Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Баясгалангийн Баттулга |
Хэргийн индекс | 165/2022/0020/Э |
Дугаар | 2022/ШЦТ/24 |
Огноо | 2022-03-22 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Т.Түмэнжаргал |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 03 сарын 22 өдөр
Дугаар 2022/ШЦТ/24
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баттулга даргалж,
нарийн бичгийн дарга П.Энхбат,
улсын яллагч Т.Түмэнжаргал,
хохирогч Г.Э,
шүүгдэгч Д.Н нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн И овогт Д-ын Н-рт холбогдох 2217000000017 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч Монгол Улсын иргэн, И овогт Д-ын Н /РД:ЕП................../, Дорноговь аймгийн Зүүнбаянд 1978 оны 05 дугаар сарын 14-ний өдөр төрсөн, 43 настай, эрэгтэй, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг, Төмөр замын 106-5 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, ам бүл 2, эхийн хамт амьдардаг, урьд 2002 онд Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар, 2008 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-т зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, оногдуулсан хорих ялыг тэнсэж 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан, 2017 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, оногдуулсан хорих ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан гэх,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг, Төмөр замын 106 дугаар байрны 05 тоот өөрийн гэртээ Г.Этэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний баруун гар, нүүр хэсэгт нь баруун гараараа удаа дараа цохин зодож, эрүүл мэндэд нь доод эрүүнд, доод уруулын дотор салстын цус хуралт, доод уруулын дотор салстын өнгөц язрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагаа хийгдэж хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудаар хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч Д.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 16 цагийн орчимд Э-тэй уулзаад 1 шил архи хувааж уугаад чамтай холбоотой болсноос хойш манай гэрээс багийн ажилтан, цагдаа нар салахаа больсон гэж хэрүүл маргаан болсон. Би согтуу байсан учраас болсон явдлыг сайн мэдэхгүй байна. Нэг сэрэхэд ганцаараа унтаж байсан. Хохирогч Энхтөгсийн биед шүүхийн шинжилгээний шинжээч эмчийн дүгнэлт тогтоогдсон гэмтлүүдийг би учруулсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Прокуророос сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байгаа. 500 000 төгрөгөөр торгоно гэсэн. Энхтөгс надтай уулзахаар ирэхэд биед нь гэмтэл учраагүй зүгээр байсан. Надаас хохирол төлбөр нэхэмжлээгүй. Би архи хааяа уудаг байсан. Одоо архины эмчилгээнд яваад уухаа больсон. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахин ийм хэрэг хийхгүй гэв.
2. Хохирогч Г.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Н архи ууж сууж байгаад захиргаанаас хүн ирлээ, чамтай уулздаг болсноос хойш хүн тасрахаа болилоо гээд намайг 2-3 удаа нүүр, гар хэсэгт гараараа цохиод авахаар нь би гараад зугтаагаад найзындаа очиж хоносон. Би өмнө нь архи уусан байсан учир нилээд согтоод болсон явдлыг сайн санахгүй байгаа. Миний биед учирсан гэмтлүүдийг Н учруулсан. Н-т гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Хамт амьдраад 6 сар гаран болж байна. Өмнө нь зодсон асуудал гарч байгаагүй. Тэр өдөр л ийм зүйл болсон гэв.
3. Гэрч Б.И мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Н нь архи согтууруулах ундааны зүйл бага хэрэглэдэг, даруу тогтуун зантан, хүнтэй хэрүүл маргаан хийгээд байдаггүй, их дуулгавартай хүн” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 20 хуудас/
4. Шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 49 дүгээр дүгнэлтэнд: Г.Эийн биед доод эрүүнд, доод уруулын дотор салстанд, баруун бугалганд, зүүн бугалганд цус хуралт, доод уруулд баруун талдаа өнгөц язрал гэмтлүүд тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр 2022.02.17-нд үүсгэгдсэн байх боломжтой. Доод эрүүнд, доод уруулын дотор салстын цус хуралт, доод салстын өнгөц язрал гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун бугалганы цус хуралт, зүүн бугалганы цус хуралт гэмтэл нь тус бүртээ “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй болно.
Дүгнэлт гаргасан: Ахлах шинжээч эмч, хошууч Л.Жаргалтогтох гэжээ. /х.х-ийн 23-24 хуудас/
5. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл, согтолтын зэрэг тогтоосон тухай тэмдэглэл /х.х-ийн 5-8 37-39 хуудас/
6. Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол, Сүбэр сумын 1 дүгээр багийн засаг даргын тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбарууд /х.х-ийн 28-30, 48, 52, 54-66 хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнээд
НЭГ. Гэм буруугийн талаар:
Шүүхээс шүүгдэгч Д.Н нь 2022 оны 02 сарын дугаар 17-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг, Төмөр замын 106 дугаар байрны 05 тоот өөрийн гэртээ Г.Этэй хамт архидан согтуурч хэн аль нь өөрийгөө хянах чадваргүй болсон байх үедээ харилцан хэрүүл маргаан үүсгэж улмаар Г.Эийн баруун гар, нүүр хэсэгт нь удаа дараа цохин зодож эрүүл мэндэд нь доод эрүүнд, доод уруулын дотор салстанд, баруун бугалганд, зүүн бугалганд цус хуралт, доод уруулд баруун талдаа өнгөц язрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт болсон байна.
Шүүгдэгч Д.Нын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг шинжийг хангасан байх тул шүүхээс гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгчийн дээрх гэмт хэрэгт гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Н, хохирогч Г.Э нарыг өгсөн мэдүүлэг, хохирогчид хөнгөн гэмтэл учирсныг тогтоосон Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 49 дүгээр шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон болохыг дурлаа.
Мөн шүүгдэгч Д.Н нь уг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн, прокуророос зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг шүүгдэгчийн үйлдэлд тохирсон ба шүүгдэгч Д.Н нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан дагуу хүсэлт гаргасныг прокуророос хангаж шүүхэд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн болно.
Шүүгдэгч Д.Н нь гэм буруугийн шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргаж оролцсон ба гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокуророос сонсгосон ялыг сайн дураараа хүлээн зөвшөөрсөнийг дурдах нь зүйтэй гэж үзлээ.
ХОЁР. Шүүгдэгч Д.Нт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Прокуророос шүүгдэгчийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч Д.Н нь хүлээн зөвшөөрсөн ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасныг харгалзан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүхээс шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг тус тус харгалзаж прокурортой тохиролцсон хэмжээний торгох ял шийтгэл оногдуулж, тодорхой хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоолоо.
Хохирогч Г.Эт учирсан хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар: шүүгдэгч Д.Н нь хохирогч Г.Эт халдсан үйлдлийн улмаас бие махбодид нь доод эрүүнд, доод уруулын дотор салстанд, баруун бугалганд, зүүн бугалганд цус хуралт, доод уруулд баруун талдаа өнгөц язрал бүхий хөнгөн хохирол учирсан байна. Хохирогч Г.Э шүүх хуралдаанд гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэж мэдүүлсэнийг үндэслэн шүүгдэгч Д.Ныг бусдад төлөх гэм хорын төлбөргүй гэж тогтоолоо.
Шүүгдэгч Д.Н нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч И овогт Д-ын Н-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ныг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Нт оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Нт торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Д.Н нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Нт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАТТУЛГА