Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 2021/ШЦТ/849

 

    2021         12           17                                    2021/ШЦТ/849                                     

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг хөтлөн

улсын яллагч Э.Булганчимэг

шүүгдэгч М.С

хохирогч Л.Б, түүний өмгөөлөгч Б.Очбадар

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 00000000000 тоот хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1995 оны 6 дугаар сарын 17-нд Ховд аймагт төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, маркетэр мэргэжилтэй, “Б” ХХК-д гүйцэтгэх захирал ажилтай гэх, ам бүл 1; ХХХ аймгийн ХХ сум, 0 дугаар баг, 0 байрны 0 тоотод хаягийн бүртгэлтэй, Улаанбаатар хот, ХХХ дүүргийн 00 дүгээр хороо, 0 дугаар байр, 0 тоотыг түрээсэлж байгаа гэх, ял эдэлж байгаагүй,

ХХ00000 дугаарын регистртэй, У овогт М-ын С

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр:

Шүүгдэгч М.С үргэлжилсэн үйлдлээр 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр фейсбүүк буюу цахим орчинд орчинд “төсөлд хөрөнгө оруулалт хайж байна, хөрөнгө оруулалтыг 6 сарын дотор 49 хувиар өсгөж өгнө” гэсэн зар байршуулан зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч, хохирогч Б.Э-тай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулан 5.000.000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч залилсан,

2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр мөн фейсбүүк орчинд “төсөлд хөрөнгө оруулалт хайж байна, хөрөнгө оруулалтыг 6 сарын дотор 49 хувиар өсгөж өгнө” гэсэн зар байршуулан зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч, хохирогч З.М-тай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутагт 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 2.500.000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч залилсан,

2020 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр фейсбүүк буюу цахим орчинд "төсөлд хөрөнгө оруулалт хайж байна, хөрөнгө оруулалтыг 6 сарын дотор 30 хувиар өсгөж өгнө” гэх зар байршуулсан зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Ц.З-с 5.000.000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч залилсан,

2020 оны 2 дугаар сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Л.Б-ийн эзэмшлийн 0000 ХХХ улсын дугаартай, Субару порестер маркийн 14.174.300 төгрөгийн үнэлгээ бүхий тээврийн хэрэгслийг худалдан авахаар итгүүлэн, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан буюу төлбөрийг өгөлгүйгээр уг тээврийн хэрэгслийг бусдад дамжуулан зарж борлуулан 14.174.300 төгрөгийг хохирол учруулсан буюу бусдад нийт 26.674.300 төгрөгийн хохирол учруулсан “залилах” гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч М.С шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Прокурорын яллах дүгнэлтдээ уншсан хөрөнгө оруулалттай холбоотой 3 хүний гомдлоос гомдол гаргаагүй нийт 20 хүн байгаа. Яагаад гэхлээр эдгээр хүмүүсээс хөрөнгө оруулалтаар авсан мөнгөөр үйл ажиллагаа амжилттай явуулж, хөрөнгө оруулалтыг нь буцаагаад өгсөн. Ёстой нөгөө урд хормойгоо авч, хойд хормойгоо нөхөх гэдэг шиг сунжирсан асуудлууд үүсгэсэн. Эдгээр хүмүүсийн мөнгийг барагдуулах тал дээр ойлголцож чадаагүй учраас хэрэг үүсч шүүхэд ирээд байна би. Би өөрийнхөө алдаа дутагдлыг ойлгож, буруу үйл ажиллагаа хийснээ хүлээн зөвшөөрч зарим хохирогч нарын хохирлыг барагдуулж дууссан.

Харин хохирогч Б-ийн хувьд урд өмнө бид хоёр аялалд хамт явдаг танилууд юм. Би ажилтай холбоотой хөдөө, орон нутаг руу явах гээд машин хэрэг болоод 2020 оны 2 дугаар сард хатуу хөл хорио тогтоохоос 10 хоногийн өмнө гэрээ байгуулаад машиныг нь авч байсан. Би ирээдүйд орж ирэх хөрөнгө оруулалтад найдаад миний алдаанаас болоод ийм нөхцөл байдал үүссэн. Хэтэрхий ажилдаа найдсан байсан тул цар тахалтай холбоотой маш олон ажлуудаа хийж чадаагүй. Ер нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Б-ийн хохирлыг барагдуулах болно.

2020 оны Цагаан сар болохоос өмнө хатуу хөл хорио тогтоосон. Үүнээс 7 хоногийн өмнө машиныг нь авсан. Зуны тариалангийн цаг хугацаанаас өмнө мөнгийг нь төлөхөөр хувиараа аж ахуй эрхэлдэг хүмүүстэй уулзаж нэгдэж төсөл явуулах хэрэгтэй байсан. Тэгээд өр асуудлаа дуусгах байсан. Бат-Эрдэнэтэй найз байсан тул илүү машинаа зараач гэсэн юм. Гэтэл 5 дугаар сард ажил хийхээр зорьж байсан ажил маань байхгүй болсон. Надад цалин орлого орж ирсэн баримтууд нь байдаг. Өмнө нь шүүхээр орж байгаагүй тул эдгээр баримтуудыг авчраагүй. Хохирогч Бат-Эрдэнийн үлдэгдэл мөнгө болох 10.250.000 төгрөгийг яаж ийгээд даруй хугацаанд хэсэг хэсгээр нь төлнө. Бусад хохирогчийн хохирлыг төлөхөд мөн манай аав надад тусалсан гэв.

 

Хохирогч Л.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Би 2019 оны 8 дугаар сард С-тэй аялалд явж байгаад танилцаад 2020 оны 2 дугаар сарын 21-ний өдөр өөрийн тээврийн хэрэгслийг С-т шилжүүлсэн. Тухайн үед урьдчилгаанд 3.000.000 төгрөг 2 хоногт багтаагаад өгнө, мөнгийг нь 4, 5 дугаар сараас хоёр хуваагаад төлчихнө гэж хэлсэн тул этгээд машинаа өгсөн. Тэрнээс хойш 2.250.000 төгрөг 3 дугаар сарын 6-нд дансаар орж ирсэн. Дараа нь 5 дугаар сарын 01-ний өдөр 500.000 төгрөг дансаар орж ирсэн. 3 дугаар сараас 5 дугаар сарын хооронд хойшилж байна, ажил бүтэж байна гэдэг шалтгаануудыг хэлж явсан. 5 дугаар сарын 01-ний өдөр 500.000 төгрөг данс руу хийгээд тэрнээс хойш холбоо тасарсан, утас нь холбогдохгүй чатаа авахгүй болсон. 2020 оны 7 дугаар сарын 25-ны өдөр чатаар маргааш нөгөөдрөөс уулзъя ярилцъя гэсэн хариу өгсөн боловч, тэр дор нь хариу бичихэд эргэж холбогдоогүй. Түүнээс хойш сошиал сувгаар блок хийж ямар ч ор сураггүй алга болсон. 2021 оны 1, 2 дугаар саруудад Содбилэгийн аав Мөнхбат болон ээж рүү нь Ховд аймаг руу утсаар холбогдож нэлээд юм болсны эцэст аав ээжээр нь дамжуулан хэлж 500.000 төгрөг, 500.000 төгрөг нийтдээ 1.000.000 төгрөг авсан. Тэрнээс хойш хаана юу хийгээд яваад байгаа нь мэдэгдэхээ больсон. Одоо үлдсэн мөнгө болох 10.250.000 төгрөгөө яаралтай нэхэмжлэн гаргуулмаар байна. Жил гаруй цаг хугацаа, эд мөнгөний хувьд хохирч, өмгөөлөгч авсан явж байна. Машины мөнгө байсан бол би өөр юм хийгээд явж байх байсан гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч Ц-ын З “... би анх М.С-тэй 2019 онд фейсбүүкээр танилцаж байсан. 2021 оны 1 дүгээр сард М.С фэйсбүүк хуудсандаа “ХХХ” ХХК-ийн 4 дэх удаагийн төсөл дээрээ хөрөнгө оруулалт хайж байна, өмнө нь 3 удаа төслөө амжилттай хэрэгжүүлсэн, хөрөнгө оруулагч нарын мөнгийг 6 сарын дотор 30 хувиар өсгөж өгнө. Өөрөө тус компанийн захирлаар ажиллаж байгаа” гэсэн зар тавьсан. Миний хувьд сошиал хаягаар нь харахад амжилттай бизнес эрхлэгч шиг харагдсан учраас түүнтэй холбогдож уулзахаар болсон. М.С өөрийгөө “ХХХ” ХХК гэх газар тариалангийн компанитай, одоо Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд хүлэмжийн аж ахуйд нарийн ногоо тарьж, ургуулж байгаа оруулсан мөнгөө 2 нугалаад олдог их ашигтай бизнес эрхэлдэг гэж тайлбарласан. Тэгээд намайг “өөрийнхөө компанийн хүлэмжид хөрөнгө оруулалт хийгээч, бүх ажлыг компани өөрсдөө хийж гүйцэтгэнэ, оруулсан хөрөнгө оруулалтыг чинь 6 сарын дотор 30 хувиар өсгөж өгнө. Та хэд л бол хэдэн төгрөгийн хөрөнгө оруулалт хийж болно” гэж хэлсэн. М.С-тэй “ХХХ” ХХК-ийн оффис буюу Төв номын сангийн эсрэг талын Business center-ийн 19 давхарт буюу Стартапп компаниуд байрлаж байсан давхарт 2020 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр уулзсан. Миний хувьд 6 сарын дотор хөрөнгө оруулалтаа 30 хувь өсгөж өгнө гэж байсан болохоор түүнд нь итгээд эхлээд юу ч гэсэн 5.000.000 төгрөгөөр хөрөнгө оруулахаар шийдсэн. Эхний хөрөнгө оруулалт амжилттай болчихвол дараа нь нэмж хөрөнгө оруулж болох байх гэж бодсон. 2020 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр буюу М.С-тэй уулзсан өдрөө гэрээ байгуулж, өөрийнхөө ХААН банкны 5087116189 дугаартай данснаас М.С-ийн ХААН банкны 00000 дугаартай данс руу 5.000.000 төгрөг шилжүүлсэн. Гэтэл мөнгө өгснөөс хойш М.С-ийн утас нь холбогдохгүй болсон ба үнэхээр хүлэмжийн үйл ажиллагаа эрхэлж байсан, тус хүлэмждээ надаас авсан мөнгийг зарцуулсан эсэх нь тодорхойгүй алга болсон. Би 1.000.000 төгрөгийг С-гийн ааваас авсан, одоо 4.000.000 төгрөгөө нэхэмжилж байна” /1-р хх-н 21-23/ гэж,

гэрч Х-ийн А “... М.С нь 2017 оны 5 дугаар сараас 2018 оны 4 дүгээр сар хүртэл манай Асрал ХХК-ний менежерээр ажилладаг байсан. Манай компани нь хүлэмжийн аж ахуй эрхэлдэг бөгөөд хүлэмжид жимс хүнсний ногоо тариалах үйл ажиллагаа эрхэлдэг. Содбилэг тариалсан бүтээгдэхүүний борлуулалт хариуцсан менежер байсан. Ажлаасаа гараад жил гаруй болсны дараа миний хүлэмжид бичлэг хийж болох уу? гэж асуусан бөгөөд би ямар учиртайг асуухад “залуучуудад зориулсан эко шторк хийж байгаа юм” гэж хэлсэн. Ярьж байгаа зүйлийг нь сонсож байтал миний хүлэмжийг өөрийнхөө хүлэмж мэтээр яриад байсан. Би юу болоод байгааг асуухад “зүгээр зүгээр ах аа” гэж хэлсэн. Дараа нь манайд ажиллаж байсан Б нь “С манай хүлэмжийн зургийг өөрийнхөө зураг гээд фейсбүүкт байршуулсан байна” гэж хэлсэн” /1-р хх-н 103-104/ гэж,

хохирогч З-ын М “... би 2009-2013 онд Санхүү эдийн засгийн дээд сургуулийг төгссөн. М.С нь тус сургуульд суралцдаг, доод курсийн, идэвхтэй, сэргэлэн, хүмүүстэй харилцах чадвар өндөртэй оюутнуудын нэг байсан. Суралцаж байх хугацаандаа өөрийн хувийн бизнесийг эхлүүлсэн, амжилттай яваа гэж ярьдаг байсан. Хүнсний болон нарийн ногоо тариалдаг гэсэн үгэнд нь бид маш их итгэсэн. 2018 оны намар М.С өөрийн фейсбүүк цахим хуудсандаа “ХХХ” ХХК нь 2 дахь удаагийн “ХХХ” төсөл дээрээ хөрөнгө оруулалт хайж байна. Өмнөх төслөө амжилттай хэрэгжүүлсэн, энэ удаагийн хөрөнгө оруулагч нарын хөрөнгө оруулалтыг 6 сарын дотор 49 хувиар өсгөж өгнө. Өөрөө тус компанийн захирлаар ажиллаж байна” гэсэн зар тавьсан байсан. Тэгээд нөхөр Д.Ж бид хоёр түүнтэй холбогдож Сүхбаатар дүүрэг 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө, Бизнес таурт очсон боловч уулзаж чадаагүй. Ингээд түүнтэй биечлэн уулзаагүй боловч утсаар төслийнх нь талаар тодруулж ярилцаж байгаад 2018 оны 10 дугаар сарын сарын 02-ны өдөр миний ХХБанкны 00000 дугаартай төгрөгийн данснаас М.С-ийн ХААН банкны 5862045999 дугаартай данс руу 2.500.000 төгрөгийг шилжүүлсэн. М.Сийг таньж мэддэг гээд нэг нэгэндээ итгээд гэрээ хэлцэл байгуулаагүй. Итгээд ажил нь амжилттай явж байгаа гээд гэрээнийхээ хугацааг дуустал буюу 6 сарын турш хүлээгээд 2019 оны 4 дүгээр сард М.С-тэй холбогдож хөрөнгө оруулсан мөнгөө 49 хувийн ашигтай хамт авахыг хүссэн. Гэтэл М.С нь “дараагийн төслийнхөө хөрөнгө оруулалтад олсон ашгаа хийчихлээ, таны мөнгийг удаахгүй өгчихнө” гэж хэлсэн. Энэ хугацаанд М.С мөнгийг “энэ долоо хоногт өгнө, төслийн буцаалт эхлэхээс өмнө бэлэн хөрөнгөө эргэлтэд оруулчихлаа, жаахан хугацааны асуудал гараад байна, компанийнхаа мөнгийг буцааж авахаар шүүхэд өгөх баримтаа бэлдэж байна, төсөлд хамрагдах гэж байна, удахгүй хүнээс мөнгө авах гэж байна” гэж байнга худал хэлж хуурч байсан” /1-р хх-н 149-150/ гэж,

хохирогч Б-ын Э “... М.С-тэй 2018 онд фейсбүүкээр танилцаж байсан. М.С нь сошиалд их идэвхтэй, хүн харахад амжилттай яваа бизнес эрхлэгч гэж харагддаг байсан. М.С фейсбүүк хуудсандаа “ХХХ” нэртэй төслийг эхлүүлж байгаа, уг төсөлдөө хөрөнгө оруулалт авч байгаа, уг төсөлд хөрөнгө оруулалт хийснээр 6 сарын дотор өгсөн мөнгөний 49 хувийг буцааж өгнө” гэж тайлбар хэлсэн учир би 2018 оны 10 дугаар сард С-тэй Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутагт байрлах Бизнес таурт /хэдэн тоот өрөөг санахгүй байна/ биеэр очиж уулзсан. Содбилэгийн ярьсан зүйлд итгэж гэрээ байгуулах гэсэн боловч Содбилэг “манай хуульч байхгүй байна” гэж хэлсэн бөгөөд би “ХХХ” нэртэй төсөлд 5.000.000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, мөнгөө С-ийн данс руу шилүүлсэн. Ингээд 2019 оны 9 дүгээр сард С надад 500.000 төгрөг, 2020 оны 11 дүгээр сард би С-гээс мөнгөө авъя гэж гуйж байж 500.000 төгрөгийг аваад дахин ямар ч сураггүй болсон. Би С-т өгсөн 5.000.000 төгрөгөө эргүүлэн авсан, одоо хохирол гэх зүйлгүй” /1-р хх-н 209-210/ гэж,

хохирогч Л-ын Б “... 2020 оны 2 дугаар сарын 15-нд урьд таньдаг байсан М.С залгаад машиныг чинь худалдаж авъя гэж санал тавиад бид хоёр манай гэрийн гадаа 3 хоногийн дараа уулзсан. С надад машины хэрэг болоод Баянчандмань явах ажил гарсан, машинаа зарчих гэсэн. Тэгээд 14.000.000 төгрөгөөр зарахаар ярилцаад Содбилэг эхлээд 3.000.000 төгрөгийг хэд хоногийн дотор урьдчилгаа гээд бэлнээр өгье, үлдсэнийг нь 4 дүгээр сардаа багтаагаад 2 хуваагаад төлье гэж хэлсэн. 2020 оны 2 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хороо 45 дугаар байрны гадаа миний эзэмшдэг байсан 00-00 ХХХ улсын дугаартай, хар өнгөтэй, Субару Порестер маркийн автомашиныг авч яваад 2020 оны 2 дугаар сарын 21-ний өдөр Авто тээврийн үндэсний төв дээр хамт очиж С-ийн нэр дээр шилжүүлж, тухайн үед С өөрөө Ховд аймгийн харьяат байсан болохоор 00-00 ХХХ улсын дугаар авч нэр шилжсэн. Тэгээд холбоотой байж байгаад 2020 оны 3 дугаар сарын 06-ны өдөр миний ХААН банкны дансаар 2.250.000 төгрөг шилжүүлсэн. 4 дүгээр сарын эхээр би Содбилэгтэй яриад мөнгөө нэхэхэд удахгүй, ажилтай яваад байна, 4 дүгээр сарын дундуур мөнгийг чинь шилжүүлнэ гэж хэлсэн. 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдөр 500.000 төгрөг ХААН банкны дансаар дамжуулж өгсөн. Би машиныхаа үлдэгдэл болох 11.250.000 төгрөгөө С-ээр барагдуулах хүсэлттэй байна” /2-р хх-н 07-08/ гэж тус тус мэдүүлжээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч М.С “... миний бие 2020 оны 1 дүгээр сард жилийн 4 улиралд хүлэмжид ногоо ургуулах төсөл хэрэгжүүлэхээр болж тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт босгосон. Ингээд 5.000.000 төгрөг Золзаяагаас өөрийн дансаар шилжүүлэн авсан.

2018 оны намар жилийн 4 улиралд хүлэмжид ногоо ургуулах “ХХХ” нэртэй төсөл хэрэгжүүлэхээр болж тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт босгосон. Энэний дагуу М гэж эмэгтэйгээс нарийн ногоо тариалах зорилгоор хөрөнгө оруулалт авахаар болж 6 сарын хугацаатай хамтран ажиллах хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан бөгөөд 6 сарын хугацаанд цэвэр ашгийн 30 хувийг өгөхөөр тогтож 2.500.000 төгрөг М-аас өөрийн дансаар шилжүүлэн авсан. Төсөл хэрэгжих явцад М-тай хувийн шалтгаанаар маргаж түүний ашиг болон мөнгийг өгөөгүй байгаа.

Би Э-ын 00000 дугаарын ХААН банкны данснаас өөрийн ХААН банкны 0000 дугаарын дансаар 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 5.000.000 төгрөг авсан.

Миний хувьд ажил олигтой явж чадаагүй орлого муу байсан учраас Л.Б-с авсан машины мөнгийг өгч чадаагүй хугацаа алдсан нь үнэн. Надад Л.Б-ийг залилж хохироох ямар нэг санаа зорилго байхгүй. Б-д өгөх төлбөр мөнгийг барагдуулах боломжтой” /1-р хх-н 28, 152, 215-216, 2-р хх-н 14/ гэж мөн мэдүүлсэн байна.

 

Шүүгдэгч М.С-ийн үйлдсэн “залилах” гэмт хэргийн зарим үйлдлийн үйл баримтыг нотлох баримтад тулгуурлан тухайн гэмт хэргийн шинжээс үзвэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “... цахим хэрэгсэл ашиглаж” гэсэн шинжийг бүрдүүлж байх боловч прокуророос түүнийг яллахдаа энэ шинжийг нь орхигдуулжээ.

Энэ байдал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлийг бий болгох бөгөөд хэргийг прокурорт буцаах үндэслэл болно.

 

Гэвч шүүх шүүгдэгч М.С-т холбогдох хэргийг прокурорт буцаах шаардлагагүй гэж үзэв. Учир нь, “... цахим хэрэгсэл ашиглаж” гэсэн залилах гэмт хэргийн шинж нь тухайн зүйл хэсгийн хүндрүүлэх шинжид хамаарахгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу үндсэн шинжид хамаарч байна.

Өөрөөр хэлбэл хуулийн тухайн зүйл хэсгийн шинж хүндрүүлэх шинжид нь хамаарч, гэм буруутай этгээдэд /шүүгдэгчид/ ял шийтгэл оногдуулахад нөлөөлөхөөр, түүний эрх зүйн байдлыг дордуулахаар байвал яалт ч үгүй хэргийг прокурорт буцаах үндэслэл болдог.

Иймд шүүх шүүгдэгч М.С-т холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэсэн бөгөөд прокурор цаашид ийм алдаа гаргахгүй байвал зохино.

 

Шүүхээс шүүгдэгч М.С-т ял оногдуулахдаа гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, шүүгдэгчийн хувийн байдал буюу үйлдсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, зарим хохирогчийн хохирлыг төлж барагдуулсан, үлдэгдэл хохирлоо төлж барагдуулахаа илэрхийлж байгаа зэргийг харгалзав.

 

Шүүгдэгч М.С-ийн хувийн байдалтай холбоотой:

Хуулийн этгээдийн бүртгэлийн лавлагаа /1-р хх-н 62, 99-101, 2-р хх-н 16/, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /1-р хх-н 63/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /1-р хх-н 64/, дансны хуулга /1-р хх-н 67-96, 2-р хх-н 82-92/, тээврийн хэрэгслийн лавлагаа /2-р хх-н 17/, нийгмийн даатгал төлдөг эсэх лавлагаа /2-р хх-н 29-30/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2-р хх-н 51/, иргэний үнэмлэхийн лавлагаа /2-р хх-н 105/ гэх мэт баримтууд хавтаст хэрэгт авагджээ.

 

Хохирол төлбөрийн хувьд:

Хохирогч Б.Э-тай шүүхээс холбогдоход “... би хохирлоо бүрэн барагдуулж авсан тул надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн байхаас гадна

шүүгдэгч М.С-ийн төрсөн эцэг болох Х.М-ын эзэмшлийн ХААН банк дахь 0000 тоот данснаас 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр хохирогч Ц.З-ийн эзэмшлийн ХААН банк дахь 0000 тоот данс руу 3.000.000 төгрөг, 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр хохирогч Б.Э-ын эзэмшлийн ХААН банк дахь 0000 тоот данс руу 4.000.000 төгрөг, 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр хохирогч З.М-ын эзэмшлийн Худалдаа Хөглжийн банк дахь 000000 тоот данс руу 2.500.000 төгрөг тус тус шилжүүлсэн талаарх ХААН банкны дансны хуулгыг шүүгдэгч М.С шүүх хуралдааны явцад шүүхэд гаргаж өгөв.

Дээрх нэр бүхий хохирогч нарын хохирол бүрэн төлөгдсөн байна.

 

Харин хохирогч Л.Б-д учруулсан 14.000.000 төгрөгийн хохирлоос мөрдөн шалгах ажиллагааны явцад 3.750.000 төгрөг төлөгдсөн, одоо 10.250.000 төгрөг төлөгдөөгүй байх ба энэ мөнгөн дүнг шүүгдэгч, хохирогчийн хэн аль нь хүлээн зөвшөөрсөн, маргаагүй тул 10.250.000 төгрөгийг шүүгдэгч М.С-ээс гаргуулж хохирогч Л.Б-д олгохоор шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч М.С-ийн үйлдсэн “залилах” гэмт хэрэг нь 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулиас өмнө буюу 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 2 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд үйлдэгджээ.

2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйл: “Хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих”.

Энэ 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “... Залилах /Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/, ... гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино” гэж заасан.

 

Өршөөл үзүүлэх тухай хуулийн энэ зүйл хэсгийн үзэл санаа нь хэрвээ “залилах” гэмт хэрэг үйлдэж зөвхөн “хорих” ялаар шийтгүүлсэн тохиолдолд л “зорчих эрхийг хязгаарлах” ялаар дүйцүүлэн солих гэсэн ойлголт болохоос биш Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “хорих” ялаас өөр төрлийн /торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах/ ялаар шийтгүүлсэн тохиолдолд тухайн ялтны ялыг Өршөөлийн хуульд хамааруулахгүй үүнд: /Эрүүгийн хариуцлагаас өршөөн хэлтрүүлэх, Зарим хугацаа болон эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгох, Ялаас өршөөн хасах, Хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих/ гэсэн ойлголт юм.

 

Иймд шүүгдэгч М.С-т 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглээгүй буюу хэрэглэх шаардлагагүй, нөгөө талаас ашиггүй байдлаар өршөөлийн хууль хэрэглэх нь тухайн хүний /шүүгдэгчийн/ эрх зүйн байдалд цаашид сөргөөр нөлөөлнө гэж шүүх үзэв.

 

Улсын яллагч Э.Булганчимэгийн гаргасан “... шүүгдэгч М.Ст 1 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулах тухай” эрүүгийн хариуцлагын санал нь тухайн шүүгдэгчийн хувьд хэт хүндэдсэн буюу бодитой биш байна.

Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байхыг Эрүүгийн хуулийн Шударга ёсны зарчимд тусгасан бөгөөд нөгөөтэйгүүр Эрүүгийн хариуцлагын зорилгын нэг хэсэг нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог.

Иймээс шүүх шүүгдэгч М.С-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, түүний цагдан хоригдсон 15 хоногийг уг ялаас хасч тооцон, зорчих эрхийг хязгаарлах ялын нийт хугацааг 7 сар 15 хоногоор тогтоов.

 

Түүнчлэн хохирогч Л.Б-ийн өмгөөлөгч Б.Очбадар “... шүүгдэгч М.Сийн оршин суух хаяг, хаана, ямар байгууллагад, ямар ажил төрөл эрхэлдэг нь тодорхой бус, энэ байдал нь түүнд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахад зохимжгүй” гэсэн утга бүхий тайлбар гаргасныг шүүх хүлээж авсангүй.

Учир нь, хэдийгээр гэм буруутай нь шүүхээр тогтоогдсон боловч хэнийг ч оршин суугаа газар, ажил төрлөөр нь ялгаварлан эрүүгийн хариуцлага оногдуулж болохгүй.

 

Шүүгдэгч М.С 15 хоног цагдан хоригдсон /1-р хх-н 128-129/, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч М.С шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцох хүсэлтийг бичгээр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтад нийцнэ.

 

Монгол Улсын Шүүхийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг, 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйл, 37.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                                    ТОГТООХ нь:

 

1. У-ын овогт М-ын С-ийг цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж “залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.С-ийг 8 /найм/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч М.С-ийн энэ хэрэгт цагдан хоригдсон 15 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар цагдан хоригдсон нэг хоногийг зорчих эрх хязгаарлах ялын нэг хоногоор тооцож, түүнд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын нийт хугацааг 7 /долоо/ сар 15 /арван тав/ хоногоор тогтоосугай.

 

4. Шүүгдэгч М.С-т оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гадагш зорчихгүй байхаар тогтоож, уг ялд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

5. Шүүгдэгч М.С зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

6. Шүүгдэгч М.С 15 хоног цагдан хоригдсоныг, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг тус тус дурдсугай.

 

7. Хохирогч Ц.З, Б.Э, З.М нарын хохирол бүрэн төлөгдсөн, хохирогч Л.Б-ийн хохирлоос 3.750.000 төлөгдсөн болохыг тус тус дурдаж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.С-ээс 10.250.000 төгрөгийг гаргуулж хохирогч Л.Б-д олгосугай.

 

8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл М.С-т урьд авагдсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ,

                  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             О.ЖАНЧИВНЯМБУУ