Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 2022/ШЦТ/86

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж
Улсын яллагч: Э.Оргилбат  
Шүүгдэгч: Д.Д 
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Оюунгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Д овогт Дийн Дд холбогдох эрүүгийн 2212000000078 тоот хэргийг хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1990 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Архангай аймгийн Хангай суманд төрсөн, эрэгтэй, 32 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Архангай аймгийн ...... оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Д овогт Дийн Д/РД:............/

                               Холбогдсон хэргийн талаар: 

 Шүүгдэгч Д.Д нь 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 16 цагийн үед Архангай аймгийн Цахир сумын .......... Р.Дтой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь зүүн шанаанд язарсан шарх, баруун нүдний дээд, доод зовхинд зулгаралт, баруун төмсгийн доод тал хуухнагт цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь: 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. 

 *Эрүүгийн 2212000000078 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 

 *Хохирогч Р.Дын өгсөн: 
“...Би 2022 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Цахир сумын төвд байдаг авто засварын газарт очоод өөрийнхөө унаж явсан Мусса маркийн 86-97 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн моторын 5 халаагчийг засвар хийдэг хүнээр солиулсан чинь миний машины хаазны чөмгийг нь хугалчхаад цавуугаар наагаад шар лентээр ороогоод эргүүлээд тавьсан. Тэгсэн машин хааз муу аваад байсан. Энэ тухай засвар хийсэн хүнд хэлсэн чинь засварын гадаа хүрээд ир гэсэн. Би машинтайгаа эхнэр Ч.Бын хамт очсон чинь засварын хүн ирсэн.  Би машинаасаа буусан засварын хүн машины хамрыг сөхөөд хазаар нь оролдож байснаа намайг чирээд дугуй засварынхаа газар руу аваад орсноо намайг цохиод авсан би урдаас нь уурласан чинь намайг зодсон. Тэгээд миний эхнэр Ч.Б гаднаас орж ирээд намайг салгаж аваад гарсан. Миний авто машинд засвар хийсэн хүний нэрийг мэдэхгүй танихгүй хүн байсан. Би маргалдаагүй тэр хүн намайг засварын газартаа чирч оруулаад намайг зодож нүдсэн би эсэргүүцэж нэг удаа цохиж авсан. Одоо миний баруун нүдний доор зулгарсан, зүүн нүдний хөмсөгний хажууд язралттай баруун талын цавь руу хатгаж өвдөөд байна. Би машинаа янзлуулах гэж очоод зодуулсандаа гомдолтой байна. Цахир сумаас Архангай аймгийн төв явах, ирэх зардал, эм тарианы мөнгө нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг/хх-ийн 7-9 дүгээр тал/ 

*Хохирогч Р.Дын дахин өгсөн: 
“...Би өөрийн эзэмшлийн Мусса маркийн 86-97 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг Д.Д гэх хүнээр янзлуулсан юм. Тэгсэн миний тээврийн хэрэгслийг янзалж байхдаа Д.Д нь тоормосны чөмгийг хугалчихсан юм. Тэгээд хугалчхаад нөгөө чөмгийг нааж эргүүлэн тавьж өгсөн юм. Өөр ямар нэгэн эд зүйл эвдээгүй. Би хохирол төлбөрөө бүрэн гүйцэд авсан. Одоо ямар нэгэн хохирол төлбөрийн асуудал байхгүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 66-67 дугаар тал/

*Гэрч Ч.Бын өгсөн:
“...Миний нөхөр Р.Д бид хоёр 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Цахир сумын төвд байдаг авто засварын газарт очоод өөрийнхөө унаж явсан муссо маркийн 86- 97 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн машины хамрыг сөхөөд засварын хүнд үзүүлж байснаа миний нөхөр Р.Дыг чирээд дугуй засварынхаа газар руу аваад орсон. Удаад байхаар нь би машинаас буугаад яваад орсон чинь Р.Дыг засварын хүн зодоод, нүдэж байхаар нь би нөхрөө чирээд салгаад засварын газраас гаргаад аваад явахад Р.Д явж чадахгүй байсан яасан гэж асуухад цавь руу өшиглөчих шиг боллоо гэж байсан. Манай авто машинд засвар хийсэн хүний нэрийг мэдэхгүй танихгүй хүн байсан. Р.Д тэр засварын хүнээр машинаа янзлуулаад машин болохгүй байна хааз авахгүй байна гэж хэлсэн чинь засварын хүн манай машиныг үзэж байснаа Р.Дыг дугуй засварынхаа газар руу чирээд аваад орсноо удаад байхаар нь араас нь орсон чинь засварын хүн Р.Дыг зодож байсан урд өмнө өөр хэрэлдэж маргалдсан асуудал байгаагүй. Засварын хүн манай машины нэг юмыг хугалсан гэсэн тэрнээс л болсон гэж бодож байна. Намайг засварын газарт орох үед Р.Д цустайгаа холилдсон зодуулж байсан би салгаж машинд оруулж цусыг нь цэвэрлэсэн. Би засварын хүнийг сайн мэдэхгүй байна. Р.Д архи уугаагүй эрүүл байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 17-18 дугаар тал/ 

*Гэрч М.Дгийн өгсөн: 
“...2022 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Р.Д манай авто засварын газар дээр машинаа үзүүлж байснаа Р,Д, Д.Д хоёр засварын газар руу яваад орсон би машин янзалж байгаад араас нь засварын газарт орсон чинь Р.Д, Д.Д нар маргалдаж чи миний машины юмыг эвдэлсэн чинь үнэн биз дээ гээд дайрахаар нь Д.Д хүзүү рүү нь цохиод авсан чинь зөрүүлээд Р.Д Д.Дг хоёр удаа цохиод авсан Д.Д зөрүүлээд хоёроос гурван удаа цохисон. Тэр үед би Р.Дыг салгаад гадагш нь гаргахад эхнэр Ч.Б нь урдаас нь ирээд аваад явсан. Д.Д, Р.Д нарыг урьд өмнө хэрэлдэж маргалдаж байхыг хараагүй, энэ хоёр хүний дунд өс хонзонгийн асуудал байхгүй. Би засварын газарт Н.Б, Баткаа, Д.Д нарын хамт байсан. Манай засварын газарт урьд өмнө ийм асуудал гарч байгаагүй. Д.Д нь хүнд тусархуу, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй, миний үгнээс гардаггүй, хүнтэй эвтэй эвсэг, найрсаг харьцдаг, дуугүй томоотой, төлөв даруу зантай хүн байгаа юм. Д.Д нь урьд өмнө хүнтэй хэрэлдэж маргалдаж, зодоон цохионы асуудал гаргаж байгаагүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 25-26 дугаар тал/ 

*Гэрч Н.Бгийн өгсөн: 
“...2022 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Р.Д манай авто засварын газар дээр ирсэн Д.Дд машинаа үзүүлж байсан нэг харсан чинь Р,Д Д.Д хоёр засварын газар руу яваад орсон би араас нь засварын газарт орсон чинь Р.Д, Д.Д нар маргалдаж чи миний машины юмыг эвдэлсэн чинь үнэн биз дээ гээд дайрахаар нь Д.Д хүзүү рүү нь цохиод авсан зөрүүлээд Д Д.Дг хоёр удаа цохиод авсан Д.Д зөрүүлээд хоёроос гурван удаа Р.Дыг цохиж авсан тэр үед М.Д ах Дыг салгаад гадагш нь гаргахад эхнэр Ч.Б нь урдаас нь ирээд аваад явсан. Д.Д Р.Д нарыг нь урд өмнө хэрэлдэж маргалдаж байхыг хараагүй. Би засварын газарт М.Д, Б.Б, Д.Д нарын хамт байсан. Манай засварын газарт урд өмнө хэрүүл, зодооны асуудал гарч байгаагүй. Д.Д нь хүнтэй нийцэрхүү, хүнд тусархуу архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй, үгнээс гардаггүй, дуугай томоотой, төлөв даруу зантай хүн байгаа юм. Д.Д манай засварын газарт ажиллаад нэг жил 8 сар болж байна. Урьд өмнө хүнтэй хэрэлдэж маргалдаж зодон цохионы асуудал гаргаж байгаагүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 29-30 дугаар тал/ 

*Гэрч Б.Бийн өгсөн: 
“...2022 оны 02 дугаар сарын 13-ны өдөр гаднаас Р.Д, Д.Д хоёр засварын газар руу ороод ирсэн, би тэр үед засварын газарт машин янзлаад машины доор хэвтэж байхад Р.Д, Д.Д нар маргалдаж чи миний машины юмыг эвдэлсэн чинь үнэн биз дээ гээд дайраад зодолдоод байснаа салгаад гадагш гараад явсан. Р.Д манай гэрийн гадаа ирж надтай уулзаад чи машинаа засварын газраас гаргах болж байна уу? Би өчигдөр машинаа янзлуулсан чинь нэг юмыг нь хугалаад хаясан тэрнээс болоод байх шиг байна гэж хэлж байсан. Би засварын газарт М.Д, Н.Б, Д.Д нарын хамт байсан. Д.Д нь хүнтэй эвтэй харьцдаг хүнд тусархуу архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй, дуугай томоотой, төлөв даруу зантай хүн...” гэх мэдүүлэг/хх-ийн 33-34 дүгээр  тал/ 

*Яллагдагч Д.Дгийн өгсөн: 
    “...Би үйлдлээ хүлээн зөвшөөрч байна, гэм буруу дээрээ ямар нэгэн маргаан байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 59-60 дугаар тал/ 

*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 92 дугаартай“...Р.Дын биед зүүн шанаанд язарсан шарх, баруун нүдний дээд, доод зовхинд зулгаралт, баруун төмсөгний доод тал хуухнагт цус хуралт зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих цохигдох үйлчлэлээр нэг бус удаагийн үйлдлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх зүүн шанаанд язарсан шарх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун нүдний дээд, доод зовхинд зулгаралт, баруун төмсөгний доод тал хуухнагт цус хуралт зөөлөн эдийн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар биеийн нийт гадаргуугийн 1%-д хүрэхгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Шинэ гэмтэл...” дүгнэлт /хх-ийн 38-39 дүгээр тал/ 

*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 42 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: 

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 16 цагийн үед  Архангай аймгийн Цахир сумын ........ нутаг дэвсгэрт байрлах Авто засварын газарт иргэн Р.Д нь бусдад зодуулж, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна. 

Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Д.Д үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Р.Дын”...Би 2022 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Цахир сумын төвд байдаг авто засварын газарт очоод өөрийнхөө унаж явсан Мусса маркийн 86-97 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн моторын 5 халаагчийг засвар хийдэг хүнээр солиулсан чинь миний машины хаазны чөмгийг нь хугалчхаад цавуугаар наагаад шар лентээр ороогоод эргүүлээд тавьсан. Тэгсэн машин хааз муу аваад байсан. Энэ тухай засвар хийсэн хүнд хэлсэн чинь засварын гадаа хүрээд ир гэсэн. Би машинтайгаа эхнэр Ч.Бын хамт очсон чинь засварын хүн ирсэн.  Би машинаасаа буусан засварын хүн машины хамрыг сөхөөд хазаар нь оролдож байснаа намайг чирээд дугуй засварынхаа газар руу аваад орсноо намайг цохиод авсан би урдаас нь уурласан чинь намайг зодсон...” гэх мэдүүлэг, гэрч Ч.Бын”...Миний нөхөр Р.Д бид хоёр 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Цахир сумын төвд байдаг авто засварын газарт очоод өөрийнхөө унаж явсан муссо маркийн 86- 97 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн машины хамрыг сөхөөд засварын хүнд үзүүлж байснаа миний нөхөр Р.Дыг чирээд дугуй засварынхаа газар руу аваад орсон. Удаад байхаар нь би машинаас буугаад яваад орсон чинь Р.Дыг засварын хүн зодоод, нүдэж байхаар нь би нөхрөө чирээд салгаад засварын газраас гаргаад аваад явахад Р.Д явж чадахгүй байсан яасан гэж асуухад цавь руу өшиглөчих шиг боллоо гэж байсан...” гэх мэдүүлэг, гэрч М.Дгийн”...2022 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Р.Д манай авто засварын газар дээр машинаа үзүүлж байснаа Р,Д, Д.Д хоёр засварын газар руу яваад орсон би машин янзалж байгаад араас нь засварын газарт орсон чинь Р.Д, Д.Д нар маргалдаж чи миний машины юмыг эвдэлсэн чинь үнэн биз дээ гээд дайрахаар нь Д.Д хүзүү рүү нь цохиод авсан чинь зөрүүлээд Р.Д Д.Дг хоёр удаа цохиод авсан Д.Д зөрүүлээд хоёроос гурван удаа цохисон...” гэх мэдүүлэг, гэрч Н.Бгийн”...2022 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Р.Д манай авто засварын газар дээр ирсэн Д.Дд машинаа үзүүлж байсан нэг харсан чинь Р,Д Д.Д хоёр засварын газар руу яваад орсон би араас нь засварын газарт орсон чинь Р.Д, Д.Д нар маргалдаж чи миний машины юмыг эвдэлсэн чинь үнэн биз дээ гээд дайрахаар нь Д.Д хүзүү рүү нь цохиод авсан зөрүүлээд Д Д.Дг хоёр удаа цохиод авсан Д.Д зөрүүлээд хоёроос гурван удаа Р.Дыг цохиж авсан тэр үед М.Д ах Дыг салгаад гадагш нь гаргахад эхнэр Ч.Б нь урдаас нь ирээд аваад явсан...” гэх мэдүүлэг, гэрч Б.Бийн”...2022 оны 02 дугаар сарын 13-ны өдөр гаднаас Р.Д, Д.Д хоёр засварын газар руу ороод ирсэн, би тэр үед засварын газарт машин янзлаад машины доор хэвтэж байхад Р.Д, Д.Д нар маргалдаж чи миний машины юмыг эвдэлсэн чинь үнэн биз дээ гээд дайраад зодолдоод байснаа салгаад гадагш гараад явсан...” гэх мэдүүлэг, өөрийн гэм бурууг хүлээн мэдүүлсэн яллагдагч Д.Дгийн мэдүүлэг, хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 92 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба шүүгдэгч Д.Дгийн хүний биед зүүн шанаанд язарсан шарх, баруун нүдний дээд, доод зовхинд зулгаралт, баруун төмсөгний доод тал хуухнагт цус хуралт зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлсэн болно.

Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч Д.Дгийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан гэж  шүүх дүгнэв. 
  
   Хохирол хор уршгийн талаар
Гэмт хэргийн улмаас хохирогч Р.Дын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь хохирол төлбөрөө бүрэн авсан, гомдол саналгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгч Д.Дг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт  хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэхээр хуульчилсан бөгөөд шүүгдэгч Д.Д нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг  хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн бөгөөд, шүүгдэгч нь дээрх гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.Дд Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон, гэмт хэргийн шинж, прокурорын саналыг харгалзан торгох ял оногдуулж, уг ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв. 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг,  36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь: 
          
          1.  Шүүгдэгч Д овогт Дийн Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

            2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Дг 500/таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000/таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д нь шүүхээс оногдуулсан 500/таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000/таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4/дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай. 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 
            
            5. Шүүгдэгч Д.Д нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.  

            6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

            7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Д.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   П.ГАНДОЛГОР