Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 2022/ШЦТ/96

 

 

 

 

 

 

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга М.Н  хөтлөн,

Улсын яллагч: Ч.Батбаатар /тээврийн прокурор/

Шүүгдэгч: Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Бд холбогдох эрүүгийн 0000 дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Б нь “...Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг Сонсголонгийн зам, Баянгол дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн баруун хойд замд 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 10 цаг 30 минутын орчим “М” маркийн 00-00 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.3 дахь хэсэгт заасан “Жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Б мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан...” гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар      

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Б нь “Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг Сонсголонгийн зам, Баянгол дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн баруун хойд замд 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 10 цаг 30 минутын орчим “М” маркийн 00-00 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.3 дахь хэсэгт заасан “Жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Б мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан” гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Дээрх үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б “...хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн 0000 дугаартай хэргээс:

2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн “Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 тал/,

 

Дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 4 тал/,

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 5-6 тал/,

 

Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-10 тал/,

 

Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 11 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б-н гэрчээр өгсөн “...2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 10 цагийн орчимд гэрээсээ гараад өөрийн сурдаг сургууль руугаа явж байсан юм. Баянгол дүүгийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн баруун хойд талаар баруун зүгт алхаж байгаад урдаас ирсэн машины замыг хөндлөн гарах үед урдаас ирээд баруун гар тийш эргэж байгаа жижиг цагаан ачааны автомашин намайг чиглээд ирэхээр нь бултаж амжаагүй. Тэгээд сандарсандаа урд хэсэг дээр нь 2 гараараа тулах үед нөгөө автомашин зогссон. Тэр автомашины жолооч нөгөө тал буюу зүүн гар тийш харж байгаад намайг хараагүй гэж ярьж байсан. Миний баруун гар бугуй хэсгээрээ өвдөөд байхаар нь нөгөө автомашины жолоочтойгоо хамтдаа Мөнгөн гүүр эмнэлэг авсан. Тэгээд тэндээсээ цагдаагийн байгууллагад хандсан. Тэр автомашиныг 5-6 метрт ирэх үед нь би харсан. Тэрнээс өмнө надад харагдаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 27 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б-н хохирогчоор өгсөн “...2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хичээлдээ явж байгаад Баянгол дүүгийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн баруун хойд хэсэгт тээврийн хэрэгсэлд мөргүүлсэн. Уг ослын дараа баруун гарын бугалга ясны цууралттай гэсэн оноштойгоор эмчлүүлсэн. Өмнөх гэрчийн мэдүүлэгтээ үнэн зөвөөр мэдүүлсэн. Одоо биеийн байдал зүгээр, өвдөж зовуурилах зүйлгүй байгаа. Гомдол саналгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 14 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд М иргэний хариуцагчаар өгсөн “...“М” маркийн 00-00 улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2021 онд худалдаж авч байсан. Тэгээд манай ээжийн талын хамаатны эгчийн төрсөн эгчийн хүүхэд болох Б унаж хэрэглэдэг. Миний хичээл сургууль эхэлсэн болохоор би завгүй болоод ах Б байнга унаж ажил хөдөлмөр эрхэлдэг. Хүнд даацын автомашины тос тосолгоонд явдаг ажил хийдэг. Осол гарснаас хойш 2-3 хоногийн дараа над руу залгаад осол гарсан талаар хэлэх үед би ослын талаар мэдсэн. Ослоос миний машинд ямар нэгэн эвдрэл, гэмтэл байхгүй. Надад нэхэмжлэх зүйл байхгүй. Энэ хэрэгт иргэний хариуцагчаар орно, өр төлбөрийн асуудал гарвал хариуцна. Харин өөрийн автомашины эвдрэлийг нэхэмжлэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 17 тал/,

 

 Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 0 дугаартай “...Б-н биед баруун шуу ясны хугарал, баруун шилбэнд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна. Баруун шуу, ясны хугарал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт, баруун шилбэнд зулгаралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдахгүй...” дүгнэлт /хх-ийн 48-49 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 56-60 тал/,

 

2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 0 дугаартай “Авто тээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлтийн хуудас” /хх-ийн 61 тал/,

 

2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 0 дугаартай “Мөрдөгчийн магадалгаа” /хх-ийн 65 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б-ийн гэрчээр өгсөн “...Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн баруун талын замаар урагшаа яваад манай ажил байдаг юм. 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өглөө 10 цагийн үед Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн баруун замаар урдаасаа хойшоо чигтэй явж байгаад төв зам руу нийлэх үед өөрийн гараар бол зүүн гар тал, ертөнцийн зүгээр бол баруун талаас ирж буй автомашинуудыг харж байгаад хөдөлгөөн багасаад ирэхээр нь өөрийн автомашины хөдөлгөөнийг эхлүүлэх үед миний баруун гар тал хэсэгт хүн автомашин дээр цохих шиг болохоор нь зогсоосон. Тэгээд цонхоо онгойлгоод харахад нэг залуу баруун гараа барьсан байдалтай зогсож байсан. Тэр залуу явган явж байсан. Би зүүн талаас ирж буй машинуудыг өнгөрөөх гээд харж байгаад баруун талаа хараагүй. Тэгээд тэр залууг өөрийн машиндаа суулгаад Гэмтлийн эмнэлэг авч явж үзүүлсэн. Тухайн автомашин миний үеэл дүү буюу миний ээжийн төрсөн дүүгийнх нь хүүхэд М гэдэг хүний нэр дээр байдаг. Зогсож байгаад хөдөлгөөнд оролцсон болохоор тухайн үед би 5 орчим км цагийн хурдтай явсан байх...” гэх мэдүүлэг /хх-ийн 20 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Бгийн яллагдагчаар өгсөн “...2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 10 цаг 30 минутын үед Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн баруун хойд замд явган зорчигч мөргөж гэмтээсэн. Өмнөх гэрчийн мэдүүлэг дээр бүх зүйлээ үнэн зөвөөр дэлгэрэнгүй мэдүүлсэн. Гаргасан үйлдэлдээ гэмшиж байна. Хохирол ба эмчилгээний зардлыг төлж барагдуулна...” гэх мэдүүлэг /хх-ийн 75 тал/,

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн Бд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 36 тал/, Жолоодох эрхийн лавлагаа /хх-ийн 21 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 22 тал/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 23 тал/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 24 тал/, жолоочийн үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 25 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Б-д холбогдох хэргийн үйл баримт, нөхцөл байдал, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судалж дүгнэхэд  шүүгдэгч Б нь “Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг Сонсголонгийн зам, Баянгол дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн баруун хойд замд 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 10 цаг 30 минутын орчим “М” маркийн 00-00 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.3 дахь хэсэгт заасан “Жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Б мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан” болох нь  шүүгдэгч Б-ийн мэдүүлгүүд, хохирогч Б-н мэдүүлгүүд, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 5-6 тал/, Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-10 тал/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 0 дугаартай дүгнэлт /хх-ийн 48-49 тал/, Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 56-60 тал/, 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 0 дугаартай “Авто тээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлтийн хуудас” /хх-ийн 61 тал/, 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 0 дугаартай “Мөрдөгчийн магадалгаа” /хх-ийн 65 тал/, иргэний хариуцагч М мэдүүлэг /хх-ийн 17 тал/ зэргээр нотлогдон тогтоогдлоо.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна.

                  

Шүүгдэгч Б гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч Б нь  “Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг Сонсголонгийн зам, Баянгол дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн баруун хойд замд 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 10 цаг 30 минутын орчим “М” маркийн 00-00 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.3 дахь хэсэгт заасан “Жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Б мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан” үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж, шүүгдэгч Бг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Хохирогч Б нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчоор “...Уг ослын дараа баруун гарын бугалга ясны цууралттай гэсэн оноштойгоор эмчлүүлсэн. Өмнөх гэрчийн мэдүүлэгтээ үнэн зөвөөр мэдүүлсэн. Одоо биеийн байдал зүгээр, өвдөж зовуурилах зүйлгүй байгаа. Гомдол саналгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 14 тал/ гэж мэдүүлж, мөн “...миний бие Б нь 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр машинд мөргүүлсэн. Улмаар биедээ гэмтэл авсан ба машины жолооч болох Б эмчилгээний зардалд 650.000 төгрөгийг зарцуулсан. Одоо миний бие сайжирч байгаа учраас санал гомдол байхгүй...” гэх хүсэлтийг гаргасан ба хавтаст хэргийн 80-81 дүгээр талд эмчилгээний зардалд төлсөн гэх нийт 236.000 төгрөгийн баримтыг хавсаргасан байх тул шүүгдэгч Бг хэрэг хянан шийдвэрлэх үед бусдад төлбөл зохих хохирол төлбөргүй гэж дүгнэлээ.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Б нь “Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг Сонсголонгийн зам, Баянгол дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн баруун хойд замд 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 10 цаг 30 минутын орчим “М” маркийн 00-00 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.3 дахь хэсэгт заасан “Жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Б мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүхээс шүүгдэгч Б-д ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Шүүгдэгч Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд хохирогчийн эмчилгээний зардлыг төлж барагдуулсан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан байна. /хх-ийн 86 тал/

 

Иймд шүүгдэгчийн хохирогчид эмчилгээний зардлыг төлж хохирлыг бүрэн барагдуулсан учир хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж дүгнэж, хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч Б-д танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “…Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэр гаргана...” гэж заасны дагуу прокурорын саналын хүрээнд Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэлээ.

 

Иймд шүүгдэгч Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэж, оногдуулсан ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан 90 хоногийн хугацаанд биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солих болохыг түүнд тайлбарлав.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 зүйлийн 1 дэх хэсэгт заасан Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчихгэмт хэргийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б-г 600 /зургаан зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

 

4. Шүүгдэгч Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг үгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1, 38.2  дахь  хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний  өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ц.ЭРДЭНЭЧИМЭГ