Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 09 өдөр

Дугаар    2022/ШЦТ/83

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

        Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж
        Улсын яллагч: С.Бичинхүү
        Шүүгдэгчийн өмгөөлөгч: М.Алтанчимэг 
        Шүүгдэгч: М.С 
        Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Отгонбуян нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д овогт Мын Ст холбогдох эрүүгийн 2212000000005 тоот хэргийг хэлэлцэв. 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1979 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр суманд төрсөн, эрэгтэй, 43 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 3, ээж, хүүхдийн хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4......... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Д овогт Мын С/РД:АО.........../ 

Холбогдсон хэргийн талаар:
    
Шүүгдэгч М.С нь 2021 оны 11 дүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах ........ галлагааны өрөөнд нэвтэрч, иргэн С.Бын эзэмшлийн иргэний үнэмлэх, хаан банкны карт, гар утас зэргийг хулгайлж, 700.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

        Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. 

        *Эрүүгийн 2212000000005 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 

*Хохирогч С.Бын өгсөн:
“...Би 2021 оны 11 дүгээр сарын 29-ны өдөр Мандала буудалд манааны ээлжтэй гарч байсан. Шөнийн 01 цаг 30 минутад тухайн буудлын 2 давхрын паарнаас ус алдаж байсныг засварлаад эргээд галлагааны өрөөнд орж иртэл тухайн өрөөний орон дээр байсан миний Эл Жи маркийн хар өнгийн хавтастай гар утас алга болсон байсан. Эл жи маркийн хар өнгийн хавтастай гар утас байсан. Мөн хавтсан завсар иргэний үнэмлэх, хаан банкны виза карт, симийн үүр байсан. Би гар утсаа 2021 оны 06 сарын 25-ны өдөр Архангай аймгийн 999 худалдааны төвөөс 260.000 төгрөгөөр худалдан авч байсан. Мөнгө байсан. 500.000 төгрөг байсан. Миний виза картнаас 500.000 төгрөг алга болсон. Манайх 2 ээлжийн харуултай 24 цагаар ээлжилж гардаг. Нөгөө харуулыг Ц.Д гэдэг. Ээлжтэй байх хугацаанд галлагааны өрөөнд гаднаас хүн орж ирээгүй. Надад сэжиглэж байгаа хүн байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 6-7 дугаар тал/, 

*Гэрч Б.Бн өгсөн: 
“...Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат Шаавай буюу М.С гэдэг хүн шөнийн 04 цагийн үед манай буудалд орж ирсэн. Хаан банкны виза карт 2 удаа уншуулаад ундаа, ус аваад гарсан. Ямар хүний нэртэй банкны карт байсныг нь би сайн анзаараагүй ямартай ч Хаан банкны виза карт байсан. Шаавай буюу М.С хэлэхдээ манай эхнэрийн карт байгаа юм гэж хэлсэн. Ундаа, ус, тамхи л авсан санагдаж байна. Ямартай ч 12000 төгрөгөөр нэг удаа, 17000 нэг удаа нийт 29000 төгрөгийн тооцоог манайд карт уншуулж төлсөн...’’гэх мэдүүлэг /хх-ийн 14-15  дугаар тал/,

*Гэрч Ц.Дгийн өгсөн: 
“...Миний хүү М.С нь гар утастай, тэгэхдээ тухайн өдөр барьж ирсэн гар утас нь өөрийн нь гар утас биш байсан. Би настай хүн болохоор тэр утасны нэр маркийн мэдэхгүй байна ямартай ч хар өнгийн дэлгэцтэй утас байсан. Би М.Саас хэний гар утас болохыг асуухад миний найз өгсөн гэж хэлсэн. Тэр найз чинь нэртэй биз дээ хэн гэдгийн гэж асуухад надад найзынхаа нэрийг хэлэхгүй байсан болохоор нь тухайн гар утсыг надад өг гээд өөртөө авсан. Тэгээд М.С гараад явсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 18-19 дүгээр тал/ 

*Мэргэшсэн үнэлгээчин А.Бямбажавын 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 147 дугаартай: “...LG06 маркийн гар утасны үнэ 200.000/хоёр зуун мянга/ төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт/хх-ийн 33 дугаар тал/ 

*Яллагдагч М.Сын өгсөн: 
“...Би хийсэн үйлдэлдээ гэмжиж байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 42-43 дугаар тал/ 

*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-ийн 62 дугаар тал/ зэргийг шинжлэн судалсан болно. 
Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж шүүгдэгч М.Ст холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар 
       Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2021 оны 11 дүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах ......... иргэн С.Бын эзэмшлийн иргэний үнэмлэх, хаан банкны карт, гар утас хулгайд алдагдаж, түүнд 700.000 төгрөгийн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна. 

Шүүгдэгч М.С нь 2021 оны 11 дүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Мандала” зочид буудлын галлагааны өрөөнөөс иргэн С.Бын эзэмшлийн иргэний үнэмлэх, хаан банкны карт, гар утас хулгайлж, түүнд 700.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай  болох нь хохирогч С.Бын”...Би 2021 оны 11 дүгээр сарын 29-ны өдөр Мандала буудалд манааны ээлжтэй гарч байсан. Шөнийн 01 цаг 30 минутад тухайн буудлын 2 давхрын паарнаас ус алдаж байсныг засварлаад эргээд галлагааны өрөөнд орж иртэл тухайн өрөөний орон дээр байсан миний Эл Жи маркийн хар өнгийн хавтастай гар утас алга болсон байсан. Эл жи маркийн хар өнгийн хавтастай гар утас байсан. Мөн хавтсан завсар иргэний үнэмлэх, хаан банкны виза карт, симийн үүр байсан...” гэх мэдүүлэг, гэрч Б.Бн”...Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат Шаавай буюу М.С гэдэг хүн шөнийн 04 цагийн үед манай буудалд орж ирсэн. Хаан банкны виза карт 2 удаа уншуулаад ундаа, ус аваад гарсан. Ямар хүний нэртэй банкны карт байсныг нь би сайн анзаараагүй ямартай ч Хаан банкны виза карт байсан. Шаавай буюу М.С хэлэхдээ манай эхнэрийн карт байгаа юм гэж хэлсэн. Ундаа, ус, тамхи л авсан санагдаж байна. Ямартай ч 12000 төгрөгөөр нэг удаа, 17000 нэг удаа нийт 29000 төгрөгийн тооцоог манайд карт уншуулж төлсөн...” гэх мэдүүлэг, гэрч Ц.Дгийн”...Миний хүү М.С нь гар утастай, тэгэхдээ тухайн өдөр барьж ирсэн гар утас нь өөрийн нь гар утас биш байсан. Би настай хүн болохоор тэр утасны нэр маркийн мэдэхгүй байна ямартай ч хар өнгийн дэлгэцтэй утас байсан. Би М.Саас хэний гар утас болохыг асуухад миний найз өгсөн гэж хэлсэн...” гэх мэдүүлэг,  Мэргэшсэн үнэлгээчин А.Бямбажавын 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 147 дугаартай дүгнэлт зэргээр тус тус нотлогдон тогтоогдож байна. 

Шүүгдэгч М.С нь байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг авсан буюу эд хөрөнгийн өмчлөгч болон бусад хүмүүст мэдэгдэлгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр, нууц, далд аргаар бусдын байранд нэвтэрч эд хөрөнгийг өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлэн авсан үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжийг хангаж байна. Бусдын байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч эд зүйл хулгайлсан нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг хангаж байна. 
Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч М.Ст холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт  зааснаар тус тус зүйлчилж ирүүлсэн бөгөөд хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв. 
Иймд шүүгдэгч М.Сыг хулгайлах гэмт хэргийг байнгын үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 
            Хохирол хор уршгийн талаар:
        Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилсан бөгөөд энэ гэмт хэргийн улмаас хохирогч С.Бод 700.000 төгрөгийн хохирол учирсан болох нь эд хөрөнгийн үнэлгээний талаар дүгнэлт гаргасан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд хохирогч С.Б нь хохирол төлбөрөө авсан талаар хүсэлт ирүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв. 

            Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй бөгөөд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх,  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч М.Ст Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдав.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хорих ялаас доогуур ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.

        Шүүгдэгч М.С нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй,  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон 
ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д овогт Мын Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Сыг 1/нэг/ жил 2/хоёр/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ст оногдуулсан 1/нэг/  жил 2/хоёр/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад  эдлүүлсүгэй. 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ст авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн тоолсугай.

  5. Шүүгдэгч М.С нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай. 

  6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

  7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч М.Ст авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          П.ГАНДОЛГОР