Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ноостын Хонинхүү |
Хэргийн индекс | 110/2015/0027/З |
Дугаар | 221/МА2016/0080 |
Огноо | 2016-01-27 |
Маргааны төрөл | Нийгмийн даатгал, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 221/МА2016/0080
Е.К- нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч О.Номуулин, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй хийж, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 30 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, иргэн Е.К- нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн нийгмийн даатгалын хэлтэст холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Е.К- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Б-шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нөхөр Р.Ч-бид хоёр төрсөн охин Ч.Б-, хүргэн Б.Е- нарын 2002 оны 02 дугаар сарын 08-ны өдөр төрсөн зээ охин Е-ын Н-ыг зохих журмын дагуу 2003 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр албан ёсоор үрчилж авсан билээ. Нөхөр өвчний улмаас 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр нас барсан. Нөхөр нас барсны дараа хууль ёсны дагуу үрчилж авсан охин Р.Н-д тэжээгч алдсаны тэтгэмж тогтоолгох гэж аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст хандсан боловч тус байгууллагын зарим албан хаагчид тухайн үед 60-аас дээш настай хүмүүст хүүхэд үрчлүүлэх ёсгүй байсан. Иймд уг үрчлэлт хүчингүй гэж байсан. Түүнчлэн тус аймгийн Бугат сумын Засаг даргын Тамгын газрын зарим албан тушаалтны хариуцлагагүй байдлын улмаас охин Ч.Н-ыг 2003 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр үрчилж авсан байхад Бугат сумын Засаг даргын Хүүхэд үрчлэх тухай 57 дугаар захирамжийг 2003 оны 12 дугаар сарын 24-ний өдөр гаргасан. Иймд аймгийн Сум дундын 2 дугаар шүүхэд хүсэлт гаргаснаар тус шүүх 2015 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 256 дугаар шийдвэрээр Е-ын Н-ыг М-Ховогт Р.Ч, Ж-Т овогт Е-нийн К- нарт Баян-Өлгий аймгийн Бугат сумын Засаг даргын 2003 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 57 дугаар захирамжаар үрчилж бүртгүүлсэн болохыг тогтоож өгсөн болно. Охин Ч.Н-д тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох асуудлыг хөндөж, аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст дахин хандсан боловч тус хэлтсийн даргын 2015 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 269 тоот албан бичгээр Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2 дахь заалтад ...60-аас дээш настай... гэснийг зөрчсөн байх тул нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмж тогтоон олгох боломжгүй байна гэсэн хууль зүйн үндэслэлгүй хариу өгсөн юм. 60-аас дээш настай хүнд хүүхэд үрчлүүлэх асуудлыг зогсоосон хууль тогтоомж буруу гарсан байх тул иргэдийн гомдлын дагуу хүчингүй болгосон охин Ч.Н- нь түүнийг хууль ёсны дагуу үрчилж авсан өдрөөс эхлэн өдий хүртэл бидний асрамжид байгаа тул хууль тогтоомжийн дагуу тэжээгч алдсаны тэтгэмжийг авах ёстой юм. Үрчлэлт явагдах үед буюу 2003 онд Р.Ч-, Е.К- нар нь Бугат сумд, харин Ч.Б-, Б.Е- нар нь Өлгий сумын 5 дугаар багт оршин сууж байсан. Иймд Р.Ч-н охин Н-ы тэжээгч алдсан тэтгэмжийг тогтоож өгөхийг аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгасан шийдвэр гаргаж өгөхийг хүсэж байна гэв.
Хариуцагч аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Иргэн Е.К- нэхэмжлэлтэй танилцаж шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. 2003 онд хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Гэр бүлийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2-д "60-аас дээш настай эцэг, эх байх эрхээ хязгаарлуулсан, хасуулсан буюу хязгаарлуулж, хасуулж байсан, урьд нь үрчилж авсан хүүхдээ өөрийн буруугаас буцаан өгсөн, ашиг хонжоо олох зорилготой, шүүхийн шийдвэрээр иргэний эрх зүйн эрхийн бүрэн чадамжгүй буюу хязгаарлагдмал чадамжтай гэж тооцогдсон, сүрьеэ, сэтгэцийн өвчтэй, согтууруулах ундаа, мансууруулах бодис байнга хэрэглэдэг, эрүүгийн хэрэгт удаа дараа шийтгүүлсэн болон хорих ял эдэлж байгаа хүнд хүүхэд үрчлүүлэхийг хориглоно" гэж заасан байдаг. Тухайн үед иргэн Р.Ч-/РД:/ 65 настай, Е.К- /РД:/ 72 настай байсан нь хуулийн дээрх заалт буюу 60-аас дээш настай гэснийг зөрчиж байна. Өмнө нь энэ асуудлаар Нийгмийн даатгалын Ерөнхий газарт хандаж чиглэл хүсэхэд, энэ талаар дэлгэрэнгүй чиглэл ирүүлсэн. Уг чиглэлийн 1-д, 2010 оны 04 дүгээр сарын 22-ны өдрөөс өмнөх хугацаанд үйлчилж байсан Гэр бүлийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2 дахь заалтын 60-аас дээш настай иргэнд хүүхэд үрчлэхийг хориглох тухай заалтыг зөрчиж, Засаг дарга захирамж гаргасан нь тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгохоор бүрдүүлсэн бичиг баримтаар нотлогдож байгаа бол нийгмийн даатгалын сангаас олгох Тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасан тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоохгүй ба тогтоосон тэтгэврийг зогсоож, үндэслэлгүй олгосон тэтгэврийг тэтгэврийн даатгалын санд буцаан төлүүлнэ. Мөн чиглэлийн 2-т Хүүхэд үрчлэн авсан болохыг тогтоолгох хүсэлт бүхий иргэний нэхэмжлэлийг шүүх хүлээн авч шийдвэрлэхдээ Засаг даргын "Хүүхэд үрчлэх тухай" захирамж нь Гэр бүлийн тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэхийг бус гагцхүү хүүхэд үрчилсэн нь үнэн болохыг тогтоож шийдвэрлэж байна. Шүүхийн энэ шийдвэр нь нийгмийн даатгалын байгууллагаас тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоон олгох үндэслэл болохгүй бөгөөд дээрх агуулга бүхий шүүхийн шийдвэрээр тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоохгүй гэж ирүүлсэн болно. Иргэн Е.К- 05 дугаар сарын 15-нд тус хэлтэст хандаж Р.Ч-н хүүхэд Н-д тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоож өгөхийг хүсэж өргөдөл гаргасан. Уг өргөдөл болон хавсаргасан баримт материалыг судалж үзэхэд 2003 онд Р.Ч-/РД:/ 65 настай, Е.К- /РД: 72 настай/ нар Ч.Н-ыг үрчилж авах үед 60-аас дээш
настай байсан байна. Энэ нь хуулийн дээрх заалтыг зөрчиж байсан тул Ч.Н-д тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоох боломжгүй гэдгийг мэдэгдсэн. Мөн түүнчлэн Р.Ч-, Е.К- нарын 2003 оны үрчлэлт хууль зөрчсөн тул бид уг үрчлэлтийг баталгаажуулсан шүүхийн шийдвэрийг давж заалдах болно гэдгийг мэдэгдье.
Иймд иргэн Е.К- нэхэмжлэлийн шаардлагыг үл зөвшөөрч байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 30 дугаар шийдвэрээр Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1-ийн 1 дэх хэсэг, Гэр бүлийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.6, 55.7, 57 дугаар зүйлийн 57.2 /1999 оны/-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Е.К-гаас аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан гаргасан Р.Ч-н охин Н-ы тэжээгч алдсан тэтгэмжийг тогтоож өгөхийг аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгасан шийдвэр гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: ... Баян-Өлгий аймаг дахь Захирганы хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 30 дугаартай шийдвэрийг үндэслэх хэсэгт заасан дараах хэд хэдэн үндэслэлүүдийг эс зөвшөөрч байна. Үүнд:
Нэгдүгээрт, Нэхэмжлэгч Е.К- болон түүний талийгаач нөхөр Р.Ч-нарт Баян-Өлгий аймгийн Бугат сумын Засаг даргын 2003 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 57 дугаар захирамжаар 2002 онд төрсөн зээ охин Е.Н-ыг үрчлүүлжээ. Хүүхэд үрчлэх тухай гарсан энэхүү захирамж нь дараах байдлаар холбогдох хуулийг зөрчсөн тул үрчлэлтийг хууль ёсны гэж үзэж, Ч.Н-д тэжээгчээ алдсаны тэтгэмжийг тогтоох боломжгүй байна. 2003 онд буюу хүүхэд үрчлэх үед Гэр бүлийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2-т ... 60-аас дээш настай ... хүнд хүүхэд үрчлүүлэхийг хориглоно... гэж заажээ. Е.Н-ыг үрчлүүлэх үед Р.Ч-65 настай, Е.К- 72 настай байсан нь хэрэгт авагдсан Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа , Үрчилсний бүртгэлийн лавлагаа , Е.К- Е 152723 дугаартай гадаад паспортын болон цахим үнэмлэхийн хуулбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэжээ. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь Р.Ч-н охин Н-ы тэжээгч алдсан тэтгэмжийг тогтоож өгөхийг аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгасан шийдвэр гаргуулах тухай гэсэн агуулгатай бөгөөд талийгаач Р.Ч-, иргэн Е.К- нар нь охин Н-ы хууль ёсны үрчлэгч мөн болох нь Сум дундын 2 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 256 дугаар шийдвэрээр бүрэн нотлогдож байна. Уг шийдвэр нь одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Гэтэл Е.К- нэхэмжлэлтэй, Аймгийн нийгмийн даатгалын хэлтэст холбогдох иргэний хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлагаас өөр урьд нь шүүхээр шийдвэрлэгдсэн маргааны талаар хөндөж, зөвхөн хариуцагч талын гаргасан тайлбарын хүрээнд шийдвэр гаргаж байгаа нь бодит байдалд нийцэхгүй бөгөөд Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 30 дугаар шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.
Хоёрдугаарт, Н-ыг үрчлүүлэх үед түүний төрүүлсэн эцэг, эх нь Өлгий сумын 5 дугаар багт, үрчлэн авагч Р.Ч-, Е.К- нар нь Бугат сумд оршин сууж байсныг шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Бахытжан мэдүүлсэн, түүнчлэн Н-ы төрсний бүртгэлийг Өлгий сумын иргэний бүртгэлд бүртгүүлсэн болох нь хэрэгт авагдсан төрсний бүртгэлийн 1923 дугаар лавлагаагаар батлагдаж байна. ... үрчлэлт хууль ёсоор явагдаагүй, түүнийг хуульд зааснаар үрчлэн авсан хүүхэд гэж үзэх боломжгүй тул тэжээгчээ алдсаны тэтгэмжийг тогтоох үндэслэлгүй гэсэн нэхэмжлэлийн шаардлагаас гажсан дүгнэлт хийж буруу шийдвэр гаргажээ. Сум дундын 2 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 256 шийдвэрээр талийгаач Р.Ч-, иргэн Е.К- нар нь охин Н-ыг үрчилж авсан болохыг тогтоож өгсөн байхад шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг үгүйсгэсэн дүгнэлт хийж буруу шийдвэр гаргасан гэж үзлээ. Иймд Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 30 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж өгөхийг хүсье гэжээ.
ХЯНАВАЛ:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч Е.К-гаас ... нөхөр Р.Ч-бид хоёр зээ охин Е-ын Н-ыг 2003 онд зохих журмын дагуу албан ёсоор үрчилж авсан... миний нөхөр Р.Ч-өвчний улмаас нас барсны дараа хууль ёсны дагуу үрчилж авсан охин Ч.Н-д тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгоохоор Аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст хандсан боловч үрчлэлтийг хууль бус гэж үзэж, нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж олгохгүй боломжгүй гэсэн үндэслэлгүй хариу өгсөн тул охин Ч.Н-д тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоож, олгохыг даалгуулах гэж ... гэж, хариуцагчаас ...2003 онд хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Гэр бүлийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2-т ...60-аас дээш настай хүнд хүүхэд үрчлүүлэхийг хориглоно гэж заасныг зөрчиж тухайн үед 65 настай байсан иргэн Р.Ч-, 72 настай байсан Е.К- нарт Засаг дарга захирамжаар хүүхэд үрчлүүлсэн нь тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгохоор бүрдүүлсэн бичиг баримтаар нотлогдож байх тул Ч.Н-д тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоохгүй... гэж тус тус маргажээ.
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн туухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-т Энэ хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шимтгэл төлөх хугацааг хангасан тэжээгч ердийн өвчин, ахуйн ослын улмаас нас барвал түүний асрамжид байсан гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй дор дурдсан гишүүд тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй.12.1.1/-т хууль ёсоор тэжээх өөр хүн байгаа эсэхийг харгалзахгүйгээр төрүүлсэн буюу үрчлэн авсан 19 нас хүрээгүй хүүхэд /үүнд эцгээ нас барснаас хойш мэндэлсэн, төрсөн хүүхэд нь хамаарна/ гэж тус тус заажээ.
Иргэн Е.К-, Р.Ч-нар нь 2003 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Е.Н-ыг үрчилж авсан[1] байх бөгөөд Сум дундын 2 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 256 дугаар шийдвэрээр Е-ын Н-ыг М овогт Р.Ч, Ж овогт Е-нийн К- нарт Баян-Өлгий аймгийн Бугат сумын Засаг даргын 2003 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 57 дугаартай захирамжаар үрчлүүлж, бүртгүүлсэн болохыг тогтоож шийдвэрлэжээ.
Анхан шатны шүүх Ч.Н-ыг үрчлүүлсэн талаарх захиргааны албан тушаалтны шийдвэрийг эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас албан ёсоор хүчингүй болгоогүй, хууль бус болохыг тогтоогоогүй байхад үрчлэлт хуульд нийцээгүй гэж дүгнэн нэхэмжлэгчийн ...үрчлэн авсан охин Ч.Н-д тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоохыг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
Хэдийгээр 2003 оны Гэр бүлийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2 дахь заалтад ... 60-аас дээш настай хүнд ... хүүхэд үрчлүүлэхийг хориглоно гэж заасан байх боловч Е.Н-ыг иргэн Р.Ч-д үрчлүүлж шийдвэрлэсэн тус аймгийн Бугат сумын Засаг даргын 2003 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 57 дугаар захирамж хүчин төгөлдөр байхад үрчлэлтийг хууль бус гэж үзэх үндэслэлгүй тул хариуцагч Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нь ... Бугат сумын Засаг даргын 2003 оны Хүүхэд үрчлэн тухай 57 дугаар захирамж нь 2003 оны Гэр бүлийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2 дахь заалтыг зөрчсөн, захирамж гаргасан нь ... бүрдүүлсэн бичиг баримтаар нотлогдож байгаа ... гэх үндэслэлээр Ч.Н-д тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоогоогүй нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийг зөрчсөн байна.
Шүүх нэхэмжлэгчийн Р.Ч-н охин Ч.Н-ы тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоож өгөхийг аймгийн нийгмийн даатгалын хэлтэст даалгах гэх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд Ч.Н-д тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоож өгөөгүй хариуцагчийн татгалзал үндэслэлтэй эсэх, тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгон авагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөх эсэхэд дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх учиртай.
Тодруулбал, Баян-Өлгий аймгийн Бугат сумын Засаг даргын 2003 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Е.Н-ыг үрчлүүлсэн тухай 57 дугаар захирамжийг эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас хүчингүй болгосон болон хүчин төгөлдөр бусад тооцсон шийдвэр гараагүй буюу тус захирамж хүчин төгөлдөр үйлчилж байгааг болон Ч.Н-ы эрх зүйн байдлыг анхааран үзэлгүйгүйгээр үрчлэлт хуульд нийцээгүй талаар шууд дүгнэж, үрчлэгдэгчид тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоогоогүйг зөв гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
Хавтаст хэрэгт авагдсан Нийгмийн даатгалын Ерөнхий газрын 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн Чиглэл хүргүүлэх тухай 1/1294 дүгээр албан бичиг[2] нь Ч.Н-ыг иргэн Е.К-, Р.Ч-нарт үрчлүүлснийг хүчингүйд тооцсон шийдвэр биш байх тул хариуцагчийн ...2003 оны Гэр бүлийн тухай хуулиар 60-аас дээш настай хүнд хүүхэд үрчлүүлэхийг хориглоно гэж заасныг зөрчиж байсан тул Нийгмийн даатгалын Ерөнхий газрын 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн Чиглэл хүргүүлэх тухай 1/1294 дүгээр албан бичгийг үндэслэл болгож Ч.Н-д тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоох боломжгүй... гэх тайлбар үндэслэлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 88 дугаар зүйлийн 88.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 30 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 12 дугаар зүйлийн 1-ийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Е.К- нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, түүний охин Е.Н-д тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоохыг Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгасугай.
2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.3-д зааснаар нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгон, нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж түүнд буцаан олгосугай.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА
ШҮҮГЧ О.НОМУУЛИН
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ