Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 2018/ДШМ/66

 

 

 

 

 

 

                                                                       

 

 

Г.У-т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Энхмаа даргалж, шүүгч Ц.Өрнөндэлгэр, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Ц.Батбямба,

Хохирогч Х.Пүрэвсүрэн,

Хохирогчийн өмгөөлөгч Б.Баярмагнай,

Шүүгдэгч Г.У ,

            Нарийн бичгийн дарга Г.Шаравдорж нарыг оролцуулан

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Гандансүрэнгийн даргалсан 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 418 дугаар шүүгчийн захирамжтай шүүгдэгч Г.У-т холбогдох 1834000900102 дугаартай 1 хавтас бүхий эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн давж заалдах шатны шүүх 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Г.У , 1988 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Төв аймгийн Борнуур суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, Дабль пирамид ХХК-д ажилчин, ам бүл 3, эмээ, дүүгийн хамт Төв аймгийн ........... оршин суух, урьд Төв аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2013 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 65 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 18.2.5, мөн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсгүүдэд зааснаар 3 жил 6 сарын хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзаж шийтгүүлсэн, регистрийн дугаар:НЙ8....

 

   Г.У  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Төв аймгийн Борнуур сумын Өгөөмөр багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Соёлын төвийн баруун талд 2017 оны 12 дугаар сарын 18-ны шөнийн 23 цагийн орчим Х.Пүрэвсүрэнгийн зүүн нүдэнд нь “Хараа” нэртэй тал шил архиар цохиж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 418 дугаар шүүгчийн захирамжаар: 

Төв аймгийн прокурорын газраас шүүгдэгч Г.У-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1834000900102 дугаартай хэргийг Төв аймгийн прокурорын газарт буцааж,

Хэргийг прокурорт очтол Г.У-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “Хараа” нэртэй архины бөглөөг хэргийн хамт прокурорт шилжүүлэхийг, бичгийн баримтаар ирсэн зүйлгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрвөл прокурор хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор эсэргүүцэлдээ: “Шүүгдэгч Г.У  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Төв Борнуур сумын Өгөөмөр багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Соёлын төвийн баруун талд 2017 оны 12 дугаар сарын 18-ны шөнийн 23 цагийн орчим Х.Пүрэвсүрэнгийн зүүн нүдэнд нь "Хараа" нэртэй тал шил архиар цохиж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан" гэмт хэрэг холбогдсон байна.

Тус Аймгийн Прокурорын газраас Г.У ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт буруутгаж, 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 110 дугаартай яллах дүгнэлтээр хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

            Шүүх шүүгдэгч Г.У-т холбогдох хэргийг 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд "Хараа" нэртэй архины шилийг бүтцийнхээ хувьд аливаа биетийг устгах, гэмтээх чанартай зүйл гэж мэдэх боломжтой, мэдсээр байж зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн байж болохоор байна. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэргийн шинжийг агуулсан байж болохоор байна. Иймд хэргийн сэдэлт, зорилго, гэмт буруугийн хэлбэрийг дахин нэмж шалгаж, тодруулах шаардлагатай гэж үзэж хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн хууль зүйн үндэслэлгүй байна.

Учир нь Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн гэх ойлголтыг "тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан хүйтэн, галт зэвсэг, эд зүйл хэрэгслийг" ойлгохоор тайлбарласан байна. Харин   хавтаст    хэрэгт    авагдсан    бичгийн    нотлох баримтуудаар Г.У  нь уг гэмт хэргийг үйлдэхдээ "Хараа" нэртэй архины шилээр хохирогчийг цохиж, эрүүл мэнд, амь насанд нь хохирол учруулахаар урьдчилан бэлтгэсэн, мөн уг архины шилийг хагалж зассан үйлдэл" тогтоогддоггүй болно.

Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн нь дангаараа 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Г.У-т холбогдох хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд шийдвэрлэсэн "Хэргийг прокурорт буцаах тухай" шүгчийн захирамжид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн  1.2 "шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх бол" гэх үндэслэлийг удирдлага болгож хэргийг прокурорт  буцаасан байна.

Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 'Урьдчилсан хэлэлцүүлгийн үед дараахь үндэслэлээр шүүх өөрийн санаачлагаар, эсхүл хэргийг буцаах тухай прокурорын санал, яллагдагч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны  төлөөлөгч, өмгөөлөгчийн хүсэлтийг харгалзан хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэнэ гэж заасан байхад гэм буруугийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэхэд урьдчилан хэлэлцүүлгээс хэргийг прокурорт буцаах тухай заалтыг удирдлага болгож шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль эөрчсөн байна

Мөн "Хэргийг прокурорт буцаах тухай" шүүгчийн захирамжийн удиртгал хэсэгт •...шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж, шүүгч Ж.Мөнхтуяа, Ш.Гандансүрэн нарын бүрэлдэхүүнтэй" гэж бичсэн зэргээс уг шүүхийн шийдвэр хууль ёсны, үндэслэлтэй байх шаардлагыг хангахгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн 2018 оны 06 дүгээр сарын 21-ний өдрийн 418 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 хэсгүүдэд зааснаар улсын яллагчийн эсэргүүцэл бичив.” гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Батбямба гаргасан тайлбар, дүгнэлтэдээ: Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул хүчингүй болгож, хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр буцаах саналтай байна гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн өмгөөлөгч Б.Баярмагнай гаргасан тайлбартаа: Прокурорын гаргасан эсэргүүцлийг дэмжиж байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

         Давж заалдах шатны шүүх Г.У-т холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын эсэргүүцлээр хязгаарлахгүй хэргийг бүхэлд нь хянаж үзэв.

            Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

            Шүүгчийн захирамжид дурдагдсан “Шүүгдэгч ... нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэргийн шинжийг агуулсан байж болохоор байна. Иймд хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэрийг дахин нэмж шалгаж тодруулах шаардлагатай” гэсэн асуудлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр шүүгч өөрийн санаачилгаар хянан хэлэлцэж шийдвэрлэх боломжтой байжээ.

 

Мөн “ “Хэргийг прокурорт буцаах тухай" захирамжийн удиртгал хэсэгт “...шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж, шүүгч Ж.Мөнхтуяа, Ш.Гандансүрэн нарын бүрэлдэхүүнтэй" гэж бичсэн захирамжийг албажуулахдаа даргалагч шүүгч Ш.Гандансүрэн гэжээ. Шүүхийн шийдвэрийн удиртгал хэсэгт тусгасан “шийдвэр гаргасан шүүх бүрэлдэхүүн”  нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гарын үсэг зурах байтал бүрэлдэхүүнд орсон шүүгч дангаараа гарын үсэг зурсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна гэсэн шаардлагыг хангаагүй захирамж байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатнаас дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.3 дэх хэсэг, 39.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэг, 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

  1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 418  дугаар шүүгчийн захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг урьдчилсан хэлэлцүүлгийн шатнаас дахин хэлэлцүүлэхээр Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

 

  1. Хэргийг анхан шатны шүүхэд очих хүртэл Г.У-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогчид хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болно.         

          

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Т.ЭНХМАА

 

               ШҮҮГЧИД                                                        Ц.ӨРНӨНДЭЛГЭР

 

                                                                                        Р.МӨНХ-ЭРДЭНЭ