| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 160/2022/0074/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/85 |
| Огноо | 2022-03-11 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Э.Оргилбат |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 03 сарын 11 өдөр
Дугаар 2022/ШЦТ/85
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж
Улсын яллагч: Э.Оргилбат
Шүүгдэгч: Б.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Оюунгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ц овогт Бгийн Бт холбогдох эрүүгийн 2212000000071 тоот хэргийг хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, эрэгтэй, 30 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 3, аав, ээжийн хамт Архангай аймгийн ............ гэх газар оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Ц овогт Бгийн Б/РД:АЕ............/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Б нь 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Архангай аймгийн Өлзийт сумын ......... гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай өөрийн хойд эцэг Н.Х зодож, эрүүл мэндэд нь цээжний зүүн урд хэсэгт зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
*Эрүүгийн 2212000000071 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
*Хохирогч Н.Хын өгсөн:
“...2022 оны 02 сарын 15-ны өглөө би гэртээ байж байтал манай эхнэрийн дагавар хүү болох Б.Б гэртээ согтуу орж ирээд агсам тавьж эхэлсэн бөгөөд эхнэр бид хоёрыг ална гэх зэргээр дайрч намайг цээжний зүүн хэсэгт 2 удаа хөлөөрөө өшиглөсөн бөгөөд тухайн үед эхнэр бид аргадаж байж унтуулсан. Ингээд бид сумын цагдааг дуудсан бөгөөд хэсгийн төлөөлөгч байхгүй гээд хэв журмын цагдаа ирж намайг сумын эмнэлэгт хүргэж өгсөн. Би сумын эмнэлэгт үзүүлж хэвтээд одоо цагдаад гомдлоо гаргаж байна. Манай эхнэр М.Б байсан өөр хүн байгаагүй. Б.Б гэртээ согтуу орж ирээд пиздаг ална гээд шууд дайраад байсан тэр үед нь би унт гэж хэлсэн боловч миний үгийг огт ойлгоогүй намайг зодсон. Тухайн үед Б.Б нь ганцхан намайг зодсон өөр хүнийг зодоогүй. Би Быг зодож цохиогүй. Өмнө надад нэг удаа л агсам тавьсан зодож цохисон үйлдэл гаргаагүй юм тэр үед нь би намайг зодож цохиогүй тул цагдаад мэдэгдэж байгаагүй. Би шүүх эмнэлэгт үзүүлж гэмтлийн зэргээ тогтоолгоно. Надад гомдол гэх зүйл байхгүй. Энэ хүүхэд өөрөө ухаарах байх гэж бодож байна хар бага наснаас нь би өсгөж өдий хүрсэн юм яагаад миний биед халдаж зодох болсныг нь би ойлгохгүй байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 5-6 дугаар тал/
*Гэрч М.Бгийн өгсөн:
“...2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр би Архангай аймгийн Өлзийт сумын Ямаат багийн Бор хонь гэх газарт гэртээ байсан. Тухайн өдөр манай хүү Б.Б нь гэртээ согтуу ирсэн бөгөөд гэртээ орж ирээд Н.Х бид хоёрт агсам тавьж хоёр гуйлгачин минь та хоёрыг энэ хавийн хүмүүс муу хэлж байна гэхээр нь бид хоёр дуугүй унтаж амар гэсэн чинь Б.Б нь Н.Х руу пиздаг ална гээд Н.Хыг орон дээр сууж байхад нь цээж хэсэгт хөлөөрөө хоёр удаа өшиглөсөн өөрөөр зодож цохисон асуудал гаргаагүй ингээд Н.Х бид хоёр Б.Быг аргадаж унтуулсан. Манай гэрт Н.Х, Б.Б бид гурав байсан өөр хүн байгаагүй. Одоо Н.Х сумын төвийн эмнэлэгт хэвтчихсэн байгаа. Хавирга нь гэмтсэн байж магадгүй гэж эмч ярьсан. Тухайн үед Н.Х архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Н.Х нь Б.Быг зодож цохисон асуудал гаргаагүй. Өмнө нэг удаа архи уусан үедээ Н.Хтай маргалдаж байсан биед нь халдаж зодож цохиж байгаагүй. Яг ярьж байгаа зүйлийг нь сайн ойлгоогүй архи уугаад согтсондоо л тийм авир гаргасан байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 38-39 дүгээр тал/
*Гэрч З.Сын өгсөн:
“...2022 оны 02 сарын 15-ны өдөр 12 цагийн орчимд гэж санаж байна. Б.Б нь манайд нэг шил 0.5 литрийн савлагаатай архи өвөртөлж ирээд надтай хувааж уугаад явсан. Манайхаас 13 цагийн орчимд явсан. Гэтэл манайхаас хариад аав, ээждээ агсам тавьж аавыгаа зодсон гэж сонссон. Манайхаас явахдаа Б.Б нэлээд их согтуу явсан. Мотоциклоо асааж чадахгүй байхад нь би асааж өгөөд болгоомжтой яваарай гээд явуулсан. Б.Б бид хоёр хувааж уусан, өөр хүн байгаагүй. Архи ууж байхдаа Б.Б өчигдөр дүүгийнх нь төрсөн өдөр болсон, өнөөдөр ахтайгаа нэг шил архи ууна гээд хамт архи уусан. Архи ууж байхдаа өөр их олон зүйл яриагүй. Гэр бүлийнхээ талаар янз бүрийн зүйл яриагүй. Зурагт үзэнгээ архиа хувааж уусан. Би Б.Быг агсам тавьж хүн зодож байна гэж сонсож байгаагүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 42-44 дүгээр тал/
*Яллагдагч Б.Бын өгсөн:
“...Би гаргасан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 67-68 дугаар тал/
*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 100 дугаартай“...Н.Хын биед цээжний зүүн урд хэсэгт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. Хэрэг болох цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги байдлаар алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 31-32 дугаар тал/
*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 40 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Архангай аймгийн Өлзийт сумын ........нутаг дэвсгэрт иргэн Н.Х нь бусдад зодуулж, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгч Б.Б нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хойд эцэг Н.Хыг зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Н.Хын”...2022 оны 02 сарын 15-ны өглөө би гэртээ байж байтал манай эхнэрийн дагавар хүү болох Б.Б гэртээ согтуу орж ирээд агсам тавьж эхэлсэн бөгөөд эхнэр бид хоёрыг ална гэх зэргээр дайрч намайг цээжний зүүн хэсэгт 2 удаа хөлөөрөө өшиглөсөн бөгөөд тухайн үед эхнэр бид аргадаж байж унтуулсан...” гэх мэдүүлэг, гэрч М.Бгийн”...Тухайн өдөр манай хүү Б.Б нь гэртээ согтуу ирсэн бөгөөд гэртээ орж ирээд Н.Х бид хоёрт агсам тавьж хоёр гуйлгачин минь та хоёрыг энэ хавийн хүмүүс муу хэлж байна гэхээр нь бид хоёр дуугүй унтаж амар гэсэн чинь Б.Б нь Н.Х руу пиздаг ална гээд Н.Хыг орон дээр сууж байхад нь цээж хэсэгт хөлөөрөө хоёр удаа өшиглөсөн өөрөөр зодож цохисон асуудал гаргаагүй ингээд Н.Х бид хоёр Б.Быг аргадаж унтуулсан...” гэх мэдүүлэг, гэрч З.Сын”...2022 оны 02 сарын 15-ны өдөр 12 цагийн орчимд гэж санаж байна. Б.Б нь манайд нэг шил 0.5 литрийн савлагаатай архи өвөртөлж ирээд надтай хувааж уугаад явсан. Манайхаас 13 цагийн орчимд явсан. Гэтэл манайхаас хариад аав, ээждээ агсам тавьж аавыгаа зодсон гэж сонссон. Манайхаас явахдаа Б.Б нэлээд их согтуу явсан...” гэх мэдүүлэг, өөрийн гэм бурууг хүлээн мэдүүлсэн яллагдагч Б.Бын мэдүүлэг, хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 100 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба шүүгдэгч Б.Бын гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хойд эцэг Н.Хын эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож түүний биед цээжний зүүн урд хэсэгт зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг мөн байна.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно гэж, мөн хуулийн 3 дугаар зүйлд “Энэ хуулийн үйлчлэлд дараах этгээд хамаарна, ...эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд...” гэж тус тус заасан шүүгдэгч Б.Б нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамт амьдардаг хүн болох хойд эцэг Н.Хыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг агуулж байна.
Хохирол хор уршгийн талаар
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж заасан бөгөөд хохирогч Н.Хын биед цээжний зүүн урд хэсэгт зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Хохирогч Н.Х нь хохирол төлбөр нэхэмжлэхгүй гомдол саналгүй талаар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн, бичгээр хүсэлт ирүүлсэн тул шүүгдэгч Б.Быг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч Б.Бын гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай буюу хойд эцэг Н.Хын эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.
Иймд шүүгдэгч Б.Быг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Бын зүгээс гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй бөгөөд шүүгдэгч Б.Б нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагын талаар хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн бөгөөд, шүүгдэгч Б.Б нь дээрх гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгч Б.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Б нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн түүнд эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд анх удаа гэмт хэрэг үйлдсэнг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал гэж үзэж прокурорын саналын хүрээнд торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц овогт Бгийн Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Быг 500/таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000/таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь шүүхээс оногдуулсан 500/таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000/таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3/гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР