Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 2018/ДШМ/65

 

 

 

 

                                                                                                              

 

 

 

Л.Б-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Өрнөндэлгэр даргалж, шүүгч Т.Энхмаа, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Г.Энхбат,

Иргэний нэхэмжлэгч Ж.Лхагважав,

Яллагдагч Л.Б ,

Яллагдагчийн өмгөөлөгч Н.Баяр,

Нарийн бичгийн дарга Г.Шаравдорж нарыг оролцуулан

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргалын даргалж хийсэн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааны, 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 381 дугаар шүүгчийн захирамжтай шүүгдэгч Л.Б-д холбогдох 1834001210098 дугаартай 1 хавтас бүхий эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн давж заалдах шатны шүүх 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Л.Б , 1992 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэлд төрсөн, “Шөлөндөө” ХХК-ын 4 дүгээр салбарт тогооч ажилтай, Улаанбаатар хотын ...... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар:И....

 

   Л.Б  нь Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 75-92 УНМ улсын дугаартай Тоёото Раум маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2 дахь заалтыг зөрчсөний улмаас эсрэг урсгалд орж, 62-97 УНП улсын дугаартай Ниссан Санни маркийн тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гарган Р.Цэрэндолгорын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 381 дугаар шүүгчийн захирамжаар: 

Яллагдагч Л.Б-д холбогдох эрүүгийн 1834001210098 дугаартай хэргийг Төв аймгийн Прокурорын газарт буцааж,

Эрүүгийн хэрэг Төв аймгийн прокурорын газарт очтол яллагдагч Л.Б-д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Хэрэгт хураагдсан №01598913 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, №1167948 дугаартай жолоочийн үнэмлэхийг хэргийн хамт хүргүүлж, Шүүгчийн захирамжийг прокурор эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт багтаан эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж тус тус шийдвэрлэжээ.

 

Прокурор эсэргүүцэлдээ: “Лхагважавын Бат-Эрх нь Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 75-92 УНМ улсын дугаартай Тоёота раум маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2 дахь заалтыг зөрчсөний улмаас эсрэг урсгалд орж 62-97 УНП улсын дугаартай Ниссан санни маркийн тээврийн хэрэгслийг мөргөж, зам тээврийн осол гарган Р Цэрэндолгорын эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэх гэмт хэрэгт Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т хэсэгт зааснаар 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдөр яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд мөрдөн байцаалтын шатанд хохирогч Р.Цэрэндолгор, гэрч А.Буян-Өлзий. Ж.Лхагважав, Л.Батзориг, О.Ганчимэг нар нь хэрэг учрал хаана, ямар газар,хэдэн цагт гарсан талаар мэдүүлээгүй байна.

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 хэсгийн 1.1-т "гэмт хэрэг гарсан байдал/ гэмт хэргийг хэзээ хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал / нотолно" гэж заасныг зөрчсөн байх тул 2018 оны 02 сарын 19-ний өдөр гарсан зам тээврийн осол нь хаана ямар газар, хэдэн цагт гарсныг нотлох баримтаар тогтоох,

-Прокурорын 2018 оны 03 сарын 28-ны өдрийн эрүүгийн 183400120098 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоолын тогтоох хэсэгт "Л.Б  нь Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт 2018 оны 02 сарын 19-ний өдөр 75-92 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад...." гэж гэмт хэрэг хэзээ, хаана гарсныг тодорхой тусгаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.17 дугаар зүйлийн 3-т "эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоолын тогтоох хэсэгт... ямар гэмт хэрэг хэзээ хаана үйлдэгдсэн... тухай заана" гэж заасан,

-Прокурорын 2018 оны 05 сарын 15-ны өдрийн 131 дугаартай яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт: "яллагдагч Л.Б  нь Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт 2018 оны 02 сарын 19-ний өдөр 75-92 УН улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад” гэж гэмт хэрэг гарсан газар, цаг хугацааг тодорхой бичээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т “тэмдэглэх хэсэгт: яллаж байгаа гэмт хэргийн товч агуулга, гэмт хэрэг үйлдсэн газар, цаг хугацаа, шаардлагатай нотлох баримт"-ыг тусгана" гэж заасныг тус тус зөрчсөн байх тул Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлтийг хуульд заасан шаардлагын дагуу үйлдэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.3, мөн хуулийн 32.10 дугаар зүйлийн 6-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолыг танилцуулж, яллах дүгнэлтийн хувийг яллагдагчид гардуулах.

-Шүүгчийн захирамжинд дурьдсан 1 дэх ажиллагааг хийж гүйцэтгэсний дараа хэргийн газарт нөхөн үзлэг хийж, ослын шалтгааныг тогтоосон бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гаргуулах гэсэн үндэслэлүүдээр хэргийг прокурорт буцаасан нь хууль зүйн үндэслэлгүй, нэг зүйлийг хэд хэдэн янзаар бичсэн нь ойлгомжгүй байна. Учир нь: Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болох гэмт хэргийн талаархи гомдол мэдээллийг хүлээн авсан тухай 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн тэмдэглэлд Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Хустайн давааны цогцолбор газар байх Төв аймгаас Улаанбаатар хот руу чиглэлтэй хатуу хучилттай зам дээр мөнгөлөг өнгийн 75-92 УНМ улсын дугаартай Тоёота Раум маркийн тээврийн хэрэгсэл, мөнгөлөг өнгийн 62-97 УНИ улсын дугаартай Ниссан Санни маркийн тээврийн хэрэгслүүд мөргөлдөж осол гарсан" талаар цагдаагийн ахлах дэслэгч Д.Цэрэнчимэд нь 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 21 цаг 10 минутанд мэдээлэл өгсөн талаар дурьдагдсан,

Мөн уг мэдээллийг авснаас хойш 10 минутын дараа буюу 21 цаг 20 минутанд хэргийн газрын үзлэгийг эхлүүлсэн талаар тус аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Жаргал нь хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрч Э.Болдмандахын "Өндөр дов" гэх газарт буюу хэрэг гарсан газраас 3-4 км зайд гарсан болохоор ойролцоогоор 5 минутын дотор амжиж очсон гэх мэдүүлэг,

Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг "Хустайн давааны эргэлт" гэх газарт гэмт хэрэг гарсан болох нь 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн мөрдөгчийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар гэмт хэрэг хаана, ямар газар. хэдэн цагт гарсан болох нь нотлогдон тогтоогдож байна.

Мөн дээрх гэмт хэрэг гарсан цаг хугацааг эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон прокурорын яллах дүгнэлтэнд "Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 75-92 УНМ улсын дугаартай Тоёота раум маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2 дахь заалтыг зөрчсөний улмаас эсрэг урсгалд орж 62-97 УНП улсын дугаартай Ниссан санни маркийн тээврийн хэрэгслийг мөргөж, зам тээврийн осол гарган Р.Цэрэндолгорын эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэх гэмт хэрэг үйлдсэн талаар тодорхой тусгаж бичсэнээс үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.17 дугаар зүйлийн 3 дах хэсэг, мөн хуулийн 32.10 дугаар зүйлийн 3 дах хэсгийн 3.2-д заасан хуулийн шаардлагыг прокурорын шийдвэр нь хангасан байна.

Яллагдагч Л.Б  нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2 "Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно." гэсэн заалт зөрчсөн гэж үзэв. 3. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд осол гарахад зам, тээврийн хэрэгслийн нөхцөл байдал болон цаг агаарын нөхцөл байдал нөлөөлөөгүй гэж үзэв. 4. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд мөнгөлөг өнгийн 75-92 УНМ улсын дугаартай Тоёота раум маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан Л.Б  нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2 "Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно." гэсэн заалтыг зөрчсөнөөс зам тээврийн осол гарсан гэж үзэв." гэх дүгнэлт нь тодорхойгүй, бүрэн биш, эргэлзээтэй эсэх байдлыг шүүх дүгнээгүй атлаа дахин бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтийг ямар үндэслэлээр гаргуулахаар заасан нь ойлгомжгүй байна.

Иймд Л.Б-д холбогдох хэргийг прокурорт буцаасан Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 381 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, анхан шатны шүүхэд хэргийг дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцэл бичиж, хүргүүлэв.” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Г.Энхбат гаргасан тайлбар, дүгнэлтэдээ: 3 заалтаар хэргийг буцаасан. Хэргийн мэдээллийг 21 цаг 05 минутад авсан. Хэрэг гарсан газар цагдаагийн постонд ойр учраас 5-10 минутын дараа ирж үзлэг хийсэн байдаг. Яллагдагчаар татах тогтоолын тогтоох хэсэгт хэрэг хэзээ, хаана гарсныг дурдсан байгаа. Нэгэнт хэргийг байдал тогтоогдсон учраас дахин шинжээчийн дүгнэлт гаргуулах шаардлагагүй гэж үзсэн. Иймд анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах саналтай байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон яллагдагчийн өмгөөлөгч Н.Баяр гаргасан тайлбартаа: Хэргийн газрын үзлэг хангалттай хийгдээгүй. Хэргийн газарт авсан зургаас үзэхэд А цэгийг зөв тогтоосон эсэх эргэлзээтэй байдаг. Дахин шинжээчийн дүгнэлт гаргуулахаар хүсэлт гаргаж байсан боловч хүсэлтийг хангаагүй. Ослын газар нөхөн үзлэг хийж байж, дахин дүгнэлт гарга гэж шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж маш үндэслэлтэй байна гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон иргэний нэхэмжлэгч Ж.Лхагважав гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй гарсан гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон яллагдагч Л.Б  гаргасан тайлбартаа: Шүүгчийн захирамж зөв гэж үзэж байгаа. Шүүх үнэн зөвийг ялгаж өгнө үү гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

         Давж заалдах шатны шүүх Л.Б-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын эсэргүүцлээр хязгаарлахгүй хэргийг бүхэлд нь хянаж үзэв.

 

            Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль ёсны ба үндэслэл бүхий гарсан байна.

            Яллагдагч Л.Б-д холбогдох эрүүгийн 1834001210098 хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай нотлогдоогүй байна. 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 131 дугаартай прокурорын яллах дүгнэлтэд хэрэг учрал гарсан газрыг Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт гэж бичсэн байгаа боловч Сэргэлэн сумын ямар нэртэй газар гэдгийг тодорхой тусгаагүй байна.

 

Мөн зам тээврийн осол гарсан цаг, минутыг яллах дүгнэлтэндээ бичээгүй ба уг хэрэг гарсан хугацааг гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэлд бичигдсэн гомдол мэдээллийг хүлээн авсан цаг хугацаа болох 21 цаг 10 минутаар багцаалж тайлбарлаж гаргаж байгаа нь гэмт хэрэг хэзээ гарсан байдлыг нотолсон гэж үзэх боломжгүй байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай нотолж чадаагүй гэж үзэх үндэслэл болно.

 

Гэмт хэрэг гарсан дээрх байдлуудыг нотолсны дараа хэргийн газарт нөхөн үзлэг хийж, ослын шалтгааныг тогтоосон бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гаргуулах нь зүйтэй байна гэж үзсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг эс зөвшөөрсөн прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлүүд тогтоогдохгүй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

 

Иймд прокурорын гаргасан эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Прокурор Г.Энхбатын гаргасан эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 381 дүгээр шүүгчийн захирамжийг хэвээр үлдээсүгэй.

 

            2. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогчид хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болно.         

          

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Ц.ӨРНӨНДЭЛГЭР

 

          ШҮҮГЧИД                                                            Т.ЭНХМАА

 

                                                                                       Р.МӨНХ-ЭРДЭНЭ