Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 2022/ШЦТ/31

 

       2022         02           15                                      2022/ШЦТ/31

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Э.Энхмаа,

Улсын яллагчаар хяналтын  прокурор Л.Мөнхбаяр,

Шүүгдэгч Б.С, түүний өмгөөлөгч Т.Урангоо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймаг дахь Цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж, аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Л.Мөнхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.4 дүгээр зүйлийн 1  дэх  хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Сд холбогдох эрүүгийн 2119000000116 дугаартай хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

  Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б.С

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Б.С нь 2021 оны 05 дугаар сарын 25-наас 27-ны хооронд Дорноговь аймгийн Иххэт сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт хохирогч Ё.Бгийн итгэмжлэн хариуцуулсан адуунаас 3 тооны адууг завшиж 2.100.000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Дорноговь аймгийн Иххэт сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Бүрдэнэ” гэх газраас хохирогч Ц.Нийн Даюун маркийн мотоциклыг хулгайлж 750.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт  дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:     

Шүүгдэгч Б.Сгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би Дундговь аймагт Ё.Б гэж хүний гэрт очиж малыг нь малладаг байсан. Отороор явахдаа надад адуунуудаа хариуцуулж үлдээх үедээ шар өнгийн Даюун маркийн эвдэрхий мотоцикл өгсөн. Би мотоциклыг нь эвдэрсэн талаар хэлэхэд тоохгүй байсан. Тэгэхээр нь би адуунаас нь унагатай гүү, хар зүсмийн гүү зарж,уг мөнгөнөөс мотоциклыг нь засаад үлдсэн мөнгийг өөртөө хэрэглэсэн. Тэгээд айсандаа очсон айлынхаа гэрийн гадаа мотоциклыг үлдээгээд оронд нь тухайн айлын хүний мотоциклыг унаж явсан гэсэн мэдүүлэг,

 

Хохирогч Ё.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын нутгаас Дундговь аймаг руу оторлож явах замдаа Иххэт сумын 1 дүгээр багийн нутгаар дамжин өнгөрч байхад манай малаас бойвон тамгатай хар зүсмийн гүү, зээрд унагатай, дугуй хүрээтэй саран тамгатай цагаан шарга гүү мөн хятад улсад үйлдвэрлэсэн Даюун нэртэй шар өнгийн мотоцикл алга болсон ....одоогоор надад хулгайд алдсан адуунаас гадна 850.000 төгрөгийн хохирол учирсан ....С нь манайд мал малладаг байсан болохоор л өөрийн малыг харж бай гээд л мотоциклоо өгсөн юм. С нь алга болох үед мотоцикл унаад явсан байсан. Харин сураг сонсоход Дорноговь аймаг Иххэт суманд мотоциклыг минь үлдээсэн байсан тухайн айлаас очиж аваагүй байна. Ийш тийш явсан зардлын мөнгийг авмаар байна. Мөн тухайн айлуудаас нь адуугаа авна ....” гэсэн мэдүүлэг ( хавтаст хэргийн 9,113 дүгээр тал)

 

Гэрч Д.Эгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....тэгээд би Бадангаагийн гэрт явж очиход Төв аймгийн Жаргалантын отроор явж байгаа хүн гэсэн нэг залуу унтаж байсан тэгээд босож адуундаа яваад хар зүсмийн гүү бойвон тамгатай зээрд унагатай авч ирж уг гүүгээ 1.500.000 төгрөгөөр зарна гэсэн тэгээд би Үржинхандын Хаан банкны дансанд мобайл банкаар шилжүүлж өгсөн ....” гэсэн мэдүүлэг ( хавтаст хэргийн 10 дугаар тал)

 

Гэрч Б.Тын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....би дугуй хүрээтэй саран тамгатай цагаан гүүг Төв аймгийн Жаргалант сумын Батжаргалын Төгсөө гэх хүнээс авсан. Танай сумын нутгаар дамжиж явна гэж ярьсан. Тэгээд 150 орчим адуу тууж явна бүгд миний адуу гэж хэлсэн. Тэгэхээр нь би 1.300.000 төгрөгөөр дугуй хүрээтэй саран тамгатай цагаан гүүг худалдаж авсан ....” гэсэн мэдүүлэг ( хавтаст хэргийн 20 дугаар тал) 

 

Ашид Билгүүн ХХК-ны шинжээчийн 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн ТХҮ-821/1319 дугаартай дүгнэлт ( хавтаст хэргийн 26 дугаар тал)

 

Хохирогч Ц.Нийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....2021 оны 05 дугаар сарын 28-ны шөнө Хятад улсад үйлдвэрлэсэн улаан өнгийн супер Даюун нэртэй мотоциклоо хулгайд алдсан .... би алдсан мотоциклоо авмаар байна ....” гэсэн мэдүүлэг ( хавтаст хэргийн 52 дугаар тал) 

 

Ашид Билгүүн ХХК-ны шинжээчийн 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн ТХҮ-821/1338 дугаартай дүгнэлт ( хавтаст хэргийн 55 дугаар тал)  

 

Иргэний нэхэмжлэгч Б.Тын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....би Б гэх хүний малчин Сгаас цагаан зүсмийн гүүг 1.300.000 төгрөгөөр худалдаж авсан. Тухайн адууг хүлээлгэж өгсөн харин худалдаж авсан 1.300.000 төгрөгөө нэхэмжилж байна ...” гэсэн мэдүүлэг ( хавтаст хэргийн 122 дугаар тал)

 

Иргэний нэхэмжлэгч Д.Эгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....Сгаас унагатай гүү авсан юм. Тухайн үед 1.500.000 төгрөгийг хүнээс хүүтэй зээлж авсан. Би ямар ч гэсэн Бгийн хар гүү, зээрд унагыг өгнө. Харин би худалдаж авсан 1.500.000 төгрөгийг нэг сарын 10 хувийн хүүтэй буцааж авмаар байна ....” гэсэн мэдүүлэг ( хавтаст хэргийн 116 дугаар тал)  

 

          Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас ( хавтаст хэргийн 62 дугаар тал) зэргийг шинжлэн судлав.

 

 Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.     

Дорноговь аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Сгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 Шүүгдэгч Б.С нь 2021 оны 05 дугаар сарын 25-наас 27-ны хооронд Дорноговь аймгийн Иххэт сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт хохирогч Ё.Бгийн итгэмжлэн хариуцуулсан адуунаас 3 тооны адууг завшиж 2.100.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох хохирогч Ё.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын нутгаас Дундговь аймаг руу оторлож явах замдаа Иххэт сумын 1 дүгээр багийн нутгаар дамжин өнгөрч байхад манай малаас бойвон тамгатай хар зүсмийн гүү, зээрд унагатай, дугуй хүрээтэй саран тамгатай цагаан шарга гүү ...алга болсон ....С нь манайд мал малладаг байсан болохоор л өөрийн малыг харж бай гээд л мотоциклоо өгсөн юм. С нь алга болох үед мотоцикл унаад явсан байсан. сураг сонсоход Дорноговь аймаг Иххэт суманд мотоциклыг минь үлдээсэн байсан тухайн айлаас очиж аваагүй байна.....” гэсэн мэдүүлэг, гэрч Д.Эгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....тэгээд би Бадангаагийн гэрт явж очиход Төв аймгийн Жаргалантын отроор явж байгаа хүн гэсэн нэг залуу унтаж байсан тэгээд босож адуундаа яваад хар зүсмийн гүү бойвон тамгатай зээрд унагатай авч ирж уг гүүгээ 1.500.000 төгрөгөөр зарна гэсэн тэгээд би Үржинхандын Хаан банкны дансанд мобайл банкаар шилжүүлж өгсөн ....” гэсэн мэдүүлэг , гэрч Б.Тын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....би дугуй хүрээтэй саран тамгатай цагаан гүүг Төв аймгийн Жаргалант сумын Батжаргалын Төгсөө гэх хүнээс авсан. Танай сумын нутгаар дамжиж явна гэж ярьсан. 1.300.000 төгрөгөөр дугуй хүрээтэй саран тамгатай цагаан гүүг худалдаж авсан ....” гэсэн мэдүүлэг, Ашид Билгүүн ХХК-ны шинжээчийн 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн ТХҮ-821/1319 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтаар,

мөн 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Дорноговь аймгийн Иххэт сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Бүрдэнэ” гэх газраас хохирогч Ц.Нийн Даюун маркийн мотоциклыг хулгайлж 750.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Ц.Нийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....2021 оны 05 дугаар сарын 28-ны шөнө Хятад улсад үйлдвэрлэсэн улаан өнгийн супер Даюун нэртэй мотоциклоо хулгайд алдсан .... ” гэсэн мэдүүлэг, Ашид Билгүүн ХХК-ны шинжээчийн 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн ТХҮ-821/1338 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол” гэж хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг, Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө...завшсан” гэж завших гэмт хэргийн үндсэн шинжийг тус тус заасан байна.

Итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө гэдэгт өмчлөгч өөрөө эд хөрөнгөө түр хугацаагаар шилжүүлж өгсөн эд хөрөнгийг хэлэх бөгөөд итгэмжлэн өгсөн эд зүйлс, өмч хөрөнгийг өмчлөгчид мэдэгдэлгүйгээр хууль бусаар өөртөө ашиглах нь хөрөнгө завших гэмт хэргийн үндсэн шинж бөгөөд шүүгдэгч Б.С нь Ё.Бгийн адууг маллаж байхдаа 3 тооны адууг бусдад зарж, мөнгийг өөрийн хэрэгцээнд зарцуулсан үйлдэл нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэргийн шинжийг, шүүгдэгч нь хохирогч Ц.Нийн гэрийн гаднаас түүний эзэмшлийн Хятад улсад үйлдвэрлэсэн улаан өнгийн супер Даюун нэртэй мотоциклыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан нь “Хулгайлах” гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байна. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3-т “бага хэмжээний хохирол гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг” буюу 300.000 төгрөг, түүнээс доош хэмжээг ойлгоно гэж заасан байдаг ба шүүгдэгч Б.С нь хохирогч Ц.Нийн эзэмшлийн Хятад улсад үйлдвэрлэсэн улаан өнгийн супер Даюун нэртэй мотоциклыг авч нийт 750.000 төгрөгийн хохирол учруулсан байгаа нь бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэж үзнэ.

 Шүүгдэгч Б.Сд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

 

Иймд шүүгдэгч Б.Сгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар бусдын эд хөрөнгийг авч хулгайлах”  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв. 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын талаар:

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ё.Бд 2100000 төгрөгийн хохирол учирснаас хохирогч нь иргэний нэхэмжлэгч Д.Э, Б.Т нараас 3 адууг биет байдлаар буцаан авсан байна.

 

Иргэний нэхэмжлэгч Д.Эгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Сгаас унагатай гүү авсан юм. Тухайн үед 1.500.000 төгрөгийг хүнээс хүүтэй зээлж авсан. Би ямар ч гэсэн Бгийн хар гүү, зээрд унагыг өгнө. Харин би худалдаж авсан 1.500.000 төгрөгийг нэг сарын 10 хувийн хүүтэй буцааж авмаар байна гэжээ. Хэрэгт энэ талаарх нотлох баримт ирээгүй тул хүү тооцон олгох үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд шүүгдэгч Б.Сгаас хохирогч Ц.Нт 750,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Д.Эд 1500,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Б.Тт 1300,000 төгрөг тус тус  гаргуулан олгохоор шийдвэрлэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлцэгдсэн шүүгдэгч Б.Сд холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай  тохирсон, шүүгдэгч нь холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй,  гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна гэж үзлээ. 

 

Шүүгдэгч Б.Сд эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.  

Шүүгдэгч Б.С нь хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй, нөхөн төлөхөө илэрхийлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул 2021 оны 7 сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулахгүй  гэж шүүх үзэв. 

 Хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн гэдэг нь бодит нотлох баримтаар илэрхийлэгдсэн байх ёстой бөгөөд хөрөнгө орлого болон  сарын орлогоо нотолсон баримт аль эсхүл мөрдөн шалгах ажиллагаа, прокурор, шүүхийн шатанд хэдэн төгрөг төлөхөө мэдэхгүй ч сайн дураар хохирлоо төлөхөө илэрхийлж төлөлт хийж байсан бол хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байна гэж үзэх боломжтой юм. Гэтэл энэ  талаарх баримт хэрэгт авагдаагүйгээр шүүгдэгчийн зүгээс хохирлоо нөхөн төлнө гэж зөвхөн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлж байгаа нь түүнийг хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн гэж үзэх боломжгүй юм.  

Шүүхээс шүүгдэгч Б.Сг Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 / зургаа / сарын хугацаагаар хорих ял, 17.4 дүгээр зүйлийн 1  дэх хэсэгт зааснаар 1 / нэг / жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг 1 / нэг /  жил, 6 / зургаа / сарын хугацаагаар тогтоож, гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлын хэр хэмжээ, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа хувийн байдлыг нь харгалзан Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт шүүгдэгч Б.С нь 68 хоног цагдан хоригдсон ба битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг  удирдлага болгон ТОГТООХ нь:  

  

 1. Шүүгдэгч Б.Сг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг,

  17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан  бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

                                      

2. Шүүгдэгч Б.Сг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 / зургаа / сарын хорих ял, 17.4 дүгээр зүйлийн 1  дэх хэсэгт зааснаар 1 / нэг / жилийн хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Сд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 / зургаа / сарын хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1  дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 / нэг / жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх  ялыг 1 / нэг / жил, 6 / зургаа / сарын хугацаагаар тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сд оногдуулсан 1 / нэг /  жил, 6 / зургаа / сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Сгийн цагдан хоригдсон 68 хоногийг эдлэх ялд нь  оруулан тооцсугай.     

6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сгаас иргэний нэхэмжлэгч Д.Эд 1500,000 төгрөг, Б.Тт 1300,000 төгрөг, хохирогч Ц.Нт 750,000 төгрөгийг  гаргуулан олгосугай.

 

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Сд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Д.АДЪЯАСҮРЭН