Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 2018/ДШМ/67

 

 

 

 

 

 

 

 

 

У.Э-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Энхмаа даргалж, шүүгч Ц.Өрнөндэлгэр, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Г.Энхмаа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Нарантуяа,

Шүүгдэгч У.Э ,

            Нарийн бичгийн дарга Б.Буянхишиг нарыг оролцуулан

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж хянан шийдвэрлэсэн, 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 206 дугаар шийтгэх тогтоолтой шүүгдэгч У.Э од холбогдох 1834000330158 дугаартай 1 хавтас бүхий эрүүгийн хэргийг шүүгдэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

У.Э , Дархан-Уул аймгийн Дархан суманд 1983 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт Сэлэнгэ аймаг, Мандал сум, 1 дүгээр баг, Сүхбаатарын 8 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Дархан-Уул аймгийн сум дундын шүүхийн 1999 оны 09 дүгээр сарын 15-ний өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан, Сэлэнгэ аймгийн сум дундын 2 дугаар шүүхийн 2004 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 98 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Баянгол дүүргийн шүүхийн 2004 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 07 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, 2006 оны 04 дүгээр сарын 07- ны өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдсан, Дархан-Уул аймгийн сум дундын шүүхийн 2007 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 29 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, 2009 оны 12 дугаар сарын 11-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, Сэлэнгэ аймгийн сум дундын 2 дугаар шүүхийн 2011 оны 06 дугаар сарын 07- ны өдрийн 69 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 5 хоногийн хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Өршөөлийн хуулиар үлдсэн 1 сар 8 хоногийн ялыг өршөөн хэлтрүүлсэн, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, регистрийн дугаар: ....

У.Э  нь 2018 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Төв аймгийн Заамар сумын Төмстэй 2 дугаар багийн нутаг “Өвөр наймганы өвөр” гэх газарт нутаглах Ч.Баянзулын туслах малчнаар ажиллаж байхдаа Ч.Баянзулын эзэмшлийн 96-90 УБМ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, “Соника” маркийн 18 инчийн зурагт зэрэг эд зүйлийг хулгайлж, бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 206 дугаар шийтгэх тогтоолоор: 

Шүүгдэгч У.Э ыг бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Шүүгдэгч У.Э ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч У.Э од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Шүүгдэгч У.Э  нь цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч У.Э  давж заалдах гомдолдоо: “Миний бие 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн Төв аймаг дахь шүүхийн 206 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараахь гомдлыг гаргаж байна. Үүнд: Анхан шатны шүүх хэргийн байдлыг тал бүрээс нь нягтлахгүйгээр 1 талыг барьж ял шийтгэл оногдуулсанд гомдолтой байна. Хэрэгт хохирогч, гэрч нар нь зөрүүтэй мэдүүлэг өгсөн байхад шүүх анхааралгүй ял шийтгэл оногдуулсан. Шүүх намайг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 2 жил, 1 сарын хорих ял оногдуулсан нь үндэслэлгүй юм. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.” гэжээ.

 

           Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Г.Энхмаа гаргасан тайлбар болон дүгнэлтдээ: Шүүгдэгч У.Э өнөөдрийн шүүх хуралдаад хохирогч Ч.Баянзулыг худлаа мэдүүлэг өгсөн гэж ярьж байна. Мөрдөн байцаалтын шатанд хохирогч нь хуульд заасны дагуу мэдүүлгээ өгсөн байдаг. Хэрэг бүртгэлт, прокурорын шатанд ярьж байгаагүй зүйл яриад байна. Анхан шатны шүүх энэ хүний хувийн байдлыг харгалзан үзэж ял шийтгэл оногдуулсан байхаа. Шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг хангаж гарсан байх тул шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Нарантуяа гаргасан тайлбартаа: Давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүгдэгчээс өөр саналтай оролцож байгаа. Анхан шатны шүүхийн 206 дугаар шийтгэх тогтоол нь миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан. Мөрдөн байцаалтын шатанд зарим нэг зөрчлүүд байгаа ч нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулахгүйгээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах боломжтой гэж үзэж байна. У.Э ын үйлдсэн хэрэг нь хөнгөн ангиллын хэрэг, хохирлоо бүрэн төлсөн зэрэг байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 7.1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч У.Э  гаргасан тайлбартаа: Гэрч хохирогч нарын мэдүүлэг зөрүүтэй байгаа. Хохирогч хэргийн 24-25 дугаар хуудсанд худлаа мэдүүлэг өгсөн. Хэргийг дахин шалгуулж мөрдөн байцаалтад буцаах хүсэлтэй байна. Одоо хэргийг мөрдөн байцаалтад буцааж шалгаад  ямар ч ач холбогдолгүй болсон тул хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

         Давж заалдах шатны шүүх У.Э од холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд хязгаарлахгүй хэргийг бүхэлд нь хянаж үзэв.

            Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж гарсан байна.

 

            У.Э од холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын шатанд болон шүүх анхан шатны журмаар хянан шийдвэрлэх ажиллагааны үед Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тогтоосон, мөн шүүгдэгчид холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчөөгүй байна.

 

            Анхан шатны шүүхээс шүүгдэгч У.Э од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 2 жил 1 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж гарсан байна.

            Шүүгдэгч У.Э  “Анхан шатны шүүх хэргийн байдлыг тал бүрээс нь нягтлахгүйгээр 1 талыг барьж ял шийтгэл оногдуулсанд гомдолтой байна. Хэрэгт хохирогч, гэрч нар нь зөрүүтэй мэдүүлэг өгсөн байхад шүүх анхаарахгүй ял шийтгэл оногдуулсан. Шүүх намайг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 2 жил, 1 сарын хорих ял оногдуулсан нь үндэслэлгүй юм.” гэж шүүгдэгч давж заалдах гомдол гаргажээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу гэрч, хохирогч нараас мэдүүлэг авсан байх бөгөөд тэдгээрийн мэдүүлэгт эргэлзээ төрүүлэхүйц ноцтой зөрүү байхгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий баримтат мэдээлэл агуулсан байна.

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Нарантуяагийн давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүгдэгч У.Э од холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж У.Э од хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгөх хүсэлт гаргаж байгааг хүлээн авах үндэслэлгүй байна гэж үзлээ. Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг найман жил, түүнээс доош хугацаагаар тогтоосон, эсхүл эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тохиолдолд гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэх асуудлыг шийдвэрлэхээр заасан. Шүүгдэгч У.Э  нь гэм буруугийн талаар хүлээн зөвшөөрөхгүй, маргаж байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан “У.Э од хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгөх” тухай хүсэлтийг хангах боломжгүй байна гэж шүүх үзлээ.   

 

Иймд шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

  1. Шүүгдэгч У.Э ын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 206 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол гарснаас хойш шүүгдэгч У.Э ын цагдан хоригдсон 67 /жаран долоо/ хоногийг ял эдлэх хугацаанд оруулж тооцсугай.     

 

  1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогчид хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болно.         

          

 

    

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Т.ЭНХМАА

 

             ШҮҮГЧИД                                                           Ц.ӨРНӨНДЭЛГЭР

 

                                                                                         Р.МӨНХ-ЭРДЭНЭ