Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 2022/ШЦТ/01

 

 

 

 

 

 

    2021           12             22                                      2022/ШЦТ/01

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжин,

улсын яллагч Х.Анхцэцэг,

шүүгдэгч Т.М.............н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Боржигон овогт Т............рын М.............ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн, эрүүгийн 2108 0241 31672 дугаартай 1 хавтаст хэргийг 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Боржигон овогт Т............рын М.............н, Монгол Улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Мандал суманд 1985 оны 12 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, эрэгтэй, 36 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ............................ ажиллуулдаг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын 1 дүгээр баг, Жаргалант 5 хэсэг гудамжны 020 тоотод байнга, Чингэлтэй дүүргийн ...................................., урьд

- Баянзүрх дүүргийн шүүхийн 2004 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 232 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан.

 Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

Шүүгдэгч Т.М.............н нь 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлт гэх газарт иргэн М.Н...........үүтэй хувийн таарамжгүй харилцаанаас үүдэлтэйгээр маргалдан нүүр, толгойн тус газар нь цохиж зодон эрүүл мэндэд нь хамрын нуруу, зүүн нүдний зовхи, баруун шилбэнд цус хуралт, дух зүүн хацар, хамрын нуруунд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.М.............н мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв...” гэв.

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд;

1. Хохирогч М.Н...........үүгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо Эмээлтэд байх Я..........үү гэх хүний мал төхөөрөх газар очиж цайны газар руу нь орсон. Тэгсэн цайны газар зүс таних М.............н гэх залуу сууж байсан. Тэнд М.............н Бүүвэй ахтай юм яриад сууж байхдаа ...намайг ногоон Н...........үү гээд хүмүүсийн хажууд шоглож дуудаад байсан. Тэгэхээр нь би М.............нд хандан “хүмүүсийн хажууд битгий намайг шоглож дуудаад бай” гэж хэлсэн чинь тэрээр намайг “ногоон Н...........үү” гээд дуудсаар л байсан. Тэгэхээр нь би уурлаад М.............ныг цайны газар дотор гараа зангидаж байгаад цохих гэсэн боловч оноогүй. Тэгтэл М.............н намайг гараад ир хоёулаа гадаа зодолдъё гээд байсан болохоор би гадаа гарсан. Тэгсэн миний нүүр рүү М.............н гараад зангидаж байгаад нэг удаа цохихоор нь би зөрүүлээд М.............ны нүүр рүү нэг удаа цохисон. Тэгээд хажууд байсан хүмүүс бид хоёрын голоор орж салгасан. Би буцаад цайны газар руу явж ороод удалгүй буцаад цайны газраас гартал толгойны ар хэсэг рүү хүн юмаар цохих шиг болсон. Тэгээд би ухаан алдаж унасан...Миний толгой руу хэн юмаар цохисныг би мэдэхгүй байна. Би тухайн үед ухаан алдаж унаад цайны газрын амралтын өрөөнд сэрсэн. Намайг ухаан алдахад манай жолооч тэврээд амралтын өрөө рүү оруулсан гэсэн. Мөн Гомбоо надад хэлэхдээ “М.............н толгой руу чинь гараараа цохиод унагаачихсан газар унахад чинь толгой руу чинь 2-3 удаа өшиглөсөн, гараараа цохисон” гэж хэлсэн...гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 06-07),

-“...Би 2021 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр томографын 220.000 төгрөгөөр үзүүлж эмчилгээтэй холбогдон эмийн сангаас 31.000 төгрөгийн эм авч шүүх эмнэлэгт 8.000 төгрөгийн бодит зардал учраад байна...Би бодит учирсан зардал болох 259.000 төгрөгийг нэхэмжилж байна...Одоо эмчилгээтэй холбоотой зардлуудыг бүрэн авсан тул өөр нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 9)

2. Гэрч Ө.Уу..............рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр найз М.............н бид хоёр цуг Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо Эмээлтэд байх Явуугийн мал төхөөрөх газар байдаг цайны газар орсон. Тэгсэн цайны газар Н...........үү болон М.............н хоёр хоорондоо маргалдаад байсан...Тэгээд удалгүй мал төхөөрөх газрын эзэн Явуугийн эхнэр Сараа намайг дуудаад “Н...........үү болон М.............н хоёр зодолдоод байна гэхээр нь би цайны газар нь явж очиход “М.............н нь Н...........үүг цохисон чинь Н...........үү ухаан алдаад унасан. Тэгээд М.............н нь яваад өгсөн” гэж Сараа надад хэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16),

3. Гэрч Б.Гомбын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр...Н...........үү нь намайг утсаар дуудаад “ах нь жоохон уучихсан байна. Машин бариад өгчих” гэж хэлсэн...тэгэхээр нь би Н...........үү ахын...ачааны автомашиныг нь унаад Н...........үү ахтай хамт эмээлт рүү явсан. Эмээлтэд байх Явуу гэх хүний мал төхөөрөх газрын хашааных нь гадна машинаа тавьчхаад хашаан дотор нь байдаг цайны газар руу Н...........үү ах бид хоёр орсон. ...Тэгээд тэрнээс хойш 10 орчим минутын дараа цайны газрын гадна хүмүүс орилоод байхаар нь яваад очиход Н...........үү ах М.............н гэх хүнтэй маргалдаад, барьцалдаж аван хоорондоо цохилцоод байсан. Тухай үед хажууд нь байсан хүмүүс салгаж аваад Н...........үү ах цайны газар руу орсон. Тэгээд удалгүй Н...........үү ах цайны газраас буцаж гарч ирэхэд М.............н гараа зангидаж байгаад Н...........үү ахын шанаа хэсэг рүү нь цохиход Н...........үү ах ухаан алдаад газар унасан. Тэгсэн М.............н гүйж очоод Н...........үү ахын толгой руу гараараа 2-3 удаа цохисон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18)

 

4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 9229 дугаар дүгнэлт

“...Хэсэг газрын үзлэгт: ...Хамрын нуруу, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун шилбэний ар доод хэсэгт 10х5см хүрэн ягаан захаараа шаргал туяатай цус хуралттай, духны зүүн хажуу доод хэсэгт 2х1см, 2.2х1см зүүн хацрын хажуу дээд хэсэгт 3х2см хамрын нурууны дунд хэсэгт 1.8х1см, 1х0.6см улаан хүрэн өнгийн зулгаралттай.

2021.09.25-ны Лазер мед эмнэлгийн Толгойн КТГ-д: ....Хамар ясны хуучин хугаралтай. Баруун нүдний ухархайн дотор хана дотогш 2.5см өргөн, 0.6см гүн хэмжээтэй, зүүн нүдний ухархайн дотор хана дотогш 1.5см өргөн, 0.4см гүн хэмжээтэй этмойд хөндий рүү цөмөрсөн хуучин хугаралтай...зүүн нүдний эргэн тойрон, зүүн хацрын зөөлөн эдэд хаван хавдартай.

2021.09.25-ны ГССҮТ-н үзлэгт: онош: зүүн хацар, нүүрний зулгарсан шарах, тархи доргилт, цээж болон баруун шилбэний зөөлөн эдийн няцрал гэжээ...ДҮГНЭЛТ

1. М.Н...........үүгийн биед хамрын нуруу, зүүн нүдний зовхи, баруун шилбэнд цус хуралт, дух, зүүн хацар, хамрын нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

3. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25-26)

 

5. Шүүгдэгч Т.М.............ны мөрдөн байцаалтад өгсөн: “...2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр...Уу..............рын гэрт...нэг шил архи гаргаж ирээд бид хоёр хамт хувааж ууссан...Тэгээд Эмээлт рүү бид хоёр такси бариад явж байх замдаа дахин 1 шил архи хувааж уугаад Эмээлтийн бойн дээр очсон. Тэгээд бид хоёр мал зарах хүмүүстэй гуанзанд ороод ярилцаад сууж байтал гаднаас Н...........үү 1 кроп пиво барьж орж ирээд бид нар хувааж ууцгаасан. Тэгсэн чинь Н...........үү “чамайг тэрэгчин байхаас чинь мэднэ шүү” гээд хэрүүл өдөөд байхаар нь би “ногоон минь зүгээр байгаарай” гэсэн чинь хоёулаа гараад үзэх үү гээд түрүүлээд гарсан. Тэгэхээр нь би араас нь гарсан чинь миний баруун нүд рүү шууд нэг удаа цохисон дахин цохих үед миний хамраас цус гарсан тул хүмүүс боль боль гээд бид хоёрыг салгасан. Тэр үед Н...........үү цайны газар руу орчихсон байснаа гэнэт орилоод гараад ирэхээр нь би Н...........үүг зүүн гарынхаа дотор талаар нэг удаа цохисон чинь Н...........үү унахдаа нүүрээрээ газар шургаад унасан чинь хүмүүс бид хоёрыг салгасан. Тэгээд би хойшоо дэлгүүр орж тамхи авчхаад эргээд ирсэн чинь Н...........үү босчихсон дүүтэйгээ хамт явж байснаа намайг хараад чи яагаад намайг цохичих воо гээд бид нар салаад явцгаасан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 45-46)

- Хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлэх тухай хүсэлт (хавтаст хэргийн 102-103), Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх прокурорын тогтоол (хавтаст хэргийн 104-105), хялбаршуулсан журмаар шалгасан хэрэгт ял оногдуулах тухай прокурорын санал (хавтаст хэргийн 106),

- Хохирлын талаарх баримт (хавтаст хэргийн 96)

- Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 75, 39), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 50), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 68, 73), Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 71), шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 53-54), хохирол төлсөн талаарх баримт (хавтаст хэргийн 97) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Т.М.............нд холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

 

I. Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Т.М.............н нь Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр, Эмээлт захын орчим, 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, иргэн М.Н...........үүг “чамайг тэрэгчин байхаас чинь мэднэ шүү” гэж хэрүүл өдсөн гэх шалтгаанаар түүнийг “ногоон минь зүгээр байгаарай” гэж хэлэн хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж улмаар толгойн тус газар нь цохиж биед нь хамрын нуруу, зүүн нүдний зовхи, баруун шилбэнд цус хуралт, дух зүүн хацар, хамрын нуруунд зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан болох нь:

- Хохирогч М.Н...........үүгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо Эмээлтэд байх Я..........үү гэх хүний мал төхөөрөх газар очиж цайны газар руу нь орсон. ...Тэнд М.............н Бүүвэй ахтай юм яриад сууж байхдаа ...намайг ногоон Н...........үү гээд хүмүүсийн хажууд шоглож дуудаад байсан. ...Тэгэхээр нь би уурлаад М.............ныг цайны газар дотор гараа зангидаж байгаад цохих гэсэн боловч оноогүй. Тэгтэл М.............н намайг гараад ир хоёулаа гадаа зодолдъё гээд байсан болохоор би гадаа гарсан. Тэгсэн миний нүүр рүү М.............н гараад зангидаж байгаад нэг удаа цохихоор нь би зөрүүлээд М.............ны нүүр рүү нэг удаа цохисон. Тэгээд хажууд байсан хүмүүс бид хоёрын голоор орж салгасан. Би буцаад цайны газар руу явж ороод удалгүй буцаад цайны газраас гартал толгойны ар хэсэг рүү хүн юмаар цохих шиг болсон. ...Гомбоо надад хэлэхдээ “М.............н толгой руу чинь гараараа цохиод унагаачихсан газар унахад чинь толгой руу чинь 2-3 удаа өшиглөсөн, гараараа цохисон” гэж хэлсэн...гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 06-07),

- Гэрч Ө.Уу..............рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...цайны газар Н...........үү болон М.............н хоёр хоорондоо маргалдаад байсан...Тэгээд удалгүй мал төхөөрөх газрын эзэн Явуугийн эхнэр Сараа намайг дуудаад “Н...........үү болон М.............н хоёр зодолдоод байна гэхээр нь би цайны газар нь явж очиход “М.............н нь Н...........үүг цохисон чинь Н...........үү ухаан алдаад унасан. Тэгээд М.............н нь яваад өгсөн” гэж Сараа надад хэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16),

- Гэрч Б.Гомбын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...намайг... яваад очиход Н...........үү ах М.............н гэх хүнтэй маргалдаад, барьцалдаж аван хоорондоо цохилцоод байсан. ...Н...........үү ах цайны газраас буцаж гарч ирэхэд М.............н гараа зангидаж байгаад Н...........үү ахын шанаа хэсэг рүү нь цохиход Н...........үү ах ухаан алдаад газар унасан. Тэгсэн М.............н гүйж очоод Н...........үү ахын толгой руу гараараа 2-3 удаа цохисон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18)

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 9229 дугаар дүгнэлт: “...1. М.Н...........үүгийн биед хамрын нуруу, зүүн нүдний зовхи, баруун шилбэнд цус хуралт, дух, зүүн хацар, хамрын нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ...4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25-26)

- Шүүгдэгч Т.М.............ны мөрдөн байцаалтад өгсөн: “...Н...........үү “чамайг тэрэгчин байхаас чинь мэднэ шүү” гээд хэрүүл өдөөд байхаар нь би “ногоон минь зүгээр байгаарай” гэсэн чинь хоёулаа гараад үзэх үү гээд түрүүлээд гарсан. Тэгэхээр нь би араас нь гарсан чинь миний баруун нүд рүү шууд нэг удаа цохисон дахин цохих үед миний хамраас цус гарсан тул хүмүүс боль боль гээд бид хоёрыг салгасан. Тэр үед Н...........үү цайны газар руу орчихсон байснаа гэнэт орилоод гараад ирэхээр нь би Н...........үүг зүүн гарынхаа дотор талаар нэг удаа цохисон чинь Н...........үү унахдаа нүүрээрээ газар шургаад унасан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 45-46) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл Т.М.............н нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр, хувийн таарамжгүй сэдэлтээр, хохирогч М.Н...........үүгийн эрүүл мэндэд халдаж, гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Т.М.............н нь хохирогч М.Н...........үүгийн нүүрэн тус газар цохисон болох нь хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба цохиулснаас болж хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ.

Тиймээс шүүгдэгч Т.М.............н гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч М.Н...........үү нь мөрдөн шалгах ажиллагааны явцад баримтаар 259.000 (хавтаст хэргийн 96) төгрөгийг нэхэмжилсэн байна. Шүүгдэгч Т.М.............н нь хохирогчид учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

 

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас шүүгдэгч Т.М.............ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч нь дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Т.М.............н нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн зүйлийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн” байгааг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцсон ба түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Т.М.............н, хохирогч М.Н...........үү нар нь хоорондоо эвлэрч, хэн аль нь гомдол саналгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг улсын яллагч хуульд заасны дагуу шийдвэрлэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Иймд шүүгдэгч Т.М.............ныг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн гэх хувийн байдал болон тэрээр эрхэлсэн тодорхой ажилтай зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн торгуулийн ял оногдуулахаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Шүүгдэгч Т.М.............н торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар оногдуулсан торгох ялыг хуульд заасан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тэрээр торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй.

 

Эрүүгийн 2108 0241 31672 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Т............рын М.............ныг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.М.............ныг 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.М.............нд оногдуулсан торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.М.............н нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болон болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Г.МӨНХЗУЛ