод урьд авсан хувийн баталгаа  гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Н.АРИУНЖАРГАЛ