Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Очирбатын Номуулин |
Хэргийн индекс | 114/2016/0013/з |
Дугаар | 221/MA2016/0473 |
Огноо | 2016-07-07 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 07 сарын 07 өдөр
Дугаар 221/MA2016/0473
Д.*******ын нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баатархүү даргалж, шүүгч Д.Батбаатар, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Ц.Болормаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Содболд нарыг оролцуулан, Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 29 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор, Д.*******ын нэхэмжлэлтэй, Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулингийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 29 дүгээр шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.*******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Б/03 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Д.*******ыг тус газрын кадастрын мэргэжилтний үүрэгт ажилд нь эгүүлэн тогтоож, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар нэхэмжлэгч Д.*******т ажилгүй байсан хугацааны нөхөн олговор 2.228.520 төгрөгийг аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас гаргуулан олгож, нөхөн олговроос нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж, хариуцагчийн эрхийг эдлүүлэхгүйгээр шүүх хуралдааныг явуулсан. Хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс шүүх хуралд хариуцагчийг оролцох эрхээр хангаж, шүүх хурлыг хойшлуулж өгөхийг хүссэн боловч хуралдаан даргалагч нь хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтоох, хэргийн оролцогч эрх, үүргээ хэрэгжүүлэх, мэтгэлцэх зарчмыг хангах үүргээ биелүүлээгүй болно. Хариуцагчийн эрх ашгийг хохироосон ноцтой алдаа болсон юм. Нэхэмжлэгч Д.******* нь уг хэргийг шийдвэрлэсэн З.Энхтуяа шүүгчтэй газар эзэмшүүлэх гэрээг байгуулж байсан тухай нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн ба энэ баримт нь З.Энхтуяа шүүгчийг уг хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэхэд эргэлзээ төрүүлсэн учраас хуулиар олгогдсон эрхээ эдэлж шударга шүүхээр шийдвэрлүүлэх зорилгоор татгалзсан болно. Ийм нөхцөл байдал тогтоогдоод байхад шүүгч татгалзан гаргамагц энэ асуудлаар өөрт нь хамааралгүй гэх тайлбарыг гаргаж, амрах гэж байгаа учраас шийдмээр байна гэдгээ хэлсэн. Энэ байдал нь шүүгч ямар ч тохиолдолд тухайн хэрэг маргааныг шийдвэрлэнэ гэсэн байдлаар, энэ хэрэгт хувийн сонирхлоор хандаж байна гэх хардлагыг төрүүлсэн болно. Нөгөө талаас шүүгч амрах гээд байгаа юм бол өөрөө татгалзан гарах боломжтой байсан. Шүүгч З.Энхтуяа нь нэхэмжлэгч Д.*******ын нэхэмжлэлтэй хэргийг шийдвэрлэхдээ Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.3.1, 88.3.2-т заасан зөрчлийг гаргасны улмаас уг шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байх тул Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлын хүрээнд шүүхийн шийдвэрийг хянан үзэхэд гомдлыг хангах үндэслэлгүй байна.
Иргэн Д.******* нь “Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Б/03 тоот тушаалыг хүчингүй болгож ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх”-ийг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “анх ажилд томилохдоо Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д зааснаар төрийн нэг байгууллагаас нөгөө байгууллага руу шилжүүлэн ажиллуулсан атлаа сэлгэн ажиллуулсан хугацаа дууссан гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй” гэж маргажээ.
Анхан шатны шүүх Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Б/03 тоот тушаал нэхэмжлэгч Д.*******ын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хуулийг буруу ойлгож хэрэглэсэн гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байх ба хариуцагч нь маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлтэй холбоотой гомдол гаргаагүй байх тул давж заалдах шатны шүүх энэ талаар дүгнэлт өгөх шаардлагагүй байна.
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчиж, хариуцагчийг шүүх хуралдаанд оролцуулалгүй, мэтгэлцэх зарчмыг хангах үүргээ биелүүлээгүй гэх гомдол үндэслэлгүй, өөрөөр хэлбэл шүүх 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн шүүх хуралдааны товыг шүүхийн мэдэгдэх хуудсаар хариуцагчид мэдэгдсэн байх ба тэрээр мэдэгдэх хуудас хүлээн авсан баримтад гарын үсэг зурсан атлаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралд ирээгүй байна.
Түүнчлэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн өмгөөлөгчөөс шүүгчийг татгалзсан татгалзлыг тус шүүхийн ерөнхий шүүгчийн 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 30 дугаар захирамжаар шийдвэрлэсэн байх ба нэхэмжлэгч Д.******* нь хуулиар хүлээсэн ажил үүргээ гүйцэтгэж шүүгчтэй газар эзэмших гэрээ байгуулсан нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн /хуучнаар/ 64 дүгээр зүйлийн 64.1-д заасан шүүгч өөрөө татгалзан гарах үндэслэлд хамаарахгүй юм.
Иймд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн /хуучнаар/ 88 дугаар зүйлийн 88.3.1-д “анхан шатны шүүх хэргийн оролцогч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгчийг шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг нь хангалгүй захиргааны хэргийг шийдвэрлэсэн”, 88.3.2-т “хууль бус бүрэлдэхүүнээр захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн” гэж үзэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 29 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ О.НОМУУЛИН