Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 11 өдөр

Дугаар  2022/ШЦТ/68

 

 

 

 

 

 

 

   2022            01             11                                       2022/ШЦТ/68

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Жавхлан,

улсын яллагч Г.Лхагвасүрэн,

шүүгдэгч Д.Б..............л

шүүгдэгч П.А..............д нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2108 0000 01710 дугаартай 1 хавтаст хэргийг 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Боржигон овогт Д..........вийн Б..............л Монгол Улсын иргэн, Өвөрхангай аймгийн Хужирт суман 1998 оны 10 дугаар сарын 18-ны өдөр төрсөн, 23 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан .........................................

2. Цахар овогт П...............ржийн А..............д, Монгол Улсын иргэн, Ховд аймгийн Жаргалант суманд 2000 оны 7 дугаар сарын 27-ны өдөр төрсөн, 21 настай, эмэгтэй яс үндэс мянгад, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, .................... оюутан, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн .............................................

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Б...............л нь эхнэр П.А..............дтай бүлэглэн ..................” захын дэргэд үйл ажиллагаа явуулдаг “Шунхлай” шатахуун түгээх станцын ШТС-6 салбарт түгээгчээр ажиллах хугацаандаа түгээлтийн орлого болох 3.700.000 төгрөгийг хулгайд алдсан мэт сэтгэгдэл төрүүлэх байдлаар дүр үзүүлсэн, П.А..............д нь мөнгийг гаднаас авч явах зэргээр хамжсан гэмт хэрэг үйлдсэн үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.

Шүүгдэгч Д.Б...............л нь 2021 оны 10 дугаар сарын 30-ны өдөр, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо,  ..................” захын орчим үйл ажиллагаа явуулдаг “Шунхлай” ХХК-ийн шатахуун түгээх “ШТС-6 салбар”-т түгээгчээр ажиллаж байхдаа ажлын байраа цэвэрлэх нэрийдлээр сейфээс үйл ажиллагааны орлого болох 3.700.000 төгрөгийг сэм авч гаран ажлын байрныхаа хойно хувин дотор хийгээд тавихад түүний эхнэр П.А..............д нь түүний гаргаж тавьсан мөнгийг авч яван Д.Б..............л Д.А..............д нар нь бусдад 3.700.000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.

 

1.2 Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно.

Тухайлбал хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт: “...Хэрэг учрал болсон гэх газар нь Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Шунхлай ШТС-6” гэсэн номертой ертөнцийн зүгээр зүүн тийш харсан 2 ширхэг Вакум цонхтой гадна талдаа төмөр хашаатай улбар өнгийн ертөнцийн зүгээр урд тал руу харсан хүрэн бор өнгийн бүргэд хаалгатай ШТС-6 байр байв..” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 03-07 дахь тал)

- Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд: “...2021 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 04 цаг 30 минут 20 секундэд “Шунхлай” ШТС-н гадна талын хяналтын камерын бичлэгт: Хар бараан өнгийн хувцастай 150 метрийн орчим өндөртэй жижгэвтэр туранхай биетэй хар бараан өнгийн хувцастай юүдэнтэй малгай өмссөн эмэгтэй хүн хаалгаар орж яваа дүрс харагдана...2021 оны 10 дугаар сарын 31-ний 04 цаг 35 минут 04 секундэд тухайн Шунхлай ШТС-н ажлын байрны хаалгаар орж ирээд сейф рүү ойртох гэж байгаа байдлыг харуулав...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 40-42 дахь тал),

- Хохирогч М.Ц..................рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай компанийн салбар болох Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ШТС-6-д түгээгчээр ажиллаж байсан Д.Б...............л нь 2021 оны 10 дугаар сарын 30-нд тус салбар дээр ээлжид гарч байхдаа шатахууны орлогын бэлэн мөнгөнөөс нийт 3.767.630 төгрөгийг хулгайлж авсан үйлдэл гаргасан. Тус мөнгөнөөс 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 1.816.880 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр буцаан өгсөн ба үлдэгдэл 1.950.750 төгрөгийг компанийн данс руу 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр буцаан шилжүүлж байгууллагыг бүрэн хохиролгүй болгосон байна...Надад одоо санал, гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12 дахь тал),

- “...Д.Б...............л нь Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо Эмээлт захын зам дагуу байрлах ...шатахуун түгээх станцын 32 дугаар салбар дээр 24 цагаар нефт хангамжийн операторчин буюу шатахуун түгээх газрын түгээгчээр ээлжид гарч ажилладаг ба Д.Б...............л нь хөлсөөр ажиллах гэрээ болон ажлын байрны тодорхойлолтын дагуу, мөн эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээний дагуу ээлжийн ажил үүрэг гүйцэтгэж байх хугацаандаа шатахуун түгээх станцын бараа материал, орлогын бэлэн мөнгийг өөрийн биеэр хариуцан ажиллаж байсан. Харин шатахуун болон тос тослох материал, аккумлятор худалдан борлуулсан бэлэн мөнгийг Арилжааны банкны цүнхээр мөнгө хураан ажилтнууд ирсэн тохиолдолд гэрээнд заасны дагуу хүлээлгэн өгөх үүрэгтэй ажилладаг байсан. Арилжааны банкны хувиар таараагүй тохиолдолд дараагийн ээлжийн түгээгчид өөрийн биеэр орлогын мөнгийг тоолж хүлээлгэн ажиллаж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 135-136 дахь тал)

- Шүүгдэгч Д.Б...............лийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 9 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо Эмээлт захын дэргэд байрлах “Шунхлай” ШТС-н ажлын байран дээр ээлж хүлээлцэж аваад удаагүй байж байтал над руу мөнгө зээлсэн залуу утсаар яриад зээлсэн 1.800.000 төгрөгийг хурдан төлөхийг шаардсан. Тэгээд би мөнгө олох зорилгоор өөрийн ажиллаж байсан Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо Эмээлт захын хажууд байрлах Шунхлай ШТС-н сейфт  орлогын мөнгө хадгалдгийг мэдээд 2021 оны 10 дугаар сарын 30-аас 31-ний шилжих шөнө 4 цагийн орчимд ажлын байранд байрлах сейф онгорхой байхаар нь 3.700.000 төгрөг ажлын өрөөний шалыг угааж байхдаа сейфийн хаалгыг онгойлгож 3.700.000 төгрөгийг авч сейфийн доод талын зайнд үлдээсэн байсан. Тэгээд хулгайлсан мөнгийг шал угааж байхдаа шалны хуванцар саван дотор нууж өрөөнөөс гарч, ажлын байрны ар талд нууж үлдээсэн. Тухайн үед буюу 2021 оны 10 дугаар сарын 30-ны өдөр өөрийн хамтран амьдрагч П.А..............дыг түр ажлын байр руу ороод гар гэж хэлсэн. Тэгээд өөрийн хамтран амьдрагч П.А..............дыг байгууллагын ар талд байгаа мөнгийг авч яваарай гэж хэлсэн юм. Тэгээд хэсэг хугацааны дараа дараагийн ээлж 2021 оны 10 дугаар сарын 31-ний өглөө 9 цагт ирээд сейфт байсан мөнгийг тоолоод мөнгө дутсан байна гэхээр нь цагдаагийн байгууллагад би өөрийн 85159771 гар утаснаас дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 49-51 дах тал),

- Шүүгдэгч П.А..............дын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 31-ний шөнийн 04 цагийн орчим...Шунхлай шатахуун түгээх станцын ажлын байр руу хүрч ирээд манай ажлын байр руу ороод мөнгө авч байгаа юм шиг дүр эсгээд буцаад гарахдаа баруун тийшээ эргээд ажлын байрны ар талд байрлах мөнгийг аваад яваарай гэж манай хамтран амьдрагч Д.Б...............л утсаар ярьсан. Тэгээд хамтран амьдрагч П.Б...............лийн яг хэлсний дагуу үйлдлийг хийж ажлын байрны ард байсан 3.700.000 төгрөгийг авч явсан. Тэгээд би Улаанбаатар хот руу такси үйлчилгээ дуудаад гэр рүүгээ харьсан. Тэгээд хамтран амьдрагч П.Б...............л над руу яриад байхаар нь нь хүнээс зээлсэн мөнгө 1.800.000 төгрөгийг 3.700.000 төгрөгөөс авч өгсөн. Би ямар хүнээс мөнгө зээлсэн талаар мэдэхгүй байна нөгөө залуу нь масктай байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 59-60 дахь тал) мэдүүлж байсан бөгөөд шүүгдэгч нар нь шүүхийн хэлэлцүүлэгт “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргахгүй...” гэснийг дурдах нь зүйтэй.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн юм.

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч П.А..............д, П.Б...............л нар нь бүрэн дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг дурдах нь зүйн хэрэг.

1.4.Эрх зүйн дүгнэлт

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл шүүгдэгч нар нь бүлэглэн, шунахайн сэдэлтээр, хүнээс зээлсэн мөнгөө өгөх зорилгоор, Шунхлай ШТС-6-д шатахуун түгээх газар ажиллаж байхдаа бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Эд хөрөнгө бусдын итгэмжлэл, хариуцлагад хууль ёсоор шилжих гэдгийг аж ахуй нэгж, байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээсэн, эсхүл хууль буюу гэрээнд зарим тохиолдолд итгэлцлийн үндсэн дээр захиран зарцуулах эрхгүйгээр бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээхийг хэлж буй гэж ойлгож болно.

Тухайн эд хөрөнгөтэй харьцах хууль ёсны эрх бүхий этгээдийн хувьд эд хөрөнгөтэй харьцахаар зөвшөөрөгдсөн хэмжээ хязгаар, хараа хяналтдаа байлгаж буй эрх хэмжээ нь зүйлчлэлийн гол шалгуур тул онцгой анхааран үзэх шаардлагатай байдаг.

Шүүгдэгч П.Б..............л П.А..............д нарын гэмт үйлдэлд дүн шинжилгээ хийхэд, П.Б...............л нь хөлсөөр ажиллах гэрээний үндсэн дээр бусдын итгэмжлэн хариуцуулсан орлогын мөнгийг завшсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гэмт хэргийн гүйцэтгэгчийн” шинжийг, П.А..............д нь мөн хуулийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гэмт хэргийн хамжигчийн” шинжийг тус бүртээ хангаж байх тул тэдэнд Эрүүгийн хуулийн дээрх хэм хэмжээг журамлан тусгай ангид заасан хөрөнгө завших гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжүүдийг бүрэн хангаж байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Тиймээс Шүүгдэгч П.Б..............л П.А..............д нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

1.5. Хохирол, хор уршиг

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Ц..................рт буюу “Шунхлай Трейдинг” ХХК-нд 3.700.000 төгрөгийн хохирол учирснаас шүүгдэгч нар нь дээрх хохирлыг бүрэн төлж барагдуулсан байна. Мөн хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1 Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч: “...Улсын яллагчаас шүүгдэгч П.Б...............лийг 3000 нэгжтэй тэнцэх хэмжээгийн буюу 3.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, шүүгдэгч П.А..............дыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах дүгнэлтийг. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй гэх дүгнэлтийг...”

Шүүгдэгч П.Б...............л нь улсын яллагчийн гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хөнгөрүүлж өгнө үү гэх дүгнэлтийг...”

Шүүгдэгч П.А..............д нь миний хувьд улсын яллагчийн гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Харин миний маршрутыг Улаанбаатар хотоос гарахгүйгээр тогтоож өгнө үү...” гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

2.2 Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн зүйлийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн” байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгч П.Б...............лийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 76, 77 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 73 дахь тал), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 78, 79 дэх тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 80 дахь тал), Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 81 дэх тал), хувийн байдлын талаарх баримт (хавтаст хэргийн 82 дахь тал), хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 83 дахь тал), Хаан банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 84-102 дахь тал) хохирол төлсөн баримт (хавтаст хэргийн 26, 35 дахь тал),

- Шүүгдэгч П.А..............дын иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 113, 114 дэх тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 72 дахь тал), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 108, 110, 116, 118 дахь тал), хувийн байдлын талаарх баримт (хавтаст хэргийн 104, 106, 115 дахь тал), хохирол төлсөн баримт (хавтаст хэргийн 26, 35 дахь тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 117 дахь тал), Депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 119-130 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч нарын хувийн байдлыг тогтоов.

 

 Иймд шүүгдэгч П.Б..............л П.А..............д нарыг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учирсан хохирлыг төлж барагдуулсан, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, тэдний хүүхэд болох Б.Сод-Оюу нь 02 настай буюу бага насны хүүхэдтэй зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн шүүгдэгч П.Б...............лийг 3000 нэгжээр торгох ял оногдуулахаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг өөрчилж Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б...............лийг 01 жилийн, шүүгдэгч П.А..............дыг 06 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Тодруулбал Монгол Улсын иргэний үндсэн эрх, эрх чөлөөг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 11 дэх хэсэгт “...эх, нялхс, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална.” гэж хуульчилсан, нөгөө талаар Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлага нь ...гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж шударга ёсны зарчимд тус тус заасан байх тул хүүхдийн эрх ашгийг хамгаалах тэдний сурч, асран хамгаалуулах эрхийг хангах үүднээс хуульд заасан дээрх ялыг шүүгдэгчид оногдуулсан ба энэхүү нөхцөл байдал нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ.

Түүнчлэн шүүгдэгч нар нь Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Нефт 1-30-04 тоотод оршин суудаг байна. Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт дээрх ялын хүрээ хязгаарыг тодорхойлохдоо “...оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих,...” зэргээр тогтоосон байна. Иймд шүүгдэгч П.Б..............л П.А..............д нарт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хүрээ хязгаарыг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох хязгаарлалт тогтоож шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

2.3. Бусад асуудлын талаар

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн CD нэг ширхэгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж шийдвэрлэв.

 Эрүүгийн 2108 0000 01710 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй , хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Д..........вийн Б..............л Цахар овогт П...............ржийн А..............д нарыг бүлэглэн, хамжигчаар оролцон бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан буюу Эрүүгийн хуулийн 3.2 дугаар зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б...............лийг 1 (нэг) жил, шүүгдэгч П.А..............дыг 6 (зургаа) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б..............л П.А..............д нарт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс бусад газар явахыг хориглохоор тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Д.Б..............л П.А..............д нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн ирсэн зүйл үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй, шүүгдэгч нар нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн CD нэг ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж хадгалсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоолыг, шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Г.МӨНХЗУЛ