Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/110

 

 

 

 

 

 

   

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга П.З хөтлөн,

Улсын яллагч: А.Ариунаа /тээврийн прокурор/

Шүүгдэгч: М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн М-д холбогдох эрүүгийн 0000 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч М нь “...2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 15 цаг 30 минутын орчимд Баянгол дүүргийн 0 хороо, Хасбаатарын гудамж, “И-март” худалдааны төвийн баруун замд Тоёота приус маркийн 00-00 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.3-т зааснаар “Жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам хөндлөн гарч явсан явган зорчигч А мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан...” гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар      

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч М нь “2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 15 цаг 30 минутын орчимд Баянгол дүүргийн 0 хороо, Хасбаатарын гудамж, “И-март” худалдааны төвийн баруун замд Тоёота приус маркийн 00-00 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.3-т зааснаар “Жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам хөндлөн гарч явсан явган зорчигч А мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан” гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Дээрх үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М “...хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн 0000 дугаартай хэргээс:

2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн “Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 тал/,

 

Дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 3 тал/,

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 4-5 тал/,

 

Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-12 тал/,

 

Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 13 тал/,

 

Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 14 тал/,

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, сиди /16-17 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б.А-ийн хохирогчоор өгсөн “...Би 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 15 цагийн орчимд 3, 4 дүгээр хорооллын эцэст байрлах Төрийн банк орчхоод буцаад 3, 4 дүгээр хорооллын эцэст байрлах Е-март худалдааны төвийн ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлтэй явган хүний замаар урдаасаа хойшоо чиглэлтэй явж байсан. Тэгээд “Т” ШТС-руу эргэдэг гарц дээр явж байтал миний баруун гар талаас нэг машин ирээд намайг мөргөсөн. Би тэр машинд мөргүүлээд газарт толгойгоороо унасан. Миний толгой духны баруун хэсэгт хагарч цус гарсан байдалтай байсан. Намайг мөргөсөн жолооч машинаасаа бууц ирээд “зүгээр үү” гэж асууж байсан. Тэгээд цаашаа гар утсаараа яриад “чамаас болоод би хүн мөргөчихлөө гээд” яриад байсан. Би гэмтлийн эмнэлэг рүү түргэн тусламжийн машинаар хүргэгдэж толгойдоо 8 оёдол тавиулсан. Надад эрүүл мэндийн зардал болон ажилгүй байсан хугацааны зардал гэж 3.250.000 төгрөг өгсөн. Миний хохирлыг бүрэн барагдуулсан. Одоо надад нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 20 тал/,

 

 Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 0 дугаартай “...Б.А-ийн биед зүүн өвдөгний дотор жийргэвч, мөгөөрсний хугарал, өвдөгний үеийн зөөлөн эдийн няцрал, зүүн өвдөг, баруун хацарт зулгарал, духанд няцарсан шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн тухайлбал автомашинд мөргөгдөх үед 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр үүссэн байх боломжтой гэмтэл байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтийн байдлаас хамаарна...” дүгнэлт /хх-ийн 37-38 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 44-49 тал/,

 

2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн “Авто тээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлтийн хуудас” /хх-ийн 43 тал/,

 

2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн “Мөрдөгчийн магадалгаа” /хх-ийн 52 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд М-ийн яллагдагчаар өгсөн “...Би 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 14 цаг 50 минутын орчимд Тоёота приус маркийн 00-00 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод таксинд явж байгаад 3 дугаар эмнэлгийн урд талаас нэг хүн аваад хорооллын эцэст байрлах Е-март худалдааны төвийн баруун замаар явж байгаад “Т” ШТС орж шатахуун хийхээр баруун гар тийшээ эргэсэн. Эргэх үед урд талын явган хүний зам дээр нэг хүн харагдсан ба би тэр хүнийг хараад хурдаа хассан. Намайг хурдаа хасахад тэр хүн миний урдуур гүйгээд ороод ирсэн. Тухайн үед миний өөдөөс нар тусаад үзэгдэх орчин хязгаарлагдсан байсан. Миний жолоодож явсан тээврийн хэрэгслийн салхины шил бас бохирдсон байсан. Би тухайн үед 10 орчим км/цагийн хурдтай явж байсан. Тухайн явган зорчигчийн тээврийн хэрэгслийнхээ урд талаар мөргөсөн. Явган зорчигч нь миний тээврийн хэрэгсэлд мөргүүлээд тээврийн хэрэгслийн баруун урд талд толгойгоороо газарт унасан байсан. Дараа нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Би ганцаараа явж байсан. Би хохирогч Б.А-ийн эрүүл мэндийн болон бусад зардалд нийт 3.250.000 төгрөг өгсөн. Миний тээврийн хэрэгсэл 2021 оны 10 дугаар сард оношилгоонд орж тэнцсэн байсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 63 тал/,

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн М-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 64 тал/, Жолоодох эрхийн лавлагаа /хх-ийн 65 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 66 тал/, цагдаагийн асап сангийн лавлагаа /хх-ийн 67 тал/, жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-ийн 68 тал/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 23 тал/, “Д” ХХК-ийн тодорхойлолт, зээлийн гэрээний хуулбар, холбогдох бусад баримтууд /хх-ийн 72-79 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч М-д холбогдох хэргийн үйл баримт, нөхцөл байдал, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судалж дүгнэхэд  шүүгдэгч М нь “2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 15 цаг 30 минутын орчимд Баянгол дүүргийн 0 хороо, Хасбаатарын гудамж, “И-март” худалдааны төвийн баруун замд Тоёота приус маркийн 00-00 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.3-т зааснаар “Жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам хөндлөн гарч явсан явган зорчигч А мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан” болох нь шүүгдэгч Мийн мэдүүлгүүд, хохирогч Б.А-ийн мэдүүлгүүд, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 4-5 тал/, Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-12 тал/, Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, сиди /16-17 тал/, 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 1511 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 37-38 тал/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 44-49 тал/, 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн “Авто тээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлтийн хуудас” /хх-ийн 43 тал/, 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн “Мөрдөгчийн магадалгаа” /хх-ийн 52 тал/ зэргээр нотлогдон тогтоогдлоо.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна.

                  

Шүүгдэгч М гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч М нь “2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 15 цаг 30 минутын орчимд Баянгол дүүргийн 0 хороо, Хасбаатарын гудамж, “И-март” худалдааны төвийн баруун замд Тоёота приус маркийн 00-00 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.3-т зааснаар “Жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам хөндлөн гарч явсан явган зорчигч А мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан” үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж, шүүгдэгч Мийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Хохирогч Б.А нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчоор “...Миний толгой духны баруун хэсэгт хагарч цус гарсан байдалтай байсан. Намайг мөргөсөн жолооч машинаасаа бууц ирээд “зүгээр үү” гэж асууж байсан. Тэгээд цаашаа гар утсаараа яриад “чамаас болоод би хүн мөргөчихлөө гээд” яриад байсан. Би гэмтлийн эмнэлэг рүү түргэн тусламжийн машинаар хүргэгдэж толгойдоо 8 оёдол тавиулсан. Надад эрүүл мэндийн зардал болон ажилгүй байсан хугацааны зардал гэж 3.250.000 төгрөг өгсөн. Миний хохирлыг бүрэн барагдуулсан. Одоо надад нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй...” /хх-ийн 20 тал/ гэж мэдүүлж, мөн “...эрүүл мэндийн болон бусад зардалд нийт 3.250.000 төгрөгийг гарган өгсөн ба одоо нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэх хүсэлт /хх-ийн 82 тал/-ийг гаргасан байх тул шүүгдэгч Мийг хэрэг хянан шийдвэрлэх үед бусдад төлбөл зохих хохирол төлбөргүй гэж дүгнэлээ.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч М нь “2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 15 цаг 30 минутын орчимд Баянгол дүүргийн 0 хороо, Хасбаатарын гудамж, “И-март” худалдааны төвийн баруун замд Тоёота приус маркийн 00-00 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.3-т зааснаар “Жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам хөндлөн гарч явсан явган зорчигч А мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүхээс шүүгдэгч М-д ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Шүүгдэгч М нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд хохирогчийн эмчилгээний зардлыг төлж барагдуулсан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан байна. /хх-ийн 83 тал/,

 

Иймд шүүгдэгчийн хохирогчид эмчилгээний зардлыг төлж хохирлыг бүрэн барагдуулсан учир хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж дүгнэж, хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч Мэд танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “…Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэр гаргана...” гэж заасны дагуу прокурорын саналын хүрээнд Мэд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэлээ.

 

Иймд шүүгдэгч М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэж, оногдуулсан ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан 90 хоногийн хугацаанд биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногийн хорих ялаар солих болохыг түүнд тайлбарлав.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, бусдад төлбөл зохих төлбөргүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бичлэг бүхий 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж, шүүгдэгч Мэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 зүйлийн 1 дэх хэсэгт заасан Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М-ийг 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг үгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СД-г  хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1, 38.2  дахь  хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ц.ЭРДЭНЭЧИМЭГ