Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2014 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 221/МА2014/0260

 

ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН

 ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ

ШҮҮХ ХУРАЛДААНЫ МАГАДЛАЛ

2014 оны 06 сарын 26 өдөр                    Дугаар 260                           Улаанбаатар хот

 

     

                Д.Б-н нэхэмжлэлтэй                            

захиргааны хэргийн тухай

;

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Зоригтбаатар даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Д нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 18 дугаар шүүхийн 2014 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 14 дүгээр шийдвэрт хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу Д.Б-н нэхэмжлэлтэй, Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох захиргааны хэргийг, шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ'. “...Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 2-23-12 тоотод байрлах 5*6 харьцаатай өвлийн сууц үл хөдлөх эд хөрөнгийн эрх Г.Г-н нэр дээр хийгдсэн өмчлөх эрхийн улсын бүртгэлийг хүчингүй болгуулж, иргэн Д.Б-н нэр дээр бүртгэхийг даалгах” гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа“...Ү-17230000**** дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг 343 дугаартай нотариатчийн гэрчилсэн 2012 оны 03 дугаар сарын 22-ны хамтран өмчлөгч хасагдах хэлцлээр Д.Б, Н.Т нар хасагдаж, Г.Г-н нэр дээр бүртгэсэн байна. Манай байгууллага нотариатын үнэн зөвийг баталсан хэлцлийг үндэслэн бүртгэлийг хийсэн. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй” гэжээ.

Гуравдагч этгээд шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “...өөрийн хүсэлтээр ганц хүний өмч гэж өөрийн нэр дээр болгуулсан. Би ээж, дүү хоёрынхоо гарын үсгийг өөрөө зурсан нь үнэн болно. Одоо миний ээж Д.Б-н нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээг олгож, улсын бүртгэлд бүртгэхийг зөвшөөрч байгаа болно.” гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 18 дугаар шүүхийн 2014 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 14 дүгээр шийдвэрээр: Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.7, 24 дүгээр зүйлийн 24.2-т заасныг баримтлан Д.Б-н Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, "Мөрөн сумын 2 дугаар багийн 23 дугаар гудамжны 12 тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 2012 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн Ү-1723000**** дугаартай улсын бүртгэлийг хүчингүй болгож, уг бүртгэлийг Д.Б-н нэр дээр бүртгэхийг Улсын бүртгэлийн хэлтэст даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах гомдолдоо: “2014-04-30-ны 14 дүгээр Захиргааны хэргийн анхан шатны 18 дугаар шүүхийн шийдвэрт нотариатч нь Нотариатын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар гэрээ хэлцлийг гэрчлэхдээ хуулийн нийцсэн эсэх, талууд тэгш эрхийн үндсэн дээр гэрээ хэлцэл байгуулсан эсэх, хэлцлийн агуулга нь үйлчлүүлэгчийн хүсэл гаргасан эсэхийг нягтлан шалгалгүйгээр нотариатын баталгаа хийсэн болох нь гуравдагч этгээдийн тайлбар, нэхэмжлэгч Д.Б-н тайлбар, гэрч Н.Т-н мэдүүлэг, Улсын бүртгэлийн хэлтсээс шүүхэд нотлох баримтаар хүргүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн Эрхийн Улсын бүртгэлийн Ү-1723000**** дугаартай хувийн хэргийн хуулбар зэргээр нотлогдож байна гэж дурдсан. Нотариат нь гарын үсгийн үнэн зөвийг гэрчлэх байтал хамтран өмчлөгчийг байлцуулахгүйгээр нэг иргэний хүсэл зорилгыг ханган хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн байх нь гэрчлэгдсэн байхад нэг талыг баримтлан шүүгч шийдвэрээ гаргасан байна. Иймд манай байгууллагын зүгээс нотариатаар баталгаажсан гэрээ хэлцлийг албан ёсны баримт гэж үзэн өргөдлийг давхардуулан авах шаардлагагүй гэж үзэж байна. Иймээс шийдвэрийг хүчингүйд тооцож өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээс гадна Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.3 дахь хэсэгт зааснаар бүхэлд нь хянан үзэхэд хуульд заасан журмыг зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 2 дугаар баг, 23 дугаар гудамжны 12 тоотод байршилтай, хувийн сууцны зориулалттай 30 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь иргэн Г.Г, Л.Б, Н.Т нар болохыг Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газраас 2009 оны 05 дугаар сарын 27-ны өдөр анх улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгожээ.

Үүний дараа Хөвсгөл аймгийн улсын бүртгэлийн хэлтсээс Хөвсгөл аймгийн тойргийн 373 дугаартай нотариатчийн гэрчилсэн 2012 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн “Орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцэл”, бусад баримтуудыг үндэслэн Д.Б, Н.Т нарын нэрийг хасаж, хувийн сууц Г.Г-н /нэг хүний өмч/ өмчлөлд үлдсэн өөрчлөлтийг улсын бүртгэлд 2012 оны 03 дугаар сарын 23-ны өдөр оруулжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг бүрэн явуулаагүйгээс шалтгаалж анхан шатны шүүхийн дээрх 2012 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн бүртгэлийг хууль бус гэж үзэн нэхэмжлэлийг хангасан шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэх боломжгүй байна.

Нэг. Нэхэмжлэгчээс “хамтран өмчлөгчөөс хасуулах тухай гэрээг байгуулаагүй” гэснийг дэмжсэн гуравдагч этгээд буюу түүний хүү Г.Г-н “хэлцэлд ээж болон дүүгийнхээ гарын үсгийг би зурсан” гэх тайлбар, гэрч ач хүү Н.Т-н мэдүүлэг зэрэгт үндэслэн нотариатчийн үйлдэл хууль зөрчсөн гэх дүгнэлтийг хийж, улмаар түүнийгээ нэхэмжлэлийг хангах үндэслэл болгосон нь учир дутагдалтай. Өөрөөр хэлбэл гэрээний үнэн зөвийг гэрчилсэн нотариатчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулалгүйгээр зөвхөн дурдсан баримтуудын хүрээнд түүний үйлдэлд дүгнэлт өгсөн нь өрөөсгөл болжээ.

Зүй нь шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д заасан үүргийнхээ хүрээнд Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-д заасан шаардлага хангагдсан эсэхийг тодруулахын тулд гэрээг гэрчилсэнтэй холбоотой баримтуудыг хэрэгт хавсаргахын зэрэгцээ нотариатчийг гэрчээр асууж түүний үйлдлийн талаар тодруулах, хэрвээ нотариатчаас “хууль ёсны” гэх тайлбарыг өгсөн тохиолдолд нотариатчийн үйлдлийн талаар зохих байгууллагад хандан шийдвэрлүүлэх нэхэмжлэгчийн эрхийг хангах шаардлагатай байжээ.

Хоёр. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл Г.Г нь “Г” ББСБ-тай 2012 оны 03 дугаар сарын 27-ны өдөр зээл, барьцааны гэрээ байгуулж, 5,0 сая төгрөгийг зээлж, зээлийн барьцаанд өөрийн өмчлөлийн хувийн сууцаа барьцаалсан, тухайн зээлээ эргүүлэн төлөөгүй байна.

Үүнтэй холбогдуулж шүүх Г.Г-той 2012 оны 03 дугаар сарын 27-ны өдөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор барьцааны гэрээ байгуулсан “Г” ББСБ-ыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр татан оролцуулаагүй нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 /...актын улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа гэж үзсэн гуравдагч этгээдийг ... хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж болно/ дэх заалтыг зөрчжээ.

Мөн шүүх зээлийг авч ашигласан гэх иргэн н.А-с гэрчийн мэдүүлэг авах шаардлагатай.

Гурав. Д.Б-н нэхэмжлэлийн шаардлагаас үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр өөрийгөө бүртгүүлэхийг даалгах тухай хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй

Шүүх нэхэмжлэгч Д.Б-н нэхэмжлэлийн шаардлага хангагдаж Хөвсгөл аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн 2012 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн холбогдох бүртгэл хүчингүй болсон тохиолдолд анхны буюу Д.Б, Г.Г, Н.Т нарын өмчлөлд бүртгэлтэй улсын бүртгэл сэргэхийг анхааралгүй, дан ганц Г.Г, Н.Т нараас гуравдагч этгээд, гэрчээр тайлбар, мэдүүлэг өгөхдөө зөвшөөрснийг үндэслэн Д.Б-н /нэг хүний/ өмчлөлд бүртгэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх, тэрхүү эрхээ бусдад шилжүүлэх харилцааг зохицуулсан Иргэний болоод Улсын бүртгэлтэй холбоотой хуулийн заалтууд, тухайлбал, Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 109.2, 110 дугаар зүйлийн 110.1, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 24 дүгээр зүйлүүдэд нийцэхгүй байна.

Үүнээс гадна шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар хариуцагч Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Н.Д-д итгэмжлэл олгон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан байхад итгэмжлэгдсэн төлөөлөгчид нь эрх, үүргийг танилцуулаагүй, энэ талаар баримт хэрэгт авагдаагүйг дурдах нь зүйтэй.

Дээр дурдсан зөрчлүүд засагдаж, холбогдох баримтууд авагдаагүй байхад маргааны үйл баримтад дүгнэлт өгч, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаахаар шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 88 дугаар зүйлийн 88.1.4, 88.3.3, 88.3.4 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн анхан шатны 18 дугаар шүүхийн 2014 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 14 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

                                                ШҮҮГЧИД                                                       Э.ЗОРИГТБААТАР

 

 

                                                                                                                                  Б.ТУНГАЛАГСАЙХАН

 

                                                                               

                                                                                                                                  Д.БАТБААТАР