Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 2021/ШЦТ/794

 

   2021          12           06                                    2021/ШЦТ/794                                     

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг хөтлөн

улсын яллагч Н.Мөнхцэцэг

шүүгдэгч Ц.Ж

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн эрүүгийн 00000000 дугаартай, 1 хавтас хэргийг 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1995 оны 9 дүгээр сарын 09-нд Баянхонгор аймагт төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3; эх, дүүгийн хамт ХХХ дүүргийн 00 дугаар хороо, 00 дугаар гудамж, 00 тоотод оршин суух, ял шийтгэлгүй,

ХХ00000 дугаарын регистртэй, С овогт Ц-ын Ж

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч Ц.Ж 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр өөрийн ажилладаг Баянгол дүүргийн 24 дүгээр хороонд байрлах “ХХХ” ХХК-ийн агуулах дотор хамт ажилладаг О.А-ын гар утсанд түүний Голомт банкинд эзэмшдэг 0000 дугаарын дансны кодоор нэвтрэн орж “emongolia” аппликейшн суулгаж өгөн улмаар уг кодыг ашиглаж О.А-ын Голомт банкны 00000 дугаарын данснаас 380.000 төгрөгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан “хулгайлах” гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч Ц.Ж шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Би өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдаанд оролцоно. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул шүүхэд дахин мэдүүлэхгүй. Хохирлыг төлж барагдуулсан. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх учир холбогдлыг ойлгож байна гэв.

    

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шүүх шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч О-ын А “... миний Голомт банкны 0000 гэсэн данснаас 380.000 төгрөг ХААН банкны 0000 гэсэн данс руу орсон байсан. Тэгээд би Голомт банкин дээр очоод болсон асуудлыг хэлэхэд цагдаагаар шалгуул гэж хэлсэн /хх-н 14/ гэж,

гэрч Д-ийн Г “... миний том хүү Ц.Ж надад картаа өгчих гэхээр нь би ХААН банкны 0000 тоот данстай картаа өгсөн. 380.000 төгрөгийн орлого орсныг би дансны хуулга дээрээсээ өнөөдөр харлаа, бусдаар мэдэх зүйл алга. Орлого зарлага гарахад надад мессеж ирдэггүй. Манай хүү Ж 2 хоногийн дараа буюу 2021 оны 10 дугаар сарын 31-ний өдөр миний картыг надад буцааж өгсөн. Надад өөр мэдэх зүйл байхгүй” /хх-н 16-17/ гэж,

яллагдагч Ц-ын Ж “... би 2021 оны 10 дугаар сарын сүүлчээр байх хамт ажилладаг О.А гэх залуу гар утсан дээрээ E-Mongolia-д бүртгүүлээд өг гэхээр нь би оролдож байгаад, Голомт банкных нь эрхээр бүртгүүлж өгсөн. Голомт банкны кодоо тухайн үед Ариунболд өөрөө хийж нэвтэрсэн. Тэгээд 10 цаг 30 минутын орчимд Голомт банкны интернэт банк руу нь ороход нээлттэй, гаргаагүй байхаар нь би өөрийнхөө ээжийн ХААН банкны 00000 тоот данс руу нууцаар 380.000 төгрөг шилжүүлж авсан. Намайг А-ын данснаас мөнгө авсныг мэдээгүй” /хх-н 19/ гэж тус тус мэдүүлжээ.

 

Түүнчлэн хохирогч О.А-ын дансны хуулга /хх-ийн 48/, гэрч Д.Г-ын дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 59-60/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.Ж гэмт хэрэг үйлдсэн гэм буруу нотлогдож байна.

 

Шүүгдэгч Ц.Ж-ын хувийн байдалтай холбоотой:

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 30/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 33/, оршин суух хаягийн лавлагаа /хх-ийн 34/ хэрэгт авагджээ.

 

Хохирол төлбөрийн хувьд:

Хохирогч О.А “... Ц.Ж-аас хохирол төлбөрөө бүрэн барагдуулж авсан. Одоо ямар нэг гомдол санал байгүй” гэжээ. /хх-н 65/

 

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл хэргийн үйл баримтад нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх тул

шүүгдэгч С овогт Ц-ын Жыг “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулах үндэслэлтэй.

 

Хохирогч О.А “... би сайн дурын үндсэн дээр эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” /хх-ийн 65/ гэх,

шүүгдэгч Ц.Ж “... би хохирогч О.А-ын 380.000 төгрөгийн хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Хохирогчтой сайн дурын үндсэн дээр эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” /хх-ийн 66/ гэх хүсэлтийг тус тус гаргасан байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэсэн зохицуулалт нь хэргийн оролцогчдоос гаргасан дээрх хүсэлтүүд болон прокурорын саналд нийцэх тул шүүх шүүгдэгч Ц.Ж-д оногдуулах ялын төрөл /зорчих эрхийг хязгаарлах ял/, уг зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд ямар нэгэн өөрчлөлт оруулаагүй болно.

 

Харин шүүгдэгч Ц.Ж цаашид өөрийн хувийн байдалдаа анхаарвал зохино.

 

Шүүгдэгч Ц.Ж шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцох хүсэлтийг бичгээр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтад хамаарна.

 

Шүүгдэгч Ц.Ж цагдан хоригдсон хоноггүй, хохирогч О.А гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг, 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйл, 37.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. С овогт Ц-ын Ж-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Ж-ыг 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Ц.Ж-д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гадагш зорчихгүй байхаар тогтоож, уг ялд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

4. Ц.Ж-д зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

5. Ц.Ж цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Ц.Ж-д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ,

                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              О.ЖАНЧИВНЯМБУУ