Шүүх | Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дагвын Жамбалсүрэн |
Хэргийн индекс | 152/2017/00403/И |
Дугаар | 27 |
Огноо | 2016-09-07 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 09 сарын 07 өдөр
Дугаар 27
Г.Амарсанаагийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Нямбаяр даргалж, Ерөнхий шүүгч Н.Туяа, Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй хийж, Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 490 дүгээр шийдвэртэй, Увс аймгийнс Улаангом сумын 7 дугаар багт оршин суух Алаг адуу овогт Гүрбадарын Амарсанаагийн нэхэмжлэлтэй, хариуцагч Увс аймгийн Зоонозын өвчин судлалын төвд холбогдох иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэнгийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Г.Амарсанаа, хариуцагч Д.Батболд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Тамираа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Ажилд эгүүлэн тогтоолгох тухай.
Нэхэмжлэлийн агуулга: “Миний бие 1998 онд Увс аймгийн Байгалийн голомтот халдварт өвчнийг эсэргүүцэн судлах газарт жолоочоор ажиллаж байгаад 2001 онд Байгалийн халдварт өвчинтэй тэмцэх төвд ариутгагчийн дамжаанд 2 сар суралцаж ариутгагч мэргэжил эзэмшиж, уг мэргэжлээр 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл 19 жил тогтвор суурьшилтай тасралтгүй ажиллаж ирсэн. Намайг Увс аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн даргын 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн Б\09 тоот тушаалаар жолооч мэргэжилтэй тул ариутгагчаар ажиллуулах боломжгүй гэсэн шалтгаанаар ариутгагчийн ажлаас чөлөөлсөн. Гэтэл манай байгууллагын дарга намайг ажлаас чөлөөлөх тухай мэдэгдэлдээ 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн А\31 дүгээр тушаалаар батлагдсан Зоонозын өвчин судлалын төвийн бүтэц үйл ажиллагааны стандартын 19.4-д заасныг үндэслэн ариутагчийн ажлаас чөлөөлөх мэдэгдэх хуудас өгсөн. Миний бие ажлын алдаа дутагдал гаргаагүй байхад ажил олгогч өөрийн санаачилгаар ажил мэргэжилдээ тэнцээгүй, ноцтой зөрчил гаргасан, ажил олгогчийн итгэлийг алдсан, хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ гүйцэтгээгүй, ажлын байрны тодорхойлолтод заагдсан шаардлага биелүүлээгүй, ариутгагч мэргэжилгүй гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн тушаал гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд Увс аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн даргын 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн Б\09 тоот тушаал үндэслэлгүй гарсан тул намайг тус газрын ариутгагчийн ажилд эгүүлэн томилж өгнө үү.” гэжээ.
Хариуцагчийн тайлбарын агуулга: “Г.Амарсанаа нь Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмыг удаа дараа зөрчиж 2013, 2014, 2016, 2017 онд сануулах, 2017 оны 2 дугаар сарын 08-ны өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2-т заасны дагуу сарын үндсэн цалинг нь нэг сарын хугацаатайгаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл тус тус авч байсан. Г.Амарсанаа нь ажил дээр удаа дараа архидан согтуурч арга хэмжээ авахуулж байсан. Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн захирлын 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн А/31 тоот тушаалаар батлагдсанЗоонозын өвчин судлалын төвийн бүтэц, үйл ажиллагааны стандартын 19.4 дүгээрт ариутгагч нь эмнэлгийн тусгай дунд мэргэжилтэй, мэргэшлийн сургалтад хамрагдсан байна гэж заасан байдаг. Гэтэл Г.Амарсанаа бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй тул ариутгагчаар ажиллах боломжгүй. Тус байгууллагын ариутгагч нь байгалийн голомтот шинэ болон сэргэн тархаж буй зоонозын халдварт өвчний голомтонд халдвартай ба сэжигтэй материалтай ажиллах халдвар хамгааллын дэглэмийн зааврыг баримтлан ажилладаг тул мэргэжлийн бус хүн ажиллавал алдаа гаргаж хүний амь нас, эрүүл мэндэд ноцтой хохирол учруулах эрсдэлтэй болно. Г.Амарсанаа нь 2001 онд Байгалийн голомтот халдварт өвчнийг эсэргүүцэн судлах төвд ариутгагчийн 30 хоногийн дамжаанд суралцаж төгссөн. Энэ 16 жилийн өмнө авсан ариутгагчийн сертификат нь халдварын голомтыг цомхотгон дарах, эрт сэрэмжлүүлэх хариу арга хэмжээ авах, голомтын ариутгал, халдваргүйтгэлийн орчин үеийн стандартын шаардлага хангахгүй байгаа юм. Манай байгууллага жилийн ажлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу жилд 2 удаа халдвар хамгааллын дэглэмийн комисс тестээр шалгалт авдаг. Энэ жилийн шалгалтыг байгууллагын даргын тушаалаар томилогдсон дэглэмийн комиссын дарга их эмч Ж.Энхзаяа авч шалгалтын дүнгийн талаар бүх ажилтнуудад танилцуулсан. Уг шалгалтаар Г.Амарсанаа 3,5 оноо (F) үнэлгээ авч хангалтгүй дүнтэй шалгагдаж ариутгагчийн ажил, мэргэжилдээ тэнцэхгүй болох нь тогтоогдсон. Иймд дээрх үндэслэлээр Г.Амарсанааг ариутгагчийн ажлаас чөлөөлсөн тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.” гэжээ.
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 490 дүгээр шийдвэрээр: “1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.Амарсанааг Увс аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн ариутгагчийн ажилд эгүүлэн тогтоосугай. 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч Увс аймгийн Зоонозын өвчин судлалын төвөөс улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.” гэж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга: “Манай байгууллага хөдөлмөрийн дотоод журмаа 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр бүх ажилчдын хурлаар хэлэлцүүлэн батлуулж, мөрдөж байгаа бөгөөд Г.Амарсанаа нь байгууллага дээрээ албан үүргээ гүйцэтгэж байх үедээ гэр бүлийн асуудалд холбогдон хэрүүл маргаан үүсгэж байсан тул түүнд Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1-т зааснаар сахилгын шийтгэл ногдуулсан. Манай байгууллагад мэргэжлийн хүмүүсээс бүрдсэн дэглэмийн комисс ажилладаг бөгөөд уг комисс ажилчдын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох, дэглэмийн зааврын мөрдөлтөд хяналт тавих үүрэгтэй. Г.Амарсанаа нь Зоонозын Өвчин Судлалын Үндэсний Төвийн захирлын 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн А/31 дүгээр тушаалаар батлагдсан Зоонозын өвчин судлалын төвийн бүтэц, үйл ажиллагааны стандартын 19.4-т заасан “Ариутгагч нь эмнэлэгийн тусгай дунд мэргэжилтэй, мэргэжлийн сургалтад хамрагдсан байна.” гэсэн шаардлагыг мэргэжил боловсролоороо хангахгүй байгаа тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасныг үндэслэн ажлаас чөлөөлсөн. Иймд анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг үндэслэлтэйгээр тайлбарлан хэрэглэсэн, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулсан байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангажээ.
Нэхэмжлэгч Г.Амарсанаа шүүхэд “Миний бие ажлын алдаа дутагдал гаргаагүй байхад Увс аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн даргын 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн Б/09 дүгээр тогтоолоор ажил олгогч нь өөрийн санаачилгаар намайг ажил мэргэжилдээ тэнцээгүй, ажлын ноцтой зөрчил гаргасан, ажил олгогчийн итгэлийг алдсан, хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ гүйцэтгээгүй, ажлын байрны тодорхойлолтод заагдсан шаардлага биелүүлээгүй, ариутгагч мэргэжилгүй гэсэн үндэслэлээр ажлаас халсан нь үндэслэлгүй тул Г.Амарсанаа намайг тус газрын ариутгагчийн ажилд эгүүлэн томилж өгнө үү.” гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч Увс аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн дарга Д.Батболд “Г.Амарсанаа бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй тул ариутгагчаар ажиллах боломжгүй бөгөөд удаа дараа сахилгын арга хэмжээ авагдаж байсан.” гэж маргажээ.
Нэхэмжлэгч Г.Амарсанаа Увс аймгийн Байгалийн голомтот халдварт өвчнийг эсэргүүцэн судлах газарт 2001 онд жолоочоор ажилд орж ажиллаж байгаад 2001 онд ариутгагч мэргэшил олгох 1 сарын дамжаанд суралцан төгсөж /хавтаст хэргийн 9, 52 дугаар хуудас/ 2005 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тус газарт ариутгагчаар /хавтаст хэргийн 10 дугаар хуудас/ ажиллаж байхад ажил олгогчийн санаачилгаар түүнийг “сахилгын зөрчлийг давтан гаргасан, ажил албан тушаалдаа мэргэжлээрээ тэнцээгүй.” гэх үндэслэлээр /хавтаст хэргийн 5 дугаар хуудас/ түүнтэй байгуулсан хөдөлмөрйн гэрээг цуцаслсан үйл баримт хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогджээ.
Ажилтан мэргэжил ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэхгүй болсныг тухайн байгуулагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс жилийн ажлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу халдвар хамгааллын дэглэмийн болон мэргэжлийн талаар 10 асуулт бүхий тестээр 14 ажилтнаас шалгалт авснаас 6 ажилтан хангалтгүй гэсэн үнэлгээ авчээ. /хэрийн 50-51 дүгээр хуудас/
Гэтэл зөвхөн Г.Амарсанаад хариуцлага тооцож, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгон ажлаас халсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-д заасан “хөдөлмөрийн харилцаанд эрэгтэй, эмэгтэй, эрхэлсэн албан тушаал, боловсрол, үзэл бодлоор нь ялгаварлах, хязгаарлах, давуу байдал тогтоохыг хориглоно.”гэсэн заалт зөрчигдсөн гэж үзэх үндэслэлтэй байх бөгөөд анхан шатны шүүхийн “Халдвар хамгааллын дэглэмийн комиссыг тухайн байгууллагын мэргэжлийн түвшин тогтоох комисс гэж үзэх боломжгүй байна.” гэсэн дүгнэлтийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.
Нэхэмжлэгч Г.Амарсанааг Увс аймгийн ариутгагчаар ажиллаж эхэлсний дараа мөрдөгдөж эхэлсэн орон нутаг дахь Зоонозын өвчин судлалын төвийн бүтэц, үйл ажиллагааны стандартын дагуу тус газрын ариутгагчийн ажлын байранд тавигдах шаардлага болох “эмнэлгийн тусгай дунд боловсролтой байна.” гэснийг хангаагүй гэх үндэслэлээр түүнийг ажлаас халсан нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй байна.
Учир нь хуульд өөрөөр заагаагүй бол мэргэжлийн, боловсролын үнэмлэхгүй, дээд болон дунд боловсролгүй зэрэг нь ажил олгогч ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болохгүй бөгөөд нэхэмжлэгч Г.Амарсанааг хуульд заасан шаардлагын дагуу бус Зоонозын Өвчин Судлалын Үндэсний Төвийн захирлын тушаалаар батлагдсан шаардлагын дагуу ажлаас нь чөлөөлжээ.
Ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээний нэг тал биш этгээд болох Ц.Цэцэгмаагийн үйлдлийг түүний нөхөр болох Г.Амарсанаад халдааж 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Б/08 дугаар тушаалаар ажилтанд сахилгын шийтгэл оногдуулж Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөн байх тул Г.Амарсанааг сахилгын зөрчил гаргасан гэж үзэх боломжгүй юм.
Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.4-т зааснаар сахилгын шийтгэл ногдуулснаас хойш нэг жил өнгөрвөл сахилгын шийтгэлгүй тооцох бөгөөд хавтаст хэргийн 37, 38 дугаар хуудаст авагдсан Г.Амарсанаад сахилгын шийтгэл ногдуулсан Увс аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн даргын 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Б/02, 2014 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн А/07 дугаар тушаалуудаар түүнийг сахилгын зөрчил давтан гаргасан гэх хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна.
Давж заалдах гомдолд тусгагдсан үндэслэлүүд хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 490 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасан үндэслэлээр хариуцагч нь төсвийн багууллага тул давж заалдах гомдол гаргахдаа төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.-д заасныг удирдлага болгож, ТОГТООХ нь:
1. Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 490 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч Увс аймгийн Зоонозын өвчийн судлалын төв нь төсвийн байгуулага тул давж заалдах гомдол гаргахдаа төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар давж заалдах шатны “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” үндэслэлүүдээр зохигч,гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.НЯМБАЯР
ШҮҮГЧИД Н.ТУЯА
Д.ЖАМБАЛСҮРЭН