| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гантөмөрийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 188/2022/0074/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/79 |
| Огноо | 2022-01-13 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Ж.Отгончимэг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 2022/ШЦТ/79
2022 01 13 2022/ШЦТ/79
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхжин,
улсын яллагч Ж.Отгончимэг,
шүүгдэгч М.Б...............л нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Шувуутынхан овогт М................вын Б...............лыг эрүүгийн 2108 0126 31660 дугаартай хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, 1 хавтаст хэргийг 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шувуутынхан овогт М................вын Б...............л, Монгол Улсын иргэн, Дундговь аймгийн Мандалговь суманд 1972 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн, суурь боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт амьдардаг, ........................... түр оршин суух бүртгэлтэй, регистрийн дугаар ......................... урьд
1. Дундговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2005 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 85 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг тэнсэж хянан харгалзсан.
2. Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 05 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан.
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч М.Б...............л нь Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэрт Ногоон-Чулуутын ...................... оршин суух Н.Г......................гын гэрээс иргэн Ж.Б......................рын “I phone-6” маркийн гар утас, виза картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 585.000 төгрөгийг буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1.Шүүхээс тогтоосон үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаас үзвэл дүгнэвэл.
Шүүгдэгч Шувуутынхан овогт М................вын Б...............л нь 2021 оны 5 дугаар сарын 24-ний орой Ж.Б......................р хамт Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Ногоон-Чулуутын ...................... Н.Г......................гын гэрт очин согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байна. Ийнхүү согтууруулах ундааны зүйл хэрэглэж дуусаад дахин согтууруулах ундааны зүйл авхуулахаар Ж.Б......................р нь өөрийн виза карт, картынхаа нууц кодыг М.Б...............лд өгч явуулаад архи авчруулж гурвуулаа уугаад, Ж.Б......................рыг архи хэтрүүлэн хэрэглэн унтсаны хойгуур М.Б...............л нь түүний халааснаас “I phone-6” маркийн 180.000 төгрөгийн үнэлгээтэй гар утас, “ХААН” банкны 5000 төгрөгийн үнэлгээтэй виза карт, виза картаас 400.000 төгрөг уншуулж хулгайлан бусдад 585.000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн нөхцөл байдал тогтоогдлоо.
1.2.Нотлох баримтын үнэлгээ
Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтууд нь дээр дурдсан хэргийн нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал,
- Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтэд “...ХААН банкны 1466, 429 дугаартай АТМ-ны хяналтын камерын бичлэгт...үзлэг хийхээр компьютерт уншуулахад 100.000, 300.000 нэрээр нэрээр хадгалсан нийт 2 камерын бичлэг байх ба 100.000 нэрээр хадгалсан фолдер руу ороход Ch2_2021-05-24_22-44-10_2021-05-24_22-45-07 нэрээр хадгалсан 1 бичлэг мөн Р20210524224230253, Р20210524224301060, Р20210524224309166 нэрээр хадгалсан 3 ширхэг зураг байв...Бичлэгийн 00:23 секундэд нууц кодоо 1 удаа буруу оруулж бичлэгийн 00:26 секундэд нууц кодоо 2 дахь удаагаа зөв оруулж 100.000 төгрөгийн зарлагын гүйлгээ хийх хүсэлт уншуулж 00:42 секундэд картаа авч өмднийхөө баруун талын халаасанд хийгээд мөнгөө 00:57 секундэд АТМ-с аваад гарч байгаа бичлэг...бичлэгийн 04:15 секундэд М.Б...............лтай хамт орж ирсэн 30-40 орчим насны цагаан цэнхэр өнгийн пүүзэн гутал, хар хөх өнгийн өмд, бор шаргал өнгийн савхин куртик, цэнхэр өнгийн маск зүүсэн эрэгтэй картыг АТМ-с аваад М.Б...............лд АТМ-с мөнгийг авч өгөхөд мөнгөө аваад зүүн гартаа бариад гарч байгаа бичлэг байв...” (хавтаст хэргийн 17-22 дахь тал),
- Хохирогч Ж.Б......................рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 5 дугаар сарын 24-ний өдөр би 100 айл дээр явж байгаад Б...............лтай таараад Г......................гын гэр рүү Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо 112-н автобусны буудлын ойролцоо ирсэн замаараа АТМ-с 100.000 төгрөг аваад замдаа дэлгүүр орж архи, тамхи аваад Г......................гын гэрт ирээд архиа хувааж уугаад дуусахаар нь М.Б...............лыг дэлгүүр явуулж би картаа өгөөд нууц кодоо хэлж өгөөд гаргасан. Би нэлээд согтсон байсан болохоор унтаад нэг сэрэхэд Б...............л байхгүй байсан. Тэгээд Г......................гаас Б...............лыг асуухад 19 цагийн үед намайг дүүгийн гэрт ороод гарч ирэхэд явчихсан байсан гэсэн. Тухайн өдөр миний Iphone 6 маркийн гар утас, хаан банкны карт алга болж данснаас 400.000 төгрөгийн зарлагын гүйлгээ хийгдсэн байсан...би алдсан эд зүйлээ зах зээлийн ханшаар нь үнэлж байна. Банкны карт уншуулж 400.000 төгрөг авсан байна дансны хуулга байна. ...би алдсан эд зүйлээ олж авмаар байна. Өөр гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28-30 дахь тал),
- Гэрч Н.Г......................гын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...тухайн өдөр намайг гэртээ ганцаараа байхад орой харуй бүрий болж байхад Б......................р, Б...............л нар 1 шил архитай манайд ирээд тухайн архийг нь бид 3 хувааж уусан...би хажуу талын байшиндаа байдаг дүүгийнхээ 2 хүүхдийг харахаар гарахад Б......................р Б...............л хоёр үлдсэн ба тэгээд гэртээ буцаж орж ирэхэд Б......................р ганцаараа байхаар нь Б...............лыг асуухад дэлгүүр архинд явсан гэж байсан ба буцаж ирээгүй. Өглөө Б......................р гар утас банкны карт алга болсон байна Б...............л дэлгүүр явахдаа банкны карт аваад явсан гар утас бас аваад явсан байна олж уулзаад авна гээд манайхаас гараад явсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 48-49 дэх тал),
- Мастер үнэлгээ ХХК-ний 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 21/029 дугаартай дүгнэлтэд “...iphone 6 маркийн гар утас 180.000 төгрөг, виза карт 5000 төгрөг...” гэх үнэлгээ (хавтаст хэргийн 51 дэх тал) зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.
- Шүүгдэгч М.Б...............лын мөрдөн байцаалтад яллагдагчаар “...Би 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдөр багийн найз Б......................ртай 100 айлын орчим таарч тэндээсээ Баянхошуунд ирж Б......................р, Г......................га нарын хамт Г......................гын 2 шил архи уун тэндээсээ нэлээн муудаж гарахдаа Б......................рын гар утас болон банкны картыг нь авч гараад уг картнаас нь 400.000 төгрөгийг бэлнээр авч ойр зуурын хэрэглээндээ хэрэглэсэн харин гар утсыг нь замдаа хаячихсан юм шиг байна лээ яаснаа мэдэхгүй байгаа юм...хохирлын нөхөн төлөхөд татгалзах зүйлгүй удахгүй төлнө...” гэж (хавтаст хэргийн 57-59 дэх тал) мэдүүлж байсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргахгүй...” гэснийг дурдах нь зүйтэй.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.
1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч М.Б...............л нь суурь боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг тэмдэглэх нь зүйтэй.
1.4.Эрх зүйн дүгнэлт
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл М.Б...............л нь хууль зүйн хувьд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, шунахайн сэдэлтээр, хялбар аргаар архидан согтуурах мөнгө олох зорилгоор, шууд санаатай үйлдлээр, Ж.Б......................рын эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 585.000 төгрөгийн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Иймд шүүгдэгч М.Б...............лыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
1.5. Хохирол, хор уршиг
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ж.Б......................рыг 585.000 төгрөгийн хохирол учирснаас шүүгдэгч 400.000 (хавтаст хэргийн 122) мөрдөн шалгах ажиллагааны явцад төлж барагдуулсан байна. Мөн хохирогч нь үлдэх хохирлыг нэхэмжлэхгүй гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдэгдсэн тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1.Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч: “...шүүгдэгч М.Б...............лд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан СD нэг ширхэгийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хатгалуулах саналтай байна...” гэв.
Шүүгдэгч М.Б...............л: “...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэв.
2.2.Эрүүгийн хариуцлага
Шүүгдэгч М.Б...............л нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “...гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид...учирсан зарим хохирлыг төлсөн” байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч М.Б...............лыг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг зарим хэсгийг төлсөн, үлдэх хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, эрхэлсэн тодорхой ажилтай зэрэг байдлыг харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтийг хөнгөрүүлж түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.
Гэсэн хэдий ч Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2 дахь заалтад “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн;” хүн, хуулийн этгээдэд 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хамаарна гэж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “Коронавируст халдварт /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор... 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан... хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг/... гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино.” гэж тус тус хуульчилсан байна.
Өөрөөр хэлбэл дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл шүүгдэгч М.Б...............лын үйлдсэн гэмт хэрэг нь 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдөр үйлдэгдсэн, тэрээр гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан зарим хохирлыг буцаан өгч хохирлоо нөхөн төлсөн байх тул 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэх үндэслэл бүрдсэн байна.
Тиймээс шүүгдэгч М.Б...............лд оногдуулсан 6 сарын хорих ялыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлд зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж шийдвэрлэв.
Шүүгдэгч М.Б...............лд шүүхээс оногдуулсан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаас сольсонтой холбогдуулан Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох буюу Улаанбаатар хот Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглохоор шийдвэрлэж, түүнд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял дээр эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан “согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох” албадлагын арга хэмжээ авах нь ач холбогдолтой гэж үзэв.
Харин шүүгдэгч М.Б...............л нь зорчих эрхийг хязгаарлах ял болон шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг дахин үйлдсэн бол шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулж болохыг анхааруулах нь зүйтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 80 дахь тал), “Шинэ Их Холдолт” ХХК-ний тодорхойлолт (хавтаст хэргийн 74 дэх тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 90 дэх тал), шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 91-98 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.
2.3.Бусад асуудлын талаар
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн CD нэг ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргах нь зүйтэй.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч М.Б...............л нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шувуутынхан овогт М................вын Б...............лыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай
2. Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б...............лд 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б...............лд оногдуулсан 6 (зургаа) сарын хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсугай.
4. Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б...............лд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглохоор тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч М.Б...............лд “согтууруулах ундааны зүйл хэрэглэхийг” хориглох албадлагын арга хэмжээг 6 (зургаа) сарын хугацаанд тогтоосугай.
6. Шүүгдэгч М.Б...............л нь Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг дахин үйлдсэн бол шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулж болохыг түүнд анхааруулсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн CD нэг ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж хадгалсугай.
8. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйл үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь хохирогч Ж.Б......................рт энэ тогтоолоор төлөх төлбөргүй, тэрээр энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
10. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
11. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Г.МӨНХЗУЛ