Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 221/МА2016/0068

 

Иргэн Ш.М-н нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Ц.Дэлгэрмөрөн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б-, гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.С-, гуравдагч этгээд Г.Ж-гийн өмгөөлөгч Ч.О-, гуравдагч этгээд ССЭИ ХХК-ийн өмгөөлөгч Г.Б- нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 684 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор, иргэн Ш.М-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-гийн нэхэмжлэлтэй, УБЕГХЭБГ-т холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ш.М-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б- нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ЖПЭ ХХК-ийн 60 хувийн хувьцаа эзэмшигч нь Монгол улсын иргэн Ш.М- миний бие 2010 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Монгол Улсын хуулийн дагуу үүсгэн байгуулсан. 2010 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр ЖПЭ ХХК-ийн захирлаар Г.Ж- /регистрийн дугаар: ЧК85113014/ томилогдон компанийн үйл ажиллагааг хариуцан ажилласан. ЖПЭ ХХК нь 2010 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн Ашигт малтмалын хайгуулын 7991Х, 12773Х, 12772 тоот тусгай зөвшөөрлүүдийг эзэмшиж үйл ажиллагаа явуулдаг. Гэтэл 2015 оны 05 дугаар сард Ш.М- миний бие нь ЖПЭ ХХК-ийн эзэмшиж буй 60 хувийн хувьцааг 2012 оны 07 сард Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон Эрх шилжүүлэхээр гэрээ байгуулагдан ССЭИ ХХК-д шилжүүлсэн болохыг мэдлээ. ССЭИ ХХК нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэдийн өмчилдөг компани бөгөөд захирал нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн СЛ- /SL/ байна.

Дээрх зөрчлийг арилгах үүднээс Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Ц.П-ид ЖПЭ ХХК-ийн хувьцааны шилжилт хийсэн бүртгэлийг хүчингүй болгох тухай хүсэлт явуулсан. Үүний дараагаар Бүртгэлийн хяналтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.П- нь 2015 оны 06 дугаар сарын 22-ны 8/8456 дугаар өргөдлийн хариугаар татгалзсан хариу ирүүлсэн. Улсын бүртгэлийн газрын бүртгэгч Ч.Б-ийн бүртгэсэн бүртгэл нь дараах үндэслэлээр хүчингүй болох үндэслэлтэй хэмээн үзэж байна. Үүнд:

1. Улсын бүртгэлийн газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газраас авсан 2015 оны 04 дүгээрсарын 22-ны өдөр авсан лавлагаанд бүртгэгч Ч.Б- нь хаягийн өөрчлөлт, үүсгэн байгуулагчийн мэдээлэл зэргийг 2012 оны 08 дугаар сарын 04-ний өдөр бүртгэсэн нь хагас сайн буюу амралтын өдөр болж таарч байгаа юм. Энэ өдөр ямар нэгэн Нээлттэй хаалганы өдөр байгаагүй.

2. 2012 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн Эрх шилжүүлэх гэрээ болон хувьцаа худалдах, худалдан авах гэрээнүүд нь хууль зөрчиж хийсэн гэрээ буюу хүчин төгөлдөр бус гэрээ юм. Хүчин төгөлдөр бус гэрээний үндсэн дээр хийгдсэн Улсын бүртгэгчийн бүртгэл нь ч мөн адил хүчин төгөлдөр бус байх ёстой.

3. Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 ...болох компанийн хувьцааны гуравны нэг буюу түүнээс дээш хувийг олж авах эрхтэй хэлцэл-д заасны дагуу компанийн хувьцааг гуравдагч этгээдэд шилжүүлэхтэй холбоотой асуудлыг заавал зөвшөөрөл авч хийгдэх ёстой байсан ч энэ ажиллагаа явагдаагүй.

4. Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай Монгол Улсын хуулийн 3.1.4, 3.1.5-д нэгдмэл сонирхолтой этгээд, гадаадын хөрөнгө оруулагчтай холбоотой гуравдагч этгээд гэдэгт ССЭИ ХХК болон түүний хувьцаа эзэмшигч нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн байгаа учир энэхүү хувьцааны шилжүүлгийн бүртгэл нь Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид Гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай Монгол Улсын хуулийг зөрчсөн.

5. Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай Монгол Улсын хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д Энэ хуулиар тогтоосон шаардлага болон 4.1, 4.2-т заасныг зөрчиж хийсэн хэлцэл нь хүчин төгөлдөр бус байна хэмээн тодорхой заасан байна. Улсын бүртгэгч Ч.Б- нь Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулжбайгаа аж ахуй нэгжид Гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийг зөрчиж бүртгэлийг хийсэн байгаа нь харагдаж байна. Иймд ЖПЭ ХХК-ийн дээрх хуулийг зөрчиж хийсэн Улсын бүртгэлийг хүчингүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б- нь шүүхэд гаргасан тодруулсаннэхэмжлэлийн шаардлагадаа: 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдөр ЖПЭ ХХК-ийн хувьцааны шилжилт хийсэн бүртгэлийг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийг гаргасан. 2015 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн хүсэлт хэлэлцэх хурал, 2015 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн хүсэлт хэлэлцэх хурал дээр үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг тодотгох шаардлагатай гэж үзлээ. Ийнхүү нэхэмжлэлийн шаардлагыг тодотгоход нэхэмжлэлийн үндсэн шаардлага өөрчлөгдөхгүй юм. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодотгож байна. Үүнд: Ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийг эзэмшигч ЖПЭ ХХК-ийн 60 хувийн хувьцааг эзэмшигч Ш.М-н хувьцааг ССЭИ ХХК-ийн өмчлөлд Стратегийн ачхолбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийг зөрчиж шилжүүлсэн улсын бүртгэгч Ч.Б-ийн 2012 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн ЖПЭ ХХХК-ийн хувьцааг шилжүүлсэн бүртгэлийг хүчингүй болгож, ЖПЭ ХХК-ийн хувьцааны бүртгэлийг 2012 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн бүртгэлээс өмнөх байдалд оруулж ЖПЭ ХХК-ийн 60 хувийн хувьцааг Ш.М-н нэр дээр буцаан бүртгэхийг УБЕГХЭБГ-т даалгаж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Гадаадын хөрөнгө оруулалт, хуулийн этгээдийн бүртгэлийн газрын улсын бүртгэгч Ч.Б- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Иргэн Шаравын М- /ЧН76082178/-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-гийнгаргасан нэхэмжлэлийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй байна. Үүнд:

1. Ш.М-, Г.Ж- нар нь ЖПЭ ХХК-ийн өөрийн эзэмшлийн хувьцааг, эрхийн хамт 2012 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 83 дугаартай Чингэлтэй дүүргийн тойргийн нотариатч М.С-ийн гэрчилсэн хувьцаа худалдах, худалдан авах болон эрх шилжүүлэх гэрээгээр гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд ССЭИ ХХК-д худалдан шилжүүлэх үед Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль батлагдаагүй байсан.

2. Тус гэрээ болон бусад холбогдох баримтыг үндэслэн компанийн хувь нийлүүлэгчээс Ш.М-, Г.Ж- нарыг хасч шинэ хувьцаа эзэмшигчээр ССЭИ ХХК-ийг бүртгэх үед тухайн компанийн эрхлэх үйл ажиллагаанд ашигт малтмалын хайгуулын, ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийн ямар нэгэн мэдээлэл улсын бүртгэлд бүртгэгдээгүй зөвхөн гадаад худалдаа гэсэн чиглэл байсан байна. Иймд улсын бүртгэгчийн 2012 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хийсэн бүртгэл нь улсын бүртгэлийн холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй, хүчингүй болгох үндэслэлгүй байх тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Гуравдагч этгээд ССЭИ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.С- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Иргэн Ш.М-н нэхэмжлэлтэй Улсын бүртгэлийн ерөнхий газрын бүртгэлтэй холбоотой захиргааны хэргийн оролцогч болох гуравдагч этгээд ЖПЭ ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч ССЭИ ХХК-ийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагын эсрэг дараах тайлбарыг өгч байна. Монгол улсын гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж болох ССЭИ ХХК нь2012 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр ЖПЭ ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ш.М-, Г.Ж- нартай компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, эрх шилжүүлэх гэрээг тус тус байгуулсан. ЖПЭ ХХК-ийн хувьцааг худалдан авахад уг компани нь ямар ч үйл ажиллагаа явуулдаггүй, ямар ч татвар төлдөггүй компани байсан /энэ нь Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн хувийн хэрэг дотор уг компанийг шилжүүлэн авахад бүрдүүлсэн материалын нэг болох Баянгол дүүргийн Татварын хэлтсээс өгсөн тодорхойлолтоор батлагдана/. Харин бид уг компанийг худалдан авснаас хойш өнөөдрийг хүртэл бүрэн бус тооцоогоор 7 тэрбум гаруй төгрөгний хөрөнгө оруулалт хийж, анх компанийн нэр дээр байсан Х буюу хайгуулын лицензийг А буюу ашиглалтын лиценз болготол үйл ажиллагаа явуулсан юм. Одоо ЖПЭ ХХК нь 40 гаруй үндсэн ажилтантай, уурхай дээр өөрийн болон туслан гүйцэтгэгч компанийн 100 орчим ажилчид ажиллаж байгаа, Монгол Улсад татвар, нийгмийн даатгал төлөгч компани болтлоо өргөжөөд байна. Гэтэл иргэн Ш.М- нь ЖПЭ ХХК-ийн хувьцааг огт шилжүүлээгүй мэтээр мэдэн будилж улсын бүртгэлийг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан нь бидний оруулсан их хэмжээний хөрөнгийг дээрэмдэх гэсэн явуургүй бөгөөд ичгүүргүй арга юм. Компанийн эрхийг шилжүүлэх үед бидний зүгээс хуульд заасан бүх баримт бичгийг хууль ёсны дагуу бүрдүүлэн өгсөн учраас өнөөдөр улсын бүртгэлийг хүчингүй болгох үндэслэлгүй гэж үзэж байна. Иймээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Гуравдагч этгээд ССЭИ ХХК, ЖПЭ ХХК-ийн өмгөөлөгч Г.Б- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Иргэн Ш.М-н нэхэмжлэлтэй Улсын бүртгэлийн ерөнхий газрын бүртгэлтэй холбоотой захиргааны хэргийн оролцогч болох гуравдагч этгээд ЖПЭ ХХК-ийн зүгээснэхэмжлэлийн шаардлагын эсрэг дараах тайлбарыг өгч байна.

1. Улсын бүртгэлийн газрын бүртгэгч Ч.Б- нь хаягийн өөрчлөлт, үүсгэн байгуулагчдын мэдээлэл зэргийг 2012 оны 08 дугаар сарын 04-ний өдөр бүртгэсэн нь амралтын өдөр таарч байна гэжээ. Энэ нь техникийн буюу хэлбэрийн төдий алдаа байх бөгөөд амралтын өдөр таарсан нь захиргааны актыг хүчингүй болгох үндэслэл болохгүй юм.

2. 2012 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн Эрх шилжүүлэх гэрээ болон Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ-нүүд нь хууль зөрчиж хийсэн гэрээ буюу хүчин төгөлдөр бус гэрээ юм. Хүчин төгөлдөр бус гэрээний үндсэн дээр хийгдсэн Улсын бүртгэгчийн бүртгэл нь мөн адил хүчин төгөлдөр бус байх ёстой гэжээ. Гэтэл 2012 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн Эрх шилжүүлэх гэрээ болон Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ-нүүдийг өнөөдөр хүчин төгөлдөр бусад тооцсон шүүхийн шийдвэр, эсхүл эрх бүхий байгууллагын ямар нэгэн шийдвэр байхгүй. Гэрээний нэг тал нь дуртай үедээ бусадтай байгуулсан гэрээгээ хүчин төгөлдөр бус гэжүзсэнээр тухайн гэрээ нь шууд хүчин төгөлдөр бусад тооцогдох ямар ч эрх зүйн үндэслэл байхгүй билээ.Захиргааны хэргийн шүүх иргэд, хуулийн этгээдийн хооронд байгуулагдсан иргэний гэрээг хүчин төгөлдөр эсэхийг шийддэг шүүх биш юм. Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай Монгол Улсын хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 3 дугаар зүйлийн 3.1.4, 3.1.5, 9 дүгээр зүйлийн 9.1-ийг зөрчсөн учир бүртгэл хууль бус байжээ. Гэтэл энэ хууль нь 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хууль гарснаар өнөөдөр эрх зүйн үйлчлэлгүй болсон билээ. Нэгэнт хүчингүй болсон хуулийг үндэслэн одоо үйлчилж буй захиргааны актыг хүчингүй болгох тухай ойлголт байхгүй юм. Түүнчлэн захиргааны хэргийн шүүхээс одоо үйлчилж буй захиргааны актын үйлчлэлийг одоо буюу ирээдүйд зогсоохоос бус захиргааны акт хууль бус байсан байна гэдгийг өнгөрсөн цагт тогтоогдоогүй билээ. Нөгөөтэйгүүр энэхүү хууль хүчингүй болсон өдрөөс эхлэн Хөрөнгө оруулалтын тухай хууль үйлчилж байгаа бөгөөд хууль тогтоогчоос гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих бодлогоор дээрх хүчингүй болсон хуульд байсан бүх хязгаарлалтуудыг /үүний дотор нэхэмжлэгчийнмаргаж буй зөвшөөрөл авах шаардлагатай хэлцэлийн талаарх зохицуулалт гэх мэт/ байхгүй болгосон. Иймд өнөөдрийн Хөрөнгө оруулалтын тухай хуулиар маргаж буй гэрээнүүд хүчин

төгөлдөр, түүнийг үндэслэн гарсан бүртгэл ч хүчин төгөлдөр юм. Мөн нэхэмжлэгч нэхэмжлэлдээ 2010 онд хийсэн гэрээ хэлцэл, бүртгэлийг 2015 оны 5 сард мэдсэн мэтээр бичсэн нь хэтэрхий үнэмшилгүй бөгөөд бодит байдалтай огт нийцэхгүй юм.

Учир нь улсын бүртгэлийн үндэслэл болсон 2012 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр байгуулсан Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Эрх шилжүүлэх гэрээ-г нэхэмжлэгч иргэн Ш.М- өөрөө байгуулсан байдаг бөгөөд үүнийг мөн өдөр 443 дугаартай нотариатч М.С- баталсан байдаг. Нөгөөтэйгүүр компанийн 60 хувийн хувьцаа эзэмшигч хүн бүхэл бүтэн 5 жил өнгөрөөд байхад өөрийнхөө компанийг /хөрөнгийг/ өөр этгээдэд шилжсэн байхыг мэдэхгүй байх ямар ч боломжгүй юм. Наад зах нь Компанийн тухай хууль-иар Хувьцаа эзэмшигчдийн хурлыг жил болгон хийх ёстой биш билүү? Энэ бүх бодит байдал нь нэхэмжлэгч этгээдээс захиргааны актын талаар маргах хөөн хэлэлцэх хугацаа /Захиргааны хэрэг хянаншийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1/ өнгөрсөн болохыг нотолж байгаа тул шүүх нэхэмжлэлээс татгалзах ч үндэслэлтэй байна. Улсын бүртгэлийн ерөнхий газрын бүртгэл хууль ёсны эсэхийг шалгах шалгуур нь Улсын

бүртгэлийн ерөнхий хуулийн 5 дугаар зүйл, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай 2003 оны /хуучин/ хуулийн 23 дугаар зүйл, 2015 оны /шинэ/ хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-д заасан хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт хийх буюу хуулийн этгээдийн эрх шилжүүлэхэд тавигдах шаардлагууд юм. Энэхүү хуучин болон шинэ хуулийн аль алиных нь шаардлагыг 2012 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн улсын бүртгэгч Ч.Б-ийн бүртгэл нь хангаж буй тул бүртгэлийг хүчингүй болгох үндэслэлгүй байна гэв.

Гуравдагч этгээд Г.Ж- нь шүүхэд гаргасан бие даасан шаардлагадаа: ЖПЭ ХХК-ийн 60 хувийн хувьцааг эзэмшиж байсан Ш.М- нь ЖПЭ ХХК-ийн хувьцааг шилжүүлсэн 2012 оны 8 сарын 04-ний өдрийн бүртгэлийг хүчингүй болгуулахаар Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. ЖПЭ ХХК-ийг Монгол Улсын иргэн Г.Ж- миний бие иргэн Ш.М-тай хамт 2010 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Монгол Улсын хуулийн дагуу үүсгэн байгуулсан. ЖПЭ ХХК-ийн 40 хувийн хувьцааг Г.Ж- миний бие, Ш.М- нь 60 хувийн хувьцааг эзэмшдэг байсан. ЖПЭ ХХК-г үүсгэн байгуулагдсан цагаас Г.Ж- миний бие ЖПЭ ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдон компанийн үйл ажиллагааг хариуцан ажилласан. ЖПЭ ХХК нь 2010 оны 11 сард ашигт малтмалын хайгуулын 7991Х, 12772Х болон 12773Х тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авч ашигт малтмалын хайгуулын чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. 2012 оны 7 сард Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн CHB манай компанийн хувьцааг худалдан авч хамтран ажиллах саналыг тавьж миний зүгээс өөрийн 40 хувийн хувьцааг зарсан ба холбогдох Хувьцаа худалдах гэрээ, Эрх шилжүүлэх гэрээ, Хувьцаа эзэмшигчийн шийдвэр зэргийг үйлдэж өгсөн.

Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийн дагуу Монгол Улсын Засгийн газраас зөвшөөрөл авсан асуудлаар Ш.М- нь нэхэмжлэл гаргасан гэж ойлгож байгаа ба энэхүү асуудал нь Г.Ж- миний эрх ашгийг хөндөж байна. Учир нь энэ асуудлаас буюу ЖПЭ ХХК-ийн хувьцаа шилжсэн асуудлаас болжГ.Ж- надад хохирол учрах, миний эзэмшиж байсан ЖПЭ ХХК-ийн 40 хувийн хувьцааны эрх зүйн нөхцөл байдал өөрчлөгдөж болохуйц нөхцөл байдал үүсээд байна. Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийн дагуу Монгол Улсын Засгийн газраас зөвшөөрөл аваагүйн улмаас ЖПЭ ХХК-ийн хувьцааг ССЭИ ХХК-дшилжүүлсэн бүртгэл нь хууль зөрчсөн бол тухайн бүртгэлийг хүчингүй болгож хуульд нийцүүлэх шаардлагатай хэмээн үзэж байна. Миний бие ЖПЭ ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан ба тус компанийнхувьцааг худалдан авсан Бүгд Найрамдах Хятад Улсын иргэн CHB болон түүний удирдаж байсан Бүгд Найрамдах Хятад Улсын хөрөнгө оруулалттай ССЭИ ХХК-д хувьцаа шилжүүлэхэд Засгийн газраас зөвшөөрөл авах тухай хөрөнгө оруулагч нь ямар нэгэн зүйл надад мэдэгдээгүй. Хэдийгээр миний бие өөрийн хувьцааг шилжүүлэх гэрээ хийж шилжүүлсэн боловч тухайн хувьцаа шилжүүлсэн бүртгэл хууль зөрчсөн бол хуульд нийцүүлэх шаардлагатай хэмээн үзэж байна. Иймд Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахйун нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийг зөрчиж шилжүүлсэн Улсын бүртгэгч Ч.Б-ийн 2012 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн ЖПЭ ХХК-ийнхувьцааг шилжүүлсэн бүртгэлийг хүчингүй болгож, ЖПЭ ХХК-ийн 40 хувийн хувьцааг Г.Ж- миний нэр дээр буцаан бүртгэхийг УБЕГХЭБГ-т даалгаж өгнө үү гэв.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 684 дүгээр шийдвэрээр Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай /2012 оны/ хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т заасныг тус тус удирдлага болгон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-, гуравдагч этгээд Г.Ж-гийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, улсын бүртгэгч Ч.Б-ийн 2012 оны 08 дугаар зүйлийн 04-ний өдөр хийсэн бүртгэлийг хүчингүй болгож, ЖПЭ ХХК-ийн 60 хувийн хувьцааг Ш.М-гийн нэр дээр буцаан бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхийгазрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Гуравдагч этгээд Си Си Эс Икс ХХК-ийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх шийдвэрээ гаргахдаа хүчингүй болсон хуулийг хэрэглэсэн буюу хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, мөн хуулийн зүйл заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн, нотлох баримтыг дутуу үнэлсний улмаас гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна. Шүүхийн шийдвэрийн гол үндэслэл нь Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийн зорилт, мөн хуулийн 6.1-ийн дагуу Монгол Улсын Засгийн газраас зохих журмын дагуу зөвшөөрөл авах ёстой байтал уг шаардлагыг биелүүлээгүй нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3.1.4-д заасан бүртгэлийн үйл ажиллагаа үнэн зөв байх гэсэн зарчим алдагдсан гэжээ. Үүнийг дараах тайлбар, нотлох баримтаар үгүйсгэж байна.

Нэгдүгээрт, хэрэгт авагдсан нотлох баримт болох ЖПЭ ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар болон хариуцагчийн тайлбараар тус компанийн хувьцаа эзэмшигч байсан Ш.М-, Г.Ж- нараас ССЭИ ХХК-д шилжүүлсэн улсын бүртгэл хийгдэх үед буюу 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшдэг талаар ямар ч бүртгэл байгаагүй. Тухайн үед ЖПЭ ХХК нь гадаад худалдаа-ны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг гэсэн мэдээлэлтэй байдаг. Гэтэл хариуцагчийг Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийг хэрэглээгүй гэж буруутган бүртгэлийг хууль бус гэж үзэж байгаа нь үндэслэлгүй байна. Улсын бүртгэл хууль ёсны эсэхийг шалгах шалгуур нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 5 дугаар зүйл, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай 2003 оны /хуучин/ хуулийн 23 дугаар зүйл, 2015 оны /шинэ/ хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т заасан хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт хийх буюу хуулийн этгээдийн эрх шилжүүлэхэд тавигдах шаардлагууд юм. Энэхүү хуучин болон шинэ хуулийн аль алиных нь шаардлагыг 2012 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн бүртгэл нь хангаж байхад бүртгэл үнэн зөв байх зарчмыг зөрчсөн гэж үзсэн нь огт үндэслэлгүй бөгөөд ойлгомжгүй байна.

Хоёрдугаарт, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийг тогтоогч 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүчингүй болсонд тооцох тухай хууль гаргаснаар уг хууль нь анаадар эрх зүйн үйлчлэлгүй болсон билээ. Гэтэл шүүх нэгэнт хүчингүй болсон хуулийг үндэслэн /шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ч, тэр бүү хэл тогтоох хэсэгтээ/ одоо үйлчилж буй захиргааны актыг хүчингүй болгох шийдвэр гаргасан нь хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн байна.

-               Захиргааны эрх зүйн онолоор өнөөдөр эрх зүйн үйлчлэлтэй байгаа захиргааны актыг хүчингүй болгосон хуулийг үндэслэн одоо болон ирээдүй цагт хүчингүй болгох ойлголт байхгүй.

-               Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилт, зохицуулалтын агуулга болон шүүхийн практикаар захиргааны хэргийн шүүхээс өнөөдөр эрх зүйн үйлчлэлтэй байгаа захиргааны актын үйлчлэлийг одоо болон ирээдүйд зогсоох /хүчингүй болгохоос бус/ захиргааны акт хууль бус байсан байна гэдгийг өнгөрсөн цагт тогтоодоггүй.

-               Энэхүү хууль хүчингүй болсон өдрөөс эхлэн Хөрөнгө оруулалтын тухай хууль үйлчилж байгаа бөгөөд хууль тогтоогчоос гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих бодлогоор дээрх хүчингүй болсон хуульд байсан бүх хязгаарлалтуудыг, үүний дотор шүүхийн үндэслэл болгосон Засгийн газраас зөвшөөрөл авах шаардлагатай хэлцлийн талаарх зохицуулалт байхгүй болгосон. Иймд өнөөдрийн Хөрөнгө оруулалтын тухай хуулиар нэхэмжлэгчийн маргаж буй гэрээ нь /хувьцаа шилжүүлэх тухай хэлцэл/ хүчин төгөлдөр юм. Гэтэл шүүхийн шийдвэрийн үндэслэл нь хууль зөрчсөн гэрээг үндэслэн, тодруулбал Засгийн газраас зөвшөөрөл авалгүйгээр бүртгэл хийсэн нь хууль бус байна гэсэн утгатай болжээ. Үүнээс үзвэл захиргааны хэргийн шүүх талуудын хооронд байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бус гэж дүгнэн түүнийг үндэслэсэн бүртгэл хууль бус гэж үзжээ. Уг нь энэ нь иргэний шүүхийн хийх ёстой ажил байсан болов уу? Учир нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийн 6.1-д зөвшөөрөл авах ёстой хэлцэлийн тухай зохицуулалт болохоос бус улсын бүртгэлийн тухай зохицуулалт биш юм.

Гуравдугаарт, шүүхийн шийдвэрт мөн улсын бүртгэгч Ч.Б- нь хаягийн өөрчлөлт, үүсгэн байгуулагчийн мэдээлэл зэргийг 2012 оны 08 дугаар сарын 04-ний өдөр бүртгэсэн нь хагас сайн буюу амралтын өдөр байсан гэдгийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр хэлснийг дурдах нь зүйтэй байна гэжээ. Харамсалтай нь шүүх яагаад хагас сайн өдөр байгаа талаарх хариуцагчийн тайлбарыг шийдвэртээ бүрэн тусгалгүй хэт нэг талыг барьсан байна. Хариуцагч энэ талаарх тайлбартаа: ажлын ачаааллаас болж манай газар амралтын олонтоо ажилладаг, иймээс тухайн өдөр ажилласан байж ч болно, эсхүл энэ нь техникий буюу шивилтийн алдаа, эсхүл системийн алдаа байсан ч байж болно, өнөөдөр үүнийг тогтоох боломжгүй. Б- гэдэг хүн ажлаасаа гарсан... гэсэн утгатай тайлбар өгсөн байдаг. Ер нь 2013-2014 он бол Шинэчлэлийн Засгийн газар-ын үе байсан бөгөөд энэ үед төрийн захиргааны байгууллагууд албан ёсоор хагас сайн өдрүүдэд ажиллаж байсныг бид бүгд мэднэ. Зарчмын хувьд хагас сайнд ажилласан бол тухайн өдөр ажиллаад гаргасан шийдвэрүүд, тухайлбал, захиргааны акт хууль бус байх хууль зүйн үндэслэл байхгүй. Хөдөлмөрийн тухай хуулинд заасан ажил, амралтын цаг бол ажилтны амрах эрхийг баталгаажуулсан хувийн эрх эрх зүйн хэм хэмжээ болохоос, төрийн албаны ажлын цаг болон түүнээс үүдэн гарах эрх зүйн үр дагаврыг зохицуулсан нийтийн эрх зүйн хэм хэмжээ биш юм. Гэтэл амралтын өдөр хийсэн бүртгэл буюу захиргааны акт нь бүртгэл үнэн зөв байх зарчмыг зөрчсөн учраас хууль бус гэж дүгнэсэн нь ямар ч хууль зүйн үндэслэлгүй байна. Хэрэв энэ шивилтийн юм уу програмын зэрэг техникийн алдаа бол хэлбэрийн төдий алдаа бөгөөд түүний улмаас захиргааны актыг хүчингүй болгох үндэслэл болохгүй. Дээр дурдсан хууль зүйн үндэслэлээс гадна бодит байдлыг гэрчилсэн нотлох баримтыг шүүх үнэлээгүйгээс шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болж чадаагүй байна. Тухайлбал, нэхэмжлэгч Ш.М-н хүсэлтээр асуугдсан гэч ЧВнь анх хувьцаа шилжүүлэх гэрээг байгуулахыг нэхэмжлэгч Ш.М- мэдсэн, гарын үсгээ зурсан гэж нотолдог, мөн Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн гэрээн дээр Ш.М-н нэр, гарын үсэг байдаг, үүнийгээ нэхэмжлэгч үгүйсгээгүй байдаг. Гэтэл одоо болохоор нэхэмжлэгч тухайн үед хууль зөрчсөн гэрээ байгуулсан нь хууль бус байна, иймээс одоо бүртгэлийг хүчингүй болгуулахаар шаардаж байна гэсэн зүйл ярьдаг. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч өөрөө хүсэл зоригоо илэрхийлэн хэлцэл байгуулсан атал одоо түүний ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол нь яаж зөрчигдсөн бэ гэдэг нь ойлгомжгүй буюу тогтоогдохгүй байхад шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээд Г.Ж-гийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: ...нэхэмжлэгчийн болон бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн нэхэмжлэлийн шаардлага нь хуулийн этгээдийн хувьцаа эзэмшигч өөрчлөгдсөн тухай бүртгэлийг хүчингүй, ийнхүү хүчингүй болгосон тохиолдолд түүний шууд үр дагавар болох хуулийн этгээдийн хувьцаа эзэмшигчээр хэнийг бүртгэлийг шийдвэрлүүлэх ач холбогдолтой байсан. Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрээр хуулийн этгээдийн хувьцаа эзэмшигч өөрчлөгдсөн тухай бүртгэлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн мөртлөө харин ЖПЭ ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр хэн байх эсэхийг шийдвэрлэлгүй орхигдуулсан нь учир дутагдалтай болжээ. Анхан шатны шүүхийн шийдвэр хуульд заасны дагуу уншин сонсгомогц хүчин төгөлдөр болж байгаа бөгөөд үүнээс хойш ЖПЭ ХХК-ийн хувьцаа эзэмшигч нь хэн болох нь тодорхойгүй төлөвтэй болов. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүхийн шийдвэрийн хүчин төгөлдөр болмогц ЖПЭ ХХК-ийн хувьцааг ССЭИ ХХК эзэмших эрхгүй болж байгаа бөгөөд харин түүний өмнө уг компанийн хувьцааг эзэмшиж байсан нэхэмжлэгч Ш.М-, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Г.Ж- нарын ЖПЭ ХХК-ийн хувьцааг эзэмших эрх нь сэргэж байгаа эсэх нь тодорхойгүй болсон. Нэхэмжлэгч хийгээд бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн гаргасан хувьцаа эзэмшигчээр бүртгүүлэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага нь өмнөх шаардлагын шууд үр дагавар, үргэлжлэл бөгөөд нэхэмжлэлийн өмнөх шаардлагыг шүүх хангасан тохиолдолд мөн түүнтэй нэгэн адил хангагдах учиртай. Иймд анхан шатны шүүхийн 2015 оны 684 дүгээр шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн болон бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.8 дахь заалтыг удирдлага болгон нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн зарим шаардлага болон гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг тус тус хангаж хэргийг шийдвэрлэсэн нь буруу байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээд ССЭИ ХХК-ийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгчээс ... миний бие ЖПЭ ХХК-ийн 60 хувийн хувьцаа эзэмшигч, манай компани 2010 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Монгол Улсын хуулийн дагуу үүсгэн байгуулсан. ЖПЭ ХХК нь ...Ашигт малтмалын хайгуулын 7991Х, 12773Х, 12772 тоот тусгай зөвшөөрлүүдийг эзэмшиж үйл ажиллагаа явуулдаг. Гэтэл миний ЖПЭ ХХК-ийн эзэмшиж буй 60 хувийн хувьцааг 2012 оны 7 сард Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон Эрх шилжүүлэхээр гэрээ байгуулагдан ССЭИ ХХК-д шилжүүлсэн байна. Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулиар тогтоосон шаардлага болон хуульдзаасныг зөрчиж уг бүртгэлийг хийсэн ... гэж, хариуцагчаас ...Ш.М-, Г.Ж- нар нь ЖПЭ ХХК-ийн өөрийн эзэмшлийн хувьцааг эрхийн хамт нотариатчийн гэрчилсэн хувьцаа худалдах, худалдан авах болон эрх шилжүүлэх гэрээгээр гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд ССЭИ ХХК-д худалдан шилжүүлэх үед Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль батлагдаагүй байсан ...компанийн хувь нийлүүлэгчээс Ш.М-, Г.Ж- нарыг хасч шинэ хувьцаа эзэмшигчээр ССЭИ ХХК-ийг бүртгэх үед тухайн компанийн эрхлэх үйл ажиллагаанд ашигт малтмалынхайгуулын, ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийн ямар нэгэн мэдээлэл улсын бүртгэлд бүртгэгдээгүй зөвхөн гадаад худалдаа гэсэн чиглэл байсан. Иймд улсын бүртгэгчийн 2012 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хийсэн бүртгэл нь улсын бүртгэлийн холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй, хүчингүй болгох үндэслэлгүй гэж маргажээ.

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д үнэн зөв, бодитой, заавал биелүүлэх шинжтэй байхмөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д Улсын бүртгэлийг энэ хуулийн 5.3-5.5-д заасан мэдээлэл бүхий нотлох баримтад үндэслэн хөтөлнө , 5 дугаар зүйлийн 5.4-д Хуулийн этгээдийн улсын бүртгэл дараахь төрөлтэй байна, 5.4.3-д хуулийн этгээдийг үүсгэн байгуулагчийн болон үүсгэн байгуулах баримт бичиг, түүнд орсон өөрчлөлтийн гэж тус тус заажээ.

 

ЖПЭ ХХК-ийг 2010 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Ш.М-, Г.Ж- нар үүсгэн байгуулж, 60 хувийн хувьцааг Ш.М-, 40 хувийн хувьцааг Г.Ж- эзэмшихээр тохиролцож, үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн ба тус компанийн хувьцаа эзэмшигчид нь ССЭИ ХХК-ийн захирал ЧВ/CHB/-тай 2012 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хувьцаа худалдах, худалдан авах гэрээ[1], эрх шилжүүлэх гэрээнүүд[2]-ийг байгуулж, Чингэлтэй дүүргийн нотариатч М.С-ээр баталгаажуулж, уг гэрээг холбогдох баримт бичгүүдийн хамт улсын бүртгэлд 2012 оны 08 дугаар сарын 04-ний өдөр бүртгүүлсэн нь хуулийн заалтуудыг зөрчөөгүй байна.

Тодруулбал, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-д хуулийн этгээдийн эрх шилжүүлэх өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд бүрдүүлэх баримт бичгүүдийг заахдаа баталсан маягтын дагуу гаргасан өргөдөл, эрх шилжүүлж байгаа тухай үүсгэн байгуулагчийн шийдвэр, дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлт, Иргэний хуульд заасан холбогдох гэрээ, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт гэж заасан, мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-д Хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэх өргөдлийг энэ хуулийн 13.3, 15.1, 16.1-д заасны дагуу гаргана гэж тус тус заасны дагуу БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай компани[3] болох ССЭИ ХХК нь дээр дурдсан баримтуудыг бүрдүүлэн ЖПЭ ХХК-ийн 100 хувийн хувьцааг шилжүүлэх бүртгэлийг 2012 оны 08 дугаар сарын 04-ний өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.

Гэтэл анхан шатны шүүх улсын бүртгэлийн дээрх үйлдлийг хууль бус гэж үзэн, улмаар дээрх бүртгэлийн үндэслэл болсон Стратегийн ач холбогдолтой ашигт малтмалын салбарт хайгуулын болон олборлох, ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмшиж үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын хувьцааны гуравны нэг буюу түүнээс дээш хувийг олж авах эрхтэй хэлцэлд Стратегийн ач холбогдол бүхий аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийн дагуу заавал Монгол Улсын Засгийн газраас зохих журмын дагуу зөвшөөрөл авах ёстой байхад хариуцагч нь дээрх хуулийн шаардлагыг биелүүлэлгүй зөвхөн Улсын бүртгэлийн хуулийн дагуу бүртгэл хийсэн нь хуульд нийцээгүй байна гэж буруу дүгнэсэн байна.

Стратегийн ач холбогдол бүхий аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль нь 2012 оны 05 дугаар сарын 17-ны өдөр батлагдан, мөрдөгдөж эхэлсэн бөгөөд мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т Гадаадын хөрөнгө оруулагч, түүнтэй нэгдмэл сонирхолтой этгээд болон гуравдагч этгээд энэ хуулийн 5.1-д заасан стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа эрхлэхэд, эсхүл стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгж болох компанитай холбоотой энэ хуулийн 6 дугаар зүйлд заасан хэлцлийг байгуулахад Монгол Улсад бүртгэлтэй стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжээрээ дамжуулан Монгол Улсын Засгийн газар /цаашид Засгийн газар гэх/-аас зөвшөөрөл авна, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж болох компанийн хувьцааны гуравны нэг  буюу түүнээс дээш хувийг олж авах эрхтэй болох хэлцэл гэж тус тус заасан бөгөөд иргэн Ш.М- болон Г.Ж- нар нь уг хууль батлагдахаас өмнө хувьцаа худалдан авах гэрээ, эрх шилжүүлэх гэрээнүүдийг байгуулсан, түүнчлэн уг гэрээнүүд одоог хүртэл хүчин төгөлдөр байгаа болох нь хэргийн оролцогчдын тайлбар, ЖПЭ ХХК-ийн хувийн хэрэг, тус компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг баримтаар тогтоогдож байна.

Тухайн үед тус компани ашигт малтмалын хайгуул эрхлэх үйл ажиллагааг улсын бүртгэлд бүртгүүлээгүйгээс хариуцагч нь Стратегийн ач холбогдол бүхий аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийг хэрэглэх ёстой байсан гэж үзэх боломжгүй бөгөөд уг хууль нь 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчингүй болсон, уг улсын бүртгэлийн үндэслэл болсон Ш.М-, Г.Ж- болон ССЭИ ХХК-ийн захирал ЧВ/CHB/-тай байгуулсан 2012 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, эрх шилжүүлэх гэрээ хүчин төгөлдөр байх тул улсын бүртгэгч дээрх хуулийг зөрчсөн, мөн уг бүртгэлийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй гэж үзэн нэхэмжлэгч Г.М-н нэхэмжлэлийн шаардлага болон гуравдагч этгээд Г.Ж-гийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Түүнчлэн, нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлдээ ...ажлын бус өдөр уг бүртгэлийг хийсэн гэх боловч гуравдагч этгээд ЖПЭ ХХК нь хуулийн этгээдийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулах мэдүүлгийг 2012 оны 07 дугаар сарын 30-ны өдөр гаргасан[4] байдал, мөн шүүх хуралдаан дээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...ажлын ачааллаас хамаарч амралтын өдрүүдэд ажиллах тохиолдол байдаг гэх тайлбар зэргээс үзэхэд энэ нь хэлбэрийн төдий алдаа байх тул уг бүртгэлийг хүчингүй болгох үндэслэл болохооргүй байна.

Мөн гуравдагч этгээдийн өмгөөлөгч шүүх хуралдаан дээр давж заалдах гомдлын үндэслэлээ: ...нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн.. гэж тайлбарлах боловч нэхэмжлэгч Ш.М- нь уг бүртгэлийг хүчингүй болгуулахаар урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар Улсын бүртгэлийн ерөнхий газарт хандсан бөгөөд тус газрын 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 8/8456 тоот албан бичгээр хариу өгсөн, уг хариунд хөөн хэлэлцэх хугацааны хэтэрсэн эсэх талаар үнэлэлт дүгнэлт өгөөгүй, харин бүртгэл хууль тогтоомж зөрчсөн эсэх талаар хариуг өгсөн байх тул гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн гаргасан гомдол үндэслэлгүй байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.      Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 684 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ш.М-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-гийн ЖПЭ ХХК-ийн 60 хувийн хувьцааг эзэмшигч Ш.М- миний хувьцааг ССЭИ ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн Улсын бүртгэгч Ч.Б-ийн бүртгэлийг хүчингүй болгож, ЖПЭ ХХК-ийн хувьцааны бүртгэлийг 2012 оны 08 дугаар сарын 04-ны өдрийн бүртгэлээс өмнөх байдалд оруулж, ЖПЭ ХХК-ийн 60 хувийн хувьцааг Ш.М-гийн нэр дээр буцаан бүртгэхийг УБЕГХЭБГ-т даалгуулах шаардлагыг болон гуравдагч этгээд Г.Ж-гийн ЖПЭ ХХК-ийн 40 хувийн хувьцааг эзэмшигч Г.Ж- миний хувьцааг ССЭИ ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн улсын бүргэгч Ч.Б-ийн 2012 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн ЖПЭ ХХК-ийн хувьцааг шилжүүлсэн бүртгэлийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс давж заалдах шатны журмаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 140400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.      Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА

ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ