Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 100

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                     MОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

нарийн бичгийн дарга Х.Дашням,

улсын яллагч А.Ганзориг,

шүүгдэгч С.Батсүрэн, М.Давааням, тэдгээрийн өмгөөлөгч С.Чулуунбаатар /ҮД:0-009/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

Шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсгүүдэд зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржгон овогт Мөнхбатын Давааням, Харчу ус овогт Суйлдаагийн Батсүрэн нарт холбогдох 201626011179 дугаартай, 188/2016/0122/Э индекстэй хэргийг 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, 1996 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Завхан аймгийн Цагаанчулуут суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Тээврийн дээд сургуулийн 2 дугаар ангийн оюутан, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 88 дугаар гудамжны 21 тоотод оршин суух, ял шийтгэлгүй Боржгон овогт Мөнхбатын Давааням /РД:ИС96021239/

 

            Монгол Улсын иргэн, 1996 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, автын засварчин мэргэжилтэй, “Сариг хайрхан” ХХК-д барилгын туслах ажилтан хийдэг, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 97 дугаар гудамжны 27 тоотод оршин суух,

            2013 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 234 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, шийтэх тогтоолыг 1 жил 6 сарын хугацаагаар хойшлуулсан, Харчу ус овогт Суйлдаагийн Батсүрэн /РД:АН96053118/  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Б.Давааням, С.Батсүрэн нар 2016 оны 04 дүгээр сарын 20-ны шөнийн 23 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Энх-Оргил” хүнсний дэлгүүрээс “согтууруулах ундааны зүйл зээлээр өгчих” гээд гарахгүй болохоор нь Б.Эрдэнэгэрэл нь дэлгүүрийн худалдагчтай хамжиж гаргасны улмаас ялимгүй зүйлээр шалтаглан түүнд хүч хэрэглэн хоёулаа нийлэн зодож бие махбодид нь “баруун талд 7 дугаар хавирганы хугарал, дух, зүүн хацарт зулгаралт” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулан догшин авирлаж, бүлэглэн танхайрсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар. Үүнд:

Шүүгдэгч М.Даваанямын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…Батсүрэн бид хоёр 2016 оны 04 дүгээр сарын 20-ны орой 23 цаг өнгөрөөд дэлгүүр хаах гэж байхад Гантулга, Балжинням хоёр тааралдсан. Дараа нь би “Энх-Оргил” дэлгүүр дотор ороход хохирогч дэлгүүр дотор согтуу архи зээлээч гээд байж байсан. Би худалдагчаас пиво зээлээч гэсэн худалдагч зээлэхгүй одоо болсон байна гар гэж хэлсэн бас хохирогч ахыг гар гэж хэлсэн. Худалдагч эгч бид хоёрыг хоёуланг нь гар гээд хөөгөөд гаргасан гадаа дэлгүүрийн үүдэнд гараад хохирогч ах танайх хаана байдаг юм манайх энд байдаг шинээр нүүж ирсэн гэж хэлээд тамхи тат гэхээр тамхийг нь аваад татсан. Тэгээд дэлгүүр юм зээлэхгүй байнаа гэж хоорондоо юм ярьж байгаад бид нартай маргалдах гээд байхаар нь та одоо яв харь гэж хэлсэн чинь чи муу хэн юм, мангар пацаан гэж хэлээд боогоод алгадсан тэгэхээр нь гараараа баруун шанаа руу нь нэг удаа цохьтол газар унасан. Унахаар нь бөгс, нуруу руу нь 3-4 уда өшиглөсөн. Батсүрэн өшиглөсөн үгүйг мэдэхгүй байна би хараагүй, намайг Балжинням Гантулга нар салгаад гэр рүү явсан. Нөгөө ах босоод гүйгээд явсан. ...Батсүрэн бид хоёр 19 цагаас 23 цаг хүртэл 4 том пиво хувааж уусан. Балжинням, Гантулга нар эрүүл дэлгүүрийн үүдэнд тааралдсан. Хохирогч ах нилээн согтуу бараг тасарсан байсан. ...Намайг боогоод, нүүр рүү гараараа нэг удаа цохиод, алгадаад авахаар нь цохьсон чинь унасан. …” гэсэн мэдүүлэг /хх-ийн  54 х, шүүх хуралдааны тэмдэглэл/

 

Шүүгдэгч С.Батсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Бид хоёр 2016 оны 04 дүгээр сарын 20-ны орой 23 цаг өнгөрөөд дэлгүүр хаах гэж байхад Гантулга, Балжинням хоёр тааралдсан. Дараа нь Давааням пиво зээлнэ гээд “Энх-Оргил” дэлгүүр лүү орсон. Тэгээд нэг согтуу ахтай гарч ирээд юм ярьж зогссон тэгтэл ах хүү /Эрдэнэгэрэл/ Даваанямыг пацаан гээд хэл амаар доромжлоод гараараа нүүр рүү нь цохьсон чинь яаж байгаа юм гээд ойртоод очсон чинь заамдаад алгадсан тэгэхээр нь Давааням нэг удаа гараараа цохиод унагаасны дараа нуруу руу нь өшиглөсөн. Би нэг удаа тэр ахын нуруу руу өшиглөсөн Балжинням, Гантулга нар салгаад бид хоёр гэр гэртээ харьсан нөгөө ах хүү босоод гүйгээд л явсан. ...Давааням бид хоёр 19 цагаас 23 цаг хүртэл 4 том пиво хувааж уусан. Балжинням, Гантулга нар эрүүл дэлгүүрийн үүдэнд тааралдсан. Хохирогч их согтуу бараг тасарсан байсан. ...Даваанямыг дээрэлхээд боогоод, нүүр рүү гараараа нэг удаа цохиод, алгадаад авахаар нь өмөөрөөд нэг удаа өшиглөсөн. ...нүүр нь зүгээр байсан өөрөө цаашаа гүйж байгаад унасан байх. ...Дэлгүүрийн худалдагч харсан үгүйг мэдэхгүй байна өөр хүн байгаагүй. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 56 х, шүүх хуралдааны тэмдэглэл/

 

            Хохирогч Б.Эрдэнэгэрэлийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр ажлаа тараад Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо
Орбитын тойргоос зүүн хойшоо толгойтын 72-15 тоотод очихоор явах замдаа Энх-Оргил дэлгүүр орж нэгж авчихаад гарахад дэлгүүрийн үүдэнд 2 залуу таараад тамхилаач гэж хэлэхээр нь би тамхиа гаргаад хамт тамхилаад зогсож байтал дэлгүүр дотор хүн чанга дугарах чимээ гарахаар нь ганцаараа дэлгүүрт ороход намайг дэлгүүрээс гарах үед зөрж орсон нэг танихгүй залуу дэлгүүрийн худалдагч эгчтэй маргаад зогсож байсан. Дэлгүүрийн эгч надад хандаж Эрка энэ хүнийг гаргаад өгөөч гэхээр нь би тэр залууг чамд мөнгө байхгүй бол дэмий шүү дээ гэж хэлэн дагуулан дэлгүүрээс гарсан. Дэлгүүр бид хоёрыг гаргаад хаалгаа хаасан. Тэгэхэд хамт гарсан залуу ингэхэд чи юу юм бэ гэж хэлэн заамдаж аваад нэг удаа цохиход би газар унасан. Тэгтэл 4 залуугийн 2 залуу нь намайг нийлж зодсон. Хамт байсан 2 залуу салгасан. Миний хувьд намайг зодсон 2 залууд гомдолтой байна. ...Дэлгүүрээс мөнгө байхгүй байж тэр залуу архи авах гэж байхад нь намайг гаргасан гэж хэлэн зодсон.

...Давааням намайг цохих үед хана мөргөөд газар унасан. 7 дугаар хавирганы хугарал гэмтлийг Давааням баруун цээжний хажуу хэсэгт газар унасан байхад өшиглөсөн тэр үед хугарсан. Би зодуулчихаад гүйгээд явсан тэр үед хөндүүрлэж байсан болохоор нь гэртээ хоночихоод өглөө гэмтлийн эмнэлэгт зургийг нь авахуулсан. Би тэр өдөр 2 лаазтай пиво уусан. Дэлгүүрээс гаргалаа гэх шалтгаанаар намайг зодоод Орбитод чи намайг мэдэхгүй юу гээд цохисон.  ...Давааням гэдэг залуу нь зодсон, хамт байсан согтуу Батсүрэн нь унасан байхад нэг удаа нуруу руу өшиглөсөн, хамт байсан хоёр хүүхэд нь салгасан цохиж зодоогүй. Бид нар өмнө нь бие биеэ танихгүй. ...Дархан Уул аймагт Дархан үйлс эмнэлэгт 10 хоног хэвтсэн төлбөр нь 370,000 төгрөг, томографын шинжилгээний үнэ 120,000 төгрөг, Дархан явсан зардал 40,000 төгрөг зарцуулсан баримт нь хэрэгт хавсаргуулсан. Ажлаа 1 сар хийж чадаагүй. 10 хоног эмнэлэгт хэвтсэн. Хэвтэхээсээ өмнө цагдаагаар явсан. Эмнэлгээс гараад 2016 оны 05 дугаар сарын 07-оос 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хэвтрийн дэглэм бариад гэртээ хэвтсэн энэ хугацаанд ажиллаагүй. Би хувиараа банкнаас зээл авч замын индүү авсан индүүнийхээ зээлэнд сард 1,980,000 төгрөг төлдөг. …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-15 х/

 

  Гэрч Г.Цэцгээгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 23 цагийн үед өндөр нуруутай залуу орж ирээд нэгж аваад гарсан араас нь Давааням орж ирээд пиво зээлчих гэхээр нь зээлээр өгөхгүй гэж хэлэхэд шалаад зогсоод байхаар нь бага багаар түлхээд аргадаад үүд рүү дөхүүлж байтал гаднаас нэгж авсан залуу буцаж орж ирээд Даваанямыг гар гэж хэлээд түлхээд авч гарсан. Тэр үедээ эгчээ би эд нартай хамт явж байгаа хүн биш шүү тусдаа явж байгаа юм гэж хэлж байсан. Би гарсных нь дараа хаалгаа хаатал гадаа пид пад гээд чимээ гарсан цонхоор хартал хүн харагдахгүй байсан. Би цагдаа дуудахад ирээгүй, их удаж байгаад над руу цагдаагаас гээд утсаар залгахаар нь зодоон болоод дуусчихсан хүмүүс нь алга болсон гэж хэлсэн. Би зодож байхыг нь хараагүй. Даваанямыг зүс мэднэ, хамт ямар хүмүүстэй явсаныг нь мэдэхгүй. ...Хохирогч залуу эрүүл согтуу байсаныг нь мэдэхгүй, надад тус болж байгаад зодуулсан. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-22 х/,

 

Насанд хүрээгүй гэрч Э.Гантулгын мөдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 23 цаг өнгөрч байхад “Энх-Оргил” дэлгүүрийн үүдэнд Балжинням, Давааням, Батсүрэн бид дөрөв зогсож байтал дэлгүүр дотроос нэг ах жаахан халамцуу гарч ирээд би саяхан ирсэн та нар хаанахын хүүхдүүд юм гэж асуусан. Давааням би энд байдаг гэж хариулсан чинь тэр ах Даваанямыг чи яасан хэгжүүн дуутай банди вэ гээд заамдаад барьж аваад нүүр рүү нь цохих гээд байхаар нь Балжинням бид хоёр салгасан. Давааням ах тэр ахаас салаад дэлгүүр рүү пиво авна гээд орсон. Заамдалцсан ах хойноос нь ороод Давааням ах, тэр ах хоёр заамдалцаад гарч ирсэн. Дэлгүүрийн худалдагч гадаа гарч учраа ол манайх хаалаа гээд хаалгаа хаасан. Давааням ахыг тэр ах /Эрдэнэгэрэл/ дэлгүүрээс гарч ирээд заамдаж аваад алгадсан чинь Давааням ах зөрүүлээд гараараа нүүр рүү нь нэг удаа цохиод газар унахаар нь дээрээс нь нуруу руу нь өшиглөсөн, тэгтэл Батсүрэн ах цаанаас хүрч ирээд тэр ахын нуруу руу өшиглөсөн. Тэгтэл манай найз Балжинням Давааням ахыг, би Батсүрэнг татаж салгаад явуулсан. Нөгөө ах газраас босоод урагшаа гүйгээд яваад өгсөн. ...Балжинням бид хоёр 23 цаг 20 минутын үед ангийнхаа хүүхдийг хүргэж өгөөд эрүүл “Энх-Оргил” дэлгүүр дээр ирэхэд Давааням, Батсүрэн нар жаахан уучихсан халамцуу байсан. Балжинням бид хоёр нэг гудамжны найзууд, Давааням, Батсүрэн дээд үеийн ах нар байгаа юм тэр өдөр бид хоёр архи уугаагүй. ...Тэр ах бид дөрөвийг дэлгүүрийн гадаа байж байхад та нар ханахынх юм гэж асууж, Давааням ахыг чамайг хэн гэдэг юм гэж асуугаад Давааням гэсэн чинь чамайг мэдэх ч үгүй юм байна гээд дэлгүүр орсон дэлгүүрээс гарч ирэхдээ муудалцаад барилцаад гарч ирсэн. Гарч ирээд тэр ах Давааням ахыг алгадсан тэгэхээр нь зөрүүлээд цохиод унагаасан, дараа нь дээрээс нь өшиглөсөн, Батсүрэн хажуунаас нь орж ирээд тэр ахын нуруу нь 2-3 удаа өшиглөхөөр нь салгасан. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-24 х/

 

Насанд хүрээгүй гэрч Ц.Балжиннямын мөдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2016 оны 04 дүгээр сарын 20-ны орой 23 цаг өнгөрч байхад /цаг минутаа тодорхой санахгүй байна/ найз Гантулгын хамт “Энх-Оргил” дэлгүүрийн үүдэнд Давааням, Батсүрэн ах нартай тааралдсан тэр үед хоёр ах жаахан уусан халамцуу байсан. Давааням ах бид хоёрт ах нь дэлгүүр ороод ирье гээд орсон бид гурав үүдэнд нь зогсож байтал дэлгүүрээс нэг халамцуу ахтай маргалдаад гараад ирсэн. Нөгөө ах Даваанямыг чи хэн юм гэж хэлээд гараараа нүүр рүү нь нэг удаа цохиод авсан, Давааням зөрүүлээд гараараа нүүр рүү нь цохиод унагаасан, унасан хойно нь дээрээс нь 2-3 удаа өшиглөсөн. Хамт явсан Батсүрэн нь тэр ахын нуруу руу нь нэг удаа өшиглөхөөр нь Давааням ахыг би салгаад, Гантулга, Батсүрэн ахыг салгаад цааш нь аваад явсан. Нөгөө ах газраас босоод цаашаагаа гүйгээд явсан. ...Миний харсанаар дэлгүүр дотроос Давааням ах тэр ах муудалцаад барилцаад гараад ирсэн. Дэлгүүрийн худалдагч хоёуланг нь хөөж гаргасан. ...Эхлээд Давааням ах дэлгүүр орсон. Нөгөө ах дөнгөж буцаж дэлгүүрээс гарч ирээд та нар хаанахын хүүхдүүд вэ ах нь энд ирээд удаагүй байна дүү нар тамхи тат , ах нь энд ирээд удаагүй байна гэж ярьж байгаад тамхиа татаад дэлгүүр рүү ороод Даваанямтай муудалцаад гараад ирсэн. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-28 х/

 

            Шинжээчийн ¹5541 тоот дүгнэлт

            -Б.Эрдэнэгэрэлийн биед баруун талд 7-р хавирганы хугарал, дух, зүүн хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

            -Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            -Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            -Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Шинжээч эмч М.Золжаргал /хх-ийн 32 х/ гэсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч С.Батсүрэн, М.Давааням нар мөнгөгүй байж дэлгүүрээс согтууруулах ундааны зүйл зээлээр авах хүсэлт тавьсныг худалдагч эсэргүүцэж гар гэх шаардлага тавьсныг биелүүлэхгүй байсан, улмаар хохирогч Б.Эрдэнэгэрэл “ ...дэлгүүрийн худалдагчтай хамжиж тус дэлгүүрээс гаргасан...” талаарх хохирогчийн өгсөн мэдүүлэг гэрч Г.Цэцгээгийн “... 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 23 цагийн үед өндөр нуруутай залуу орж ирээд нэгж аваад гарсан араас нь Давааням орж ирээд пиво зээлчих гэхээр нь зээлээр өгөхгүй гэж хэлэхэд шалаад зогсоод байхаар нь бага багаар түлхээд аргадаад үүд рүү дөхүүлж байтал гаднаас нэгж авсан залуу буцаж орж ирээд Даваанямыг гар гэж хэлээд түлхээд авч гарсан. ... Би гарсных нь дараа хаалгаа хаатал гадаа пид пад гээд чимээ гарсан цонхоор хартал хүн харагдахгүй байсан. ...Хохирогч залуу эрүүл согтуу байсныг нь мэдэхгүй, надад тус болж байгаад зодуулсан. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-22 х/-ээр давхар нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгч нарыг үл ялих зүйлээр шалтаглан бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн бүлэглэн зодож, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулж догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэж прокуророос хэргийг зүйлчилж ирүүлсэн нь тэдгээрийн үйлдэлд тохирсон байна.Шүүгдэгч нарт хуульд заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүх үзсэн.

 

            Хохирол төлбөрийн талаар:

            Хавтаст хэргийн 80-83 дугаар хуудаснуудад авагдсан хохирлын баримтуудаар 557,000 төгрөгийн зардал гарсан болох нь тогтоогдож байгаа бөгөөд уг зардлыг шүүгдэгч нар тэнцүү хэмжээгээр хуваан төлсөн, хохирогч өөр нэхэмжлэх зүйлгүй болох нь хохирогчоос гаргаж ирүүлсэн хавтаст хэргийн 111, 116 дугаар хуудсанд авагдсан баримтаар нотлогдож байгаа тул шүүгдэгч нарыг хохирлоо сайн дураар барагдуулсан бусдад төлөх хохирол, төлбөргүй гэж шүүх үзсэн.

 

            Хувийн байдлын талаар:

Гэрч П.Мөнхжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...М.Давааням нь 1996 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Завхан аймагт төрсөн эцэг эхээс хоёулаа айлын том хүү. 2014 онд 11 дүгээр анги төгссөн бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Тээврийн дээд сургуулийн оюутан, ухаан санаа эрүүл, ял шийтгэл эдэлж байгаагүй, эхнэр хүүхэдгүй эцэг эхтэйгээ хамт амьдарч байгаа, бага ахуй насаа эцэг эхийн халамжинд Улаанбаатар хотод өссөн, хүмүүжил сайтай, дөлгөөхөн хүүхэд. Урлаг спортын талаар сайн сагсан бөмбөг, хөл бөмбөг тоглодог. Гэр бүлийн зүгээс анхаарал халамж сайн тавьдаг ер нь бол оройтуулдаггүй, архи согтууруулах ундаа хэрэглэж мэдэгддэггүй. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16 х/

 

Гэрч Б.Пэрэнлэйдуламын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Мөнхбатын Даваанямтай би 106 дугаар сургуульд хамт суралцаж байгаад 2014 онд 11-р анги төгссөн нэг ангийн хүүхдүүд 6 жил найзлаж байгаа. Давааням нь зан аашийн хувьд нийтэч нээлттэй шударга зантай, хөдөлгөөнтөй, сагсан бөмбөг, хөл бөмбөг сайн тоглодог, дуулдаг, зохион байгуулалт санаачлага сайтай, ухаан санаа эрүүл, улсаас авсан ял шийтгэлгүй, зан харьцааны хувьд танхай балмад ааш авиргүй их яриа хүүхэд архи хааяа амсдаг, тамхи татдаг. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17 х/

 

Гэрч Ж.Махбалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Мөнхбат овогтой Давааням нь миний төрсөн эх Өлзийсайханы төрсөн дүү болох Мөнхбатын хүүхэд байгаа юм. Даваанямыг багаас нь мэддэг, ер нь сард 2 удаа уулздаг. Зан байдлынх нь талаар сайн мэддэг. Ухаан санаа эрүүл, улсаас авсан ял шийтгэлгүй, эхнэр хүүхэдгүй, эцэг, эх, дүүгийн хамт амьдардаг, эцэг эх нь ажил хийдэг. Архи уудаггүй, ах дүү нартайгаа таарамж сайтай, хүмүүжил сайн, бүрэн дунд боловсролтой, одоо Тээврийн дээд суургуүльд суралцдаг хүүхэд. Сагсан бөмбөг, хөл бөмбөг тоголодог жаахан барилддаг, бүжиг бүжиглэх авъяастай хүүхэд. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18 х/

 

Гэрч С.Мягмарсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Суйлдаа овогтой Батсүрэн миний хамгийн бага хүүхэд юм. Эцэг эхээс дөрөвүүлээ, бага насаа Хөвсгөл аймагт эцэг, эхийн гар дээр арван жилийн сургуульд суралцаж хүмүүжсэн, ял шийтгэл эдэлж байгаагүй, өмнө нь цагдаад хүн зодсон хэрэгт шалгагдаж байсан, ухаан санаа эрүүл, архи уудаггүй. Хотод 2008 онд орж ирсэн, одоо Зүүнсалаанд эхнэр, 1 хүүхдийн хамт амьдарч байгаа, барилгын туслах ажилтан хийдэг одоохондоо ажилгүй байгаа. Хүнтэй их гайгүй харьцдаг буруу хүмүүжилгүй хүүхэд. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19 х/,

 

М.Давааням урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь түүний ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 84-85 х/-аар тогтоогдсон, С.Батсүрэн урьд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2013 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 234 тоот шийтгэх тогтоол /хх-ийн 87-90 х/-оор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар ял шийтгүүлж, уг шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жил 06 сарын хугацаагаар хойшлуулж, уг хугацаа 2014 оны 11 сард дууссан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1 дэх хэсэгт зааснаар ялтайд тооцох хугацаа дууссан, ялгүй болсон мөн шүүгдэгч нарын хувийн байдлын талаар гэрч нарын өгсөн мэдүүлгийг шүүх ял оногдуулахдаа харгалзан үзсэн болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, энэ хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзсэн болно.

 

С.Батсүрэн, М.Давааням нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9 дэх хэсгүүдэд зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т зааснаар ял хүндрүүлэх нөхцөл байдлуудад тус тус тооцсон болно.

 

С.Батсүрэн, М.Давааням  нар хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлж байгаа, тэдгээрийн үйлдсэн гэмт хэрэг нь нийгмийн хор аюулаар  их биш, мөн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлж барагдуулсан, хохирогч цаашид нэхэмжлэх зүйл байхгүй, гомдолгүй гэсэн нөхцөл байдлуудыг харгалзан тэдгээрт оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаас шийдвэрлэсэн болно.

 

            Шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Боржгон овогт Мөнхбатын Давааням, Харчу ус овогт Суйлдаагийн Батсүрэн нарыг танхайрах гэмт хэргийг догшин авирлаж, бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

  1. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсгүүдэд зааснаар М.Даваанямыг 03 /гурван/ жил 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар, С.Батсүрэнг 03 /гурван/ жил 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар М.Давааням, С.Батсүрэн нарт оногдуулсан 03 /гурван/ жил, 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ялуудыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

  1. .М.Давааням, С.Батсүрэн нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар М.Давааням, С.Батсүрэн нарт оногдуулсан 03 /гурван/ жил 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ялуудыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, тус бүрийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, тэдгээрийн засрал, хүмүүжилд хяналт тавихыг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгасугай.

 

6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг “CD”-г уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

7.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан М.Давааням, С.Батсүрэн нарт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд ялтан, түүний өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Б.ДАШДОНДОВ