Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 2022/ШЦТ/70

 

 

 

 

 

 

 

  2022             01             11                                       2022/ШЦТ/70

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Жавхлан,

улсын яллагч Ж.Отгончимэг (томилолтоор),

шүүгдэгч Б.Т...................н,

шүүгдэгчийн өмгөөлөгч А.Очбадрал (өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийн дугаар 2185) нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б.Т...................нийг эрүүгийн 2108 0000 01745 дугаар хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Хуацай овогт Б.................гийн Т...................н, Монгол Улсын ирсэн, Улаанбаатар хотод 2003 оны 2 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, эрэгтэй, 18 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, өвөг эцэг, эмэг эх, хоёр дүүгийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн ............................ тоотод байнга оршин суух бүртгэлтэй, регистрийн дугаар ............................, урьд

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 584 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг хоёр дахин багасгаж 1 жилийн хугацаагаар тогтоон, мөн хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулж, Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Т...................н нь иргэн А.Т.....................лын эзэмшлийн “Huawei P20” маркийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэн авч бусдад 250.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд дүгнэвэл.

Шүүгдэгч Хуацай овогт Б.................гийн Т...................н нь 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 14 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо Баянхошууны Хөтлийн автобусны буудлын орчим тээврийн хэрэгсэлтэй явж байгаад автобусны буудал руу алхаад явж байсан А.Т.....................лыг “гар утсаа аваад ир” гэж эс үйлдэхүйгээр айлган түүний эзэмшлийн “Huawei P20” маркийн гар утсыг авч яван 250.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.

1.2.Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно.

Тухайлбал, насанд хүрээгүй хохирогч А.Т.....................лын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 14 цаг 20 минутын үе...Сонгинохайрханд үүргийн 11 дүгээр хороо “Дөрвөн Бэрх” хүнсний дэлгүүрийн хажуу талд буугаад Хөтлийн автобусны буудал руу алхаад явж байсан ба жалганы ойролцоо... цайвар ногоон өнгийн Prius-20 маркийн машин хажууд ирж зогсоод жолооч талын цонхоо онгойлгоод танихгүй эрэгтэй хүн “гар утсаа аваад ир” гэхээр нь би айгаад өөрийн Huawei-P20 маркийн цэнхэр өнгийн гар утсаа өгсөн. Тэгтэл уг машинтай ах шууд хөдлөөд явсан...2020 онд 450.000 төгрөгөөр авч байсан ба одоо үнэлж мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10-11 дэх тал),

- “...Би өөрийн гар утсаа буцааж авсан...надад нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14 дэх тал)

- Насанд хүрээгүй гэрч Б.Б.....................үүгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 15 цагийн үед...Баянхошууны хөтөл рүү уруудан явж байх үед “Сувд хайрхан” хүнсний дэлгүүрийн баруун доод талд зам дээр үл таних хүүхэд алхаад явж байсан. Тэгтэл Т...................н хажууд нь очиж зогсоод “гар утсаараа нэг яриулаач” гээд цэнхэр өнгийн маркийг нь мэдэхгүй утас аваад шууд чигээрээ хойшоо гарч яваад эхний уулзвараар баруун гар тал руу эргээд Дэнжийн 1000-ын эцэс дээр очих замд тухайн авсан гар утас цэнэгтэй, унтраагүй байсан...би машины урд суугаад явж байсан ба Т...................н уг танихгүй хүүхдийн хажууд очиж зогсоод гар утсаа өгч байгаач. Нэг яриад өгье гэж хэлсэн чинь уг хүүхэд гар утасныхаа кодыг нь тайлаад өгсөн ба Т...................н уг гар утсыг аваад шууд явсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 21-22 дахь тал),

- Гэрч С.Ба.............дын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 11 сарын 12-ны өдөр би өөрийн эзэмшлийн 9437 УНЯ улсын дугаартай машинаа Хулан гэх зүс таних эмэгтэй хүнд өдрийн 60.000 төгрөгийн түрээсээр өгсөн...2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр утсаар ярьсан чинь Хулан манай нөхөр таны машинаар найзтайгаа явж байгаад хүний гар утас аваад зугтсан байна...гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24 дэх тал),

- Гэрч Э.Х....................гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр манай нөхөр болох Т...................н найз Б.....................үү гэгчтэй өдөр машин аваад гарсан ба хаашаа явах талаар би асуугаагүй ба надад хэлээгүй юм. Тэгээд өдөр 11 цаг өнгөрч байхад ..................... улсын дугаартай цайвар ногоон өнгийн Тоёота Приус-20 маркийн машинтай гарч явсан. Тэгээд маргааш нь буюу 2021 оны 11 сарын 13-ны өдөр цагдаа дээр байна. Машин хураалгасан байгаа гэхээр нь юу болсон талаар асуусан чинь хүүхдийн гар утас авч зугтаасан талаар манай нөхөр Т...................н хэлж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26 дахь тал)

- Мастер Үнэлгээ ХХК-ний 2021 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн хөрөнгө үнэлгээний тайланд “...Хуавай фирм П-20 загварын хуурчин...гар утас...250.000 төгрөг...” гэх үнэлгээ (хавтаст хэргийн 28 дахь тал) зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

Шүүгдэгч Б.Т...................ний мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 15 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт ................. улсын дугаартай ногоон өнгийн приус-20 маркийн авто машинтай дэнжийн мянга орох гээд шинэ засмалаар уруудаад Дөрвөн бэрх хүнсний дэлгүүрийн доод талд нэг хүүхэд явж байхад нь очиж машинтайгаа хажууд нь зогсож байгаад ахын дүү утсаараа ганц яриулаач гээд утсыг нь аваад би шууд хөдлөөд яваад өгсөн...миний унаж явсан машин миний өөрийн эзэмшлийн машин бишээ тухайн машиныг би өдрийн 60.000 төгрөгөөр түрээслээд унаад явж байсан юм...би гар утсыг буцааж өгсөн...” гэж (хавтаст хэргийн 61-62 дахь тал) мэдүүлж байсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргахгүй...” гэснийг дурдах нь зүйтэй.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Т...................н нь бага боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад зааснаар “...Төлбөрийн чадваргүйн улмаас өмгөөлөгч оролцуулах хүсэлт гаргасан...” тул түүний хүсэлтээр шүүх хуралдаанд хууль зүйн туслалцааны төвийн өмгөөлөгчийг оролцуулан явуулсан болохыг дурдах нь зүйн хэрэг.

1.4.Эрх зүйн дүгнэлт

шүүгдэгч Б.Т...................н нь хууль зүйн хувьд шунахайн сэдэлтээр, хялбар аргаар мөнгө олох зорилгоор, шууд санаатай үйлдлээр, бусдын эд хөрөнгийг илээр хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан болох нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдсон байна. Тодруулбал шүүгдэгч Б.Т...................нгийн дээрх санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.

Тиймээс улсын яллагчаас шүүгдэгч Б.Т...................нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг илээр хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасныг хүлээн авч эрүүгийн хуулийн тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

1.5 Хохирол, хор уршиг

Энэ гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч А.Т.....................л нь хөрөнгийн үнэлгээгээр 250.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол, (хавтаст хэргийн 28 дахь тал) авагдсан байна. Харин шүүгдэгч Б.Т...................н нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирлыг биет байдлаар буцаан өгсөн байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1.Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч: “...шүүгдэгч Б.Т...................нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, урьд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 584 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хорих ял дээр нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 2 жилийн хугацаагаар тогтоох саналтай байна. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй гэх дүгнэлтийг...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...Шүүгдэгч Б.Т...................н нь гэм буруугийн талаар маргаагүй, хувийн байдлын хувьд өмнө нь 1 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан боловч энэ нь 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуульд хамаарч байх тул урьд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 584 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хойшлуулсан ял хамаарч байх тул өршөөлийн хуульд хамааруулах саналтай байна. Иймд улсын яллагчийн гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хөнгөрүүлж хуульд заасан доод хэмжээгээр эрүүгийн хариуцлага оногдуулж өгнө үү гэх дүгнэлтийг гаргаж мэтгэлцэв...” гэв.

2.2.Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Т...................нд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 36 дахь тал), Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 38 дахь тал), эд хөрөнгөгүй талаарх лавлагаа (хавтаст хэргийн 40 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 33 дахь тал), шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 69-79 дэх тал), оршин суугаа газрын тодорхойлолт (хавтаст хэргийн 37 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.

Харин улсын яллагчаас шүүгдэгч Б.Т...................нд эрүүгийн хариуцлага оногдуулахдаа түүний урьд ял шийтгүүлсэн буюу Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 584 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2, 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар хойшлуулсан хугацаанд “...зан үйлээ засах хөдөлмөр дадал олгох сургалтад хамрагдах..” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд зааснаар ялыг нэмж нэгтгэх дүгнэлт гаргасныг шүүх хүлээн авах үндэслэлгүй.

Тодруулбал Монгол Улсын Их хурлаас 2021 онд Өршөөл үзүүлэх тухай хууль батлагдсан бөгөөд тус хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт “Энэ хуулийн үйлчлэлд дараах хүн, хуулийн этгээд хамаарна:” мөн зүйлийн 3.1.2 дахь заалтад “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн;” , мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт ”Энэ хуулийн... 8.6 дугаар зүйлд заасан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах болон 8.7 дугаар зүйлд заасан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээний хугацааг өршөөн хэрэгсэхгүй болгоно.” гэж тус тус хуульчилжээ.

Иймд шүүгдэгч Б.Т...................нд 2015 оны Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт оногдуулсан хорих ялыг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан хугацаа болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар хойшлуулсан хугацаанд зан үйлээ засах хөдөлмөр дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ тогтоосон хугацааг өршөөн хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 Иймд шүүгдэгч Б.Т...................нг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын хэр хэмжээ зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн хорих ял оногдуулахаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг өөрчилж Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  01 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Түүнчлэн шүүгдэгч нь Улаанбаатарын хотын Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны 24а-25 тоотод оршин суудаг байна. Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт дээрх ялын хүрээ хязгаарыг тодорхойлохдоо “...оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих,...” зэргээр тогтоосон байна. Иймд шүүгдэгч Б.Т...................нд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хүрээ хязгаарыг түүний түр оршин суугаа Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох хязгаарлалт тогтоож шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

Эрүүгийн 2108 0000 01745 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Хуацай овогт Б.................гийн Т...................нг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т...................нд 1 (нэг) жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т...................нд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс бусад газар явахыг хориглохоор тогтоосугай.

4. 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т...................нд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 584 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2, 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар хойшлуулсан хугацаанд “...зан үйлээ засах хөдөлмөр дадал олгох сургалтад хамрагдах..” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ тогтоосон хугацааг өршөөн хэрэгсэхгүй болгосугай.

5. Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.Т...................н нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйл үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоолыг, шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                                           Г.МӨНХЗУЛ