Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 11 өдөр

Дугаар  2022/ШЦТ/69

 

 

 

 

 

 

 

     2022          01            11                                       2022/ШЦТ/69

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Жавхлан,

улсын яллагч Ж.Сувданчимэг (томилолтоор),

шүүгдэгч Х.Г................г нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгчийг эрүүгийн 2108 0268 41667 дугаартай хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1 хавтаст хэргийг 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Соён овогт Хөхийн Г................г, Монголын харьяат, 1988 оны 7 дугаар сарын 18-ны өдөр төрсөн, 33 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг, Ховд аймгийн ............................ оршин суух бүртгэлтэй, регистрийн дугаар ..................................., урьд

1. Ховд аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2008 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 51 дүгээр шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 203 дугаар зүйлийн 203.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан.

2. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 144 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн.

3. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 63 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн.  

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Х.Г................г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн .................... тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай, эхнэр Т.Н....................лыг “найзыгаа өмөөрлөө” гэх шалтгаанаар толгойн тус газарт нь хоолны тавгаар цохиж эрүүл мэндэд нь баруун чамархайн хуйханд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.

Шүүгдэгч Соён овогт Хөхийн Г................г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхдаа 2021 оны 10 дугаар сарын 19-ний шөнө 01 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн .................... тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Т.Н....................лыг “найзыгаа өмөөрлөө” гэх шалтгаанаар толгойн тус газарт нь хоолны тавгаар цохиж баруун чамархайн хуйханд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.

 

1.2 Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал

- хохирогч Т.Н....................гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 19-ний шөнө 01 цагийн орчимд...нөхөр Г................г согтуу хоол идээд байж байгаад тэрээр “танай ...найзууд болох Батгэрэл, Алтанцэцэг нар ...хурдан ажлаа хийгээд мөнгөө аваад эртхэн явъя” гэж хэллээ гэж уурлаад ...аягатай халуун цай цацахаар нь би “чи ямар авгай шиг юм бэ? үнэнийг чинь хэлж байхад” гэсэн чинь хоолны тавгаар миний толгойны баруун талын дээд хэсэг рүү цохиж хагалсан чинь толгойноос их цус гарсан, баруун талын хацар руу 1 удаа алгадсан. ..Сард 1-2 удаа цохиж зодож, хөөж туудаг, архи уусан үедээ байнга зоддог, таних танихгүй хүнтэй байнга харддаг..би гомдолтой байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 07 дахь тал),

“...Дээрх гэмтлийг 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр толгойг тавгаар цохихоос өмнө 7 хоногийн өмнө архи ууж байгаад хэрүүл хийж миний биед учруулсан юм түүнээс тухайн өдөр миний биед учруулаагүй юм...бид хоёр хамт амьдраад 11 жил болж байгаа дундаасаа 4 хүүхэдтэй...миний гар утсыг надаас булааж аваад шидчихсэн юм тухайн гар утсыг манай нөхөр 2020 оны 10 сард 200.000 төгрөгөөр авч байсан...би гар утсаа 200.000 төгрөгөөр үнэлж байна. Надад ямар нэгэн санал, гомдол байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10-11 дэх тал)

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 10102 дугаартай дүгнэлтэд: “...Хэсэг газрын үзлэгт: ...Баруун чамархайн хуйханд босоо байрлалтай 3х0.3см зах ирмэг тэгш бага зэрэг ангайсан шархтай, шархны эргэн тойрон хавдсан. Хэвлийн урд доод хэсэгт 7х8 см, баруун шилбэний дотор дээд хэсэгт 2.5х1.5см зүүн шилбэний дотор доод хэсэгт 3х1,5см бүдэг хүрэн ягаан өнгийн захаараа шаргал туяатай цус хуралттай...ДҮГНЭЛТ

1. Т.Н....................лын биед баруун чамархайн хуйханд шарх, хэвлий, баруун зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 16-17 дахь тал) зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

Шүүгдэгч Х.Г................гийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр би найз Лувсансүрэнтэй гэртээ архи уусан юм. Тэгсэн манай эхнэрийн утас руу нэг танихгүй дугаар байнга залгаад байхаар нь би эхнэрийн утсыг аваад нөгөө дугаар руу нь залгасан чинь нэг эрэгтэй хүн авсан. Тэгээд ... “яагаад энэ дугаар руу залгаад байгаа юм бэ?” гэж хэлсэн чинь нөгөө залуу “би утасны эзэнтэй яръя нэг эмэгтэй байх ёстой” гэхээр нь би гэнэт уурлаад хоол идэж байсан таваг аваад газар савсан. Тэгтэл манай эхнэр миний ард газар хэвтэж таараад би толгойг нь оночихсон юм...Н....................л бид хоёр хамт амьдраад 11 жил болж байгаа бид хоёр дундаасаа 4 хүүхэдтэй юм...Н....................лын баруун чамархайн хуйханд шарх гэмтлийг би 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр тавгаар цохиж гэмтээсэн. Харин хэвлийн баруун, зүүн шилбэнд цус хуралт гэмтлүүдийг хэрэг болохоос 7 хоногийн өмнө бид хоёр бас хэрэлдэж маргаж байхдаа цохиж авсан юм. Тэр үед учирсан гэмтэл байгаа юм...” гэж (хавтаст хэргийн 77-78 дахь тал) мэдүүлж байсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргахгүй...” гэснийг дурдах нь зүйтэй.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн юм.

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Х.Г................г нь бүрэн бус дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг дурдах нь зүйн хэрэг.

 

1.4.Эрх зүйн дүгнэлт

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 10102 дугаартай дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл хууль зүйн хувьд шүүгдэгч Х.Г................г, хохирогч Т.Н....................л нар нь эхнэр, нөхөр болох нь тэдний гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар болон тэдний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгээр тогтоогдож байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг хангасан байна.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч Х.Г................г нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр “хардалт, хувийн таарамжгүй харьцааны” улмаас хохирогч Т.Н....................лын эрүүл мэндэд халдаж, гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Шүүгдэгч Х.Г................г нь хоолны тавгаар хохирогч Т.Н....................лын толгойн тус газар цохиж баруун чамархайн хуйхны шарх бүхий хөнгөн зэргийн гэмтэл нь хоорондоо шалтгаант холбоотой байна. Харин гэмт хэргийн шалтгаан нөхцөлийн хувьд хохирогч Т.Н....................лын буруутай үйл ажиллагаа нөлөөлөөгүй байна. Харин Х.Г................г нь архидан согтуурсны улмаас маргаан үүсгэж, энэ гэмт хэрэг гарсан байна гэж үзэв.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Х.Г................гийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

1.5. Хохирол, хор уршиг

Хохирогч Т.Н....................л нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн байх тул шүүгдэгч Х.Г................гийг бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч: “...шүүгдэгч Х.Г................гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй гэх дүгнэлтийг...”

Шүүгдэгч Х.Г................г нь улсын яллагчийн гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч Х.Г................г нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт (хавтаст хэргийн 29-33 дахь тал), Сонгинохайрхан дүүргийн 25 дүгээр хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл (хавтаст хэргийн 34-35 дахь тал) хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 56-59 дэх тал), шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суух хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 43, 55 дахь тал), Гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 44 дэх тал), эд хөрөнгөгүй талаарх лавлагаа (хавтаст хэргийн 48 дахь тал), тээврийн хэрэгслийн лавлагаа (хавтаст хэргийн 50 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 36 дахь тал), шийтгэх тогтоолын хуулбарууд (хавтаст хэргийн 82-52, 86-91, 92-99 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.

 Иймд улсын яллагчийн саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Г................гийг 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх хийгээд нийгэмшүүлэх зорилгыг хангана гэж үзэв.

Түүнчлэн хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Х.Г................г нь урьд эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэгт ял шийтгүүлж эрүүгийн хариуцлага хүлээхдээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхдаа үйлдсэн, тэрээр энэ гэмт хэргийг мөн адил согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхдаа үйлдсэн байх тул шүүх түүнд оногдуулсан ял дээр нэмж албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзэв.

Тодруулбал шүүгдэгч Х.Г................гт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелэгдэж дуусах хүртэл хугацаанд Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад “зан үйлээ засах сургалтад хамрагдах” үүрэг хүлээлгэж, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан “согтууруулах ундааны зүйл хэрэглэхийг хориглох” хязгаарлалтыг тогтоож шийдвэрлэв.

Шүүгдэгч Х.Г................гт нийтэд тустай ажил хийлгэх ял болон албадлагын арга хэмжээ авсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн 5.4 дугаар зүйлд зааснаар оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдрийн наймаас дээшгүй хугацаагаар хийлгэхээр тогтоож, тэрээр нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар, Эрүүгийн хуулийн  7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулж болохыг анхааруулах нь зүйтэй байна.

2.3. Бусад асуудлын талаар

Эрүүгийн 2108 0268 41667 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Соён овогт Хөхийн Г................гийг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан буюу Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Г................гийг 720 (долоон зуун хорь) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Х.Г................гт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй хугацаагаар хийлгэхээр тогтоосугай.

4. Шүүгдэгч Х.Г................гт Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “зан үйлээ засах сургалтад хамрагдах” үүрэг хүлээлгэх, мөн зүйлийн 3 дахь хэгсийн 3.3 дахь заалтад заасан “согтууруулах ундааны зүйл хэрэглэхийг хориглох” хязгаарлалтыг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелэгдэж дуусах хүртэл хугацаагаар тогтоосугай.

5. Шүүгдэгч Х.Г................г нь Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар  шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг дахин үйлдсэн бол шийдвэрийг хүчингүй болгож хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Г.МӨНХЗУЛ